| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0925/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/945 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/945
2024 08 26 2024/ШЦТ/945
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б овогт Г-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2408013****** дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Содон хороолол ** дугаар байрны ** тоотод амьдарч байх хугацаандаа хамтран амьдрагч Б.Б хардсаны улмаас 2023 оны 10 дугаар сард түүний зүүн талын гуя хэсэгт өшиглөж түлхэж унаган зодсон, 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хоолойноос нь боож, түлхэж унагаан зодсон, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хоолойноос боож үсдэх, цохих зэрэг байдлаар зодсон, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус байрны 2 дугаар орцны гадна хаалга мөргүүлж, шатнаас доош унагаан үснээс нь зулгааж зодсон, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ гарыг нь мушгиж, үснээс нь зулгаах, хоолойноос нь боох зэрэг байдлаар цохиж зодсон, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хоолойноос нь боож, үснээс нь зулгааж газарт унаган цохиж зодсон буюу 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,
- Мөн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Содон хороолол ** дугаар байрны ** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Б-тай маргалдаж муудалцах үед нь түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Э-ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун бугалга, шуунд цус хуралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Зарим нэг асуудлууд буруу байна. Би зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа ч Б 7 хоног бүр зоддоггүй. Б амьдраад жил болох гэж байна. Ажлаа тараад гэрт ирэхэд Баярмаа 2 найзтайгаа болон 1 залуутай архи ууж байсан. Цагаан сарын дараа Б-г бэр гуйж аваад 3 шил 1 литрийн Болор архи үлдсэн байсныг бүгдийг нь Б уусан байсан. 2 бага насны хүүхдийн хажууд архидаж байхаар нь уурласан. Би тэр үед согтуу байгаагүй. Намайг согтуу байсан гэж хэллээ. Би Э-ийг плита шалан дээр унагаагүй. Э, Б-тай нийлж 4-5 хоногоор архи уугаад явчихдаг болохоор би их дургүй байдаг. Гэрт архи уугаад сууж байхаар нь дургүй хүрээд явцгаа, зайлцгаа гэж хэлсэн. Э нь миний араас тэврээд бариад авсан. Б миний толгой руу цохиод байх тэр үед би зайсхийхэд Э буйдан дээр унасан. Б нь надад анхаарал халамж тавиад байхаар нь миний сэтгэл татагдсан нь үнэн. Б-г би Японоос ир гэж хэлээгүй, цуг амьдаръя гэж гуйсан хүн нь би биш, бие нь өвдөөд ирсэн. Б харааны хагалгаанд орсон. Дараа нь сүрьеэ тусаад 2-3 сар Халдвартын эмнэлэгт хэвтсэн. Би уг хугацаанд ажлаа хийж, хүүхдүүдийг харж байсан. Үүнийг ярьсангүй. ...Би хүүтэйгээ тусдаа, Б ч тусдаа амьдарсан. Одоо учраа олоод, хайртай гээд хамт байгаа. Бид хоёр насны зөрүүтэй, хардаж байсан нь үнэн. Би 2023 оны 10 сар, 2024 оны 1 сар, 2024 оны 2 сарын 17-ны үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, бусад хугацаанд зодсон асуудал байхгүй. Мөн иргэн Б.Э-ийг өөрөөсөө холдуулах гэж буйдан руу түлхсэн, түүнийг пилта шал руу түлхэж унагаасан асуудал байхгүй. Б.Э нь 2 сарын 17-нд гэмтсэн гэсэн атлаа шүүх эмнэлэгт 3 сард үзүүлсэн эргэлзээ түрүүлж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.М нь: “...Би хамтран амьдрагч Б.Б 7 хоног болгон зодоод байсан асуудал байхгүй. Яллах дүгнэлтэд дурдагдсан хугацаанаас 2023 оны 10 сар, 2024 оны 1 сар, 2024 оны 02 дугаар сарын 17-ны үйлдлийг хүлээн зөвшөөрч байна, бусад хугацаанд зодсон асуудал байхгүй. Мөн иргэн Б.Э-ийг өөрөөсөө холдуулах гэж буйдан руу түлхсэн, түүнийг пилта шал руу түлхэж унагаасан асуудал байхгүй. Б.Э нь 02 дугаар сарын 17-нд гэмтсэн гэсэн атлаа шүүх эмнэлэгт 3 сард үзүүлсэн эргэлзээ түрүүлж байна” гэсэн саналыг илэрхийлж оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I.Шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Содон хороолол ** дугаар байрны ** тоотод амьдарч байх хугацаандаа өөрийн хамтран амьдрагч Б.Б-г хардсаны улмаас:
- 2023 оны 10 дугаар сард түүний зүүн талын гуя хэсэгт өшиглөж түлхэж унаган зодсон,
-2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хоолойноос нь боож, түлхэж унагаан зодсон,
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хоолойноос боож үсдэх, цохих зэрэг байдлаар зодсон,
-2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус байрны 2 дугаар орцны гадна хаалга мөргүүлж, шатнаас доош унагаан үснээс нь зулгааж зодсон,
- 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ гарыг нь мушгиж, үснээс нь зулгаах, хоолойноос нь боох зэрэг байдлаар цохиж зодсон,
- 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хоолойноос нь боож, үснээс нь зулгааж газарт унаган цохиж зодсон буюу 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “... Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот иргэн Б.Б нь бусдад зодуулсан” гэсэн тэмдэглэл. (хавтаст хэргийн 4 дэх тал),
2. Хохирогч Б.Б: “... Би өөрийн хамтран амьдрагч Г.М-тай 2022 оны 6 дугаар сарын 17-нд танилцсан ба би 2023 оны 6 дугаар сарын 16-нд Япон улс руу явах үед араас чатаар “хүрээд ирээч, хамт амьдаръя, би чамд хайртай” гээд гуйгаад байхаар нь би 2023 оны 9 дүгээр сарын 01-нд Монгол Улсад ирсэн. Тэгээд Монгол Улсад ирснээс хойш тухайн Г.М-тай хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд намайг байнга хардаад байдаг байсан бөгөөд шөнийн 3-4 цагийн үед байнга миний гар утсыг авч шалгадаг байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сард намайг нэг хүнтэй хардаад миний зүүн талын гуя хэсэг рүү нэг өшиглөөд намайг түлхэж унагаагаад цохиж зодсон. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгсэн 2023 оны 11 дүгээр сарын 25-нд бас намайг хардаад гэрээсээ ганцаараа гарч явсан бөгөөд нэлээн байж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирээд миний хоолойноос боогоод, түлхэж унагаагаад цохиж зодоод чи надаас салах юм бол сэмжний чинь өөхөөр бүтээж ална гээд айлгаад байсан, тухайн үед би бас цагдаагийн байгууллагад хандаагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэгээд 2023 оны 12 дугаар сард... намайг дахин хардаад бид 2 маргалдсан бөгөөд дахин намайг цохиж, хоолойноос боогоод үсдэж байгаад зодсон бөгөөд би тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан эсэх талаараа сайн санахгүй байна. Тухайн үед миний хамраас цус гоожоод нүүр ам хавдаж хөхөрсөн. 2024 оны 01 дүгээр сард би өдрийг сайн санахгүй байна, бид 2 хүүхдээс болж маргалдаад дахин намайг цохиж зодохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд тухайн үед манай хамтран амьдрагч шүүхээр ороод, торгуулийн арга хэмжээ авагдсан юм. 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт манай найзууд ирчихсэн байж байхад манай хамтран амьдрагч Г.М гаднаас орж ирээд манай найз нарыг хөөж явуулаад миний баруун гараас татаад өмсөж явсан цамцыг ураад үснээс зулгааж чирсэн бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчихөөд буцаж очоогүй. Тэгээд над руу байнга залгаад айлгаж сүрдүүлээд хамт амьдрах хугацаанд зарцуулсан хоолны мөнгө, гар утас, машин зэрэг эд зүйлүүдээ буцааж авъя гээд байдаг байсан. Би тухайн үед гомдолгүй гээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Тэгээд хамт амьдарч байгаад хоорондоо маргалдаад би 2024 оны 03 дугаар сарын 02-нд би гэрээсээ явсан бөгөөд түүнээс хойш гэртээ очихгүй байж байгаад 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө юмыг авах гээд очих үед М гэртээ байсан бөгөөд миний хоолойноос боогоод үснээс зулгаагаад газарт унагааж байгаад үснээс чирээд цохиж зодоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй. Би цагдаагийн байгууллагад 6-7 удаа дуудлага мэдээлэл өгч байсан... Тухайн үед надаас уучлалт гуйгаад байхаар нь шүүх эмнэлэгт үзүүлдэггүй байсан…“… дугаарын утас нь миний өөрийн барьдаг дугаар бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найз Э бид хоёр манай гэрт хамт сууж байхад Г.М гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирээд шууд миний баруун талын гарын бугуй хэсгээс бариад гар мушгиад, миний үснээс зулгаагаад унагааж байгаад намайг цохиж зодсон. Тухайн үед манай найз Э бид хоёрыг салгасан чинь манай найз Э-г хойш нь түлхэж унагаачихаад миний хоолойноос боогоод байсан. Тэгсэн манай найз Э босож ирээд болиоч гээд ахиад салгасан чинь дахиад манай найз Э хойш нь түлхэж унагаахаар нь би босоод зугтаасан... Энэ үед манай найз Э, М бид гурав байсан. Надад сэтгэл санааны хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12-13, 16 дахь тал),
3. Гэрч Р.Н-ийн: “...Би Б-н төрсөн эгч нь. Б нь 2023 оны 9 дүгээр сараас хойш Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо байранд Г.М хамт амьдарч байсан юм. Г.М нь манай дүүг байнга харддаг бөгөөд хардалтаасаа болоод тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалддаг... Б.Б байнга над руу утсаар залгаад “М намайг хардаад зодчихлоо, би одоо үхмээр байна, надад хэцүү байна” гээд залгаж ярьдаг. Мөн 2024 онд сар өдрийг нь сайн санахгүй байна, манай дүү над руу залгаад М намайг зодчихлоо гэхээр нь би гэрт нь буюу Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Содон хороололд очиход Б нь гараа даавуугаар боочихсон, өөрөө нэлээн айчихсан, хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Мөн сар өдрийг нь сайн санахгүй байна, манай гэрт буюу Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ** тоотод 3-4 удаа шөнө уйлчихсан, нэлээн айчихсан ирж байсан бөгөөд тухайн үед юу болсон талаар асуухад “М намайг зодоод гэрээсээ хөөчихлөө” гээд ирж байсан. Тухайн үед гар хөл нь хөхөрчихсөн, ус нь сэгсийчихсэн байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
4. Гэрч И.М: “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, манай найз Б над руу залгаад “би гэрээсээ нүүж байгаа юм, манай гэрээс очоод юм зөөгөөд өгөөч, би М зодуулчихсан, гэрээсээ хөөгдөж байгаа” гэхээр нь “за тэгье” гэж хэлээд би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны ** тоотод очоод Б бэлдэж өгсөн хувцас болон эд зүйлсийг зөөж гаргачихаад буцаад Б гэр рүү орох гээд лифтэнд суугаад Б гэрийн давхарт лифтнээс буугаад хаалганых нь ойролцоо очих үед Б хамтран амьдрагч болох М нь Б-г гэдэс хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөх үед Б гэрийнхээ хаалганы гадаа унасан чинь М гэрийнхээ хаалгыг хаасан. Тухайн үед Б-ийн хүзүү нэлээн улайчихсан байхаар нь би Б-с “хүзүү чинь яасан юм” гэж асуухад М сая миний хоолойноос боогоод 2 удаа миний гэдэс хэсэг рүү өшиглөсөн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
5. Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 34-37 дахь тал),
7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/3Ш/216 дугаартай, Г.М-ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.3 дахь заалтад зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэвэр (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
8. Шүүгдэгч Г.М “...Би Б.Б-тай 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны ** тоотод амьдарч байсан бөгөөд анх Б.Б-тай эмнэлэг дээр танилцаж байсан бөгөөд тухайн үедээ надад хандаж амьдрах орон байр байхгүй гээд байхаар нь чи тэгвэл хүүхдийнхээ нэрийг манай хаяган дээр шилжүүлээд хамт амьдарч болно гэж хэлсэн. Хамт амьдрах хугацаанд бид хоёр хэрэлдэж маргалдах асуудал гардаг байсан бөгөөд би он, сар, өдрийг сайн санахгүй байна. …архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрэлдэж маргалдахдаа биед нь халддаг байсан юм. …Б.Б миний биед 3-4 удаа халдаж байсан, тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлж байгаагүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.М, хохирогч Б.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2023 оны 9 сараас эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа болох нь хохирогч Б.Б, гэрч Р.Н, шүүгдэгч Г.М нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Хохирогч Б.Б нь тус хэрэгт хохирогчоор тогтоогдон 4 удаа мэдүүлэг өгөхдөө 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн хамтран амьдрагч Г.М нийтдээ 6 удаа зодуулсан талаараа тогтвортой мэдүүлсээр ирсэн, түүний мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байна. Улмаар түүний мэдүүлэг нь гэрч Р.Н, И.М нарын мэдүүлгээр давхар нотлогдсоноос гадна шүүгдэгч Г.М мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Б.Б 3-4 удаа зодсон” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн “2023 оны 10 сар, 2024 оны 01 дүгээр сарын 11, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд зодсон буюу 3 удаа зодсон” гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээс харвал хохирогчийн мэдүүлсэнтэй зарим үйлдлийн талаар давхацсан шинжтэй байх тул хохирогчийг худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн зодуулсан гэх үйлдлийн зарим үйлдлийг дээрх нэр бүхий гэрч нар гэрчилж мэдүүлсэн бол бусад үйлдлүүдийн хувьд шүүгдэгч нь өөрөө хүлээн мэдүүлсэн зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байгаа нь хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэхэд хүргэсэн болно.
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч Г.М нь Б.Б-тай хамтран амьдарч байх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг 6 удаа үйлдсэн байх ба тэрээр хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн бие махбодод халдахаас гадна бусадтай шалтгаангүйгээр холбон хардаж, элдэв хараалын буюу ёс бус, бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, гутаан доромжлох, басамжлахад чиглэгдсэн үг ба үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна.
Иймд шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
II.Шүүгдэгч Г.М нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны ** тоот гэртээ хамтран амьдрагч Б-тай маргалдаж муудалцах үед нь түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Э-ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун бугалга, шуунд цус хуралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
4.Насанд хүрээгүй гэрч М.А: “...Б нь манай аавын хамтран амьдрагч бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б эгч манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод найз Э, Н болон нэг танихгүй залуугийн хамт архи ууж байсан. Манай аав М нь /цагийг нь санахгүй байна/ ажлаасаа тараад гэртээ ирсэн чинь хамт байсан танихгүй залуу нь манай гэрээс гараад явсан, аав гэртээ орж ирээд “архи уулаа” гэж хэлсэн чинь Б эгч манай аав М-ыг 2-3 удаа нүүр хэсэгт нь алгадсан. Б эгчийн хоёр найз эмэгтэй нь манай аавыг нэг нь хойноос нь нөгөөх нь урдаас нь бариад авсан чинь Б эгч гэрээс зугтаасан. Манай аавыг хойноос нь барьсан Э гэх эмэгтэйг түлхсэн чинь газар унасан, хүүхдийн дэргэд архи уулаа гэж хэлсэн чинь Э, Н нар манай гэрээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал),
5.Насанд хүрээгүй гэрч Ж.Ж: “...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр М ахын гэрт очиж хоносон. Эгч Б, найз Э-ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Маргааш 2024 оны 02 дугаар сарын 17-ны орой М ах гаднаас орж ирээд Б эгчийг хардаад чангаар орилоод Б эгчийг “зайл я...ууд” гээд байхаар нь би жижиг өрөө рүү орсон. М ах Э-ийг хаана юугаар хэдэн удаа цохисон талаар хараагүй. Хэрүүл маргаан болсны дараа жижиг өрөөнөөс гараад том өрөөнд орсон чинь Э эгч “миний гар өвдөөд байна” гээд баруун гараа бариад байсан. Тэгээд Э, Б эгч хоёр гэрээс гараад явсан. Н гэх эмэгтэй түрүүлээд гараад явсан. М ахын хүүхэд бид хоёр жижиг өрөөнд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 158 дахь тал),
6.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай: “...Б.Э-ийн биед баруун бугалга, шуунд цус хуралт, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал),
7.Шинжээч эмч Д.Д-ийн: “...Дээрх гэмтэл нь хэрэг болсон өдөр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн цохиж, цохигдох үйлдлээр нэг удаагийн үйлчлэлээр үед үүсгэгдэнэ. Мөн хавирч газар унагах болон түлхэж газар унагах үед үүсгэх боломжтой гэмтлүүд байна. Тохойд үүссэн зөөлөн эдийн гэмтлээс /хавдаж, хөхрөх, үрэвсэх/ үүсэх зэргээс үений шингэн алдагдаж гарна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 160 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Г.М-н хамтран амьдрагч болох Б нь найз Б.Э, бусад хүмүүсийн хамт гэртээ архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй бөгөөд гаднаас гэртээ ирсэн шүүгдэгч Г.М нь тэдгээрийн энэ байдалд дургүйцэн уурлаж хамтран амьдрагч Б.Б хэл амаар доромжлон дайрч, бусад хүмүүсийг гэрээс нь явахыг шаардсан байна. Энэ үед тэдний гэрт ирсэн гаднын хүмүүсээс Б.Э явалгүй үлдэж, бусад хүмүүс гарч явсан байх бөгөөд Г.М нь Б.Б зодох гэж дайрах бүрд Б.Э нь түүний энэ үйлдлийг таслан зогсоох гэж оролдсон байх бөгөөд шүүгдэгч Г.М нь уурлан түүнийг түлхэж унагаах, хавсарч унагаах зэргээр хүч хэрэглэсэн байх ажээ.
Хэдийгээр шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Э-ийн биед халдаагүй, зодоогүй гэж гэм буруугийн асуудал дээр маргасан боловч хохирогч Б.Э нь түүний биед Г.М өөр хүн халдсан зүйл байхгүй хэмээн мэдүүлсэн, мөн гэрч Б.Б, насанд хүрээгүй гэрч Ж.Ж нар нь “Г.М нь Б.Э цааш гараараа түлхэх үед Э газар унаад “гар эвгүй болчихлоо” гэж хэлэн баруун гараа бариад байсан гэдгийг өөрсдийн харсан, сонссон зүйлийн хүрээнд мэдүүлцгээсэн нь хоорондоо агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байна.
Хохирогч Б.Э нь гэмтсэний дараагаар холбогдох байгууллагад хандаж гомдол гаргаагүй удсан шалтгаанаа “ найз Б.Б намайг битгий гомдол гарга, эмчилгээний мөнгө өгье гэсэн учир гаргаагүй удсан” гэх байдлаар тайлбарлаж мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд Г.М-т түлхэгдэн унаснаас үүссэн гэх гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчийн биед учирсан гэмтэл болон байршилтай нь тохирсон ба түүний биед учирсан энэхүү гэмтлийг хөнгөн зэргийн ангилалд хамруулсан, уг гэмтлүүд нь хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтойг дүгнэлт гаргасан шинжээч нь мэдүүлсэн тул хохирогч Б.Э-т учирсан гэмтэл нь шүүгдэгч Г.М-ын үйлдлээс шалтгаан учирсан буюу шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Г.М-ын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй тул шүүхээс шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Э, хохирогч Б.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч Г.М-ын үйлдлээс шалтгаалан учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул энэ тогтоолын хамт шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогч нар нь тус хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн: “...Яллагдагч Г.М нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хохирогч Б.Э-тэй маргалдан улмаар түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Э нь 2024 оны 02 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 80.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал), төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (хавтаст хэргийн 122 дахь тал)
Иймд шүүгдэгч Г.М-аас 80.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 11 сарын хугацаагаар тогтоох тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.М нь “...би сахрын өвчтэй тул төрийн албан хаагчийн эмнэлэгт очиж үзүүлдэг, бас таксинд явдаг, бага насны хүүхдээ асардаг тул надад оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг бууруулж багасгах, боломжтой бол торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” бол ...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас харахад энэ зүйл ангид торгох ялын төрөл байхгүй тул шүүгдэгч Г.М-ын саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Харин прокуророос шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын санал гаргасныг шүүхээс хүлээн авч, уг ялыг оногдуулах боломжтой гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа эсрэг байнгын шинжтэй бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн байдал, мөн хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан буюу нийлмэл гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч Г.М-ын хувийн байдал /сахрын өвчтэй, бага насны хүүхдээ асардаг/ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 6 (зургаан) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаан) сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Хохирогч Б.Э, Б.Б нар нь тус хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.М-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ