Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/944

 

 

 

 

 

 

  2024         08          30                                         2024/ШЦТ/944

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч З.Өлзийхүү,

Хохирогч Н.Ж,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бид холбогдох 2406 000649 0994 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн................. оны ...........дугаар сарын 25-ны өдөр .................аймагт төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт ................ аймгийн.................... сум ...... дүгээр баг задгай .................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ............... Б /РД: /.

Хэргийн товч агуулга:

          Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Япон улсаас Монгол руу ачаа авч явна гэх фэйсбүүк зарын дагуу холбогдсон иргэнээс Монгол руу тоглоом хариуцан авч явахаар тохиролцож, төлбөр авч дайж явахдаа ашиг олох зорилгоор Play station 5 slim тоглоомыг хувьдаа завшин, бусдад борлуулж, хохирогч Н.Ж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... Тухайн үед “Play station 5 slim” тоглоомыг Япон улсаас Монгол улс руу авч явж байгаад замдаа эвдэлчихсэн. Эвдэлсэн тоглоомоо арай бага үнээр зараад мөнгө нэмж байгаад тоглоомыг нь авч өгөх санаатай байсан боловч тоглоом зарсан мөнгөө үрээд дуусгасан. Хохирогчид хохирол учруулсан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Надад холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ж өгсөн мэдүүлэгтээ: “Япон улсад амьдардаг дүү дээ “Play station 5 slim” тоглоом захисан. Манай дүү тоглоомыг Э.Б гэх энэ хүнд дааж явуулсан байсан. Гэвч тоглоом миний гар дээр ирээгүй. Уг тоглоом нь 1.750.000 төгрөгийн үнэтэй. Шүүгдэгчийн зүгээс надад учруулсан хохирол, төлбөрийг 100% төлж барагдуулсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй учир шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Хохирогч Н.Жоос гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх.05/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Жийн өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 12-ны орой 21 цагийн үед Япон улсад байгаа дүүдээ Playstation 5 Slim загварын тоглоом худалдан авахаар 66.980 иен буюу монгол мөнгөөр 1.620.000 мянган төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд манай дүү японоос миний захисан тоглоомыг дор худалдаж аваад Монгол руу онгоцонд дайх гэсэн боловч бараа замдаа эвдэрч гэмтэх эрсдэл байдаг гээд агаарын ачаа нь аваагүй юм. Тэгээд яаж Монгол руу явуулахаа мэдэхгүй хэсэг хугацаа болсон бөгөөд Фейсбүүк дээр Япон улсаас Монгол руу ачаа авч явна гэх зар байсан бөгөөд манай дүү 2023 оны 2 дугаар сарын 08-ны 16 цагт Энх-Амгалангийн Б гэх хүнд миний захисан тоглоомыг өгсөн. Ингээд 12 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл би өөрийн бараагаа Б гэх хүнээс аваагүй байна. Б 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад буусан бөгөөд надаас гадна 10 гаруй хүн Б гэх энэ хүнд бараа дайж ирүүлэх гээд залилуулсан байсан юм. Тухайн хүмүүстэй би холбогдоод эрэл сурал болоод Бийн регистрийн дугаараар нислэгийн бүх компаниар шүүгээд 12 дугаар сарын 10-ны өдөр Монголд буусан болохыг нь олж тогтоосон юм. Тэгээд бид хэд аав, ээж болон гэр бүлийн гишүүд болон Бийн фейсбүүк зэрэг мэдээллүүдийг олоод ээжтэй нь 12 дугаар сарын 12-ны өдөр холбогдсон би Баянхонгорт байдаг юм манай хүү 2 хоногийн өмнө Монголд буусан өнөөдөр наашаа гарчихсан гэж ярьж байсан. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б хотод ирээд намайг гүтгэж байна гээд залилуулсан бид хэдтэй уулзсан бөгөөд залилуулсан хүмүүс харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Ган-Отгон гэх дэслэгч дээр Бийг дагуулаад очсон юм. Тэгтэл Ган-Отгон хангалттай нотлох баримт байхгүй байна гэсэн Тэгээд дахиад Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Бийн дагуулаад очтол бидэнд мөн адил хангалттай нотлох баримтгүй байна гэх шалтгаан хэлээд Бийг явуулсан. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б өөрийн фейсбүүк хаягаараа Японоос ирсэн торго зарна гэх зар оруулсан байсан. Бид залилуулсан хүмүүсийн дунд торго алдсан хүн байсан бөгөөд уг Бийн оруулсан зарыг торгоо залилуулсан залуугийн эгч хараад Бтай чат бичээд уулзаад авах тохироо хийсэн. Тэгээд 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед бид бүгдээрээ Бийг үйлдэл дээр нь барьж авсан. Барьчхаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Ган-Отгон гэх дэслэгч дээр дахин аваачиж өгсөн. Тэгтэл Б өөрийн хэргээ хүлээсэн бөгөөд гэрт нь очиж нэгжлэг хийгээд хэд хэдэн хүний бараа гарч ирээд тус барааны эзэд хохирлоо барагдуулсан. Би Б руу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 88447202 дугаараар залгаж өөрийн Playstaion тоглоомоо авья гэхэд би тийм тоглоом аваагүй гээд гүрийгээд байсан. Би Бтай энэ өдрөөс хойш холбогдоогүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаа над руу залгасан бөгөөд би тухайн цагдаад өөрийн учир байдлаа бүгдийг нь хэлтэл би Б гэх хүнтэй яриад үзье гэсэн. Тэгээд уг цагдаад би хүнд өгчихсөн байгаа 7 хоног хүлээчих гэж байна гэж надад хэлсэн. Ингээд би өнөөдрийг хүртэл хүлээж байгаад цагдаад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх.10-11/,  

Хохирлын баримт /хх.17-20 

“Дамно” ХХК-й 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн БЗД2-24-931 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.47-50/,

 

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.55-57/,

          Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.59/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн яллагдагчаар өгсөн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..1.300.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөр нь шинийг авч өгнө гэж бодсон боловч өөрийн хэрэгцээнд ашиглаад дуусчихсан...” гэх мэдүүлэг /хх.60/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.Бийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.64-71/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Япон улсаас Монгол руу ачаа авч явна гэх фэйсбүүк зарын дагуу холбогдсон иргэнээс Монгол руу тоглоом хариуцан авч явахаар тохиролцож, төлбөр авч дайж явахдаа ашиг олох зорилгоор Play station 5 slim тоглоомыг хувьдаа завшин, бусдад борлуулж, хохирогч Н.Ж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          “Дамно” ХХК-й 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн БЗД2-24-931 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр “Play station 5 видео" загварын тоглоомыг 1.750.000 төгрөгөөр үнэлэхийг харилцан хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул энэ байдлаар хохирлын үнэлгээг тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Мөн Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Э.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль  бусаар өөрийн эзэмшилд авч завшиж, бусдад худалдан хохирогчоос нийт 1.750.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч Н.Жийн нэхэмжилсэн хохирлын нийт 1.750.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б нөхөн төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Э.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Э.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Огынхон овогт Энх-Амгалангийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Бид сануулсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Бид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.БАТМАНДАХ