Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 027

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч А.Дауренбек, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч: Ч.Өлзийтунгалаг
Нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг
Улсын яллагч: Х.Өрен
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Айбек
Орчуулагч: А.Еркегүл
Шүүгдэгч О.Бахытжан нарыг оролцуулан Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадик овогт Оралбекийн Бахытжанд холбогдох 201604000248 дугаартай эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багт оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жадик овогт Оралбекийн Бахытжан РД:БЗ88120517.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч О.Бахытжан нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр архи уун согтуугаар хамт архи ууж явсан найз нь гэх Х.Ырысхултай маргалдан зодолдож толгой руу нь машины дугуй тайлах багаж болох дорцовоор цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Үүнд: 
- Шүүгдэгч О.Бахытжаны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “...Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
- Шүүгдэгч О.Бахытжаны мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад К.Нух манай гэрт машинд тос шахдаг шприц асуугаад ирсэн. Тэгээд К.Нух бид хоёр гэрээсээ машинтай гараад шууд Х.Ырысхулын гэрт нь очсон ба Х.Ырысхул дээшээ явбал намайг аваад явчих гэж хэлэхээр нь дагуулж авсан. Х.Ырысхул, К.Нух бид гурав сумын төвд орсон. Сумын төвд орж дэлгүүрт очиж "Ерөөл" нэртэй 0,35 литрийн 1 шил архи авсан. Тэр архийг Х.Ырысхул, К.Нух бид гурав манай гэрийн хажууд очиж уусан. Миний авсан архийг ууж дуусгачихаад дахин дэлгүүр орж К.Нух 1 шил "Ерөөл" нэгртэй 0.35 литрийн архийг авч тэрнийг манай гэрийн ойролцоо мөн бид 3 очиж уусан. К.Нухын авсан архийг ууж дуусгачихаад дахин дэлгүүрт очиж Х.Ырысхул 1 шил "Улаанбаатар" нэртэй 0.5 литрийн архи авсан ба тэрнийг Х.Ырысхулын хүргэн ах нь болох Уызбекийн гэрийн хажууд очиж миний машин дотор мөн бид гурав уусан. Намайг машин дотор сууж байхад Х.Ырысхул согтуу нөгөө айлд орж гарч явж байсан ба эгч нь түүнийг загнаж байх шиг байсан. Тэгээд би машинаа асаагаад явах гэж байхад тэрээр жолооч талаас нь Х.Ырысхул ирж хаалгыг онгойлгож намайг зүүн хацар руу минь баруун гараараа нэг цохиж авсан. Тэгэхэр нь миний дургүй хүрээд машины дунд талын хайрцаганд байсан машины дугуй тайлах 22-ын дорцовыг баруун гараараа аваад Х.Ырысхулыг нүүрэн тус газар нэг удаа цохиж аваад машинаа асаагаад зугтаад явсан. Х.Ырысхул тэнд үлдсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
- Шүүгдэгч О.Бахытжаны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр орой 19-20 цагийн үед С.Хасымын /Ажугийн/ гэрийн хашааны дотор миний бие Х.Ырысхултай зодолдож түүний дух болон хамарны тус газар өөрийн тээврийн хэрэгслийн түлхүүрийн хайрцагт байсан дугуй тайлах тусгай түлхүүр буюу дугуйн дорцовоор нэг удаа цохиж авсан минь үнэн. Би Х.Ырысхулыг төмөр түлхүүрээр цохих үед тэр над руу дайрах үед би түүнийг түлхэж хаяад машины кабиныг хүчээр хааж аваад, машинаа асааж хөдлөөд яваад өгсөн гэрт ирээд амарсан. Х.Ырысхултай 2-3 өдрийн дараа уулзахад дух болон хамар нь шалбарсан хавдсан, хөхөрсөн гэмтэлтэй байсан болохыг анзаарч түүнээс уучлалт гуйсан. Гэвч намайг уучлаагүй цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие Х.Ырысхул аймагт ирж нэгдсэн эмнэлэгт компьютер томографт толгойгоо үзүүлэх үед түүний хураамж болох 95000 төгрөгийг төлж өгсөн. Х.Ырысхул нь Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон болохыг мэдэж байна. Түүнд учирсан хохирлыг бүрэн төлж өгөх   болно. Би түүнд учирсан гэмтэл хөнгөн биш хүнд гэмтэл болохыг толгойн яс цөмөрч орсон болохыг толгойн томограф зураг авахуулах үед харсан. Би Х.Ырысхулыг түлхүүрээр /дорцовоор/ цохих үед машины кабинд сууж байсан ба гадаа харанхуй байсан болохоор бидний хажууд ямар хүн байсан болохыг би мэдэхгүй. Х.Ырысхул өөрөө согтуу намайг цохиж зодсон болохоор би машинд сууж байгаад түүнийг дугуй тайлах түлхүүрээр /дорцовоор/ цохиж авсан. Би Х.Ырысхулыг дугуй тайлах түлхүүрээр /дорцовоор/ цохихдоо машинаас буугаагүй. Тэр үед би өөрөө согтуу байсан болохоор өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж чадаагүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье" гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/
- Хохирогч Х.Ырысхулын мөрдөн байцаалтын өгсөн "...Тухайн өдөр О.Бахытхан эхлээд "Ерөөл" нэртэй 0.35 литрийн архи авч түүнийг К.Нух, О.Бахытжан бид гурав хувааж уусан. Дараа нь К.Нух "Ерөөл" нэртэй 0.35 литрийн архи авч О.Бахытжан бид гурав хувааж уусан. Миний бие "Улаанбаатар" нэртэй 0.5 литрийн архи авч түүнийг К.Нух, О.Бахытжан бид гурав хувааж уусан. Архиа уугаад дууссаны дараа худ болох С.Хасымын гэрт /Ажу/ очсон. Тэр айлд манай хүргэн ах С.Уызбек байсан. Би тэр хүнтэй уулзах ажилтай байсан. Бид машинд сууж байхад гэрээс С.Хасым /Ажу/ ирсэн. С.Хасым, О.Бахытжаны  машины хаалгыг ойнгойлгоход машины хаалга салхинд савчихсан. Тэр үед О.Бахытжан манай худ С.Хасым руу дайрч чи миний машины хаалгыг эвдчихлээ гэсэн. Тэр үед К.Нух бид хоёр О.Бахытжан, С.Хасым нарыг салгахаар очиход О.Бахытжан миний толгой руу цохиж авахад би ухаанаа алдаад уначихсан. О.Бахытжан миний толгой руу төмрөөр цохиж авсан, ямар төмөр болохыг хараагүй, би тэр үед нилээд согтсон байсан. "...Миний бие анх 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр О.Бахытжанд зодуулснаас хойш ямар нэгэн гомдол санал гаргаагүй байсан. Гэвч миний толгой тасралтгүй өвдөж болохгүй байхаар нь аймагт ирж рентген зураг авахуулсан боловч уг рентген зурагт миний толгойны гэмтэл харагдахгүй байхаар нь би гайгүй байх гэж бодоод Ногооннуур сум руу буцаж гэрт ирсэн боловч толгой өвдөөд болохгүй байхаар сумын төлөөлөгч С.Жансерикт О.Бахытжанд зодуулсан гэж гомдол гаргасан ба Жансерик намайг зодсон О.Бахытжан бид хоёрыг аймагт дагуулж ирсэн. Тэр өдөр гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжилгээ томилж, шүүх эмч К.Хайратад үзүүлсэн. Дараа нь миний толгой өвдөөд болохгүй байхаар нэлээд хоног өнгөрсний дараа аймгийн нэгдсэн эмнэлэгт О.Бахытжаныг дагуулж ирээд компьютер томографт зураг авахуулсан. Аймгийн эмч нар миний толгойн компьютер томограф зургийг үзээд таны толгойн яс цөмөрч гэмтсэн байна, мөн нүдний яс, хамрын яс Хугарч гэмтсэн хагалгаа хийлгэх шаардлагатай юм байна. Бид энд хагалгаа хийж чадахгүй. Улаанбаатар хот руу яв гэж зөвлөгөө өгснөөр Улаанбаатар хотод 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр онгоцоор нисэж ирж 3 дугаар эмнэлэгт үзүүлж дахин компьютер зураг авахуулсан. 3 дугаар эмнэлгийн эмч компьютер томограф зургийг үзээд чиний гэмтэл хүнд юм байна, чи "Ачтан" эмнэлэгт очиж Нота эмчид үзүүлээрэй гэж зөвлөгөө өгч явуулснаар би "Ачтан" эмнэлэгт ирж Нота эмчид үзүүлэхэд бид энд эмчилгээ хийж, хагалгаа хийх боломжтой юм байна. Та хагалгаа хийлгэхээс өмнө энд хэвтэж эмчлүүлж шинжилгээ хийлгэ гэснээр би "Ачтан" эмнэлэгт нэлээд хэдэн төрлийн шинжилгээ, эмчилгээ хийлгэж олон хоног хэвтэн эмчлүүлж байгаад хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа мөн эмчилгээ хийлгэж 10 хоног хэвтсэн ба өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгээс гарч 15-ны өдрийн Өлгий рүү нисэх онгоцоор  аймагт  ирсэн. Миний бие "Ачтан" эмнэлэгт духны ясны цөмөрсөн хэсэгт хагалгаа хийлгэсэн ба миний нүдний яс, хамрын таславч хугарч гэмтсэн байна хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Нота эмч надад нүдний яс, хамрын таслаачийг эмчлэх хагалгаанд орно хамар чинь битүүрсэн байна гэсэн. Би наркозтой хагалгаанд орсон болохоор дахиж хагалгаанд орохоос татгалзаж дараа нь зун ирж хийлгье гэж явсан. ...О.Бахытжан намайг дугуй тайлах тусгай түлхүүрээр /дорцовоор/ хэдэн хэдэн удаа цохисон юм шиг байна. Миний толгойн гурван хэсгээр гэмтсэн гэмтэл байсан. Намайг анх цохих үед би ухаан алдсан болохоор яг хэдэн удаа цохисон болохыг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг / хх-ийн 14-17-р хуудас/
- Гэрч К.Нухын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би О.Бахытжаны гэрт машины тос солих шприц асуухаар очсон. О.Бахытжаныг дуудаж аваад шприц асуухаар байхгүй гэсэн. Тэгээд О.Бахытжаны машинтай бид хоёр хөдөлж О.Бахытжан нь замдаа Х.Ырысхулыг машиндаа суулгаж аваад бид гурав Азимхан гэх хүний гэрт очсон. Тухайн үед Ырысхул Азимханаас запас асуухаар очсон ба бид очиход Азимхан гэртээ байхгүй байсан тул О.Бахытжан, Х.Ырысхул бид гурав сумын төвд ороод ирсэн. Төвд ороод ирж дэлгүүрээс О.Бахытжан нь 1 шил "Ерөөл" нэртэй 0.35 л-ийн архи авсан. Тэгээд О.Бахытжаны хийсэн архийг бид гурав уугаад дууссаны дараа дахиж О.Бахытжанаас би 5000 төгрөг зээлж аваад нэг шил "Ерөөл" нэртэй 0.35 л-ийн архинаас нэгийг авсан. Миний авсан архийг дээшээ Ажу гээд хүний хашааны гадаа зогсож Х.Ырысхул Уызбекийг дуудаж аваад О.Бахытжаны машин дотор Х.Ырысхул, Уызбек бид дөрөв уусан. Миний авсан архийг дуусгачихаад доошоо гудамжинд явж байхад Мейрамханы хүүхэд нь Көкри гээд залуу тааралдаж тэрнээс Х.Ырысхул 10000 төгрөг аваад дэлгүүрт ирж Х.Ырысхул нэг шил 0.5 л-ийн "Улаанбаатар" нэртэй архи авч дахиж Ажугийн гэрийн хажууд нь очиж Х.Ырысхул Уызбекийг дуудуулсан. Тэгж байхад Уызбекийн эхнэр нь ирж Х.Ырысхулыг загнаж байхаар нь би машинаас буугаад гэр лүүгээ явчихсан. Би О.Бахытжаны машинтай явж байхад огт хэрүүл маргаан, зодоон болоогүй. Харин тэд нар намайг явсны дараа зодолдсон байж магадгүй" гэх мэдүүлэг / хх-ийн 18-19-р хуудас/
- Гэрч С.Хасымын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Тэр өдөр би дүүгийнхээ гэрт хүмүүст худын цай өгч байхад О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух гээд залуучууд О.Бахытжаны УАЗ-469 маркийн цагаан өнгийн машинтай манай байшингийн үүдэнд зогссон. Би гэрээс гарахад Х.Ырысхул машинаас бууж гадаа зогсож байсан ба Х.Ырысхулын хажууд нь манай бэр болох Ардагүл зогсож байсан. Би ойртож очиж Х.Ырысхулд та нар одоо яв гэрт хүмүүс байна та нар ичдэггүй юм уу гэж хэлэхээр машинаас О.Бахытжан бууж ирж намайг бөгс руу нэг удаа өшиглөж намайг хэл амаар доромжилхоор нь би байшин руу орчихсон. Тэр үед О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух нар согтуу байсан. К.Нух гайгүй эрүүл байсан ба О.Бахытжан, Х.Ырысхул нар нилээн согтуу байсан"  гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
- Гэрч М.Тилеужаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сумын төвийн гудамжинд би машинтай зогсож байхад О.Бахытжаны УАЗ-469 маркийн цагаан өнгийн машинтай О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух нар ирж миний хажууд зогсож уг машинаас Х.Ырысхул бууж ирж надтай уулзаж машин янзлах ком түлхүүр асуусан. Надад машин янзлах ком түлхүүр байдаг ба би тэрнийг гэрт очиж авч Х.Ырысхулд өгсөн. О.Бахытжан, К.Нух нартай би огт уулзаагүй, тэд нар О.Бахытжаны машинд нь сууж байсан ба машинаас буугаагүй. Харин Х.Ырысхул надтай ирж уулзаж машин янзлах ком түлхүүрийг авахад эрүүл байсан юм шиг байсан. Би тэд нарт нэг их ач холбогдол өгч уулзаж ярилцаагүй ба тэгээд тэд нар яваад өгсөн. Манай гэрт очоод машин янзлах ком түлхүүрийг авсаны дараа Х.Ырысхул надаас 10000 /арван мянган/ төгрөг зээлж аваад явсан. Уг машиныг О.Бахытжан жолоодож явж байсан ба урьд талын суудалд нь К.Нух, хойд талд нь Х.Ырысхул сууж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
- Гэрч С.Уызбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тэр өдөр би цай өгч байхад О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух гэдэг залуучууд О.Бахытжаны УАЗ-469 маркийн цагаан саарал өнгийн машинтай манай ах С.Хасымын байшингийн үүдэнд зогссон. Тэгээд О.Бахытжан, Х.Ырысхул нар намайг ах С.Хасымын гэрт байхад дуудуулсан. Би гэрээс гараад тэд нартай очиж уулзахад О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух нар согтуу байсан. Би тэд нараас юу хийгээд яваад байгаа юм бэ гэж асуухад ганц юм байна уу гэж хэлэхээр одоо би завгүй байна худ нар явсны дараа хүрээд ирээрэй гэж хэлээд буцаад гэр рүү орчихсон. Гэртээ ороод байж байхад О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух нар манай ахын гэрийн үүдний өрөөнд /амбаарт/ ороод суучихлаа гэж гэрт байсан хүүхдүүд хэлсэн. Тэгж байхад манай эхнэр Ардагүл үүдний өрөөнд байсан О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух нарыг загнаж та нар одоо яв гэж гэрээс хөөгөөд гаргасан. Би худ нартай хамт сууж байхад миний Махсат гэх төрсөн ахын 5 настай хүүхэд нь болох Танат гүйж орж ирж "ахыг зодчихлоо" гэж хэлэхээр би гэрээс гарч ирэхэд нөгөө О.Бахытжаны машинд О.Бахытжан, Х.Ырысхул нар бие бие цохиж зодолдож байсан. О.Бахытжан машинд сууж байгаад Х.Ырысхул машины гадна талд зогсож зодолдож байсан. Тэд нарын хажууд нь манай эхнэр Ардагүл уйлаад зогсож байсан. Би эхнэрээсээ юу болсон талаар асуухад " О.Бахытжан, Х.Ырысхул нар зодолдож байна, би эд нарыг салгах гэсэн боловч миний хүч хүрэхгүй байна" гэж хэлсэн. Би О.Бахытжан, Х.Ырысхул нарыг салгаж авах гэж нэлээд ноцолдсон боловч миний хүч хүрээгүй. Тэгээд би эхнэр Ардагүлийг дагуулаад гэрт орчихсон. Бид ах С.Хасымын гэрт худ нарт цай өгч байсан тул тэд нарт буцаж гадаа гарах зав байсангүй. Худ нар хоол ундаа идчихээд гадаа гарч байхад нөгөө УАЗ-469 машин хашааны гаднаас асааж хөдлөөд яваад өгсөн. Би О.Бахытжан, Х.Ырысхул нар явчихсан гэж бодсон. Тэгээд бид дараагийн айлд худ цай уухаар очсон. Тэнд Х.Ырысхул байсан. Би Х.Ырысхулыг дагуулж аваад гадна талын гэрэлд авч ирж харахад Х.Ырысхулын толгой,  нүүрэн тус газарууд нь бүхэлдээ цус болчихсон байсан. Тэр үед Х.Ырысхул толгойдоо ямар гэмтэл авсан байсан болохыг анзаарч хараагүй. Ямар ч байсан толгой нүүр нь нэлээд цус болчихсон байсан. Би Х.Ырысхулын нүүр гарыг нь угаалгаад байж байхад Х.Ырысхулын ах нь болох Х.Танжарых ирж дагуулаад аваад явсан. Бид Х.Ырысхулын толгойн яс зодуулснаас болж цөмөрч гэмтсэн, О.Бахытжан зодох үед төмрөөр цохиж авсан байна гэж сүүлд сонссон. Х.Ырысхулын Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан гэж сонссон. Тухайн үед К.Нух гайгүй эрүүл байсан ба О.Бахытжан, Х.Ырысхул нар нилээн согтуу байсан. О.Бахытжан, Х.Ырысхул нар багаасаа хамт өссөн залуучууд ба тэд нарын хооронд ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. О.Бахытжан, Х.Ырысхул нарын зан байдлын талаар сайн мэдэхгүй. Х.Ырысхулд илүү, дутуу гэх зан байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
- Гэрч Х.Ардагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бид С.Хасымын гэрт худ цай өгч байхад О.Бахытжан, миний дүү болох Х.Ырысхул, К.Нух гэгч залуучууд О.Бахытжаны УАЗ-469 маркийн цагаан сараал өнгийн машинтай манай хадам ах С.Хасымын байшингийн үүдэнд зогссон. Бид гэрт хумүүсд худ цай өгч байхад О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух нар манай хадам ах С.Хасымын үүдний өрөөнд /амбаарт/ ороод ирсэн. Би үүдний өрөөнд гараад О.Бахытжан, Х.Ырысхул, К.Нух нарыг загнаж та нар одоо яв гэж гэрээс хөөгөөд гаргаад буцаад гэрт орчихсон. Тэр үед К.Нух миний дүү болох Х.Ырысхулд танай эгч чинь яах гээд байна, чи энэ айлд орохгүй бол хэн орох юм вэ гэж хэлж гарч явж байхдаа хэлж байсан. Хэсэг хугацааны дараа би гэрээс гараад ирэхэд хадам ах С.Хасым Х.Ырысхулыг машинд суулгах гэж байсныг харсан. Х.Ырысхул нар С.Хасымд дийлдэхгүй, үгэнд орохгүй байсан болохоор С.Хасым тэднийг орхиод гэрт орчихсон. Би ч О.Бахытжан болон дүү Х.Ырысхулыг салгах гэж оролдсон ба миний хүч хүрээгүй. Тэгж байж байхад гэрээс миний нөхөр болох С.Уызбек гараад ирсэн. С.Уызбек мөн О.Бахытжан, Х.Ырысхул нарыг салгах гэсэн боловч тэд нар хүч өгөхгүй зодолдоод л байсан. Тэд бид нарын үгэнд орохгүй байсан болохоор Уызбек намайг дагуулаад гэрт орчихсон. Худ нар хоол ундаа идчихээд гадаа гарч байхад нөгөө УАЗ-469 машин хашааны гаднаас асаж хөдлөөд явчихсан. Би тэр үед машины кабин дотор талд төмөр түлхүүрийн дуу төмөрт цохигдсон дуу чимээ гарсан болохыг сонссон. Хашааны гадна талд байсан машины дэргэд нэг хүн унаж үлдсэн болохыг холоос 50 метр зайтай газраас харанхуйд анзаарч харсан ба согтуу зодолдсон хүмүүс согтуу байдлаас болж нэг нь ухаанаа алдаж унасан гэж бодоод хажууд нь явж очоогүй гэрт буцаад орсон. Хашааны гадаа байсан машин хөдлөөд явах үед унасан гэх залуу миний төрсөн дүү Х.Ырысхул болохыг, толгойдоо төмрөөр цохиулж ухаан алдаж унасан болохыг төрсөн дүү Х.Танжарыхаас сонссож мэдсэн. Х.Танжарых С.Хасымын гэрийн гадаа ирж Х.Ырысхулыг юугаар цохисон болохыг газар дээр нь үзэхээр ирсэн гэж надад хэлсэн. Тэр Х.Ырысхулыг гэрт аваачсан, нүүр ам нь нэлээд цус болчихсон байна гэж хэлсэн. Зодоон болох үед тэд бие биенээ нэг нь машинд суугаад нөгөөдөх нь машины гадна талд зогсож байгаад гараар цохиж байсан. Тэр үед гадаа харанхуй байсан болохоор биеийн аль хэсэгт цохиж байсан болохыг сайн анзаарч хараагүй. Х.Ырысхулын толгойн яс цөмөрч гэмтэл авч Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Х.Ырысхулыг О.Бахытжан машины түлхүүрээр /төмрөөр/ цохиж авсан байна. Тэр үед бие дэргэд нь байгаагүй болохоор нүдээрээ хараагүй. Төмрийн дуу чимээ машин дотор сонсогдож байсан. Х.Ырысхулыг О.Бахытжан төмрөөр цохиж авна гэж бодоогүй" гэх мэдүүлэг / хх-ийн 29-30-р хуудас/
- Гэрч О.Хурметийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний бие Ногооннуур сумын 7 дугаар багийн засаг даргаар 12 жил ажиллаж байсан. О.Бахытжан манай багийн иргэн болох ба түүнийг сайн танина. О.Бахытжан зан байдлын хувьд даруухан, тамхи татдаггүй, урьд өмнө хэрэг зөрчилд орж байгаагүй. О.Бахытжан ард иргэдтэй харилцах харьцаа сайн, хөдөлмөрч залуу юм. Хадлан  хадаж бусдад өвсөө зарж орлого олдог байсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй ба Ногооннуур сумын бүрэн дунд сургуульд суралцаж төгсөж байсан. Мэргэжилгүй, аав ээж дүү нарын хамт амьдардаг. Ар гэр, ахуйн амьдрал нь дунд зэрэг болно" гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
- Гэрч Б.Ерболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...О.Бахытжан манай багийн иргэн болох ба бид хоёр 11 жил бүрэн дунд сургуульд хамт сурч байсан болохоор түүнийг сайн танина. О.Бахытжан зан байдлын хувьд даруухан, сайн харилцаатай залуу юм. Сургуульд сурч байхад хэрэг зөрчилд орж байгаагүй. Дунд зэргийн сурлагатай сурагч байсан. Тамхи татдаггүй, хаяа архи уучихдаг залуу юм. О.Бахытжан тодорхой эрхэлсэн ажилгүй. Хувиараа хөдөлмөр эрхэлж, өвс хадлан хадаж зарж борлуулж орлого олж явдаг хөдөлмөрч залуу юм. Одоо Ногооннуур сумын 7 дугаар багт аав, ээж, дүү нарын хамт амьдарч байгаа. Ар гэр, ахуйн амьдрал нь дунд зэрэг амьдралтай юм" гэх мэдүүлэг / хх-ийн 33-р хуудас/
- Гэрч М.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Х.Ырысхул нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр гавал духны цөмөрсөн хугарал, хатуу хальсан дээр цус хураа оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. ...2016  оны 12 дугаар сарын 01-нд  тархины мэс заслын хагалгаанд орж хагалгаа хийгдсэн. Мөн эмийн эмчилгээг хавсран   хийлгэсэн. Цаашид харъяа орон нутгийн мэдрэлийн эмчийн  хяналтанд үзүүлж байх, мэс заслын эмчийн хяналтанд боолтыг үргэлжлүүлэх шаардлагатай" гэх мэдүүлэг / хх-ийн 36-37-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 526 дугаартай дүгнэлтэнд: “... 
1. Иргэн Ырысхулийн биед дух ясны гол хэсэгт цөмөрсөн хугаралттай, хугаралтын харалдаа зүүн бөмбөлөгт дух хэсэгт субдураль цусан хуралттай, хугарлын шугам доош баруун доош баруун духны хөндийн ар хамруу шугаман үргэлжилсэн, баруун хоншоорын хөндийн өмнөд хананд хамар ясны баруун уг хэсэг, баруун нүдний ухархайн дотор хананд жижиг цөмөрсөн хугралуудтай, хамар ясны 2 хажуу хэсэгт сэтэрсэн хугаралттай, гол бүрдэл хазайлтгүй, ховдлууд хэлбэр хэмжээ хэвийн зүүн талын бөмбөлөгийн духны хэсэг нь тархины эдэд бага зэргийн няцаралттай, хамар баруун хацар духны зөөлөн эдийн хавдартай, хавантай, тархины доргилт, духны ташуу 1 ширхэг оёдолтой шархтай, 2 нүдний салстад цус харвасан, хамар ба баруун ба зүүн нүдэнд хавдартай, цус хуралттай, хамрын нуруунд хөндлөн шархтай, баруун нүдний доод зовхинд 2 ширхэг оёдолтой шархтай, баруун хацарт шархтай, зулайнд баруун талд шархтай, зүүн чихэнд шархтай зэрэг гэмтэлтэй байна.
2. Дээрхи гэмтэл нь нэмэлт шинжилгээгээр №504 тоот дүгнэлтэнд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж дээрх тогтоогдсон гэмтлүүд нь амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах хүнд зэрэгт хамаарах болно. 
3. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөх эсэхийг гэмтлийн хор уршиг үлдэц зэргээс хамаарч дахиж тогтоох болно.
4. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл болно.
5. Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн СД-ийн зураг, КТГ-ийн зураг, Улаанбаатар хотын КТГ-ийн зөвлөх эмчийн тодорхойлолтыг хавсаргав” /хх-ийн 43-44-р хуудас/
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7-р хуудас/
- Машины дугуй тайлах дорцовт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцон, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримт /хх-ийн 98-101-р хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. 
Шүүгдэгч О.Бахытжан, хохирогч Х.Ырысхул нар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас харилцан зодолдож, улмаар О.Бахытжан нь хохирогч Х.Ырысхулын дух болон хамран тус газар нь машины дугуй тайлах дорцовоор цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч О.Бахытжаны өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 526 дугаартай дүгнэлт, гэрч К.Нух, С.Хасым, С.Уызбек, Х.Ардагүл нарын мэдүүлэг, эд мөрийн баримт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эдгээр үндэслэл болгож буй баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тогтоогдсон, нэг нь нөгөөгөө батлан нотолж байх тул  үнэн зөв гэж шүүх үзсэн болно. 
Иймд шүүгдэгч О.Бахытжаныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэн хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 
Хохирогчийн мөрдөн байцаатад өгсөн мэдүүлгийг үндэслэн энэ тогтоолоор шийдвэрлэх хохирол, төлбөр байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Харин уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хохирогч нь хойшид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. 
Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ. 
Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /ЭХ-55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /ЭХ-55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон тус тус харгалзан үзэв. 
Шүүгдэгч О.Бахытжан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлж байгаа зэрэг хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлэн хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 
Мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад харилцан зодоон хийсэн байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв. 
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан дугуй тайлах дорцовийг устгаж, харин хохирогчийн комьпютор томографын зураг 4ш, CD бичлэг 2ш зэргийг хохирогч Х.Ырысхулд буцаан олгож, шүүгдэгч О.Бахытжаны иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн 1 үхэр, 2 хонь, 5 ямаа, 5 сэрх, 5193 БӨТ улсын дугаартай УАЗ31519 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч О.Бахытжанд хилийн хориг тогтоохоор Прокурорын газраас албан бичиг /хх-ийн 173-р хуудас/ холбогдох газар нь хүргүүлсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт материал авагдаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй юм.
 Шүүгдэгч О.Бахытжанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих нь зүйтэй байна. 
Эрүүгийн бай  цаан шийтгэх хуулийн 283, 285, 286, 288, 290, 293, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                              
ТОГТООХ нь: 
1. Жадик овогтой Оралбекийн Бахытжаныг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бахытжаныг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бахытжанд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч О.Бахытжан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч О.Бахытжан нь уг тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь хойшид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Бахытжанаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй тайлах дорцов 1 ширхгийг устгаж, компьютер томографын 4 ширхэг зураг, СД бичлэг 2 ширхэг зэргийг хохирогч Х.Ырысхулд буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмчлөлийн 1 үхэр, 2 хонь, 5 ямаа, 5 сэрх, 5193 БӨТ улсын дугаартай УАЗ 31519 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч О.Бахытжаны иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

    
         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ
                   ШҮҮГЧИД                           А.ДАУРЕНБЕК
                                    С.БОЛОРТУЯА