Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/254

 

 

2024      06         04                                           2024/ШЦТ/254

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Золжаргал

Иргэдийн төлөөлөгч Б.П

Улсын яллагч Т.Д

Хохирогч Э.Ж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даяанч овгийн Гүнчинсүрэнгийн Од холбогдох эрүүгийн 2425000000051 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, “Т” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д ургийн овгийн Ггийн О /регистрийн дугаар:0000000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т банкны хорооллын тооцооны төвийн захирал Э.Жгийн өрөөнд мөнгө олох зорилгоор орж биед нь хутга тулган “бос теллер дээр оч ” гэж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн банк дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Г.Огийн мэдүүлсэн: Би хашаа байшингаа найз Амарбатад зараад тэндээ амьдарч байсан. Хүнээс 4,500,000 төгрөг зээлээд 2,5 сая төгрөг буцаан төлсөн байсан. Тэр хүмүүс маш их мөнгө нэхэж сурагчдын хажууд янз бүрээр дуудаж дарамтлаад багшлах аргагүй болсон тул 10 сард ажлаасаа гарсан. Тэр хүмүүс өдөр бүр ирж өдрийн хүү нэхэж байсан. Ээж хүүхдийг маань дарамталж байсан тул хямралд орж ийм зүйл хийсэн. Сүүлд нь маш их харамсаж, яах гэж? гэж өөрсөө асуусан. Хутгыг гэрээсээ авч гарсан.Т банкны гадаа бараг 3 цаг суусан. Тэр хүмүүс гэрт орж ирээд “газрын гэрчилгээгээ шилжүүл” гээд ээж айж салгалаад зөвшөөрсөн байсан. Дахин ирж “байшингаа шилжүүл”гэсэн. Өдрийн хүү нэхэж байсан тэр үед. Маш их харамсаж байна гэх мэдүүлэг,    

        -хохирогч Э.Жгийн мэдүүлсэн: Г.О урьд нь 1 удаа орж ирсэн, дараа нь дахин орж ирж тэтгэврийн зээлийн бүтээгдэхүүн асуусан. Дахин орж ирээд миний хажууд ирж хутга тулгаад “теллер дээр оч” гэсэн. Би босож ирээд барилцаж авсан. Гомдолгүй гэх мэдүүлэг,     

      -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн мэдүүлсэн: Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

         эрүүгийн 2425000000051 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, талуудын шинжлэн судалсан

      -Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг/ шар иштэй хутга 1ш/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

       - хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р тал/        

      -Эд мөрийн баримтаар / хутга 1ш/ тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-р тал/    

       -хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 8-9-р тал/

        -хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн:... Орхон аймгийн Баян-Өндөр сум, Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т банкны хорооллын тооцооны төв”-ийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэгийг явуулахад цаг 12/19/2023 11:43:10 болоход Г.О нь тооцооны төвийн захирал З.Жгийн өрөө рүү явж оров... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15-р тал/

-эд мөрийн баримтаар /хяналтын камерын дүрс бичлэгтэй хуурцаг/ тооцох тухай /хх-ийн 16-р тал/

-хохирогчоор Э.Жгийн  мэдүүлсэн.... Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 11 цаг өнгөрч байх үед Т банкны “хороолол тооцооны төв”-ийн салбарын захирал гэсэн хаягтай 1 өрөөний зохион байгуулалттай өрөөн дотроо харилцааны менежер н.Эийн хамт ажлаа хийгээд сууж байсан бөгөөд Т.Э эдийн засагчийн компьютер дээр ажлаа хийгээд сууж байсан. Харин би өөрийн ширээний ард сандал дээрээ комьютер дээрээ юм хийж байсан чинь гаднаас танихгүй залуу орж ирээд надаас тэтгэврийн зээлийн бүтээгдэхүүний талаар асуухаар нь танилцуулахад “баярлалаа” гээд өрөөнөөс гараад явсан. Тэгтэл 30-40 минутын дараа нөгөө зээлийн бүтээгдэхүүний талаар асуусан залуу чинь ямар нэгэн зөвшөөрөлгүй ганцаараа куртикнийхээ малгайг толгой дээгүүрээ өмсчихсөн эргэж орж ирээд өрөөний хаалгыг хааж миний баруун гар талаар тойрч миний баруун гар талд тулж ирээд зогсон зүүн гараараа мөр хэсгээс татаж, баруун гарын суга хэсэгт нэг зүйл тулгах шиг болохоор нь яагаад байгаа юм бол гэж бодоод харсан чинь шар өнгийн иштэй хутга баруун гартаа барьчихсан миний суганы доод хэсэг рүү үзүүр хэсгээр нь тулгаад зогсож байхаар нь “яагаад байгаа юм бэ“ гэсэн чинь “босоод ир, босоод ир, теллер дээр очъё” гэхээр нь гялс босож хутгатай гарынх нь сарвуу хэсгээс нь барьж мушгихад Т.Э мэдэж бид хоёр харуулыг зэрэг дуудаж орилоход харуул орж ирсэн бөгөөд нөгөө залуу хутгаа бариад өрөөнөөс гараад гүйчихээр нь би араас нь гарч гүйхэд яг урдаас нь олон нийтийн эмэгтэй цагдаа гараад ирэхээр нь “цагдаа наадах чинь хутгатай этгээд байна шүү” гэсэн чинь нөгөө залуу зог тусаж зогсохоор нь барьж авахад манай хамгаалагч залуу араас гарч ирээд нөгөө залууг гавлаж олон нийтийн цагдаагийн хамт бид дөрөв Т банк руу орж цагдаад дуудлага өгөхөд удалгүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд цагдаагийн газарт дагуулан ирсэн. Би уг залуугаас яагаад уг үйлдлийг гаргах болсон талаар тодруулаагүй. Миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн мэдүүлсэн:..Манай байгууллагын зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-гэрч Н.Г-ын мэдүүлсэн:.. Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын чиглэлд дэд ахлагч цолтой Б Т-ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад өдөр 12 цагийн орчимд Цагдаагийн газрын 7035-102 дугаараас Н багт байрлах “Т банкинд хутгатай хүн дээрэмдэхийг завдсан байна” яаралтай очно уу гэсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулахад, Т банкны үүдэнд банкны хамгаалагч залуу, мөн салбарын захирал Ж, олон нийтийн эмэгтэй цагдаа нар нь хар өнгийн куртиктэй залууг гавласан байдалтай байж байсан. Юу болсон талаар Жгаас тодруулахад “энэ залуу хутгатай миний өрөөнд орж ирээд теллер дээр оч” гэж намайг айлган сүрдүүлэхээр нь эсэргүүцэх үйлдэл гаргахад банкнаас гараад зугтаачихсан. Тэгээд араас нь хөөн барьж аваад байж байна гэж хэлэхээр нь уг залууг хутгатай байна гэдгийг нь мэдэж аюулгүй байдлыг хангах үүднээс хутгыг биеэс нь хайхад куртикны баруун талын халааснаас нь шар өнгийн иштэй хутгыг гаргаж аваад залуугаас юу болсон талаар тодруулахад өөрийгөө Г.О гэж хэлсэн бөгөөд мөнгөний өрөнд ороод өрөө дарах зорилгоор айлгаж байгаад банкнаас мөнгө авах санаатай байсан юм гэж хэлсэн. Тэгээд С.Ог цагдаагийн газар авч ирэн хутгыг мөрдөгчид хүлээлгэн өгсөн юм. Г.О нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх үг үйлдэл гаргаагүй, харин банкны ажилтнуудаас уучпалт гүйгаад байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

-гэрч Т.Эийн мэдүүлсэн:.. 2023.12.19-ний өдөр өглөөний 11 цагийн орчимд тооцооны төвийн захирал Э.Жгийн өрөөнд компьютер дээр зээлийн тайлан шалгаад сууж байсан чинь гаднаас танихгүй эрэгтэй хүн бараан өнгийн куртикнийхээ малгайг өмсөөд нүүрээ халхалсан байдалтай орж ирээд мэндэлхэд Э.Ж захирал хариу мэндлэж “танд юугаар туслах уу” гэж асуухад “ээждээ тэтгэврийн зээл авах гэсэн юм” гэж асуухад зээлийн талаар мэдээлэл өгөхөд “за” гэж хэлээд гараад явсан. Тэгээд Э.Ж захирал бид хоёр сууж байсан чинь удалгүй нөгөө зээл асууж байсан залуу эргэж орж ирээд Э.Ж захирлын баруун гар талд нь ямар ч үгийн зөрүүгүй, юу ч дуугаралгүйгээр очиход Э.Ж захирал гэнэт босож ирээд уг залуугийн баруун зүүн мөр хэсгээс нь 2 гараараа барьж авахад би юу болоод байгаа юм бол гээд босоод харсан чинь нөгөө залуу баруун гартаа хутга барьчихсан хутганы үзүүрийг Э.Ж руу харуулаад хутгалах гэж байгаа юм шиг зогсож байсан. Э.Ж мөрнөөс нь гараа авч гараараа хутгатай гарыг нь барьж эсэргүүцэж барьцалдаж байхад нь би хаалга нээж “хамгаалагчаа” гэж дуудсан чинь хамгаалагч залуу орж ирээд нөгөө залууг барьж авах гэтэл зугтаагаад өрөөнөөс гараад гүйчихсэн. Э.Ж захирал араас нь гүйн гарахад теллер М, хамгаалагч залуу хоёр мөн араас нь гарсан. Удалгүй Э.Ж захирал теллер, хамгаалагч, 2 цагдаагийн хамт орж ирсэн ба  “юу болсон бэ” гэж асуусан чинь Э.Ж захирал барьж аваад цагдаад хүлээлгээд өгсөн гэж хэлсэн... Уг үйл явдал маш хурдан болж өнгөрсөн, ямар нэгэн үг авиа гаргаагүй. Хутганы үзүүр хэсэг нь Э.Ж захирал руу чиглээд хутгатай гарыг нь барьчихсан байсан болохоор хутгалах гэж байгаа юм шиг харагдсан. Уг залуу баруун гараа биеийн дагуу байрлуулж хутганы үзүүр хэсгийг Э.Ж захирал руу харуулж барьсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/

-гэрч Ц.Г-ны мэдүүлсэн:... би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 11 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Баян-Өндөр сум Н багт байрлах Т банкны хороолол тооцооны төвд банкны хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хар өнгийн куртиктэй залуу тооцооны төвийн захирал Э.Жгийн өрөө рүү явж орон удалгүй гарч ирээд банкнаас гарсан. Тэгээд би захирлын үүдэнд сандал дээр сууж байсан чинь нөгөө залуу куртикнийхээ малгайг өмссөн байдалтай эргэж захирлын өрөө рүү явж ороход хэдхэн секундийн дараа Э.Ж захирлын өрөөнд сууж байсан банкны эмэгтэй ажилтан гэнэт хаалга нээж “харуулаа” гэж дуудсан. Би захирлын өрөө рүү явж ороход Э.Ж захирлын ширээний ард Э.Ж захирал босоод зогсчихсон, нөгөө залуу мөн адил зогссон байдалтай хоёр биеэсээ тус тусдаа зогссон байж байхаар нь барих гээд ширээ тойрсон чинь нөгөө талаар нь тойроод зугтааж банкнаас гарахад араас нь захирал, теллер М бид гурав гарч, захирал бид хоёр уг залууг барьж аваад би уг залууг гавлан банкны байр луу авч орж ирэн цагдаад хүлээлгэж өгсөн. Намайг барихад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, бид нарыг муухайгаар хэлсэн юм байхгүй... Дараа нь бариад байж байхад захирал болсон асуудлын талаар хэлэхдээ “уг залуу надад хутга тулгаж теллер дээр оч” гэж хэлсэн гэсэн. Би Э.Ж захирлын өрөө рүү ороод уг залуугийн гарт хутга байсан эсэхийг анзаарч хараагүй. Учир нь энэ үйл явдал маш хурдан болсон бөгөөд би сандарчихсан байсан юм. Дараа нь гавлаад байж байхад цагдаа халааснаас нь шар өнгийн иштэй хутга гаргаж ирсэн. Уг залуу 2023.12.19-ний өдөр өглөөний 10 цаг өнгөрч байхад орж ирээд банкны үүдний сандал дээр гар утсаа оролдоод 30-аас 40 минут орчим суухдаа ямар нэгэн үйлчилгээ авахгүй чимээгүй байгаад байсан. Би анзаарч харсан боловч юу хийж суугаа талаар нь тодруулж асуугаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/

-гэрч Д.А-ын мэдүүлсэн:.. Г.О нь Орхон аймгийн 3 дугаар сургуульд надаас 2 үе дээр суралцдаг залуу байсан юм, тэгээд зүс мэддэг байж байгаад 2019 онд би түүний амьдарч байсан ................................тоот хаягтай хашаа, байшинг Г.Огээс 8,500,000 төгрөгөөр худалдаж авахад манай хашаанд 2020 оныг хүртэл хамт амьдарсан юм.Би монгол гэрт, харин Г.О өөрийн байшиндаа байсан юм. Тэгээд бид хоёр их дотно найз нөхдийн харилцаатай болсон юм. Г.О нь өөрийн төрсөн эх болон хүүхдийн хамт гурвуулаа амьдардаг байсан. Тухайн үед надад хашаа байшингаа зарчихаад яг гарах гэхээр амьдрах газар алга, түр байлгаж өгөөч гэж гуйсны дагуу байлгасан юм. Г.О нь урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр нь салчихсан тусдаа амьдардаг, ээж хүүхдийнхээ хамтаар гурвуулаа байдаг. Одоо “Т” ХХК-нд менежерээр ажиллаж байгаа, урьд өмнө 5 болон 17 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байсан, ажлаасаа яагаад гарсан талаар мэдэхгүй байна. Эрүүл мэнд сэтгэцийн хувьд ямар ч асуудал байхгүй. Одоо хороололд хамаатныхаа дүүгийнхээ хамт амьдарч байгаа гэсэн. Би хашаа байшингийн төлбөр болох 8,500,000 төгрөгийг 2019 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд түүнд бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч бүрэн барагдуулж дуусгасан. Тэгтэл 2023 оны сүүл үеэс эхэлж Г.О нь надаас авсан мөнгөө өөр зүйлд зарцуулж дээрээс нь хувь хүнээс 4,700,000 төгрөгийг зээлсэн байсан. Тэгтэл нөгөө хүмүүс нь үндсэн мөнгөнөөс гадна хүү гэж нийлүүлээд түүнээс 15,000,000 төгрөг орчим мөнгийг үндэслэлгүйгээр нэхэж дарамтлан янз бүрээр хэлж хүү ээжийг чинь зүгээр байлгахгүй шүү гэсэн утгатай зүйлс хэлсэн байсан.Энэ асуудлаа надад хэлж мөнгө яаж олох вэ” гэж асуухаар нь надад мөнгө байхгүй гэдгээ хэлж байсан юм. Хувь хүнээс мөнгө зээлээд юу хийсэн талаар нь мэдэхгүй байна. Тэгээд нөгөө мөнгө зээлсэн хүмүүс нь удаа дараа янз бүрээр дарамтлаад байсан чинь Г.О нь мөнгө олох аргаа олохгүй яваад байсан. Надад Г.О хэлэхдээ банк орж хүүхдийн мөнгөө асууж байгаад захирал залуутай маргалдаж хутга гаргаж ирсэн гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

-гэрч Д.У-гийн мэдүүлсэн:.. Г.О нь манай сургуульд 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд математикийн багшаар ажиллаж байсан. Урьд өмнө 1 болон 5 дугаар сургууль, боловсролын үнэлгээний төвд тус тус ажиллаж байсан. Би өөрийн сурагчдад Г.Огээр математикийн давтлага өгүүлдэг байсан. 2017 оноос хойш таньж мэддэг болсон, математиктаа маш сайн багш байгаа юм. Орхон аймгийн сурагчид болон багш нар түүнийг бүгд сайн багш гэдгээр нь таньж мэддэг. 17 дугаар сургуулиас гарсан шалтгаан нь миний бодлоор хэдэн хүнд өртэй болсон юм шиг байсан, тэр хүмүүс нь сургууль дээр ирж түүнээс өрөө нэхэх асуудал гаргаж байсан, ямар ч байсан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тэрнээс ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж ажлаасаа гараагүй. Ажиллаж байхдаа хэн нэгэнтэй ямар  нэгэн таарамжгүй харилцаа үүсгэж байгаагүй, их тусч хамт олны дунд нэр хүндтэй, сурагчид хүртэл маш сайн байдаг, багшийн ажлаа хийхгүй болсон чинь сурагчид нь асуугаад байдаг байсан, Мөн манай сургуулийн захирал менежер хүртэл эргээд ирвэл авна гэж ярилцаж байгаа. Ажлаасаа гарчихаад нэг удаа сургууль дээр ирээд надтай уулзахаар болоход би хичээл орж байсан ангид нь хичээл зааж байсан чинь Г.Ог сурагчид нь хараад асуугаад уйлаад байсан. Ээж хүүхдийнхээ хамт амьдардаг, эхнэр нь салсан тусдаа амьдардаг, ээж нь бие муутай амьдралаа ганц авч яваа залуу байгаа юм. Яагаад хүмүүст өртэй болсон тапаар бол мэдэхгүй байна… гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаартай:..Э.Жгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 44-р тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай:.. Магадлуулагч Г.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед сэтгэц мэдрэлийн ямар нэг өвчингүй байна. Г.О нь өөрийнхөө хийж буй үйлдлийг үнэн зөвөөр санах болон ойлгож мэдэж, удирдан жолоодох чадвартай. Өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай. Мөн хэрэг хариуцах чадвартай, болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59-р тал/

-шүүгдэгч Г.Огийн яллагдагчаар мэдүүлсэн:..2023.12.19-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутад Согоот багийн 6-5-16 тоот хаягтай гэрээсээ гарахдаа шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг куртикнийхээ халаасандаа хийж гараад мөнгө олох санаатай гэр хорооллын зүгт алхан явж байгаад гэнэт “банк руу ороод хүн айпгаж байгаад, мөнгө аваад нөгөө хүндээ гялс өгье” гэж бодоод гэр хорооллын эцсийн буудал дээр байдаг Т банк руу ороод эргэлзэн бодож үүдэнд нь 2 цаг гаруй суусан.Тэгээд захирлынх нь өрөө рүү явж ороод эхлээд зээлийн талаар асуугаад гарсан.10-20 минутын дараа эргэж ороод захирал залуугийн пиджакны баруун талын мөрнөөс нь зүүн гараараа татаж халааснаасаа хутгаа гаргаж ирээд баруун гартаа хутгаа барьж байхдаа “гараад ир, гараад ир” гэсэн чинь хажууд нь байсан нэг эмэгтэй “хамгаалагчаа” гэж орилоход хамгаалагч орж ирэхээр нь би зугатаад гарч гадаа явж байхдаа юу хийж байгаагаа гэнэт бодоод зогсоход нөгөө залуу хамгаалагчийн хамт араас ирж барьж авсан юм. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна, гэм буруугаа ойлгож байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 78-ртал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг / хувийн байдлын баримтууд/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 94-р тал/

-гэрч Ц.Сгийн мэдүүлсэн:.. Би хувиараа иргэдэд мөнгө зээлдэг ажилтай юм, Тэгтэл 2023.11.06-ны өдөр Г.О өөрийнхөө 99358507 дугаарын утаснаасаа над руу залгаад мөнгө зээлэх үү, хашаа байшингаа барьцаалаад зээлээ чөлөөлүүлэх гэсэн юм. Ээжийгээ түнхний хагалгаанд оруулах гээд байгаа юм” гэж хэлээд надтай уулзахаар болж 2023.11.10-ны өдөр манай Даваат багийн ................................ тоот хаягтай гэрт  ирж 4,700,000 төгрөгийг хашаа байшингаа барьцаалж өдрийн 4 хувийн хүүтэй шилжүүлж өгч байсан. Энэ үед Г.О нь 17 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа гэж надад хэлсэн бөгөөд 10 хоногийн дараа мөнгөө нэхэхэд сургууль дээрээ хичээлтэй байна, тараад яръя, уулзаад ярих хэрэгтэй байна гээд маргааш нь Г.О бид хоёр уулзсан чинь зээлээ төлөхгүй удсан чинь шүүхээс данс барьчихсан байна, орой гэхэд болно гэж хэлэхээр нь орой дахин утсаар холбогдоход маргааш болъё гэж хойшлуулж явсаар байгаад 7 хоносон.Тэгээд нөхөр Б.Иыг дагуулаад Г.Отэй уулзаж “чи үнэхээр сургуульд ажилладаг юм уу хамтдаа орж захиралтай чинь уулзъя” гэсэн чинь “одоо яг үнэнээ хэлье” гээд өөрийгөө ажлаасаа гарчихсан, урьд нь өөр хүнд өртэй байж байгаад 3,500,000 төгрөгийг өртэй хүндээ өгчихсөн юм” гэж хэлэхээр нь хашаа байшинд чинь очъё ээжтэй чинь уулзъя гэсэн чинь өвдөг сөгдөж гуйгаад өнөөдөр л хүлээчих гээд гэр лүүгээ оруулаагүй. Тэгээд сүүлд бодоод байсан чинь хашаа байшинд нь А гэдэг өөр хүн амьдардаг.  Тэгээд нуугаад бид хоёрыг оруулахгүй байсан юм байна лээ. Хашаа байшингаа А гэдэг хүнд худал хэлээд зарчихсан байсан юм шиг байна лээ. Зарсан хэр нь бид хоёрт хашаа байшингаа барьцаалж зээл авсан байсан. Гэхдээ энэ асуудлыг бүүр сүүлд нь мэдсэн. Тэгээд бид хоёр маргаашийг нь хүлээсэн чинь мөнгийг минь өгөхгүй 7 хоног худлаа хэлж өдөр бүр за нэг хоёр цагийн дараа мөнгө бүтлээ гэж явсаар байсан. Тэгээд дахиад л Г.Отэй холбогдож ээжтэй нь уулзаж ярилцъя гэсэн чинь дахиад бид хоёроос гуйгаад ээждээ би өөрөө хэлээд тэтгэврийн зээл авахуулаад мөнгийг нь өгье гэчихээд дахиад л алга болохоор нь маргааш дахин холбогдож байгаад Шанд багт амьдардаг гэрт нь очиж ээжтэй нь уулзсан чинь Г.О надад хэлэхгүй миний тэтгэврийн зээлийг тултал нь авсан байна гээд уйлаад яриад байсан. Тэгээд ямар ч мөнгө өгөхгүй маргааш маргааш гэж явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сарын сүүл үед хашаа байшингаа 4,000,000 төгрөгт бодож миний нэр дээр шилжүүлэн өгсөн. Хашаа байшинг шилжүүлэхийн өмнө бид хоёр Г.Отэй уулзаж байгаад хашаанд нь гэр барьж амьдардаг А гэдэг залуутай уулзахад та нарт Г.О хашаа байшинг барьцаалж мөнгө зээлсэн үү гээд мэдэж байгаа юм шиг асуухаар нь Г.О надаас зээлсэн 4,700,000 төгрөгөө өгчих юм бол чи хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гэж хэлсэн, тэрнээс бид хоёр зээлсэн мөнгөнөөсөө дааж давшгүй их хэмжээний мөнгө ерөөсөө нэхээгүй...Тэгээд бүх мөнгөө өгч байж хашаа байшингаа аваарай гэж хэлсэн чинь дахиж мөнгө өгөөгүй тул бид хоёр ямар нэгэн холбоо тогтоогоогүй. Энэ үйл явдал нь түүний банканд асуудал гаргахаас хэдхэн хоногийн өмнө болсон юм. Тэгээд 2023.12.19-ний өдөр А, манай нөхөр, Г.О бид гурав уулзчихаад өглөөний 10 цагт Г.О рүү ярьсан чинь ажилд орох гээд анкет өгсөн байгаа юм, дуудаж байна ярилцлагад ороод тэгээд уулзъя гэж хэлчихээд хэсэгхэн байж байгаад А руу залгаад Хорооллын эцсийн цагдаа дээр баригдсан байна хүрээд ир гэж дуудаж бид гурав явж очиход А түүнтэй уулзаж бид хоёрт юу болсон талаар нь хэлэхэд банк дээрэмдэх гэж байгаад баригдсан юм байна гэж хэлсэн. Тэрнээс бид гурав дарамталсан зүйл байгаагүй, өөрөө л болгоно бүтээнэ маргааш маргааш л гээд байдаг байсан, тэгээд ямар сайндаа анх зээлсэн мөнгөө хүртэл өгчих гэж байсан. А нь ч гэсэн хашаа байшингаа шилжүүлж авах гээд яваад байдаг байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 143-144-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг/улсын бүртгэлийн гэрчилгээнүүд/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 145-149-р тал/

-зээлийн гэрээний хуулбар/ хх-ийн 148-149 дэх талд/

-гэрч Б.Иын мэдүүлсэн:.. Эхнэр Ц.С бид хоёр Г.Ог ямар нэгэн байдлаар дарамталж биед нь халдсан үйлдэл байхгүй. Өөрөө л мөнгө өгч чадахгүй болохоороо уулзах хэрэгтэй байна гэж дуудаж уулзчихаад янз бүрийн үнэн худал нь мэдэгдэхгүй зовлонгоо яриад маргааш маргааш гэж хойшлуулсаар байгаад хашаагаа манай эхнэрийн нэр дээр шилжүүлж, 2,000,000 төгрөгийг өгсөн. Тэгтэл дундуур нь А гэдэг залуу гарч ирээд хашаа байшинг нь 5 жилийн өмнө худалдаж авсан боловч нэр дээр шилжүүлж өгөхгүй хүнд барьцаалсан талаар нь хэлэхээр нь хэн хэнийгээ хохироогоод яахав гээд үлдсэн мөнгөө өгөөд энэ хашаа байшингаа ав гэж хэлсэн чинь таг алга болсон байсан. Бид хоёр хэнийг ч яаж ч дарамтлаагүй, зөвхөн мөнгөө л нэхсэн. Харин хуулийн дагуу шүүхэд хандаж нэхмээр байгаа талаараа хэлсэн чинь гуйгаад байхаар нь шүүхэд хандаагүй, бид хоёрыг ч шүүхэд өгөөгүй. Харин ээжийн бие муудсан гэхээр нь эм авч өгөөд бэлнээр мөнгө өгч байсан удаа хүртэл байгаа шүү дээ. Эхнэр бид хоёрт хэлж байсан бүх зүйл нь худал болж таарсан, ажлаа хүртэл хийдэггүй байсан. Уг нь эхнэр бид хоёр хашааг нь шилжүүлээд авчихсан 2,000,000 төгрөг авчихсан байхад яасан гэж Г.Ог дарамтлах билээ дээ. Г.О нь Атайгаа хамт явж байхдаа л хашаагаа авмаар байна гэж гуйгаад байсан болохоор л холбоо тогтоогоод яваад байсан юм. Г.Отэй манай эхнэр бид хоёр ямар нэгэн асуудал байхгүй, өгч авалцах ёстой ч мөнгө байхгүй, бүх асуудал дууссан... гэх мэдүүлэг /хх-ийн 151-р тал/

-гэрч Н.Агийн мэдүүлсэн:...Г.Ог 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс математикийн багшаар ажилд авсан бөгөөд түүний орон тоо нь жирэмсний амралттай багш Х.Аюурзана гэдэг хүний ор байсан юм. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын эхэн үеэс шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан тул утсаар заримдаа холбогдоход ирнэ гэж хэлчихээд ирдэггүй байсан. Иймд хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байсан тул дараагийн багшийг авч өөрт нь мэдэгдэхэд ирж уулзан уучлалт гуйгаад ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Ямар нэгэн шалтгаан байгаагүй ажилдаа ирэхгүй байсан талаараа хэлэхдээ “манайх нүүгээд хэцүү байсан” гэж хэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажилтай холбоотой ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 153-155-р тал/

-Эд зүйл баримт бичгийг / утсаар ярьсан бичлэг бүхий хуурцаг/хэрэгт тусгах тухай  прокурорын тогтоол /хх-ийн 172-177-р тал/

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 443 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 175-р тал/ зэргийг нотлох баримтаар судаллаа.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч  Г.О нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 07 цаг 40 минутын орчим Согоот багийн .......... тоот түрээсийн байрнаасаа гарахдаа шар өнгийн иштэй хутга авч халаасандаа хийж “мөнгө олъё” гэх сэдлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Н багийн нутаг дэвсгэрт байрлах Т банкны салбар руу явж ороод үүдэнд нь 2 цаг гаруй сууж байгаад захирал Э.Жгийн өрөө рүү орж “тэтгэврийн зээлийн” талаар асуугаад гараад, хэсэг хугацааны дараа 11 цагийн орчим эргэж ороод Э.Жгийн биед нь хутга тулган “бос теллер дээр оч ” гэж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн довтолжээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, тэмдэглэл, гэрэл зураг, бичмэл баримтууд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

         Шүүгдэгч Д.О нь зээлийн гэрээгээр зээлж авсан өдрийн хүүтэй мөнгөө төлж чадахгүй болсон, өр төлбөр нэхэгдэж байсан шалтгаанаар “мөнгө олох” зорилгоор гэрээсээ хутга авч гараад Т банкны салбарт очиж захирлынх нь өрөөнд орж биед нь хутга тулгажээ. Үйл баримтын талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй, өөрийн үйлдлийг хүлээн мэдүүлсэн байна.

         Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,      

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т  “дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг... хэрэглэж үйлдсэн бол...ял шийтгэнэ” гэж заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг “дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэх  шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.

"Дээрэмдэх" гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд зэрэг рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох ба,

"зэвсэг" гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн болон хийн, мөн үйлдвэрийн эсхүл гар хийцийн аль нь ч байж болно”гэж ойлгоно.

Шүүгдэгч Д.Огийн, мөнгө авахаар хутга тулгаж довтолсон үйлдэл нь зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсан ба дээрэмдэх гэмт хэргийн хууль зүйн шинжийн онцлог нь “довтолгоон” эхэлснээр гэмт санаа төгсдөг, өөрөөр хэлбэл, довтолгоон эхэлснээр “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэгдэж дууссан гэж үздэг.         

          Шүүгдэгч Г.Огийн үйлдэл нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, зориуд санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хэргийн бодит байдал тогтоогдсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд, Г.О нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж Ц.Сгаас 4,700,000 төгрөгийг өдрийн 4%ийн хүүтэй, 11 өдрийн хугацаатай зээлж авсан ба хугацаа хэтрүүлэн 2,400,000 төгрөг төлсөн, зээлдүүлэгч мөнгөө байнга нэхэж гэр оронд нь очих, ажиллаж байсан сургууль дээр нь очих, хүнд худалдаж мөнгийг нь авч хэрэглэсэн байсан /Б.А/ хашааны газрыг нь Ц.С нөхөр Б.Иын нэр дээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан “мөнгө олох” сэдэл бий болж, түүнийгээ ямар ч хамаагүй аргаар хэрэгжүүлэхээр шийдэж дээрмийн довтолгоо хийсэн байна. Энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, зээлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 176-178 дахь тал/

гэрч Д.Аын ... 2019 онд би түүний амьдарч байсан ................................тоот хаягтай хашаа, байшинг Г.Огээс 8,500,000 төгрөгөөр худалдаж авахад манай хашаанд 2020 оныг хүртэл хамт амьдарсан юм. Би монгол гэрт, харин Г.О өөрийн байшиндаа байсан юм. Тэгээд бид хоёр их дотно найз нөхдийн харилцаатай болсон юм. Г.О нь өөрийн төрсөн эх болон хүүхдийн хамт гурвуулаа амьдардаг байсан. Тухайн үед надад хашаа байшингаа зарчихаад яг гарах гэхээр амьдрах газар алга, түр байлгаж өгөөч гэж гуйсны дагуу байлгасан юм...эхнэр нь салчихсан тусдаа амьдардаг, ээж хүүхдийнхээ хамтаар гурвуулаа байдаг...Би хашаа байшингийн төлбөр болох 8,500,000 төгрөгийг 2019 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд түүнд бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч бүрэн барагдуулж дуусгасан. Тэгтэл 2023 оны сүүл үеэс эхэлж Г.О нь надаас авсан мөнгөө өөр зүйлд зарцуулж дээрээс нь хувь хүнээс 4,700,000 төгрөгийг зээлсэн байсан. Тэгтэл нөгөө хүмүүс нь үндсэн мөнгөнөөс гадна хүү гэж нийлүүлээд түүнээс 15,000,000 төгрөг орчим мөнгийг үндэслэлгүйгээр нэхэж дарамтлан янз бүрээр хэлж хүү ээжийг чинь зүгээр байлгахгүй шүү гэсэн утгатай зүйлс хэлсэн байсан. Энэ асуудлаа надад хэлж мөнгө яаж олох вэ” гэж асуухаар нь надад мөнгө байхгүй гэдгээ хэлж байсан юм...гэх мэдүүлэг,

-гэрч Ц.Сгийн ... Би хувиараа иргэдэд мөнгө зээлдэг ажилтай юм, Тэгтэл 2023.11.06-ны өдөр Г.О өөрийнхөө 99358507 дугаарын утаснаасаа над руу залгаад мөнгө зээлэх үү, хашаа байшингаа барьцаалаад зээлээ чөлөөлүүлэх гэсэн юм гээд...4,700,000 төгрөгийг хашаа байшингаа барьцаалж өдрийн 4 хувийн хүүтэй шилжүүлж өгч байсан. Энэ үед Г.О нь 17 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа гэж надад хэлсэн бөгөөд 10 хоногийн дараа мөнгөө нэхэхэд сургууль дээрээ хичээлтэй байна, тараад яръя, уулзаад ярих хэрэгтэй байна гээд маргааш нь Г.О бид хоёр уулзсан чинь зээлээ төлөхгүй удсан чинь шүүхээс данс барьчихсан байна, орой гэхэд болно гэж хэлэхээр нь орой дахин утсаар холбогдоход маргааш болъё гэж хойшлуулж явсаар байгаад 7 хоносон.... Тэгээд бид хоёр маргаашийг нь хүлээсэн чинь мөнгийг минь өгөхгүй 7 хоног худлаа хэлж өдөр бүр за нэг хоёр цагийн дараа мөнгө бүтлээ гэж явсаар байсан...Тэгээд ямар ч мөнгө өгөхгүй маргааш маргааш гэж явсаар байгаад 2023 оны 11 дүгээр сарын сүүл үед хашаа байшингаа 4,000,000 төгрөгт бодож миний нэр дээр шилжүүлэн өгсөн. Хашаа байшинг шилжүүлэхийн өмнө бид хоёр Г.Отэй уулзаж байгаад хашаанд нь гэр барьж амьдардаг А гэдэг залуутай уулзахад та нарт Г.О хашаа байшинг барьцаалж мөнгө зээлсэн үү гээд мэдэж байгаа юм шиг асуухаар нь Г.О надаас зээлсэн 4,700,000 төгрөгөө өгчих юм бол чи хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гэж хэлсэн... гэх мэдүүлэг,

-гэрч Б.Иын... маргааш маргааш гэж хойшлуулсаар байгаад хашаагаа манай эхнэрийн нэр дээр шилжүүлж, 2,000,000 төгрөгийг өгсөн. Тэгтэл дундуур нь А гэдэг залуу гарч ирээд хашаа байшинг нь 5 жилийн өмнө худалдаж авсан боловч нэр дээр шилжүүлж өгөхгүй хүнд барьцаалсан талаар нь хэлэхээр нь хэн хэнийгээ хохироогоод яахав гээд үлдсэн мөнгөө өгөөд энэ хашаа байшингаа ав гэж хэлсэн чинь таг алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 151-р тал/

      -гэрч Н.Агийн мэдүүлсэн:...Г.О...2023 оны 11 дүгээр сарын эхэн үеэс шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байсан тул утсаар заримдаа холбогдоход ирнэ гэж хэлчихээд ирдэггүй байсан. Иймд хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байсан тул дараагийн багшийг авч өөрт нь мэдэгдэхэд ирж уулзан уучлалт гуйгаад ажлаа хүлээлгэж өгөөд явсан....гэх мэдүүлэг,

       - Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 443 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 175-р тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан байх тул “зэвсэг хэрэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Огийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай дүгнэлтээр, Г.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед сэтгэц мэдрэлийн ямар нэг өвчингүй байна. Г.О нь өөрийнхөө хийж буй үйлдлийг үнэн зөвөөр санах болон ойлгож мэдэж, удирдан жолоодох чадвартай. Өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай. Мөн хэрэг хариуцах чадвартай. Болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогджээ.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.О нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Н багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т банкны хорооллын тооцооны төвийн захирал Э.Жгийн өрөөнд ...мөнгө олох зорилгоор орж биед нь хутга тулган “бос теллер дээр оч ” гэж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн банк дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шунахай сэдэлтээр санаатай үйлдсэн. Иймд шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирогчид учирсан хохиролгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж

         -шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Өндөр хүүтэй мөнгөний асуудал аргагүй байдалд оруулсан гэж,

-Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.П: шүүгдэгч Г.О нь гэм буруугаа маш сайн ойлгосон хувь хүний хувьд төлөв даруу хүн байна. Тухайн үед маш их дарамтад орсон байна. Өвчтэй ээж, хүүгийн хамт амьдардаг Г.Ог харгалзан  үзэж ялаас нь хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

         2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

       -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд,хэргийн нөхцөл байдал,шалтгаан зэргийг шинжлэн судалж,

          -Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,

        Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хорих ялын доод хэмжээ буюу таван жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан журмаар хөнгөрүүлж таван жилийн гуравны хоёроос багагүй хэмжээний хорих ял оногдуулж, үйлдсэн хэргийн шинж байдал, хувийн байдал, учруулсан хор уршигийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.        

         Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Г.Од 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,

        шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг анхаарна уу. Өвчтэй ээж, хүүгийн хамт амьдардаг, мөнгөний өрний дарамтад орсон байсан зэрэг нөхцөл байгаа. Хуульд зааснаас доогуур ял оногдуулна уу. Гэм буруугаа хүлээсэн гэж ,

      -хохирогч: Хувийн амьдралынх нь нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж,

      -шүүгдэгч: Би мэргэжлээрээ 16 жил багшилсан. Миний хүү багш ааваараа бахархдаг байсан. Би өөрөөсөө л боллоо, хөнгөн ял оногдуулна уу, маш их харамсаж байна гэж тус тус санал гаргажээ.

 

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

         Гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирол, төлбөргүй тул  шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйг заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                         

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ургийн овгийн Ггийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Г.Ог 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч ,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧИД                         Ц.АЛТАНГАДАС

                                                                                 Д.ОРХОНТАМИР