| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2020/1074/Э |
| Дугаар | 1038 |
| Огноо | 2020-08-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 1038
П.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гантулгабат,
шүүгдэгч П.Бөмгөөлөгч Я.Батханд,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШТ/110 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Цэрэнжамцын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 71 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн П.Бд холбогдох эрүүгийн 1906070360876 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
;
П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн амны 4-20 тоотод иргэн Д.Эрдэнэтулгатай “хашаандаа гэрэл асаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга барин “ална” гэж дайрч цамцны энгэрийг хутгаар зүсэж, алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас:
П.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
“...Шүүгдэгч П.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч Д.Эрдэнэтулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, гэрч Л.Отгонцэцэгийн “...тэр Бат-Эрдэнэ шар хоолойд дандаа мөргөдгөөрөө алдартай, хутга барьж дандаа тэр хавийн айлаар орж агсан тавьдаг хүн, яагаад арга хэмжээ авдаггүйг нь ойлгохгүй байна...” мэдүүлэг /хх-99-101/ зэргийг үндэслэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан шалгаж тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгчтэй айл хөрш олон жил хамт амьдарсан оршин суугчдыг болон хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуух, шүүгдэгчийг захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх талаар шалгаж тодруулах замаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтооход болон оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлоход шаардлагатай юм.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах бөгөөд шүүх үндэслэл бүхий, хууль ёсны шийдвэр гаргахад ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байх тул П.Бд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна...” гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Цэрэнжамц бичсэн эсэргүүцэлдээ: “...Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар Цагдаагийн АСАП сангийн мэдээллийг гаргаж хэрэгт хавсаргасан /хх 33-34/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоохоор гэрч Ж.Баярмаа /хх 97/, Б.Энхтуяа /хх 107/ нараас мэдүүлэг авсан, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт, иргэний газар эзэмших гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Энхцэцэгийн гаргасан яллагдагч П.Бзан байдлын тодорхойлолт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар хувийн байдлыг хангалттай тогтоосон.
Үйл баримтын хувьд П.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Эрдэнэтулгатай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалах гэх үед нь хохирогч өөрийн идэвхтэй үйлдлийн улмаас хойшоо болж бултсаны улмаас Д.Эрдэнэтулгын өмсөж явсан 2 давхар цамцыг зүссэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. …” гэжээ.
Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүнийг алахыг завдсан гэх гэмт хэргийг нотлон тогтооход хангалттай баримт хавтас хэрэгт авагдсан гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хувийн байдалтай холбоотойгоор хамт амьдарсан оршин суугчид болон хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй. Хувийн байдалтай холбоотой ажиллагааг прокурорын зүгээс хийсэн гэж үзэж байна. ...” гэв.
Өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч “намайг нэг удаа хатгах шиг болсон” гэж мэдүүлсэн. Гэтэл цамцанд нь 3 урагдал үүссэн байсан. Нэг удаагийн хатгалтаар 3 удаагийн урагдал гэмтэл үүсэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс маргаж байна. Шинжээчийн дүгнэлтээр хутган дээр миний үйлчлүүлэгчийн хурууны хээ тогтоогдоогүй. Ямар нэг биологийн ул мөр илрээгүй. Шүүгдэгч П.Б малынхаа уяг таслах гээд хутга авч гарсан, сидиг харахад П.Б өөрөө үйлдлээсээ татгалзаж байгаа. Гэтэл хохирогч гарыг нь тавихгүй байсан учир “миний гарыг тавьчих, би гаръя, явъя” гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх гэмт хэрэг тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн тогтоолд заасан “...Шүүгдэгчтэй айл хөрш олон жил хамт амьдарсан оршин суугчдыг болон хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуух, шүүгдэгчийг захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх талаар шалгаж тодруулах замаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах...” гэсэн ажиллагааг оролцогч талуудын хүсэлтээр шаардлагатай гэрчийг шүүх хуралдаанд оролцуулан тодруулж, дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдпыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд П.Бд холбогдох 1906070360876 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолд бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШТ/110 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, П.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ