Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0688/З/Н |
Дугаар | 128/ШШ2020/0332 |
Огноо | 2020-05-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2020/0332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, Б.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан Х.Эг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
1. Нэхэмжлэгч: Х.Э
2. Нэхэмжлэгч: М.Б
3. Нэхэмжлэгч: М.Ц
4. Нэхэмжлэгч: Д.У
5. Нэхэмжлэгч: Д.У
6. Нэхэмжлэгч: Д.О
7. Нэхэмжлэгч: Б.Д
8. Нэхэмжлэгч: Ю.О
9. Нэхэмжлэгч: С.А
10. Нэхэмжлэгч: Э.А
11. Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо,
Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Иргэн X.Э г болон энэхүү байранд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн тухайд
1. Энэ байрны оршин суугчдын дийлэнх нь өндөр настай болсон энэ нөхцөлд чадваргүй, итгэлгүй, зальт аргаар шалгарсан компанийн эзэд бидний байрыг нураачхаад хуучнаар хөдөө аж ахуйн яамны урдах байшинг барих ажиллагаа шиг болгох бодит нөхцөл үүссэн байгаа тул бидний нас яагаад ч хүрэхгүй гэдгийг шүүх нухацтай харж үзээсэй гэж хүсч байна.
2. Ашиглалтын шаардлага хангахгүй, учир дахин төлөвлөлтөд орсон гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 1-40 мянгатын нутаг дэвсгэрт орших 53 дугаар байрыг нурааж, шинэ барилга барих эрхийг Э ХХК-д олгохдоо хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажиллагаанд болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд оршин суугч бидний оролцоог хууль ёсны дагуу хангаагүй тул нийтийн орон сууц өмчлөгч бидний эрх ашгийг шууд хөндөж орон байргүй болох, амьдрах орон сууцаа алдаж хохирох шууд үр дагавартай байдлаараа бидний эрх ашиг дараах байдлаар шууд хөндөгдөж байна.
3. Бид энэ тухай гомдлоо 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус бүр бичгээр 19-ний өдөр, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Т , хотын дарга Ц.А нарт хандаж бичиг хүргүүлсэн боловч гомдол, хүсэлтийг тоогоогүй, хуульд заасан журмын дагуу шийдэж өгөөгүй.
Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар мэдэгдлийг эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд тус бүрт хүргэх үүргээ биелүүлээгүй учир оршин суугч бид мэдээлэлгүй, мэдэхгүй байсаар Э ХХК-д дур зоргоор байраа нураалгах, орон сууцныхаа нөхөн олговрыг олж авах, цорын ганц өмчөө хууль ёсны дагуу зах зээлийн үнээр үнэлж, шударга үнэлэх боломжоо алдаад байна. Ингэснээрээ бидэнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах бидний эрхийг зөрчиж хууль бусаар дайчлан авах эрхийг Э ХХК-д олгож үндсэн өмчлөгчид газар ч үгүй, орон сууц ч үгүй, залилуулж гудамжинд гарах болж байна.
4. Манай байрыг нурааж шинээр барилга барих буюу дахин хөгжүүлэх тухай саналыг хүлээн аваад иргэд бидний саналыг бүгдийг сонсож, хэлэлцүүлэлгүй, хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцуулаагүй төлөвлөлтөд оролцож саналаа тусгуулах, барилга барих талбайг сонгох, шинээр баригдах барилгын төслийг хэлэлцэх, хөрөнгө оруулалт хийх, санхүүжилтэд оролцох боломжоо алдсан тул Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
5. Бид энэ ажиллагаанд дараах байдлаар оролцох эрхтэй.
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах зарчмын дагуу дахин төлөвлөлтийн процессод оролцох эрхтэй тул энэ эрхээ эдлэхийг хүсч байна.
Төсөл сонгон шалгаруулахын өмнө Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байх, 20.1.3-д Төсөл хэрэгжүүлэх талбайг энэ хуулийн 8.1.6-д заасан журмын дагуу сонгосон байх гэж заасан шаардлагын дагуу хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ба талбайг сонгох ажилд оролцох хүсэлтэй байна.
Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ зүйлийн 14.1-д заасан саналыг дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэхээр сонгох талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, батлуулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг төлөвлөгөөнд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн саналыг авч тусгана" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.
Энэ хуулийн шаардлагыг биелүүлснээр бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах, шинээр баригдах байшин барилгын төлөвлөгөөтэй танилцах, өөрсдийн хөрөнгийг яаж үнэлэх, ямар байдлаар нөхөн олговор авах вэ гэдгийг тодорхой мэдэх боломжтой болно.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх тухайд.
Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар сэргэнэ.
1. Манай байшингийн дахин төлөвлөлтөд холбогдох хууль журмуудыг мөрдүүлэх биелүүлэх бүхий л үйл ажиллагаа зохих ёсоор явагдсанаар эцсийн дүндээ иргэд орон сууц газартайгаа нөхцөлөө сайжруулж үлдэх болно.
Гурав. Э ХХК-ийг сонгон шалгаруулсан нь хууль бус, ил тод биш, бидний оролцоог хангаагүй учир хуульд нийцээгүй тухайд
Э ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулахдаа 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хаалга, цонх хийдэг, хувийн жижиг байр барьдаг компанийг шалгаруулсан байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын баталгаа нь тухайн төслийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, чадваргүй, компанийг сонгон шалгаруулсан.
Тендер нь эхнээсээ ганцхан энэ компанийг л шалгаруулах зорилгоор зальт аргаар зохион байгуулагдсан гэж үзэж байна.
Энэхүү чадавхгүй компанийг сонгон шалгаруулсан явдал нь төлөвлөлт анхнаасаа ил тод биш бөгөөд иргэдийн оролцоогүй хийгдсэнээс шалтгаалсан бөгөөд бид энэ тухай шат шатны явцад Хот байгуулалт, хөгжлийн газарт мэдэгдэж шаардлага хүргүүлж байсан боловч бидний саналыг авч хэлэлцээгүйтэй холбоотой.
Сонгон шалгаруулалтын зарыг нийтэд хүргээгүй, барилгажилтын талбайг бидэнд мэдэгдэлгүйгээр нэмэгдүүлэн өөрчилж сонгон шалгаруулалтын зар дээр 0.06 га талбайд орон сууцны барилгыг буулган шинээр барих төслийг сонгон шалгаруулна гэж зарласан атлаа Үнэлгээний хорооны хуралд барилгажилтын талбайг 0.97 м.кв гэж үндэслэлгүйгээр нэмж оруулсан байсан. Шинээр барих барилгын давхар болон зориулалтыг маш ихээр өөрчилсөн байгаа нь орон сууц өмчлөгч бидний эрх ашгийг ноцтой хөндөөд зогсохгүй төслийг санхүүжүүлэх эх үүсвэр гаргагч нь тодорхойгүй болж худалдаа хөгжлийн банк, гадаад улсын хөрөнгө оруулагч болж хувирсан байгаа нь сууц өмчлөгч биднээс хамааралгүй төсөл болж хувирсан байна.
Эдгээр бүх байдал нь сууц өмчлөгч бидний орон сууцыг буулгаад хэн барилга барих нь тодорхойгүй, баталгаагүй, хэн нэгний өмч хөрөнгөтэй хүний эрхэнд орсон хууль бус үйлдэл болсон. Энэ бүхнээс үүдэн манай байрны газар дээр баригдах барилгын зургийн талаар мэдээлэл аваагүй учир одоо байгаа болон ирээдүйд баригдан бий болох үл хөдлөх хөрөнгө болон газар, нэгж талбайн үнэлгээг хэрхэн тооцож хувиарлах, зохион байгуулалт нь ямар байр талаар мэдээлэлгүй, нөхөн олговроо яаж шийдвэрлэх талаар ямар мэдээлэл тохироо байхгүй байхад шууд шударга бусаар Э ХХК-ийг шалгаруулсан нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 дугаартай захирамж болон үүний үндсэн дээр явагдсан Сүхбаатар дүүргийн 4 хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэр нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална, 5.1.1-д Нийтийн эрх ашгийг эрхэмлэх, 5.1.2-т Олон нийтийн оролцоог хангах, 11 дүгээр зүйлийн 11.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.1.5-д Төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг нийтэд сурталчлах, мэдээлэх, санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах, 14 дүгээр зүйлийн 14.7-д Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална, 14.7.1-д Төслийн бэлтгэл үе шат, 14.7.1 /г/-д Төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, 14.7.1-д Иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулах, 14.7.2 /в/-т Энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах, 14.7.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1 /г/-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах, 22.1-д Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх үүрэг, 22.1.1-д Төсөл хэрэгжүүлэх талаар санал өгөх, 22.1.3-д Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичигтэй танилцах, танилцуулахыг шаардах зэрэг заалтуудыг зөрчсөн байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн 4 хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь сэргээж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тухайн байрыг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 02-01/03 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоож, ашиглахыг хориглосон ба Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/19 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглалтын шаардлага хангахгүй тухайн орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр тусгасан.
Нийслэлийн Засаг дарга нь Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих шийдвэр гаргах, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1-д зааснаар хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
Энэхүү үүргийнхээ хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/87 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрыг буулган, дахин төлөвлөж барилгажуулах шийдвэр гаргасан.
Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 4.2-т заасан чиг үүргийнхээ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулж, үйл ажиллагааны удирдамжийг баталсан.
Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулсан бөгөөд тус хуулийн 19.1-д төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа сонирхогч этгээдийг оролцох боломжоор тэгш хангах, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4.4-д Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны өмчлөгчийн төлөөлөл багтана гэсэн зохицуулалтын дагуу Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тус байрны оршин суугч, Соёлч 40 мянгат СӨХ-ны дарга Х.Эрдэнэцэцэгийг оролцуулсан.
Тэрээр Э ХХК-ийн ирүүлсэн төслийг үнэлж 66 хувийн үнэлгээ өгсөн байх бөгөөд Үнэлгээний хорооны нийт гишүүдийн саналын дунджаар Э ХХК-ийн ирүүлсэн төсөл 72.6 хувиар дүгнэгдсэн тул Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4.8-д заасны дагуу Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 дүгээр захирамжаар Э ХХК-г төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, иргэдтэй гэрээ байгуулах эрх олгосон.
Иймд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй, зарим орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай" захирамжаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Үйлдвэр, хоршооллын 2 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсан.
Улмаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг гэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 12 дугаар барилгын барилгажилтын төслийн ажлын даалгавар батлагдсан.
Журмын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Өдрийн сонин-д нийтэлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А/397 дугаартай Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай захирамжаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталж, гишүүдээс ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг авсан ба иргэдийн төлөөллөөр иргэн Х.Эрдэнэцэцэгийг оролцуулан мөн мэдүүлэг авсан.
Улмаар Э ХХК нь тухайн ЧД-1 багцад төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлж, уг саналыг сонгон шалгаруулах үнэлгээний хороо хуралдан дэмжиж, төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай саналаа Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
Уг Үнэлгээний хороонд нэхэмжлэгч иргэн Х.Э оролцсон байх ба төслийг үнэлж 66 хувийн санал оруулсан байдаг. Үнэлгээний хорооны нийт гишүүдийн саналын дунджаар 72.6 хувийг авч санал баталгаажих хувьд хүрсэн учир дэмжигдсэн байна.
Э ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 12 дугаар орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, гурван талт гэрээ байгуулах эрх авснаар төсөл хэрэгжүүлэх ажил эхэлсэн.
Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй", Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.7-д заасан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтуудтай нийцэж байгаа тул хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй болно.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйл, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын дагуу үйл ажиллагаа явагдсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд иргэн Х.Эрдэнэцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Нийслэлийн Засаг даргаас 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 дүгээр захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 53 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан болно.
Уг сонгон шалгаруулалтад манай байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу оролцсон бөгөөд сонгон шалгаруулалтын зарыг Өдрийн сонинд нийтлэгдсэний дагуу Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн СБД-04 багцын Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг-ийг авч Сонгон шалгаруулалтын материал бүрдүүлэн өгсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дээрх төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу шалгарсан болно.
Уг сонгон шалгаруулалтын материалд нийт талбай 0.14 га байсан бөгөөд энэ хүрээнд 0.97 га талбайд төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Манай байгууллага нь иргэд, оршин суугчдын эрхийг зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд анхнаасаа энэхүү сонгон шалгаруулалтад манай компанийг оролцоход сууц өмчлөгчид дэмжиж байсан одоо ч дэмжиж байгаа болно.
Энэхүү үйл ажиллагаа нь холбогдох хуулиуд болон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журамд заасны дагуу дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Х.Э нь дээрх Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд сууц өмчлөгчдийн төлөөллөөр сонгогдон оролцсон ба дэмжсэн санал өгсөн хирнээ нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэлд дурдсанаар манай компани нь барилгын зургийг дур мэдэн өөрчлөх боломжгүй бөгөөд Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журамд заасны дагуу сууц өмчлөгчидтэй хоёрлосон гэрээ байгуулж, бусад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргаан бүхий акт хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Эрдэнэцэцэг нараас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А639 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрыг буулган, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Э ХХК-ийг шалгарсныг батламжилж, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Орон сууцны тухай хуулийн 151.1-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно, 151.2-т Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ гэж заасны дагуу орон сууцны 53 дугаар байрны сууц өмчлөгчдийн олонхийн саналыг ирүүлжээ. Нийслэлийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/87 дугаар захирамжаар тус 53 дугаар байрыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гаргасан нь Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих шийдвэр гаргах, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1-д Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасантай нийцсэн байна.
Уг захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-01/08, 2017 оны 05 дугаар сарын 26-ны 02-01/03 дугаар шийдвэрийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрыг буулган дахин барилгажуулахаар шийдвэрлэж, 2019/02/ТХ дугаартай 53 дугаар байрны барилгажилтын төслийн ажлын даалгаврыг баталсан байх бөгөөд энэхүү үйл баримттай нэхэмжлэгч нараас маргаагүй.
Улмаар төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар Өдрийн сонины 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаарт нийтлэгдэж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулж, үйл ажиллагааны удирдамжийг баталсан нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна гэж заасныг зөрчөөгүй байх ба Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тус байрны оршин суугч, Соёлч 40 мянгат СӨХ-ны дарга Х.Эрдэнэцэцэг оршин суугчдын төлөөллөөр оролцжээ. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4.4-д Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны өмчлөгчийн төлөөлөл багтана гэж заасныг хариуцагч зөрчөөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон тус СӨХ-оос Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргасан хүсэлт, Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн Х.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нараас дээрх үйл баримттай маргаагүй, Х.Эрдэнэцэцэг оршин суугчдын төлөөллийн хувиар Үнэлгээний хорооны гишүүнээр оролцож 66 хувийн үнэлгээ өгсөн атлаа нийт гишүүдийн саналын дундаж 72.6 оноогоор тухайн орон сууцны 53 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр Э ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгохоор маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь Э ХХК-ийн ирүүлсэн сонгон шалгаруулалтын баримт бичгийг Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар ерөнхий шаардлага хангасан гэж үзэж, дараагийн шатны нарийвчилсан үнэлгээг хийснээр Үнэлгээний хорооны дүгнэлтээр урьдчилан шалгаруулсан Э ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох захирамж гаргуулах тухай Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн үед оршин суугчдын төлөөлөл болон хэн нэгэн гишүүнээс ямар нэгэн эсрэг санал гаргасан талаар уг дүгнэлтэд тусгагдаагүй бөгөөд Үнэлгээний хорооны дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан байх тул Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нарын хүчингүй болгохоор маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/639 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 53 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр Э ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг батламжилсан. Энэ нь Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4.8-д ... Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган 2 талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно гэж заасныг зөрчөөгүй байна.
Уг захирамжаар газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгож, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а-д Газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах, 14.7.2.б-д Энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах гэж заасны дагуу төслийн бэлтгэл болон төлөвлөлтийн үе шатны ажлуудыг тусгасан төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргаар батлуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгажээ. Мөн захирамжийн 3-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь дээрх үйл ажиллагааг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд тус А/639 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцохоор байна.
Мөн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4.10-д Энэ журмын 4.8 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах эрх олгосон хуулийн этгээд нь тухайн орон сууцны өмчлөгчидтэй 2 талт гэрээ байгуулна. 2 талт гэрээ нь 3 талт гэрээний хавсралт байна. 4.11-д 2 талт гэрээнд заавал дараах зүйлийг тусгана. 4.11.5-д Нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардал, түр суурьшуулах талаар заавал тусгана гэж заасан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч тухайн байрны оршин суугчидтай хоёр талт гэрээгээ байгуулсны дараа гурван талт гэрээг батламжлаад барилгыг буулгах дараагийн шатны үйл ажиллагаа хийгдэхээр байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргын А/639 дүгээр захирамжаар орон сууц өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах, төслийн бэлтгэл болон төлөвлөлтийн үе шатны ажлуудыг тусгасан төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргаар батлуулаагүй, дээрх үйл ажиллагааг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд А/639 дүгээр захирамж хүчингүй болохоор байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын ...орон байргүй болох, амьдрах орон сууцаа алдаж хохирох шууд үр дагавартай ... гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журамд заасны дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхээр байна.
Нэхэмжлэгч нарын хүчингүй болгохоор маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/639 тоот захирамж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Хуульд үндэслэх, 4.2.5-д Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалттай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан.
Орон сууцны тухай хуулийн 151.7-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна гэж заасан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч Э ХХК нь холбогдох хууль журамд нийцүүлэн төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 151.3-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана, 151.4-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна, 151.5-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Э ХХК-ийн үе шаттайгаар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан дүгнэлт, түүнийг үндэслэж Э ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/639 тоот захирамж нь хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй учраас хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын ирээдүйд бий болж болзошгүй эрсдэл гэх таамаг төсөөллөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 19 дүгээр зүйлийн 19.6, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 151.2, 151.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Э нараас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн ,,,дүгээр хороо, 5,,,,,дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч П.А, Д.Э нарын хэргийг тус хэргээс тусгаарласан болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр
зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН