| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2018/00430/И |
| Дугаар | 212/МА2018/00117 |
| Огноо | 2018-10-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 212/МА2018/00117
Р.Е-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэртэй, Р.Е-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Р.Е-ыг Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 109 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ208/00175 дугаартай шийдвэрээр Р.Е-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч Р.Е-ыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилсон. Ажил олгогчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг байгууллагын санхүүгээс нөхөн төлүүлэх, түүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн шилжүүлэхийг шаардсан боловч татгалзсан хариу өгсөн. Иймд Р.Е-ны ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2906740 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарт: “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлсийг бүрэн бүтэн авсан. Иргэн Р.Е нь сургуулийн захиргаанд шаардлага тавиагүй. Өмгөөлөгч Я.Сьезд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэрийдлээр шаардсан байна. Иргэний хэрэгт өгсөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлд зурсан гарын үсэг Р.Е-ны гарын үсэг биш. Р.Е нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаан байшинтын боомтоор Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн болохоор хил давсан. Р.Е-ын сарын үндсэн цалин 416521 төгрөг. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын 01 хүртэлх ажилгүй байсан 4 сарын цалин хөлсний нөхөн олговор нийгмийн даатгалын шимтгэлийн хамт 1666084 төгрөг болно. Тус сургуулийн захиргааны санхүү төсвийн боломж 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар хүнд хэцүү байгаа бөгөөд багш, ажилчдын улирлын ээлжийн амралтын мөнгө олгож байгаа учраас аймгийн Нийгмийн даатгалын газар, татварын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэл, татвар дутуу төлөлттэй өр үүсэж байна. Иймд Р.Е-ны цалин хөлсний нөхөн олговор 1666084 төгрөгийг хэсэгчлэн төлөх улмаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст танилцуулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах болно.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Е-ын ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2243800 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга найман зуун/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан олгож, ажилтан Р.Е-ын ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 662940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Хичээлийн зохицуулагчаар ажиллаж байсан Р.Е-ын сарын үндсэн цалин 560,950 төгрөг биш 416,521 төгрөг болох нь Засгийн газрын 2017 оны 75 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Үндсэн цалин 416,521 төгрөг тул ажилгүй байсан хугацааны шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно. Харин ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1,666,084 төгрөг төлөх шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Иргэн Р.Е-ын ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн талаар холбогдох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа авах, бусад холбогдох материалуудыг өгөх болно. Иймд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүн 2,906,740 төгрөг, үндсэн цалин 560,950 төгрөг биш болохыг нотлох баримтуудаар тогтоон өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Е нь Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 2,906,740.00 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн төлөхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.
Ажилтан ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2017 оны 12 дугаар сард 849,808.00 төгрөг, 11 дүгээр сард 416,521.00 төгрөг, 10 дугаар сард 416,521.00 төгрөгийн цалин хөлс авч байсан ба түүний нэг сарын дундаж цалин хөлс нь 560,950.00 төгрөг байжээ. Ажилтан 2017 оны 12 дугаар сарын цалингаа бүрэн авсан бөгөөд тэрээр дээрх хугацаанд 4 сар ажилгүй байсан тул түүнд 2,243,800.00 /560,950.00 х 4 сар/ төгрөгийн ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад нийцсэн, нотлох баримтад үндэслэгдсэн байна.
Шүүх ажилтны ажилгүй байсан хугацаа болон түүний ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан цалин хөлсний дунджийг зохих журмын дагуу зөв тогтоосон байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
С.ӨМИРБЕК