| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/02254/И |
| Дугаар | 183/ШШ2021/02452 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2021/02452
2021 оны 11 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2021/02452 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, нэхмэл 0, 0 тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 байранд байрлах, Нэхмэл ******* СӨХ /РД:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 6 325 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*****, хариуцагчийн төлөөлөгч Б.*****, гэрч*******, нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* гэрээт харуул хамгаалалтын компани нь******* ******* СӨХ-ны захирал*******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 хамгаалагчийг сарын 550 000 төгрөгөөр буюу нийт 3 хамгаалагчийг сарын төлбөр 1 650 000 төгрөгөөр тохирч 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тухайн үед тус СӨХ-ны захирал******* нь тамга тэмдэг маань одоохондоо гараагүй байна, та нар хүмүүсээ хамгаалалтад гаргаж бай, дараа нь нөхөөд гэрээгээ хийчихье гэсний үндсэн дээр бид итгэж хамгаалалтын албаа 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 10-ныг хүртэл 3 хамгаалагч **а байран дээр, 2021 оны 5 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл **б байран дээр 3 хамгаалагч тус тус ажиллуулж хэвийн үйл ажиллагааг нь хангаж байсан. Энэ хугацаанд тус СӨХ-өөс 2021 оны 06 сард 825 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй тул үлдэгдэл төлбөр болох 6 325 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөр 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч******* ******* СӨХ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай Сууц өмчлөгчдийн холбоо нь 2021 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдаж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны **А, **Б байрны нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг. ******* ХХК нь манай СӨХ-той байгуулсан гэх 2021.04.01 өдөр, 2021.05.01 өдрийн 2 гэрээг хавсаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тамга, тэмдэг байхгүй шалтгаанаар******* ******* СӨХ нь гэрээнд гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарагдаагүй гэж бичсэн байна. Гэвч манай СӨХ нь 2021 оны 3 сард байгуулагдаж, хуульд заасны дагуу тамга, тэмдгээ хэвлүүлж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг боловч ******* ХХК нь манай СӨХ-той байгуулсан гэрээ байхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан 2021.04.01, 2021.05.01 өдөр байгуулагдсан гэрээнүүд нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлыг үл харгалзан өөр бусад орон сууцны барилгыг харах харуулын путек дээр ажиллуулсан харуул хамгаалалтын ажилтнуудынхаа цалинг манай СӨХ-ноос нэхэмжилж байгаад гомдолтой байна. Өмнөх дарга*******тэй гэрээг байгуулсан гэж байгаа боловч******* нь 2021.06.13 өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон. Дээрх гэрээг манай СӨХ-той байгуулсан гэж үзвэл 2021.04.01, 2021.05.01 өдрүүдэд байгуулсан гэрээг 2021.06.13 өдрийг хүртэл хугацаанд албажуулах боломж байсан. Гэтэл*******эг ажил үүргээ өгсний дараа гэнэт манай СӨХ-ноос харуул хамгаалалтын төлбөр нэхэмжилж, СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа Ц.Даариймааг дарамталж, 2021 оны 6 сарын 25-ны өдөр 825 000 төгрөгийг авсан байсан. Дээрх харуул хамгаалалтын путек нь манай СӨХ-ны хариуцан ажилдаг Хан- Уул дүүргийн 3 дугаар хорооны **А, **Б байрны нутаг дэвсгэрээс гадна байрладаг. Манай СӨХ-ны хариуцдаг орон сууцны барилгуудыг харсан гэх үндэслэл нь харуул хамгаалалтад гарсан рапортын дэвтэр хавсаргажээ. Энэхүү дэвтрийг хэзээ ч ямар ч байдлаар нөхөн бичих боломжтой юм. Иймд ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6 325 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн би шинээр ажлаа аваад СӨХ-ийн бүх баримтуудыг шүүж үзсэн.******* ******* СӨХ болон ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой ямар ч баримт байхгүй байна. Надад нотлох баримт байхгүй болохоор би хэлж мэдэхгүй байна. Өөрийн хараагүй зүйлийн талаар үнэлгээ дүгнэлт өгөх боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ******* СӨХ-нд холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 6 325 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн үйл ажиллагаанд хамаарах ** А байранд 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс 06 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хамгаалагч, **Б байранд 2021 оны 05 сарын 01-ны өдрөөс 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 3 хамгаалагчийг тус тус ажиллуулсан. СӨХ-ны өмнөх захирал*******тэй нэг хамгаалагчийг сарын 550 000 төгрөгөөр буюу 3 хамгаалагчийн сарын төлбөр 1 650 000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулсан... гэж тайлбарлан, шаардлагын үндэслэлээ нотлохоор 2021 оны 04 сарын 01, 2021 оны 05 сарын 01-ний өдрийн огноотой Харуул хамгаалалтын гэрээ, Сонор-15-пост хамгаалагч нарын гарааны хүснэгт, рапортын дэвтэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, дээрх нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн **9 дүгээр зүйлийн **9.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
Нотлох баримтаар авагдсан 2021 оны 04 сарын 01, 2021 оны 05 сарын 01-ний өдрийн огноотой Харуул хамгаалалтын гэрээгээр ...******* ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, **А, **Б байрны харуул хамгаалалтыг нэг жилийн хугацаанд хариуцан ажиллах, үйлчлүүлэгч буюу******* ******* СӨХ нь харуул хамгаалалтын нийт 3 хүн, сарын нэг хүний 550 000 төгрөг, нийт 1 650 000 төгрөг төлнө. Цалинг сар бүрийн 15, 30-нд бэлнээр болон дансаар шилжүүлнэ... гэжээ. Уг гэрээнд нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлөн захирал Э.Гантуяа нь гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан боловч гэрээний нөгөө тал болох******* ******* СӨХ-г төлөөлөн хэн нэгэн гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т хэлцлийг хууль заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоор заасан тул шаардлагын үндэслэл болгож буй 2021 оны 04 сарын 01, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Харуул хамгаалалтын гэрээг хүчин төгөлдөр, тус гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Хөлсөөр ажиллах гэрээгээр нэг талаас ажиллагч нь хэлэлцэн тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх, нөгөө талаас ажиллуулагч нь тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээх ба гэрээний зүйл нь ажиллагчаас үзүүлж буй ажил үйлчилгээ байдаг. Гэрээний гол нөхцөлийг тохирсноор гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд хөлс төлөх тохиролцоо бол гэрээний гол нөхцөл болно.
Хэрэгт авагдсан хамгаалагч нарын гарааны хүснэгт, рапортын дэвтэр дэх тэмдэглэл, хариуцагч******* ******* СӨХ-ны гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэж байсан ******гаас 2021 оны 6 дугаар сард 825 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагч******* ******* СӨХ-нд хамаарах **А, **Б байранд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч хэдэн төгрөгийн хөлс авахаар тохиролцсон, тухайн объектод ажилласан 6 ажилтан буюу хамгаалагч нарт цалин хөлс олгосон талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ******* СӨХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Мичид энержи солюшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн **9 дүгээр зүйлийн **9.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн 6 325 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч******* ******* СӨХ-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ