| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/03603/И |
| Дугаар | 001/ХТ2025/00027 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2025/00027
“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03829 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/02090 дүгээр магадлалтай,
“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
Н.Ж, Д.О нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14,474,064 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, хариуцагч Д.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Т” ХК нь Н.Ж, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,474,064 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03829 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Н.Ж, Д.О нараас 11,096,386 төгрөгийг гаргуулж “Т” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,377,678 төгрөг болон Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг 8*** У** улсын дугаартай тээврийн хэрэгслээс хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 192,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/02090 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,992 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хэрэгт өгсөн баримтаар хамгийн сүүлд 2019.12.02-ны өдөр зээлийн төлөлт хийснээр зээлийн үлдэгдэл 6,257,445 төгрөг болсон. Үүнээс хойш зээлдэгч зээлээс төлөлт хийгээгүй, зөвхөн банкны өөрийн торгуулийн хүү, үндсэн хүү тооцсон болох нь дансны хуулгаар тогтоогдсон хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн 3,377,678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагад нийцэхгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр бол зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаандаа үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэнд тооцож нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцсон байдаг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банкны зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу зээлийн хүүг тооцоолж, шаардах эрхээ хэрэгжүүлсэн тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.01.21-ний өдрийн 001/ШХТ2025/00082 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
7.Нэхэмжлэгч “Т” ХК нь 2024.06.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Н.Ж, Д.О нараас гэрээний үүрэгт үндсэн зээл 6,257,445 төгрөг, үндсэн хүү 7,172,927 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,043,691 төгрөг, нийт 14,474,064 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлээ 2018.09.26-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн гаргажээ.
Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, харин цар тахлын улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон, банканд удаа дараа хандсан байхад шийдвэрлээгүй, хөл хорионд байсан хоёр жилийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэж мэтгэлцсэн байна.
8.Анхан шатны шүүх хариуцагч нараас нийт 11,096,386 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, хариуцагч нар 2019.12.02-ны өдөр хамгийн сүүлд зээлийн төлөлт хийснээр үндсэн зээлийн үлдэгдэл 6,257,445 төгрөг болсон, үүнээс хойш төлөлт хийгээгүй, нэхэмжлэл гаргах хүртэлх 54 сард гэрээгээр тохирсон жилийн 24 хувиар хүүг тооцвол 4,032,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 806,490 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар барьцааны гэрээг баталгаажуулаагүйгээс шаардах эрх үүсээгүй тул үүргийн гүйцэтгэлийг тээврийн хэрэгслээс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлтийг хийсэн.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба зээлийн гэрээний 4.1.9, 6.2.1-д зааснаар банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч банкнаас хариуцагч нарт 2020.06.10, 2020.08.20, 2020.09.29, 2022.03.01-ний өдрүүдэд (хх 19-23) удаа дараа мэдэгдэл хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлөлт хийгээгүй, үр дүн гарахгүй нь илт тодорхой байхад зээл төлүүлэх талаар гэрээний 4.1, 6.2.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй тул “хүүг зогсоох хүсэлт гаргахад шийдвэрлээгүйгээс хүүгийн хэмжээ ихэссэн” гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж шийдлийг хэвээр үлдээнэ, анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хуульд заасан журмаар баталгаажуулаагүйгээс шаардах эрх үүсээгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
9.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Т” ХК, нөгөө талаас Н.Ж, Д.О нарын байгуулсан 2018.09.26-ны өдрийн зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай бичил бизнесийн зориулалтаар, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ болохыг хоёр шатны шүүх хуулийн дагуу үндэслэлтэй дүгнэжээ. (хх 16-17, 18, 12)
Зээлдэгч нар энэ хугацаанд нийт 3,352,742 төгрөгийг буцааж төлсөн, харин 2020 оноос хойш төлөлт хийгээгүй үйл баримтыг зохигч маргаагүй ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөх эсэхийг маргасан. Нэхэмжлэгч нь цар тахалтай холбоотойгоор төлөх хугацааг хойшлуулж байсан болохоос хүү төлөхөөс чөлөөлөөгүй гэсэн бол хариуцагч нар хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг өгөхөд 2-3 жилийн турш шийдвэрлээгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээхээр зохицуулсан, банк мөнгөн хөрөнгийг 2018.09.28-ны өдөр шилжүүлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч нар зээлийг гэрээнд заасан нөхцөлөөр буцааж төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.
10.1.Нэхэмжлэгч “Т” ХК нь үндсэн зээл 6,257,445 төгрөг, үндсэн хүү 7,172,927 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,043,691 төгрөг, нийт 14,474,064 төгрөгийг нэхэмжилсэн. Ингэхдээ зээлийн тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаан дээр ч зээлийн тооцоолол буюу үндсэн зээлийн үлдэгдэл, хүүг хэрхэн тогтоосон болохоо тайлбарлаагүй байна.
Анхан шатны шүүх зээлийн дансны хуулгын баримт дээр тулгуурлаж 2019.12.02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 6,257,445 төгрөг, үүнээс хойш төлөлт хийгээгүй болохыг дүгнэж (хх 27-32), 2019.12.02-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх 54 сард жилийн 24 хувиар хүүг бодож 4,032,451 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүү тооцож 806,490 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх банкны зүгээс зээлдэгч нарт үүргээ биелүүлэхийг сануулж 2020 онд 2 удаа, 2022 онд 1 удаа тус тус мэдэгдэл хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоосон боловч төлөлт хийгээгүй, үр дүн гарахгүй нь илт тодорхой байхад зээл төлүүлэх талаар гэрээний 4.1, 6.2.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй тул “хүүг зогсоох хүсэлт гаргахад шийдвэрлээгүйгээс хүүгийн хэмжээ ихэссэн” гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж шийдлийг хэвээр үлдээсэн.
Давж заалдах шатны шүүх гэрээний талуудын “гэрээг цуцлах эрх”-ийг “үүрэг” гэсэн агуулгаар тайлбарлан эрх зүйн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.
Харин хэрэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан (хх-15) ба нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн тооцооллын баримт 1 хуудас (хх-26) хүснэгтийг шүүхэд өгсөн боловч энэ баримтад хэзээ, хэдэн удаа, хэдэн төгрөг төлснийг хэрхэн тооцсон нь тодорхой бус зөвхөн төлөх ёстой дүн, төлсөн үнийн дүнг хасаж зөрүүг тодорхойлсон байдлаар тооцоог гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцоолж гаргаагүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Үүнээс гадна хариуцагч шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүхийн хэрэгсэхгүй болгосон 3,377,678 төгрөгийн шаардлага хэзээний хүү, хэрхэн тооцоолж, хангах үндэслэлийг ч тусгаагүй байна. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангах боломжгүй.
10.2.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “баталгаажилт” гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг ойлгохыг тайлбарласан байна. Тус хуулийн 15 дугаар зүйлд нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлох, баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран давуу эрхтэй байх, баталгаажаагүй хэд хэдэн барьцааны хувьд барьцаалагчдын эрхийн дарааллыг тогтоохдоо барьцааны эрх үүссэн дарааллыг баримтлахыг тус тус зааснаас үзэхэд баталгаажилт нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах дарааллыг тогтооход нөлөөлөх үр дагаврыг тогтоосон байхад барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэхэд нөлөөлөх урьдчилсан нөхцөл гэж үзсэнээр хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан, барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө байх ба гэрээний хэлбэр, агуулга Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасныг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна. Харин уг гэрээг баталгаажуулах эсэх нь талуудын эрх бөгөөд ийнхүү баталгаажуулаагүй нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Тийм ч учраас Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаа баталгаажсан эсвэл баталгаажаагүй байж болохыг тодотгон заасан ба гагцхүү баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран давуу эрхтэй байх үр дагаврыг хуульчилжээ.
Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дээрх байдлаар залруулж, харин нэхэмжлэгч нь барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд шийдвэр магадлалд энэ нэхэмжлэлийн талаар өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй болно.
11.Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/02090 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03829 дүгээр шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.06-ны өдөр төлсөн 68,992 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА