| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/026 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/026
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.С,
орчуулагч: А.Е,
улсын яллагч: Х.Ө,
иргэний нэхэмжлэгч: И.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К,
шүүгдэгч М.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Мгийн Хад холбогдох 201704000022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч М.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт Мгийн Х, *******регистрийн дугаартай, 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Цэнгэл сумын *** дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч М.Хын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Мгийн Х нь 2016 оны 09 дүгээр сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Жепек” гэх газрын ойгоос Ойн тухай хуулийг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, байгаль экологид 515732 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,
Мөн шүүх хуралдаанд: модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, И.Хг иргэний нэхэмжлэгчээр байцаасан тэмдэглэл, гэрч К.Х, К.К, Ж.Жнарыг байцаасан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга Х.Тын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч М.Хын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Мгийн Х нь 2016 оны 09 дүгээр сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Жепек” гэх газрын ойгоос Ойн тухай хуулийг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэж, байгаль экологид 515732 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр М.Хын амьдарч буй байшингийн гадаа хашаан дотор байсан гэх модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 03-05 дугаар хуудас/,
- 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хэрэг учралын газар бүхий Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Жепек” гэх газрын “Өлөнт”-ийн хавцал гэх нэртэй ойд мод бэлтгэсэн гэх газарт үзлэг тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08 дугаар хуудас/,
- Хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12, 17-18 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39-04-40/01 тоот дүгнэлт /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 09-10, 13-14, 15-16 дугаар хуудас/,
- Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43, 46, 49 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч И.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Цэнгэл сумын “Жепек” гэх нэртэй газрын ойгоос М.Х нь зохих зөвшөөрөлгүй 1.4045 м.куб шинэс модыг бэлтгэж ойн санд 515732 төгрөгний экологи эдийн засгийн бодит хохирлыг учруулсан байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учруулсан эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг бөгөөд дээрх М.Хын учруулсан бодит хохирлыг гурваар үржүүлэхэд 1547197 төгрөгний нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
“... М.Х нь тус сумын “Жепек” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаль орчинд учруулсан 1547197 төгрөгний хохирлыг тус сумын төрийн сангийн 100021255402 тоот дансанд бүрэн тушааж барагдуулсан байгаа. Миний зүгээс сум орон нутгаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагийн хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
- Гэрч К.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Жепек” гэх газрын аманд голын эрэгт намаржиж байхад нөхөр М.Х Цэнгэл сумын төвд байдаг хашаа байшинд амбаар барихад хэрэглэх мод авахаар “Жепек”-ийн ойд очиж мод бэлтгэж ирсэн. Нөхөр М.Х хэлэхдээ 2 ширхэг мод огтолж бэлтгэн хувааж тавьсан гэж хэлсэн. Дараа нь сумын төвд өвөлжөөнд нүүж ирсний дараа нөхөр М.Х танил болох Х.Х гэдэг хүний машиныг хөлсөлж очиж бэлтгэсэн моднуудаа сумын төвд ачиж ирж хашаанд буулгаж тавьсан. Нөхөр М.Хын хашаанд авч ирж буулгаж тавьсан моднууд нь 2 орчим метрийн урттай 14 ширхэг гуалин мод байсан юм. Түүнд мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг байхгүй. М.Х дээрх моднуудыг өөрөө ганцаараа очиж бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Гэрч К.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хүргэн хүү болох М.Х 2016 оны намар “Жепек” гэх газар голын эрэгт манай гэрийн хамт намаржиж сууж байхад сар өдрийг нь тодорхой санахгүй байна. “Жепек”-ийн ойгоос түлээний мод бэлтгэж ирнэ гэж яваад ирсэн. Яг “Жепек”-ийн хаана очиж хичнээн ширхэг ямар төрлийн мод бэлтгэснийг бол үзэж хараагүй. Дараа нь би нэг ууланд хурга, ишиг хариулж явж байхад манай өвөлжөөний дээд талд байдаг “Өлөнт” гэх хавцлын аманд хурааж тавьсан мод байхыг холоос үзэж харсан. Тус модыг тухайн өдөр орой болж байхад хүргэн болох М.Х хэний тээврийн хэрэгсэл гэдгийг мэдэхгүй бор өнгийн УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж ачаад явсан. Би уг моднуудыг хажууд нь очиж үзээгүй болохоор хэр зэрэг урттай, хичнээн ширхэг ямар мод байсан талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Жанкелдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... М.Х нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Цэнгэл сумын 6 дугаар багт бүртгэлтэй боловч сумын төвд оршин сууж байгаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, багийн нэн ядуу өрхийн нэг юм. Төлөв даруу зантай, дуу цөөнтэй, нийгмийн байдал сайн, хүнд тусархаг залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн ЗЗ дугаар хуудас/,
- Шүүгдэгч М.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манайх Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Жепек” гэх газрын аманд голын эрэгт намаржиж сууж байхад “Жепек”-ийн “Өлөнт” хавцлын ойгоос ганцаараа очиж сумын төвд амбаар, сав барихад хэрэглэх гэж ой дотор ургаж байсан 13-15 метрийн урттай модноос 2 ширхэг ургаа модыг модны хөрөөгөөр огтолж сүх, хөрөөгөөр мөчирлөж, модны хөрөөгөөр 2 орчим метр болгож хөрөөдөж нийт 14 ширхэг мод болгож хуваагаад бэлтгэсэн. Тэгээд уг 2 модыг ойгийн зах хэсэг буюу хавцлын ам хүртэл өөрөө явган зарим нэг модыг чирч, зарим нэг модыг өнхөрүүлж буулгаж, хавцлын аманд хурааж тавьсан. Дараа нь нэг 7 хоногийн дараа танил Х.Х гэдэг хүний УАЗ маркийн машинд бензинийг нь хийж өгч хөлсөлж “Жепек”-ийн “Өлөнт”-ийн хавцлын аманд бэлтгэсэн моднуудаа хурааж тавьсан газар очиж уг моднуудыг Х.Хын УАЗ маркийн машинд ачиж ирээд сумын төвд хашаандаа буулгаж авсан. ... Надад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. ... Би Х.Хын гэрт очиж машинд чинь бензинийг нь хийж өгье “Жепек”-ээс очиж мод буулгаж өгөөч гэхэд Х.Х ачих гэж байгаа модонд чинь эрхийн бичиг байгаа юу, ямар моднууд юм бэ гэж асууж байсан. Би тухайн үед Х.Хд эрхийн бичиггүй гэж хэлбэл машинаараа явж мод буулгаж өгөхгүй байх гэж бодоод бэлтгэсэн моднуудын эрхийн бичиг нь байгаа гэж худлаа ярьсан юм. Миний бэлтгэсэн моднуудад эрхийн бичиг байхгүй гэдгийг Х.Х мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
“... Би байгаль орчинд учруулсан 1547197 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн байгаа. ... Хууль зүйн мэдлэг дутмаг байдлаас болж хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан миний буруу, буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч М.Хын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас М.Хад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч М.Хыг Oйн тухай хууль тогтоомж зөрчиж, “Жепек” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Хад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болно.
М.Хын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 14 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгож, түүний өмчлөлд байгаа Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 2 өрөө өвлийн байшин, иргэн Х.Хын эзэмшлийн УАЗ маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн 14 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 140 см-ийн урттай, модон бариултай модны хөрөө 1 ширхэг, 48 см-ийн урттай төмөр иштэй төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч М.Х нь Жепек гэх газрын ойгоос 14 ширхэг шинэс мод бэлтгэснээс хойш долоо хоногийн дараа Х.Х гэгчийн УАЗ маркийн, ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл байсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг төгс үйлдэгдсэнээс хойш мод ачилт хийгдсэн тул машины үнийг гаргуулж улсын орлого болгох боломжгүй юм.
Шүүгдэгчийн гадаад паспорт 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохыг шүүгчийн туслах П.Б даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэж гэж үзлээ.
Шүүгдэгч М.Х нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Мгийн Хыг Oйн тухай хууль тогтоомж зөрчиж, Жепек гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Хад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. М.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн 14 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хын өмчлөлийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 2 өрөө өвлийн байшин, иргэн Х.Хын эзэмшлийн УАЗ маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 14 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 140 см-ийн урттай, модон бариултай модны хөрөө 1 ширхэг, 48 см-ийн урттай төмөр иштэй төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар М.Хад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар М.Хад хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан М.Х нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.
11. Шүүгдэгчийн гадаад паспорт 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах П.Бт даалгасугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Хад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК