Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/02465

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 11 сарын 02 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02465                       Улаанбаатар хот

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ххххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх хороолол, ххххх хотхон, хххх байр, хххх тоотод оршин суух, Ц овогт Б.З /РД:000000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххх дүүрэг, хххх дугаар хороо, хххххх байр, хххх тоотод оршин суух, Т овогт Т.А /РД:00000000/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.З миний бие 2009 онд Т.А тэй танилцаж 2013 оноос хамтран амьдарсан. Бид гэрлэлтийн №0195388 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү А.Э 2013 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн. 2017 оноос бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай байснаас 2017 оны 10 сараас миний бие хүүгээ авч тусдаа амьдрах болсон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Т.А тэй хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид авч гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй, зан харилцааны хувьд таарч тохирохгүй байгаа. 2017 оны 10 сараас тусдаа амьдарч байна. Бидний хооронд маргаан байхгүй, бид шийдчихсэн. Тиймээс эвлэрлүүлэх хугацаа авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Мөн хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, аав нь хүүдээ туслаж дэмждэг. Т.А данс нээчихсэн сар бүр мөнгө хийж байгаа. Хүүгийнхээ өдөр өнжүүлэхийн төлбөрийг төлдөг, хүүтэйгээ ойр ойрхон уулздаг. Хүүхэдтэйгээ уулзах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан заах шаардлагагүй гэв.

 

Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.А миний бие Б.Зтай 2009 онд танилцаж, 2013 оноос хамтран амьдарсан. Бид 2013 оноос гэрлэлтээ батлуулж №00000 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү А.Э 0000 оны 00 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Бид зан харилцааны болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай байснаас 2017 оны 10 сараас тусдаа амьдарч эхэлсэн. Цаашид би Б.З тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хүү болох А.Эд миний бие сар болгон 250 000 төгрөг өгдөг. Цаашид тэтгэмж тогтоолгохгүй хувиараа өгөх хүсэлттэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бид хүүгээ төрснөөс хойш 2014 оноос гурвуулаа тусдаа гарч амьдарсан. Гэвч 2017 оноос зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж 11 дүгээр сараас тус тусдаа амьдрах болсон. Өнгөрсөн хугацаанд нийлэх гэсэн боловч болоогүй, тиймээс эвлэрэх хугацаа авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй, хүссэн үедээ уулзаж байдаг болохоор шийдвэрт энэ талаар тусгуулах шаардлагагүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоохгүйгээр өөрийн нэр дээр данс нээгээд сар бүр мөнгө хийж байгаа юм гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Т.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.З, Т.А нар нь 2009 онд танилцаж, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү А.Э төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 000000 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 000 дугаарт бүртгэгдсэн Алтангэрэлийн Энхжингийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-6-р хуудас/

Нэхэмжлэгч Б.З нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №253 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 10-р хуудас/

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэн аль нь эвлэрэн амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж заасан, хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн тул 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү А.Э-г эх Б.З-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заажээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Т.А-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.З-д тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц овогт Б.З, Т овогт Т.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Т овогт А.Э-г эх Б.З-гийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Т.Ад, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.З-д тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН