| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0263/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/258 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/258
2024 06 06 2024/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Н.Анарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ахолбогдох эрүүгийн 2425000000318 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ...................................оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г ургийн овгийн Нын А/регистрийн дугаар: 0000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ань Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ын С-61 худалдааны төвд ахлах кассаар ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байгууллагын орлогын бэлэн мөнгө болох 12,202,170 төгрөгийг бэлнээр авч, түүнд итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Н.Агийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эийн мэдүүлсэн:... Би 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд “А” ХХК-д харуул хамгаалалт, онцгой байдал хариуцсан менежерээр ажиллаж байна. Манай компани нь Өвөрхангай, Эрдэнэт, Төв аймаг зэрэг орон нутгуудад салбар дэлгүүрүүдээ ажиллуулдаг. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төвөөс Орхон аймгийн салбар дэлгүүрийн бэлэн мөнгөний орлогыг тулгаж тоолсон ба энэ үед 12,202,170 төгрөг дутсан. Тэгэхээр нь салбар хариуцсан менежер Гтай холбогдож бэлэн мөнгө дутаад байна, тодруул гэхэд Г бэлэн мөнгөний тооллого явуулаад 12,202,170 төгрөгийг ажилтан Азавшсан байна гэдгийг мэдэгдсэн. Ингээд Улаанбаатар хотоос санхүү бүртгэлийн хяналтын тооллого явуулж нягтлахад 12,202,170 төгрөг дутсан болох нь бүрэн тогтоогдсон. Манай компанид 12,202,170 төгрөгийн хохирол учирсан ба ажилтан А04 дүгээр сарын 03-ны өдөр байгууллагад учруулсан 12,202,170 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ахлах кассер албан тушаал дээр ажиллаж байсан ба урьд өмнө ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй. Мөн байгууллагын зүгээс Аямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй нэхэмжлэх зүйл байхгүй. Байгууллагын зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /хх-н 13-р тал/
-гэрч Э.Гын мэдүүлсэн:.. Урьд өмнө байгууллагын бэлэн мөнгө дутаж байгаагүй. Байгууллагын орлогын бэлэн мөнгийг кассер А, Б нар хариуцдаг. Гэхдээ Б манайд ажилд ороод удаагүй байгаа. Кассер касс хариуцдаг учраас орой ажил тарсны дараа байгууллагын бэлэн мөнгөний орлогыг цуглуулж сейфт хийгээд дараа өдөр нь бэлэн мөнгийг гадна талаас нь лацдаж, гадна хэсэгт нь баримт үйлдэж дэвсгэрт болон нийт мөнгөн дүнг бичиж банкны ажилтанд хүлээлгэж өгдөг. Дараа нь банкны ажилтан баримт нь дээр бичигдсэн мөнгөн дүнг тулгаж үзээд зөрүү гарах юм бол нягтлантай холбогддог. Зөрүү гарахгүй бол холбогдоод байдаггүй. Мөн би байгууллагын бараа, бүтээгдэхүүн, нярвуудын ажпыг хариуцдаг харин Д нягтлан бэлэн мөнгөний орлого, касс, сейф зэргийг хариуцдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/
-гэрч Н.Гын мэдүүлсэн.. Би 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С 61” худалдааны төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Манай худалдааны төв салбар хариуцсан эрхлэгч 1, зохион байгуулагч 2, нягтлан бодогч 2, ахлах кассер 2, нярав, камер хянагч 2, хамгаалалтын ажилтан 3, ахлах худалдагч 10, худалдагч 14, үйлчлэгч 4, ачигч 3 гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Манайх тухайн өдрийн бэлэн мөнгөний орлогыг орой нь сейфэнд хийж хонуулаад маргааш өглөө нь кассер Голомт банкнаас ирсэн ажилтанд хүлээлгэн өгөх ёстой байдаг. Харин банкны ажилтан мөнгийг хүлээж аваад тооцоо нийлсэн эсэх талаараа байгууллагын нягтлантай холбогдож мэдээлдэг. Мөн кассерын ажлыг нягтлан хянадаг ба банкны ажилтанд өгсөн мөнгөний баримтыг үндэслэн тулгаж тооцоо нийлүүлдэг. Гэтэл өнөө орой 20 цаг өнгөрч байх үед нягтлан Д над руу залгаж “2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны байгууллагын зөвхөн бэлэн мөнгөний орлогыг тулгаж үзэхэд 12,202,170 төгрөг дутаж байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээ очоод кассер А яагаад мөнгө дутсан бэ гэж асуухад “Би байгууллагын бэлэн мөнгөний орлогоос 12,000,000 төгрөг авчихсан юм, тэр мөнгөөрөө би зээл дарсан” гэж хэлээд буруугаа хүлээсэн. Харин бэлэн мөнгө тулдаг нягтлан Даас яагаад ийм их зөрүү гарч байгаа юм бэ гэж асуухад харин тийм ээ, би өдөр өдөрт нь мөнгөө шахаж яваагүй, миний алдаа болчихлоо гэж хариулсан. Кассер А, Б хоёр хариуцдаг. Манай байгууллага хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын эхээр тулж үзсэн тэгэхэд зөрүү гараагүй. Тэрнээс хойш дутсан байх гэж бодож байна. Уг нь нягтлангууд өдөр бүр тооцоогоо тулгаж, кассерыг хянаж байх ёстой юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
-гэрч Б.Дын мэдүүлсэн... Би хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын эхээр бэлэн мөнгөний орлого, программ, ехсеl гурвыг тулгаж үзэхэд зөрүү гараагүй. Би 2024 оны 03 дугаар сард программ, ехсеl хоёроо хөтөлж бэлэн мөнгөний орлогоо тулгаагүй. Тэгээд өнөөдөр орой 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны бэлэн мөнгөний орлогыг тулгаж үзэхэд 12,202,170 төгрөг дутсан. Урьд өмнө ийм асуудал гарч байгаагүй. Ер нь бол долоо хоногийн ажлын сүүлийн өдрийн бэлэн мөнгөний орлогыг кассер сейфт хадгалж амралтын 2 өдрийн мөнгөтэй хамт дараагийн ажлын өдөр тушаадаг. Гэхдээ өдөр өдрөөр нь ялгаж тушаадаг юм. Миний бодлоор кассер үргэлжилсэн 3 өдрийн бэлэн мөнгөний орлогыг банкны ажилтанд дутуу тушаасан юм шиг байна. Бэлэн мөнгийг кассер хариуцдаг. Харин кассерыг бэлэн мөнгөний орлого бүрэн тушааж байгаа эсэхэд нь нягтлан хяналт тавих ёстой....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
-гэрч Г.Гын мэдүүлсэн... Эхнэр бид хоёр 2020 билүү 2021 онд хувь хүнээс хүүтэй 10,000,000 төгрөг зээлж аваад хашаа, байшин худалдаж авахаар хөөцөлдсөн гэтэл асуудал гарч бид хоёр хашаа байшин худалдаж авч чадаагүй. Ингээд тухайн үедээ хүнээс зээлсэн хүүтэй бэлэн мөнгөө гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан. Ер нь бол эхнэр бид хоёр сарын хүүнд л ойролцоогоор 600,000 төгрөг өгдөг байсан. Сүүлдээ зээлсэн үндсэн мөнгөө биш хүүг нь ч өгч чадахаа больж мөнгө зээлүүлсэн Ц гэх манай эхнэрийн ажил дээр мөнгөө нэхэж очдог болсон. Харин сүүлийн үед Ц мөнгөө нэхэх нь багасчихсан. Надад ажил дээрээсээ мөнгө авчихлаа гэж хэлж байгаагүй. Саяхан энэ асуудал гарсны дараа юу болсон гэдгийг мэдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/
-Шүүгдэгч Н.Агийн яллагдагчаар мэдүүлсэн... би 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагаас шөнийн 22 цаг хүртэлх хугацааны салбарын бэлэн мөнгөний бүх орлогыг өөртөө авч маргааш өдөр нь 2 дугаар сарын 8-ны өглөө 08 цагаас 16 цаг хүртэлх хугацаанд салбарт бэлнээр орж ирсэн мөнгийг банкны ажилтанд тушаасан. Мөн би 2 дугаар сарын 8-ны орой 18 цагийн орчим өөрийн завшсан бэлэн мөнгийг байгууллагаас авч гарсан. Тухайн үед би байгууллагаас авч гарсан мөнгийг тоолж үзэхэд 12,202,170 төгрөг байсан. Би энэ мөнгөний 1,500,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас надад мөнгө зээлүүлсэн байсан А гэх эрэгтэйн данс руу шилжүүлсэн. Бас 2021 онд надад 10,000,000 төгрөг хүүтэй зээлүүлсэн Ц гэх эмэгтэйд бэлнээр 8,700,000 төгрөг өгсөн. Харин үлдсэн мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед 6102 дугаартай касснаас би 3,312,050 төгрөг, 6103 дугаартай касснаас 4,198,040 төгрөг, 6104 дугаартай касснаас 3,684,100 төгрөг, 6107 дугаартай касснаас 1,086,150 төгрөг буюу нийт 12,280,340 төгрөг болж байгаа юм. Дээрх бэлэн 12,280,340 төгрөгөөс тухайн өдөр худалдан авагчийн бараа буцаалтанд бэлнээр 78,170 төгрөгийг өгсөн. Ингээд нийт 1,202,170 төгрөгийг хувьдаа завшсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авюсан тухай тэмдэглэл /хх-ийн 33-р тал/
-Г.Гын эзэмшлийн 5009350165 дугаар Хаан банкны дансны хуулга /хх-ийн 34-36-р тал/
-“А” ХХК-ний бэлэн мөнгө хүлээлцсэн баримт, кассын орлогын баримт /хх-ийн 40-50-р тал/
-“А” ХХК-ны Хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах тухай гэрээ, ажилтны ёс зүйн гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/675 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаал /хх-ийн 51-57-р тал/
-“А” ХХК-ны баримтын тооцоо /хх-ийн 60-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Ань Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ний С-61 худалдааны төвд ахлах кассаар ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байгууллагын орлогын бэлэн мөнгө 12,202,170 төгрөгийг хувьдаа авч ашигласан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Н.Агийн үйлдлийн улмаас “А” ХХК-ний С-61 худалдааны төвд 12,202,170 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...ял шийтгэнэ” гэж бусдын өмчлөх эрхийн эсрэг “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Шүүгдэгч Н.Ань хохирогч “А” ХХК-ний С-61 худалдааны төвд 12,202,170 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Н.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэхээр санал болгосон гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, хохирол төлсөн гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Прокурор ялыг биелүүлэх хугацааны тухайд, 3 жилийн хугацаанд төлүүлэхээр санал гаргасан нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх...-д чиглэнэ” гэж заасанд нийцээгүй буюу, тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр санал болгохдоо торгох ялыг биелүүлэх хуульд заасан хугацааны дээд хязгаараар санал болгосон нь үндэслэлгүй байна. Иймд ялын цээрлүүлэх үр нөлөөг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр зааж шийдвэрлэлээ.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г ургийн овгийн Нын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ашүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ