| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2023/07924/И |
| Дугаар | 001/ХТ2025/00016 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00016
“Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01863 дугаар магадлалтай,
П д холбогдох
Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... хотхон, ... тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, “Д ” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл,
Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Д ” ХХК нь П д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... хотхон, ... тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, “Д” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч П д холбогдох Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, ... хотхон, ... байр, ... тоотын 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч “Д ” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах тухай “Д ” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2018 оны 02 сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам гудамж, ... байрны ... тоотын эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч П д гаргаж өгөхийг нэхэмжлэгч “Д ” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 742,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д ” ХХК-аас 742,950 төгрөг гаргуулан хариуцагч П д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01863 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ... хотхон, ... тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч “Д ” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч П д даалгаж, нэхэмжлэгч “Д” ХХК-аас 49,400,000 төгрөг гаргуулан хариуцагч П д олгож, хариуцагч П гийн нэхэмжлэгч “Д ” ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгч “Д ” ХХК-аас 742,950 төгрөг гаргуулан хариуцагч П д олгосугай.” гэснийг “хариуцагч П гээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”Д ” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.07-ны өдрийн 210/МА2024/01863 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас төлсөн 49,400,000 төгрөгийг “Д ” ХХК-аас гаргуулж П д олгохоор шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж, захиалагчийн төлсөн 49,400,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн өөрчлөлт оруулсан ба нэхэмжлэгч талаас ийнхүү шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Зохигчид 2018.02.21-ний өдөр хэлцэл байгуулж, хэлцлийн 3 дахь заалтаар 2017.02.26-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүрэг, 25 хороо, Нарны зам 147 дугаар байр 74 тоот орон сууцанд амьдарсан сар тутамд түрээсэнд 1,000,000 төгрөг төлөхийг захиалагч нь хүлээн зөвшөөрсөн учир гэрээний талууд захиалгын гэрээнээс татгалзах бус гэрээг цуцалж байгаа ба ийнхүү цуцалсантай холбоотойгоор захиалагчийн төлсөн мөнгө нь түүний амьдарсан хугацааны түрээсийн төлбөрт тооцогдон суутгагдахаар харилцан тохиролцсоныг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад 49,400,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хассан өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.10.07-ны өдрийн 210/МА2024/01863 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр энэ гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсгийн 6,11,12,13,14,15 дах хэсэгт заасан хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй ба магадлалын агуулгыг товч дурдвал, 2018.02.28-ны өдрийн дотор 34 сая төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч “Д ” ХХК-аас 2018.03.19-ний өдөр гэрээ цуцлагдсан тухай мэдэгдэл өгсөн байна. Дээрхээс дүгнэвэл талуудын байгуулсан 2018.02.21-ний өдрийн гэрээгээр хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна. ... дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь П худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “Д ” ХХК нь гэрээнээс татгалзсан хууль зүйн үндэслэлийн талаар дээр дүгнэсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгч талын байр сууринаас хандаж, нотлох баримтыг шинжлэн судлаагүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
5.1. Шүүхийн магадлал хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 225, 205-ийг хэрэглэхдээ мөн хуулийн 225.4-т заасан нөхцөл байгаа эсэхэд шалгалт хийж, хэргийн бусад нотлох баримтууд, бодит нөхцөл байдлыг анхаарахгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь П “Д ” ХХК-ийн захирал Ц эс тухайн орон сууцыг худалдан авах гэрээ байгуулахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хараагүй хэр нь түүнд итгэж гэрээний үүргээ биелүүлж байсан. Нэхэмжлэгч тал 4,000,000 төгрөгийг л төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй гэж буруутгасан. “Д ” ХХК-ийн захирал Ц гэдэг хүнд итгэсэн учраас нийт 49 сая төгрөгийг төлсөн. Гэтэл энэхүү итгэлийг нэхэмжлэгч тал огтхон ч үнэлээгүйгээс гадна давж заалдах шатны шүүх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэгдүгээрт, “Д ” ХХК-ийн захирал Ц д 4,000,000 төгрөгийг бус 49,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу урьдчилгаанд төлсөн. Хоёрдугаарт, тухайн орон сууцны өмчлөгчөөр “Д ” ХХК бус А гэдэг хүн 2016 оноос /гэрээ байгуулах үед өөр хүний өмчлөлд байсан/ улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Улмаар А нь тухайн орон сууцыг миний өмч, албадан чөлөөлж өг гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2021 онд шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөгчөөр А гэдэг хүн бүртгэгдсэн байхад би яаж төлбөрийг “Д ” ХХК-д 100 хувь төлөх юм бэ. Харин бид залилах гэмт хэргийн хохирогч боллоо гэсэн сэтгэл зүйн маш хүнд дарамтад орсон. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлээр баталгааждаг байхад давж заалдах шатны шүүх үүнийг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа бол юунаас шалтгаалаад үүргээ гүйцэтгээгүй, энэ байдалд нэхэмжлэгч талын үйл ажиллагаа нөлөөлсөн талаар дүгнэх байсан. Гэтэл тухайн орон сууц “Д ” ХХК-ийн өмч үү, эсвэл А гэж хүний өмч мөн үү гэдгийг тогтоогоогүй байхад яаж гэрээний үүргээ биелүүлэх байсан юм бэ, гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч талаас шалтгаалан биелүүлэх боломжгүй байдалд орсон. Тус байр А гэх хүний өмчлөлд байхад давж заалдах шатны шүүх үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа, үр дүнгийн талаар хэрхэн яаж дүгнэснийг үнэхээр ойлгохгүй байна. Эд хөрөнгийг түүний өмчлөгч л захиран зарцуулах, аливаа шаардах эрхийг хэрэгжүүлдэг. Гэтэл А гэдэг хүний өмчлөлд байгаа орон сууцны үнийг “Д ” ХХК-д төлөх үүрэг надад үүсэх үү, үлдэх төлбөрийг ипотекийн зээлээр төлөх буюу гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Мөн тухайн хугацаанд “Д ” ХХК эд хөрөнгийн үнэ буюу төлбөрийг надаас шаардах эрх байсан уу гэдгийг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс гадна уг асуудалд дүгнэлт хийгээгүй. Магадлалд гэрээ цуцлах мэдэгдлийг өгч байсан талаар дурдсан. Тус мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сард өгч байсан боловч хэн аль нь гэрээгээ цааш үргэлжлүүлье гэсэн хүсэл зоригоо илэрхийлж, төлбөрөөс зохих хэмжээгээр төлж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан, мөн үзлэгийн тэмдэглэлээр П гэрээний үүргээ биелүүлж, зээл авах талаар хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсан зэрэг үйл баримтуудыг давж заалдах шатны шүүх мөн анхаарч, үнэлээгүй, зөвхөн мэдэгдэл өгсөн нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Д ” ХХК нь орон сууцыг өөрийн өмчлөлд эргүүлэн авсан боловч энэ талаар надад огт мэдэгдээгүй, гэрээний үүргээ харилцан биелүүлэх талаар ярилцаагүй байж шууд орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд харшилсан гэж үзэж байна.
5.2. Хариуцагчид гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх тухайд: Талуудын хооронд 2017.02.21-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2018.02.21-ний өдөр Хэлцэл гэх нэртэй гэрээ байгуулсан. Тус гэрээний 1-т “Захиалагч П 2018.02.28 өдрийн дотор захиалгын гэрээний урьдчилгаанд дутуу 34,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Урьдчилгаа төлөгдсөн тохиолдолд ипотекийн зээл авахад шаардлагатай бичиг баримтуудыг компанийн зүгээс гаргаж өгнө.” гэж тохиролцсон. Тодруулбал, энэ гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн тул урьдчилгаа 34 сая төгрөг төлөхөөс 49 сая төгрөгийг төлсөн. Энэхүү төлбөрийг төлөхөөс өмнө гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлсэн ба үүнээс хойш урьдчилгаа төлбөрийг төлснөөр дахин гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлээгүй, харин төлбөр төлөх харилцаа үргэлжилж байсан. Урьдчилгаа төлбөрөө бүрэн төлсөн тул гэрээнд заасны дагуу үлдэх төлбөрийг ипотекийн зээл авч төлөх гэсэн боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эрхийн доголдлоос шалтгаалан үүрэг гүйцэтгэх хугацаа хойшлогдсон. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.18-ны өдрийн 001/ШХТ2024/01615 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгч “Д ” ХХК нь хариуцагч П д холбогдуулан Баянзүрх дүүрэг, XXV хороо, XIII хороолол, ... хотхон, ... байр, ... тоот, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, “Д” ХХК-д хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ “...2017.02.21-ний өдөр иргэн П тэй “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, уг орон сууцыг 117,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гарган өгөхөөр тохиролцсон. Талууд дахин 2018.02.21-ний өдөр байгуулсан хэлцлээр 2018.02.28-ны өдрийн дотор гэрээний үнийн дүнгийн 30 хувийн үлдэгдэл төлбөр 34,000,000 төгрөгийг төлөх, энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний зүйл болох 3 өрөө орон сууцыг 2018.03.01-ний өдөр үл маргах журмаар чөлөөлж, урьдчилгаа төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийг амьдарсан хугацааны сарын түрээсэнд тооцохоор тохиролцсон. П д 2018.03.19-ний өдрийн 01/03 дугаартай мэдэгдлээр гэрээг цуцалсан, орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн...” гэсэн агуулгаар тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “..."Д " ХХК-ийн захирал Ц тэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг төлж, нүүж орсон. Үүнээс хойш 2018.03.27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018.05.18-ны өдөр 9,400,000 төгрөг, 2018.10.15-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн. Мөн тус орон сууцанд нүүж ороход 2015, 2016 оны ашиглалтын зардал 2,730,000 төгрөг төлөөгүйг төлсөн. 2017 оны 5 сард төлбөрийг барагдуулахаар Улаанбаатар хотын банканд, 2018 оны 11 сард Хас банканд тус тус ипотекийн зээл хүсэж өргөдөл гаргасан боловч уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг "Д " ХХК нь гаргаж өгөөгүйгээс тус зээлийн хүсэлтүүд цуцлагдсан. Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 2023.07.07-ны өдөр “Д” ХХК-д олгосон байх ба энэ талаар надад огт мэдэгдээгүй, гэрээгээ биелүүлэх талаар ярилцаагүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. П 46,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байхад “Д ” ХХК нь тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй байсаар миний удаа дараагийн ипотекийн зээл хүссэн өргөдөл, хүсэлт цуцлагдсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг гаргаж өгөөгүй шалтгаан нь тус орон сууцны өмчлөгчөөр А гэдэг хүн улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой байсныг сүүлд мэдсэн ба одоо “Д ” ХХК нь орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авсан байх тул 2018.02.21-ний өдөр байгуулагдсан хэлцэлд заасны дагуу ... тоотын эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг “Д “ ХХК-д даалгаж өгнө үү.” гэсэн шаардлага гаргасан байна.
"Д " ХХК-ийн зүгээс 2018.02.21-ний өдрийн хэлцлээс хойш 2018.03.19-ний өдөр П д хандаж хүргүүлсэн мэдэгдэлд 2018.02.21-ний өдрийн хэлцлийн заалтууд биелэгдээгүй, орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг П нь хүлээн авч гарын үсэг зурсан. Иймд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай хариу тайлбар гаргажээ.
8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “...“Д ” ХХК-ийн захирал Ц ийн гарын үсэг бүхий 2016.09.19-ний өдрийн 0085/16 тоот албан бичиг, А ийн өргөдөл, “Д” ХХК-ийн иргэн А тэй 2014.08.09-ний өдөр байгуулсан 018/14 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн маргаан бүхий орон сууц 2016.09.23-ны өдөр А ийн өмчлөлд бүртгэгдсэн ба “Д ” ХХК-ийн захирал Ц эс “...А маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг хуурамч баримт үйлдэн шилжүүлсэн авсан” гэх гомдолд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020.12.30-ны өдрийн 0210600073 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед 2016.09.19-ний өдрийн 0085/16 тоот “Д” ХХК-ийн тодорхойлолт дээр зурагдсан гарын үсэг шинжилгээнд ирүүлсэн Ц ийн загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан хэдий ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөн прокурорын газрын хяналтын прокурорын 2022.01.27-ны өдрийн 234 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Улмаар “Д ” ХХК нь А т холбогдуулан ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2022.07.21-ний өдрийн 102/ШШ2022/2663 шийдвэрээр орон сууц 2023.07.07-ны өдөр “Д” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын харилцсан мэссэжүүдэд үзлэг хийхэд захиалагч П гэрээний үүрэгт төлсөн төлбөрийн талаар, мөн ипотекийн зээлийн гэрээтэй холбоотой “Д ” ХХК-ийн захирал Ц тэй харилцаж байсан болох нь тогтоогдсон ба хариуцагч П орон сууц захиалгын гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй нь дээр дурдсан үйл баримтуудаас үүдэлтэй тул хариуцагч П г хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд буруутгах боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн байна.
9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, “...шүүх талуудын маргаанд хамааралгүй нотлох баримтуудыг үндэслэн түүнийг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд буруутгах боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгаж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...”Д” ХХК-ийн захирал Ц ийн гаргасан гомдлоор хэрэг нээж, шалгасан, ... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А т холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. “Д” ХХК-ийг шүүхийн шийдвэрээр ... тоот орон сууцны өмчлөгчөөр 2023.07.07-ны өдөр бүртгэсэн. Эдгээр үйл баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаанд хамааралгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хариуцагч П нь гэрээнд зааснаар 2018.02.28-ны өдрийн дотор 34,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас “Д” ХХК-аас 2018.03.19-ний өдөр гэрээ цуцлагдсан тухай мэдэгдэл өгсөн, үүнээс хойш хариуцагч нь 2018.03.27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018.05.18-ны өдөр 9,400,000 төгрөг, 2018.10.15-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн, ...2018.02.21-ний өдрийн гэрээгээр хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан. Иймээс хариуцагч П гийн эзэмшлээс ...орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч “Д” ХХК-аас 49,400,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй. Хариуцагч П худалдах-худалдан авах гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч “Д” ХХК нь гэрээнээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэжээ.
10.Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцагч талын гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв боловч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
12.Нэхэмжлэгч “Д ” ХХК нь маргааны зүйл болж буй орон сууцны “... хотхон”-ы ... дугаар байрыг 2013 онд барьж ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн байх бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулагдах үед буюу 2017.02.21-ний өдрийн байдлаар ... тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн А улсын бүртгэлд 2016.09.23-ны өдөр бүртгэгдсэн байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбараар А нь тухайн компанид ажилладаг байсан гэх тайлбар гаргасан байна.
13.“Д” ХХК нь П тэй 2017.02.21-ний өдөр 01/17 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулан, ...орон сууцыг нийт 117,000,000 төгрөгөөр захиалан, орон сууцны үнийг 2017.03.20-ны дотор бүрэн төлөхөөр тохиролцож, П нь гэрээ байгуулсан өдөр 4,000,000 төгрөг бэлнээр төлсөн ба талууд 2018.02.21-ний өдөр дахин хэлцэл байгуулснаар П 2018.02.28-ны өдрийн дотор захиалгын гэрээний урьдчилгааны дутуу 34,000,000 төгрөгийг төлж барагдуулах ба төлбөр төлөгдсөн тохиолдолд ипотекийн зээлд шаардлагатай бичиг баримтыг компанийн зүгээс гаргаж өгөх, төлөөгүй тохиолдолд орон сууцыг 2018.03.01-ний өдөр үл маргах журмаар чөлөөлөхөөр тохиролцсоны дараа нэхэмжлэгч нь 2018.03.19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан тухай болон 2018.04.01-ний өдөр орон сууцыг чөлөөлөхийг шаардсан боловч үүний дагуу хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөөгүйн зэрэгцээ тэрээр уг мэдэгдлээс хойш 2018.03.27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018.05.18-ны өдөр 9,400,000 төгрөг, 2018.10.15-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлснийг “Д” ХХК хүлээн авчээ.
14.Зохигчийн хооронд хийгдсэн 2018.02.21-ний өдрийн хэлцлийн үндсэн тохиролцоо нь захиалагч нь урьдчилгааг бүрэн төлснөөр худалдагч тал ипотекийн зээл авахад шаардлагатай бичиг баримтыг нөгөө талдаа өгөхөөр тохиролцож, төлбөр төлөх хугацаа тогтоосон хэдий ч хугацаа хэтрүүлэн төлснийг нөгөө тал хүлээн авсан, түүнчлэн нэхэмжлэгч нь “орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан болон орон сууцыг чөлөөлөх тухай” 2018.03.19-ний өдрийн мэдэгдлийнхээ дагуу шаардлага гаргаагүй буюу энэ үед нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч биш, харин А өмчлөгчөөр бүртгэлтэй байсан байна.
Харин А тэй холбоотой эрүүгийн болон иргэний хэргийг шийдвэрлэсний дагуу орон сууцны өмчлөгчөөр 2023.07.07-ны өдөр “Д ” ХХК бүртгүүлсний дараа 2023.11.16-ны өдөр хариуцагч П д холбогдуулан энэ нэхэмжлэлийг гаргажээ.
15.П гийн ... хаягаас Ц гэх иргэний ... хаягтай 2019.01.15-ны өдрөөс 2019.09.17-ны өдрийн 3 цаг 49 минут дуустал хугацааны мэссэжүүдэд 2024.06.21-ний өдөр үзлэг хийсэн байна. Талуудын харилцсан бичвэрээс үзэхэд П г хугацаа хэтрүүлж төлбөр төлснийг эс зөвшөөрсөн тухай болон гэрээ цуцлагдсан, харилцаа дуусгавар болсон гэх агуулгыг нэхэмжлэгч талаас илэрхийлээгүй, мөн хариуцагчийн банкнаас авах ипотекийн зээлтэй холбоотойгоор “Д” ХХК-ийн захирал Ц асууж, талууд энэ асуудлаар тухайлан харилцаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч талыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг буруу хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
16.Худалдах-худалдан авах гэрээний үнийг талууд харилцан тохиролцож тогтоохын зэрэгцээ төлбөр төлөх арга, хугацааг өөрсдөө тохиролцох нь гэрээний талуудын эрх бөгөөд талуудын 2018.02.21-ний өдөр хийсэн хэлцлээр П 2018.02.28-ны өдрийн дотор захиалгын гэрээний урьдчилгааны дутуу 34,000,000 төгрөгийг төлж барагдуулах ба төлбөр төлөгдсөн тохиолдолд ипотекийн зээлд шаардлагатай бичиг баримтыг компанийн зүгээс гаргаж өгөхөөр тохиролцсоны дагуу П нь нийт 46,400,000 төгрөгийг нөгөө талдаа төлсөн байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.
17.Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэдий ч талууд ипотекийн зээл гарах хугацааг харилцан тохиролцож шинээр тогтооход энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01863 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН