| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0238/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/250 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/250
2024 06 03 2024/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Ц
Өсвөр насны шүүгдэгч А.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох эрүүгийн 2425000000271 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, .. настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эгч болон түүний нөхөр, хүүхдүүдийн хамт ........................тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Агийн А регистрийн дугаар:0000000000;
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн орчим Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны гудамжинд хохирогч Б.Уыг гар утсаараа ярьж байхад нь “Айфоне-11 про макс” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 1,050,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч А.Аын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425000000271 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудын шинжлэн судалсан:
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-р тал/
-хохирогч Б.Уын мэдүүлсэн....2024 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 23:00 цагийн орчимд найз Т-гийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах “Б” баар орж үйлчлүүлж байгаад 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 02 цаг 30 минутын орчимд гарч ирсэн. Баарны урдаас найз Тулгаа гэртээ харихаар яваад би Худалдааны гудамжны сандал дээр суугаад гар утсаараа эхнэртэйгээ ярьж байтал, гэнэт миний гар утсыг цагаан өнгийн захтай подволктой, жинсэн цайвар өнгийн өмдтэй, ойролцоогоор 18-20 орчим насны эрэгтэй хүн шүүрч аваад Уурхайчин багийн 3-9 дүгээр байрны зүгт зугтаасан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор араас нь хөөж чадаагүй. Тэгээд Хангайн бүс худалдааны төвийн хажууд байрлах МТ шатахуун түгээх газарт очиж түгээгчийн утсаар эхнэртэйгээ яриад гэртээ харьсан...миний утсыг шүүрч аваад л зугтаачихсан. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учруулаагүй. ..2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 03:59 минутад 2350 төгрөг, 04:08 минутад 27.700 төгрөг миний виза картаас зарлага хийсэн байсан. Мөн миний гар утсан дээрх Мобиком аппликейшн ашиглан 2024 оны 03 дугаар сарын 25-ны шөнийн 01:11 минутад 5000 төгрөгийн нэгж, 01:13 минутад 2500 нэгжийг 99598190 дугаарт шилжүүлсэн байсан. Гомдолтой байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй үед миний гар утсыг авч зугатаасан этгээдийг олж тогтоон хохирлыг минь барагдуулж өгнө үү. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.., А.А нь миний гар утасны дэлгэц, банкны картын асуудал болон төлбөр мөнгөний асуудлыг бүгдийг нь төлж барагдуулсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, Би шүүх хуралдаанд оролцохгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14-р тал/
-гэрч Д.Бийн “...А намайг гэртээ ирэх үед “ахаа би өчигдөр шөнө гэрээсээ гараад худалдааны гудамжны хажууд согтуу эрэгтэй хүний гар утсыг аваад зугтаачихсан” гэж хэлсэн. Би дүүгээ загнаад цагдаад мэдэгд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/
-гэрч Д.О-ийн ...2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн .................... тоотод унтаж байх үед манай нөхөр У над руу залгаад “Хайр нь Уурхайчин багийн худалдааны гудамжинд явж байна, Хүрч ирээд авчих” гээд ярьж байтал гэнэт утас нь салчихсан юм. Би буцаад нөхөр рүүгээ залгатал утас нь дуудаж байгаад холбогдох боломжгүй болчихсон. Удаагүй танихгүй дугаараас У залгаад “Хайр нь сая чамтай утсаар ярьж байтал нэг хүн миний гар утсыг булаагаад зугтаачихлаа, чи намайг ирээд авчих” гэж хэлсэн. Би Уыг очиж авсан. ...2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 00000000 гэх дугаараас нэг эрэгтэй хүүхэд залгаад “Эгчээ би танай нөхрийн утсыг авч зугтсан хүн байна. Та цагдаагаас өргөдлөө авчих, би гар утсыг чинь буцаагаад өгье” гэж хэлсэн. Би “Өргөдлөө авч мэдэхгүй, чи наад утсаа цагдаад аваачаад өгчих, тэгээд чи цагдаатайгаа учраа ол” гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
-гэрч Л.А-гийн мэдүүлсэн:.. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед цагдаагаас над руу залгаад та Орхон аймгийн Баян-Өндөр сумын ....................... ангийн сурагч А.Аын багш мөн үү, цагдаагийн байгууллагад хүрч ирээд уулзах боломжтой байна уу ? гэж асуусан. Би цагдаатай ярьж дуусаад 13 цагийн үед А руу утсаар залгаад над руу цагдаагаас залгаад байна юу болсон юм бэ ? гэж асуухад, би худалдааны гудамжинд явж нэг согтуу хүн таарахаар нь гар утсыг нь авчихсан юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
-гэрч Г.Ж-гийн мэдүүлсэн:.. 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат Манханы ............. тоотод байхад гаднаас миний төрсөн дүү О сандарсан байдалтай орж ирсэн, би юү болсон талаар асуухад “Аын ангийн багш залгаад Аыг цагдаагийн байгууллагаас асуугаад байна, хэрэгт холбогдсон юм шиг байна” гэсэн. Би урагшаа Оийн гэрлүү ороод Ааас юу болоод байгааг асуухад А “би 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө худалдааны гудамжинд явж байгаад нэг эрэгтэй хүний гар утсыг нь аваад зугтаачихсан юм” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
-Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д-ийн М-гийн мэдүүлсэн:..2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай:... 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Iphone 11 pro max гар утасны үнэ 1,050,000 төгрөг болж байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-33-р тал/
-А овогтой Ааас гаргаж өгсөн хар саарал өнгөтэй дэлгэц нь хагарч гэмтсэн Iphone 11 pro max загварын гар утсыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 36-37-р тал/
-- Iphone 11 pro max загварын хар өнгөтэй 352840113062015, 352840113005865 имэй кодтой, дэлгэц нь хагарсан гар утсыг хохирогч Б.Ут хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 38-р тал/
-Нас тоолсон тухай: Баяд ургийн овогт Агийн А /РД:0000000000/ нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 17 нас 3 сар 26 хоногийн настай байна.. гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 39-р тал/
-Өсвөр насны шүүгдэгч А.Аын ялладагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн орчимд миний нойр хүрэхгүй хэвтэж байгаад гадаа гарч агаарт гарах зорилготой гарсан. Би Д-гаас гадаа гарч агаар амьсгалах уу гэж асуухад унтлаа гэсэн болохоор ганцаараа гарсан. Би 3-23 тоотоос гараад худалдааны гудамжинд явж байтал 2 согтуу эрэгтэй хүн таараад нэг хүн нь гөлөгнүүдийг би ална шүү гээд орилсон, хажууд нь байгаа ах нь согтуу хүн байгаа юмаа уучлаарай гэсэн. Тухайн хоёр хүний нэг нь яваад өгсөн. Нөгөө гудамжинд орилоод байсан ах нь ганцаараа үлдээд гар утсаа оролдоод сандал дээр сууж байхаар нь би гар утсыг нь аваад зугтаачихсан. Тухайн хүний гар утасны кейсэд байсан банкны картаар нь би дэлгүүрт худалдан авалт хийсэн. Би тухайн хүний гар утас банкны картыг, хохирол мөнгийг бүгдийг нь барагдуулж, тухайн хүнийг гомдол саналгүй болгосон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ..гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 58-63-р тал/
-Б.Ут учирсан хохиролд 407,500 төгрөг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 64-р тал/ зэргийг нотлох баримтаар судаллаа. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Худалдааны гудамжинд явж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ гар утсаараа ярьж байсан Б.Уын “Iphone 11 pro max” загварын гар утсыг авч зугатааж 1,050,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэргийн бодит байдал тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Шүүгдэгч А.А нь хохирогч Б.Уын “Iphone 11 pro max ” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч зугатааж 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны талаар Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас хүрсэн болох нь түүний төрсний лавлагаа, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2024 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн орчим Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт худалдааны гудамжинд хохирогч Б.Уыг гар утсаараа ярьж байхад нь “Iphone 11 pro max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд өсвөр насны шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж,
Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршигийг ухамсарлуулах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,
-өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
хэргийн нөхцөл байдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж,
-өсвөр насны шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул гэмт үйлдлийн шинж байдал, хувийн байдал, өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчим зэргийг харгалзан,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.... гэж заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид, зайлшгүй ял оногдуулах үндэслэл, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч тул эдлэх ялыг 2 дахин багасгаж 3 сарын хорих ял эдлүүлэх саналтай гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Өсвөр насны шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, хохирлыг арилгасан, хэргээ шударгаар илчилсэн, одоо суралцаж байгаа тул ял оногдуулахгүй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу гэж тус тус санал гаргажээ.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж нь хохирогчид учирсан хохиролд 407,500 төгрөг төлсөн баримт /хх-ийн 64-р тал/-д авагдсан. Мөн хохирогчийн “Iphone 11 pro max” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн, хохирогч Б.У нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б ургийн овогт Агийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аад ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аад оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтийг хангаж хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар энэ ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахыг даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч А.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ