| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01542/И |
| Дугаар | 183/ШШ2021/02401 |
| Огноо | 2021-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2021/02401
2021 оны 10 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2021/02401 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 хороолол, Зүүнхүрээ хотхон 00 байр, 00 тоот хаягт оршин суух,******* овогт******* ***** /РД:/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Рапид харш 00 байр, 00 тоот хаягт оршин суух,************** /РД:/-д холбогдох,
10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*****, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Их сургуулийн найз******* нөхөр******* 2018 оны 7 дугаар сарын 20-ны үед надтай уулзаж ажлын санал тавих хүсэлтэй байгаагаа утсаар илэрхийлсэн. Ингээд манай ажил дээр ирж уулзахдаа шинэ бизнес эхлэх гээд ажил төлөвлөсөн, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах санал тавьсан. Миний бие хамтран ажиллах боломжгүйгээ хэлсэн. Тэрээр 15 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсан боловч надад 12 000 000 төгрөг л олдсон учраас 4 сарын хугацаатай зээлэхээр болсон. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг тус тус*******гийн Хаан банк дахь ***** тоот дансанд шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд увуулж цувуулаад 1 500 000 төгрөгийг төлсөн. Гэрээг бичгээр байгуулаагүй болохоор хүү шаардах эрхгүй тул үлдэх 10 500 000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие тухайн үед автомат тоглоомын газар ажиллуулдаг байсан ба А.***** нь хамтран ажиллахаар тохирч тухайн мөнгийг өгсөн би түүнээс мөнгө зээлээгүй. Улсаас бүх автомат тоглоомын газруудыг хааж, тоглоомуудыг улсын орлогод хураасан ба манайх ч мөн адил хураалгаж, 2 000 000 төгрөгөөр торгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу ашиг алдагдлаа хэн аль нь хариуцах учиртай. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.***** нь хариуцагч*******д холбогдуулан 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн хүсэлтээр түүнд 12 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардахгүй, зээлийн үндсэн үүрэгт 10 500 000 төгрөгийг гаргуулна... гэж, хариуцагч ...нэхэмжлэгчээс зээл аваагүй, хамтарч автомат тоглоомын газар ажиллуулахаар тохирч, хамтран ажиллах гэрээний дагуу 12 000 000 төгрөг авсан. Хамтын ажиллагааны алдагдлыг хамтран хариуцах ёстой... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А.*****ын Хаан банк дах ***** тоот дансны хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчийн ***** тоот дансанд 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба зохигчид мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, тухайн мөнгөний зориулалт нь маргааны зүйл болов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчид өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн болон хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин нэхэмжлэгч А.***** нь 12 000 000 төгрөгийг хариуцагч*******д өгсөн, хариуцагч нь 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид эргүүлэн төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч А.***** нь хариуцагч*******гээс шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч******* нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 10 500 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас 10 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч*******гээс 10 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*****д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 182 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ