| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0933/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/954 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/954
2024 8 28 2024/ШЦТ/954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408020****** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Баянхошуу тойргийн постны цонхнуудыг чулуу шидэж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 595.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Баянхошуу тойргийн постны цонхнуудыг чулуу шидэж хагалан хууль бусаар гэмтээсний улмаас 595.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
3. Хохирогч хууль ёсны төлөөлөгч Д.Э: “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай хэлтсийн замын цагдаагийн Баянхошуу тойргийн постны цонхнуудыг 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүрээр үл таних согтуу эрэгтэй хагалсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид олж тогтоож эрүүлжүүлсэн байсан, манай замын постны хувьд нийтдээ 6 цонхны шил хагарсан байсан, цонх шиллэх хүн үзэхэд 1 м.кв хэмжээтэй шил 1 ширхэг, 0.5 м.кв шил 5 ширхэг хэмжээтэй хагалсан байсан. Улмаар цонх хагалсан гэх залуу уучлалт гуйн шиллүүлж өгсөн, одоо манай хэлтсийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
4. Гэрч Ш.О: “...Би сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүрээр ажилдаа машинтайгаа нөхрийгөө ажилд нь хүргэж өгчихөөд буцаад явж байхад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны тойрог дээр байдаг Цагдаагийн постны цонхнуудыг танихгүй 40 орчим насны эрэгтэй чулуу шидээд хагалж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би хажуугаар нь машинтайгаа өнгөрч байсан учраас яг нарын харж чадаагүй, 40 орчим насны эрэгтэй байсан, царай төрхийг нь харж чадаагүй, дахин харвал танихгүй. Тухайн постны цонх хагалсан гэх залуу миний харсанаар ганцаараа байсан, өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
5. Гэрч С.А: “...Би 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ачит 113 чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлах Б.Л-н хамт үүрэг гүйцэтгэж байсан ба 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 04 цаг 57 минутад Баянхошууны тойргийн постны цонх хагалж байна гэх дуудлага мэдээлэл хүлээж авч 7 минутын дараа дуудлага дээр очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Н.Б гэх эрэгтэй уг постны хажууд байсан. Ямар учраас постны цонх хагалсан талаар асуухад “уучлаарай, би хагалсан” гэсэн тул дуулгат 120-д эрүүлжүүлж ажилласан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
6. "Тэргүүн үнэлгээ” ХХК-ны “хагарсан цонхыг 595.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ (хавтаст хэргийн 29 дэх тал),
7. Шүүгдэгч Н.Б: “...Би эд хөрөнгийн үнэлгээтэй уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Замын цагдаагийн постны хагалсан цонхнуудаа бүгдийг нь сольж янзалж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Баянхошуу тойргийн постны цонхнуудыг чулуу шидэж хагалсан асуудал нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар хагарсан цонхны хохирлыг 595.000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухай: Шүүгдэгч Н.Б нь өөрийн хагалсан цонхоо шиллүүлж гэмтэлгүй болгосон буюу хохирлыг биет байдлаар төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь цаашид гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Б хохирогчид төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Б нь: “...зөвшөөрч байна, саналгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ