Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1070

 

 

 

С.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч С.Э,

хохирогч Ч.Батзориг, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,    

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1056 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Батзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Эд холбогдох эрүүгийн 1906044391971 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Батзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хүүхдийн барьж байсан гар утас булааж авлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохих, ноцолдох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                     

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

С.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Эы урьд цагдан хоригдсон нийт 98 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Ч.Батзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Батзориг миний бие 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Эд зодуулсан хэргийн шүүх хурал 2020 оны 6 дугаар сарын 4-нд болсон билээ. Гэвч энэ хурлаар С.Э намайг зодсон хэрэгт нь 450 нэгжээр торгох шийтгэл оногдуулсанд хохирогчийн хувьд гомдолтой байна. Үүнийг тодорхой тайлбарлавал.

1. Анх тухайн хэрэг болсон өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн цагдаад хэрэг бүртгэлт нээлгэж улмаар 2019 оны 11 дүгээр сарын 6-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал болж С.Эд тэнсэнтэй байсан хугацаанд хүний биед санаатай хохирол учруулсан хэргээр 1 жил 7 сар хорих ял өгсөн. Удалгүй С.Э нь давж заалдах гомдол гаргаж 2019 оны 12 дугаар сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шүүх хурал болсон. Уг хурлын дүгнэлтээр анхан шатны шүүх хурал дээр 2 алдаа гаргасан байна гэж дүгнээд хэргийг дахин Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 4-нд дахин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон. Хурал эхлэхийн өмнө С.Эы өмгөөлөгч С.Соронзонболд Энхсайханыг дагуулж ирээд надаас эвлэрэхийг шаардаж байсан. Мөн хурлын явцад хохирол барагдуулж, уучлал гуйсан гэж хурлын протоколд тусгахыг шүүгчид сануулсан. Мөн С.Эы хийсэн хэрэгт гомдолгүй гэж мэдүүлэхийг шаардаж, хэрэв хэргийг нь хөнгөрүүлэхгүй бол намайг дээрмийн хэрэгт эргүүлэн буруутгаж шүүхдэнэ гэж сануулж байсан. Ч.Батзоригийн эрүүл мэндэд учруулсан хохиролд эхний шүүх хурлаар 1 сарын хорих ял өгсөн байсныг өөрчилж 450 нэгжээр торгох ял болгосон. Уг шүүх хурлын шийтгэх тогтоолд дурдсанаар: “Шүүх шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо” гэсэн байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хөнгөрүүлэх зүйл хамаарахгүй” гэсэн заалт байна.

Мөн хүндрүүлэх шалтгаан нь 10.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар “Өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал болгох зорилгоор бусдын биед халдсан бол”, 6.6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар “Тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн бол” гэх мэт хүндрүүлэх шалтгаан байна. С.Эд хүндрүүлэх шалтгаан хоёр, харин хөнгөрүүлэх шалтгаан байхгүй байхад хуулийг зөрчиж Энхсайханы шийтгэлийг хөнгөрүүлэх шийдвэр гаргасан нь тодорхой байна.

            2. Шүүх эмнэлгийн эмч Б.Ганзоригийн гаргасан дүгнэлт нь зөвхөн шүд, уруул, хүзүү, цээжний өнгөц шархнуудыг дурдаад хөнгөн гэмтэлд тооцсон. Тархины доргилт авсныг батлах шарх, шинж тэмдгүүд байсаар байтал эдгээрийг орхигдуулж мэргэжлийн алдаа гаргасан. Эмчийн дүгнэлтэд бичигдээгүй боловч надад хамгийн их хохирол учруулсан зүйл бол толгойн зүүн хэсэг, зүүн дагз, чамархай тус газар олон удаагийн давтамжтай хүчтэй цохилтуудаас авсан тархины доргилт байсан. Энэ хэсэг нь гарын цохилтод амархан шалбарч шарх авдаггүй ч тархины доргилт амархан авдаг эмзэг цэгүүд байдаг. Энхсайхан намайг гэрийнхээ үүдэнд эхэлж мөргөөд, үргэлжпүүлж хэд цохиход би толгой эргэж унасан. Босгож ирээд хашааныхаа буланд аваачаад илүү хилэнтэйгээр нэмж зодоход би унасан. Унасан байхад дээрээс олон удаа цохиход би ухаан алдсан.

            Шүүх эмнэлгийн эмч Б.Ганзориг миний зүүн чихний дээр болон доор цус хурж шалбарсан байсан шархыг шинжилгээндээ огт дурдаагүй. Тухайн үед би өөрөө авсан баримт зураг нь байгаа. Мөн цохилтоос болж шүд эмтэрсэн байсныг урд нь эмтэрсэн байсан шүд байна гэж алдаа гаргасан. Мөн нүдний алимны хөндлөн чичирхийлэл байна гэж тэмдэглэсэн боловч дүгнэлт дээрээ оруулаагүй. Нүдний алимны чичирхийлэл нь зөвхөн хүнд хэлбэрийн толгойн доргилтонд л илэрнэ. Мөн толгой барьж байсан бариач нар “Толгой чинь маш хүчтэй доргисон байна” гэж хэлж байсан. Энэ хүний учруулсан эрүүл мэндийн хохирлоос болж миний уран бүтээлийн чанар, тоо хэмжээ маш их буурсан. Жилд 3-4 том хэмжээний бүтээл гаргадаг байсан бол энэ хэргээс хойш төвлөрөх чадвар эрс муудаж өнөөг хүртэл нэг ч том хэмжээний бүтээл гаргаж чадаагүй.

            3. 2020 оны 6 дугаар сарын 4-нд болсон шүүх хурал дээр зөвхөн эмнэлгийн зардлыг төлснийг төлбөр барагдуулсан гэж тооцсон. Гэтэл миний нэхэмжилсэн 370,000 төгрөгийг бүрэн төлөөгүй. Надаас нохой хээлтүүлгийн үйлчилгээ авсны хөлс болох 40,000 төгрөгөө ч өгөөгүй. Уг шүүх хурлын баримтанд ороогүй боловч хожим нь тархи мэдрэлийн асуудлаас болж үзүүлсэн эмнэлгийн төлбөрийг би нэмж нэхэмжлэх эрхтэй.

            4. 1906044391971 дугаартай хавтас хэргийн дотроос 2019 оны 7 дугаар сарын 29-нд С.Эаас хамгийн анх авсан мэдүүлэг байхгүй болсон. Энэ мэдүүлэг дээр тухайн хэргийг үнэн зөв шүүхэд хэрэг болох баримт байсан ба хохирогч миний хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв нотлох эрхийг зөрчиж, Энхсайхан мэдүүлгийн тайлбараа өөрт ашигтайгаар өөрчлөн тайлбарлах боломж бүрдсэн нь анхан, давж заалдах шатыг дамжсан өмнөх 3-н шүүх хурлын шийдвэрт нөлөөлсөн байх үндэслэлтэй. Ярьсан тохирсон мөнгөө авъя гэж очиход С.Э хүний итгэлийг хөсөрдүүлж, эдийн ашиг сонирхлын үүднээс уурандаа намайг зодон, улмаар уг хэргээ цайруулахын тулд нялх балчир хүүхдээрээ бамбай барьж хөнгөн шийтгэл авсан. С.Эд зодуулснаас болж зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлтэнд бичигдсэн хөнгөн шарх бус, тархи толгой хүчтэй доргисноос болж удаан хугацаанд тархи, мэдрэлийн олон янзын зовууртай байсан. Намайг зодсон хэрэгт нь хуулийн зүйл заалтыг зөрчин байж 450 нэгжээр торгох хөнгөрүүлсэн шийтгэл оноосонд нь гомдолтой байна. Энэ хэргийг дахин үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.    

 

Хохирогч Ч.Батзоригийн өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Батзориг өөрийн нохойгоо Энхсайханы нохойтой хээлтүүлэг хийсэн. Нэг удаагийн хээлтүүлэг нь 20.000 төгрөг гэж тохирсон. Тэр мөнгөө авахаар очсон. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн. Энхсайхан өмнө 2 удаа тэнсэн харгалзаж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн байсаар байхад шүүгч дурдаад өнгөрсөн. Энэ хүнийг 2 удаа хууль өршөөсөн. Гэтэл 3 дахь удаагаа ийм хэрэг гаргаж байна. Шүүхээс 6 сарын ял буюу хууль заасан хамгийн бага ял оногдуулсан. Энэ нь давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж хууль зүйн талаас нь үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хор уршиг арилаагүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл буюу 40.000 төгрөгийг гаргаж өгөөгүй.  Хохирогч Ч.Батзоригийн биеийн байдал одоо болтол эдгэрээгүй. Өнгөцхөн харсан гэмтэлүүдээр хөнгөн зэргийн гэмтэл байна гэж тогтоосон. Хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй байхад шүүх хохирол төлсөн гэж дүгнэлт хийж хөнгөрүүлж ял халдаасан нь хөнгөдсөн. Хохирогч Ч.Батзоригийн “миний толгой бие рүү маш олон удаа зодсон” гэж мэдүүлэг өгсөн боловч энэ талаар шинжээч болон прокурор ач холбогдол өгөөгүй. С.Эд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү тодорхой ажиллагаа хийлгэхээр буцсан гэтэл ямар нэг ажиллагаа хийгдээгүй. Яагаад хохирогчийг байцааж бүрэн дүүрэн ажиллагаа хийж бодоогүй вэ. Хохирогч Ч.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2006021781549 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэрэг нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр буцаасан. Ч.Батзориг хүнд зодуулчихаад дээрмийн гэмт хэрэгт холбогдоод байна. Хохирогч Ч.Батзориг надад хэлэхдээ анхан шатны шүүх хуралдаанд Энхсайханы өмгөөлөгч нар нь “чи гар бариад эвлэр, тэгэхгүй бол чамайг бид нар өшөө хатуугаар яллуулаад явуулж чадна шүү” гэж дарамталсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч “чи 40.000 төгрөг нэхэж байгаагаасаа ичихгүй байна уу” гэж загнасан. Ингэж надад хэлсэн учир би үйлчлүүлэгчийнхээ хэлсэн зүйлийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулмаар байна. С.Эы анх мэдүүлэг өгсөн 1 хуудас тайлбар маягийн зүйл хэргээс алга болсон байна. Эд мөрийн баримт болох хувцасаа мөрдөн байцаагчид өгсөн боловч “наадах чинь хэрэггүй” гэж хэлээд аваагүй. Ийм учраас С.Эд оногдуулсан хохирогчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.   

 

Шүүгдэгч С.Э “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй...” гэв.   

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар С.Э хохирогч Батзориг нар ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдан хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хангалттай тогтоосон. Анхан шатны шүүхээс эрх хэмжээний хүрээнд оногдуулсан шийтгэл хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр...” шийдвэрлэсэн нь шүүгдэгч С.Эы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Эыг шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн:

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх...” хоёр төрлийн ялын хөнгөн төрлийн ял болох торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.

Анхан шатны шүүх С.Эы тус шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж гэм буруутайд тооцогдож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь болон урьд шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хуульд заасан ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулах болсон үндэслэлээ шүүх тайлбарлаагүй буюу дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх ...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;...”-ээ тусгах талаархи хуулийн заалтад нийцээгүй байна.

Мөн С.Э нь 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах, 2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдалтай байна.

Иймд хохирогч Ч.Батзоригийн “...шүүхээс оногдуулсан ял хөнгөдсөн..” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх С.Эд оногдуулсан хоёр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд бий болох хууль зүйн үр дагаврыг шийдвэртээ заагаагүй нь хуульд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээгүй төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/1056 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Эд холбогдох 1906044391971 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ

                      ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ