Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2021/02440

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр                 Дугаар 183/ШШ2021/02440                Улаанбаатар хот

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: хххх дүүрэг, ххх дугаар хороо, ххххх хороолол, ххх дугаар байр, ххх тоотод оршин суух, В овогт Д.С  /РД:0000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххх дүүрэг, хххх дугаар хороо, өөрийн байранд байрлах Х дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.С миний бие 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн тасагт Биеийн тамирын арга зүйчээр хөдөлмөрийн гэрээг байгуулж тасралтгүй 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие цар тахал гарсантай холбоотойгоор төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/14 тоот тушаалаар 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн шуурхай штабын ар хангалт хариуцсан гишүүнээр ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төвийн үүдэнд гаднаас орж ирж байгаа хүмүүсийн халуун үз гэсэн болно. Үүнд миний бие дараах хариултыг өгсөн. Үүнд:

1.Би эмч, сувилагч биш тул үйлчлүүлэхээр орж ирж байгаа иргэдийг эрэмбэлэн ангилж чадахгүй иргэдийг хохироох, эмнэлэгт ковид алдах эрсдэлтэй.

2.0-12 насны 3 хүүхэдтэй тул ковидтой хавьтал болсон үедээ хүүхдүүдээ орхиод тусгаарлагдах боломжгүй гэдгээ хэлж өөр хийх ажил байвал хийе гэж хэлж өргөдөл өгсөн.

3.Эрүүл мэндийн штабт миний хүлээсэн үүрэг халуун үзэх биш бөгөөд Эрүүл мэндийн шуурхай штабын ар хангалт хариуцан ажиллаж байхад өөр ажил хийлгэх гэлээ, хариуцсан чиг үүргийн дагуу ажил өгнө үү.

4.Тэгээд миний бие байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга учир энэ цар тахалтай холбогдуулан гишүүдээс ирэх гомдол их байгаа учир энэ ажлаа давхар хийх гэхээр үүдэнд зогсоход боломжгүй байна гэсэн хариуг өгсөн.

Учир нь Д.С миний бие Үйлдвэрчний эвлэлийн бүх /200 ажилтан/ гишүүдийн саналаар 2017 оноос хорооны тэргүүлэгч, 2018 онд хорооны даргаар сонгогдсон. Х Эрүүлмэндийн төвийн Үйлдвэрчний хороонд ковид-19 цар тахлын үед дайчлагдан ажиллаж байгаа эмч ажилтны хамгаалах хувцас, цалин мөнгө, илүү цаг, захиргаанаас гарч байгаа шийдвэрүүд цаг хугацаа хоцорч ирэх, дээрээс ирсэн тушаал шийдвэр ажилчдад танилцуулагдахгүй байх, санхүүгийн ил тод байдлыг хангах, захиргааны багийн зарим ажилчид Б.Л-ыг ёс зүй харьцаа хандлагаа анхаарах, ажилтны цалин мөнгө түүнтэй холбоотой шийдвэр гаргахдаа Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэж байх талаас ажилчдаас ирсэн санал, гомдлын дагуу тэргүүлэгчдийн хурал хийж тус асуудлыг холбогдох газарт уламжилсан. Үүнд:

1.ХУЭМТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЭМТ-ийн дарга Э.Бодьцэцэгт шаардлага хүргүүлсэн. /Албан бичгийн хариу ирүүлээгүй/,

2.2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЭМТ-ийн захиргаа, санхүүд шаардлага хүргүүлсэн. / Албан бичгийн хариу ирүүлээгүй/,

3.2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЭМТ-ийн захиргаанд мэдэгдэл хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ, ХУД-ийн Засаг даргад уламжилсан.

Үүнээс үүдээд надад удирдлагууд болон НЭМТ-ийн эрхлэгч Б.Л гэдэг хүнээс ажлын байрны дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Дээр тайлбар хэлсний төлөө тэр өдрөө 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Л дарга дуудаж штабын гишүүн байхаа больсон гэж хэлсэн. Үүнээс хойш намайг нэг хаалга-нэг иргэн арга хэмжээн дээр дайчлаагүй, Өлзийт постод дайчлаагүй, Штабын бичиг  цаас боловсруулах ажилд дайчлаагүй. ДОК-т тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлэх гэтэл энэ нөхцөл боломжоор хангаагүй. Миний бие 2021 онд нэг ч ажил таслаагүй, ажлын алдаа дутагдал гаргаагүй ажилласан. Надад захиргааны шийтгэл оногдуулаагүй, захиргаа болон ёс зүйн хурлаар ороогүй, арга хэмжээ аваагүй, сахилгын шийтгэл оногдуулаагүй, ажлаас халагдах мэдэгдэл өгөөгүй байж байгаад 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилдаа ирж нэг ч удаа ажлаа таслахгүй явж байсныг 3 давхарт ажилладаг, эмч ажилчдад мөн НЭМТ-ийн ахлах сувилагчийн цагийн бүртгэл болон  хийсэн ажлын тайлан, онлайнаар ажлаа хийсэн хийж байсан баримтаар гэрчилнэ. Тэгээд ч ажил олгогч ажил хийх нөхцөл боломжоор хангахгүй удаа дараалан хөдөлмөрлөх эрхэнд халдаад байсан тул 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үндсэн ажлаа хийх зорилгоор эрүүл мэндийн төвийн захиргаанд видео зөвлөмж хийх өрөө, компьютер гуйж өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЭМТ-ийн дарга Э.Б-т ажлаа хийх боломжоор хангаад өгөөч ээ гээд өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. Тэгсэн мөртлөө 2020 оны 02 дугаар сарын цалин ороход миний цалин ороогүй. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш миний цалин олгоогүй яагаад цалин олгохгүй байгаа талаар ЭМТ-ийн дарга, Хүний нөөцөөс асуухад ЭМ шуурхай штабын дарга, НЭМО дарга Б.Л ажил хийгээгүй цалинг чинь олгохгүй гэсэн өргөдөл өгсөн. Үүний дагуу олгоогүй гэсэн. Би халагдах тушаал гартал 1 сар цалингүй ажилласан. Б.Л нь үүдэнд халуун үзэх боломжгүй гэж хэлсний төлөө сарын турш шахаж дарамтлан, хүчээр сахилгын шийтгэл оногдуулж, халах тушаал хүргүүлж байгаа нь байж болшгүй асуудал гэж үзэж байна.

Миний бие өөрийнхөө төлөө биш гишүүдийнхээ төлөө ажилласныхаа төлөө өнөөдөр ажлаасаа халагдах тушаал авсандаа гомдолтой байна. Иймд Х Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан Нийгмийн эрүүл мэндийн тасагт Биеийн тамирын арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилогдож 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойших цалинг олгох, ажлаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалингийн олговорт ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Х Эрүүл мэндийн төвд Биеийн тамирын арга зүйчээр ажилд ороод нийгэм эрүүл мэндийн тасагт ажиллаж байгаад 2016 оноос эхлэн Х Эрүүлмэндийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн  хорооны тэргүүлэгчээр, 2018 оны 12 дугаар сард хорооны даргаар сонгогдон давхар ажил гүйцэтгэж байсан. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа дутагдал гаргаагүй. Х Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн  хорооны даргын албан тушаалыг хашаад ажилчдынхаа эрх, ашиг сонирхлыг хамгаалснаас болж ажлаас халагдах тушаал гарсан. Ажлын байрандаа алдаа дутагдал гаргаагүй гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хан-Уул дүүргийн Биеийн тамирын арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Намайг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна. Шуурхай штабын бүрэлдэхүүнд байсан, гэтэл штаб хуралдсан талаар мэдэгдээгүй бөгөөд Б.Л дарга өрөөндөө дуудсан болохоос ямар нэгэн хурал болоогүй, тухайн үед үүдэнд зогсоод халуун үз гэж хэлсэн болохоос биш халуун үзэхийг зохион байгуул гэж хэлээгүй. Зохион байгуул гэсэн бол зохион байгуулалтын ажлыг хийнэ. Өөрөө зогсоод халуун үз гэсэн болохоор бага насны хүүхдүүдтэй, бас байнга явж үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийх боломжгүй болчих юм байна гэдгээ л хэлсэн, өргөдөл дээрээ ч энэ талаар дурдсан. Өөр ямар ч ажил байсан, эсхүл өмнө хийж байсан бичиг хэргийн ажлаа хийе гэж хэлсэн болохоос ажиллахгүй гэж хэлээгүй юм. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа танхимаар явуулаагүй боловч цахимаар явуулж байсан, энэ талаар байгууллага ч мэдэж байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч шаардлагаа тодруулсан, ажилдаа үндэслэлгүй халагдсан учраас эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн. хххх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Б/53 дугаар тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсгийг дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг нь хөдөлмөрийн гэрээний 5.2.2.3-т зааснаар тодорхойлжээ. Тус 5.2.2.3-т зааснаар  ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ хэсэгчлэн биелүүлээгүй, ёс зүйн зөрчил 2-3 удаа гаргасан байхыг ойлгоно. Энэ нь ажлын байранд заасан үйл ажиллагааг явуулаагүй гэж байна. Гэтэл биеийн тамирын арга зүйчээр ажиллах боломжгүй байсан гэдгийг гэрч ч хариуцагчийн төлөөлөгч хэлж байна, мөн ажлын байр нь шуурхай штабын ажил байсан гэж тайлбарлаж байна. Ажил үүрэгтэй нь холбогдуулан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй гэжээ. Энэ журмыг гаргахдаа эрхэлж байгаа үйл ажиллагаа гэдэг нь үндсэн зарчмын асуудал. Шуурхай штабын ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах журам гарах ёстой. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-т заасныг дурдсан байна. Гэрээний талууд харилцан хүлээх үүрэгт ажлын байрны тодорхойлолтод заагаагүй боловч мэргэжлийн дагуу зайлшгүй шаардлагатай хийх ажлыг түр шилжүүлэн ажиллуулах зохицуулалт бий. Хуулийн үндсэн ойлголтоор бол энэ ажил үүргийг хийнэ гээд гэрээгээ үүрэг хүлээсэн бол тус ажил үүрэгтэй холбогдуулан шаардлага тавих ёстой. Энэ бол гэрээнд заасан нөхцөл. Онцгой нөхцөлд журам гарах ёстой. Биеийн тамирын арга зүйчийн албан тушаалыг хаасан бол өөр ажил хийх ёстой тухайн ажлыг хийгээгүй бол ажил тасалсан гэж үзнэ гэх журам гарах ёстой. Улсын дээд шүүхийн тайлбараар ноцтой зөрчил гэдгийг тайлбарласан. Хуульд 0-12 настай хүүхдийн эцэг эхийг ажиллуулахгүй байх Нийслэлийн Засаг даргын А/25 тушаал гарсан. Энэ журамд эмч орохгүй гэсэн хууль байхгүй. Ийм нөхцөл байдал байхад үүдэнд зогсохгүй байна гээд ажлаас халсан нь үндэслэлгүй. Ажиллахгүй гэж өргөдөл өгөөгүй, зөвхөн хүүхэдтэй учир өөр ажил л хийе гэсэн. Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуульд зааснаар үндсэн ажлаас чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний сонгуульт ажилтан гэж орон тооны ажлын байр байна. Гэтэл Х Эрүүлмэндийн төв орон тооны ажлын байр гаргаагүй нь ажил олгогчтой шууд холбоотой. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан үйлдвэрчний эвлэлийн эрхийн үйл ажиллагааг хаахгүй байх хаалт юм. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Д.Сгийн ажлын байраар хангаад өгөөч ээ гаргасан өргөдөл байна. Миний ойлгож буйгаар нөхцөл байдалтай холбоотой ажлын байранд өөрчлөлт ороод ажлын байр байхгүй болоод үндсэн ажлаа хийж гүйцэтгэе өрөө тасалгааг минь зохицуулаад өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Энэ бол ажлын байран дээрх хариуцлагын асуудал. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтэд үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Д.С-гийн хувьд сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл буруу, ноцтой зөрчил гаргаагүй, танхимаар ажиллах боломжгүй байхад ажлаа хийж гүйцэтгээгүй гэдэг нь үндэслэлгүй. Ажлаа хийж байсан гэдгийг нотлох баримтыг өгсөн, хариуцагч үгүйсгээгүй. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо дараалсан арга хэмжээг авахгүй шууд ажлаас халсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.С нь Х Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тасагт 2007 оноос Биеийн тамирын арга зүйчээр ажиллаж байсан. Ковид цар тахалтай холбоотой нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч ажилласан. Ажлын ачаалал ихтэй ажилласан бөгөөд одоо ч буураагүй байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор батлагдсан. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Эмнэлгийн хувьд урьдчилан сэргийлэх ажилтай холбоотой шуурхай арга хэмжээ авах үүрэг даалгаврууд өгсөн. Үүний дагуу дүүргийн Онцгой комисс байгуулагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв шуурхай штаб байгуулж ажилласан. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Х Эрүүлмэндийн төвийн даргын А/102 дугаар тушаалаар эмнэлгийн шуурхай штабын дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, бүрэлдэхүүнийг өөрчилж, журам баталсан. Журмаар гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн штаб байгуулж штабын даргаар н.Л-ыг томилж, штабд ажиллах 14 гишүүний  нэрийг баталсан. Д.С нь гишүүнээр томилогдсон. Ковид-19 халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор тушаал баталж, төлөвлөгөө баталж дотооддоо Ковид-19 халдвар халдаахгүй байх эмнэлгийн байгууллага, эмч ажилчдаа хамгаалах арга хэмжээг авч эхэлсэн. Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн шуурхай штаб 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж хурлаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Х Эрүүл мэндийн төвийн хаалгаар орох үүдэн хэсэгт ажиллах ажилчдыг зохион байгуулах шаардлага бий болсон. Тус шаардлагын хүрээнд ажилчдыг зохион байгуулж ажиллах үүргийг Д.С-д өгсөн байдаг. Штабын хурлаар хэлэлцэн өгсөн үүргийг хүлээлгэхэд Д.С-ийн зүгээс бага насны хүүхэдтэй, үндсэн Үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийх шаардлагатай байна, Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллах шаардлагатай байгаа тул ажиллаж чадахгүй талаарх хүсэлтээ өгсөн. Энэ байдлыг харгалзаж үзээд тус зохион байгуулах үүргийг биелүүлээгүй, өөрөө татгалзсан, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрх үндэслэлүүдээр үндэслэлтэйгээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтай нь холбогдуулж ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Ийм асуудал байгаагүй. Нэхэмжлэгч үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийх хүсэлтээ гаргасан боловч тус хүсэлттэй нь холбоотой асуудлыг шийдвэрлээгүй. Тухайн үед нөхцөл байдал маш хүнд байсан, хүүхэдтэй, жирэмсэн, эрэгтэй, эмэгтэй бүхий л хүмүүс ажиллаж байсан. Үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтай нь холбогдуулж ажлаас халаагүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн хувьд субъектив хандаж байна. Үйлдвэрчний эвлэлд хэтэрхий анхаарал өгч байгаа нь хүсэлтээс нь харагдана. Шүүхэд гаргаж буй тайлбартаа Үйлдвэрчний эвлэлийн даргын албан тушаалтай холбогдуулж тушаал гаргасан гэж байна. Гэрчийн мэдүүлгээр бидний зүгээс гаргаж буй тайлбараар үйлдвэрчний эвлэлийн ажилтай холбогдуулж ажлаас халаагүй гэдгээ тодорхой хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой болохоос би үйлдвэрчний эвлэлийн дарга учраас үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийнэ гэдэг шаардлага тавьж болохгүй. Үйлдвэрчний эвлэлийн дарга бол ажил олгогчоо бодох ёстой. Тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг баримталсан, ноцтой зөрчил гаргасан гэсэн. Сахилгын шийтгэлийг шат дараалсан арга хэмжээ авах зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж ажилтан, ажил олгогч хоёр тохиролцсон ноцтой зөрчлийг ажилтан гаргасан, уг нөхцөл тогтоогдсон бол ажилтныг шууд халах хууль зүйн зохицуулалт бий. Өөр ажлын байранд шилжүүлсэн асуудал яриагүй. Зохион байгуулалт хийхдээ шуурхай штабаар тогтоож, үйл ажиллагаагаа зохицуулж байсан байна. Д.С-ийн хувьд биеийн тамирын арга зүйчийн ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй байсан тул удирдлагуудын зүгээс шуурхай багт ажиллаж байгаагийн хувьд нэгдүгээр давхарт халуун үзэж эрсдэлтэй хүмүүсийг илрүүлэх ажилтай холбоотой зохион байгуулж, оролцох үүрэг даалгавар өгсөн. Д.С-ийн зүгээс татгалзсан. Хүсэлтийн хувьд ажлаас халсан зүйл байхгүй, удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлэхээс татгалзсан гэдгийг нотолж байгаа. Д.С ажлын байранд заагдсан ажлаа хийгээгүй гэдгээ тайлбарлахдаа цахимаар хийх боломжтой байсан гэж байна. Цахимаар хийсэн гэдгээ нотолсон ямар ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Танхимаар хийх боломжгүй байгаа тул цахимаар хийе гээд төлөвлөгөө боловсруулаад удирдлагаараа батлуулаад ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байсан. Боломжтой байсан талаараа тайлбарладаг. Үйлдвэрчний эвлэлийн ажилтай нь холбогдуулж буй арга зүйчийн ажил үүргээ биелүүлээгүй, Ковидын үед удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх 2 нөхцөл нь хөдөлмөрийн гэрээний 5.2.2.3 а болон с хэсэгт заасан ноцтой зөрчил байна гэж үзэж ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Эндээс харахад тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Д.С ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж тайлбарладаг. Гэтэл  2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтэд ажлаа цахимаар хийх гэсэн юм аа, иймд шаардлагатай тоног төхөөрөмж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтийн хариуг өгөхдөө шууд ажлаас халагдсан гэж өгөөгүй, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг гаргасан. Энэ бүх нөхцөл байдлаас харахад Д.С хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын байран дээр ирдэггүй, удирдлагаас тухайн нөхцөл байдалтай холбоотой өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй тул эдгээр нөхцөл байдалд үндэслэж ажлаас халах тушаал гарсан. Тушаал хууль зүйн үндэслэлгүй гэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Х  дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд алдаа дутагдал гаргаагүй, ажлаа цахимаар хийж байхад ажил үүргээ биелүүлээгүй гэж, 6-13 насны бага насны хүүхэдтэй учраас үүдэнд халуун үзэх эрсдэлтэй гэснийг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дарамтлан ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй, ажиллахгүй гэдэг саналаа илэрхийлээгүй, харин ажлаа хийх боломжоор хангах талаар буюу өөр бусад ажил хийх талаар болон үйлдвэрчний эвлэлийн ажлаа хийх боломжгүй болох талаар мэдэгдсэн гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан, халуун хэмжилтэнд ажиллаж байгаа ажилчдыг зохион байгуулан ажиллах үүрэг өгсөн боловч шуурхай штабын гишүүн байж удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, ажиллахгүй гэдэг саналаа өөрөө гаргаж өгсөн тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан. 

Нийслэлийн Х дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/55 тоот “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, ажилтан Д.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.2.3 дахь зүйлийн с/ буюу Ковид 19 цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эмнэлгийн үүдэн хэсэгт халдвар тархах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халуун хэмжилтэнд ажиллаж байгаа ажилчдыг зохион байгуулан ажиллах үүрэг өгсөн боловч удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажиллахгүй гэдэг саналаа 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөдлөөр гаргаж өгсөн, мөн гэрээний 5.2.2.3 дахь зүйлийн а/буюу ажлын байрны тодорхойлолтод заасан биеийн тамирын арга зүйчийн ажил үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 20-оос хойш бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан зэргийг тус тус үндэслэн Д.С-г 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлажээ. /хэргийн 8-р хуудас/

Нэхэмжлэгч нь “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №Б/55 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд биеийн тамирын арга зүйчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, №00000 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7, 10-12-р хуудас/

Зохигч 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

            Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “ажлаас халах”, 43 дугаар зүйлийн 43.1-д “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж заасан байна.

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2.3.Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ноцтой зөрчил” гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд:

а/ Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргаж сахилгын шийтгэлийг 2 ба түүнээс дээш удаа хүлээсэн бол,

с/ Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан бол гэжээ.

 

Нэхэмжлэгч нь цар тахалын улмаас хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан биеийн тамирын арга зүйчийн ажлаа цахимаар хийж гүйцэтгэж байсан болохыг нотлоно гэж Биеийн тамирын арга зүйчийн 2021 оны 1-2 сард хийсэн ажлын тайлан, хийсэн ажлын үзүүлэн, ХУЭМТ-ийн цахим хаягаар цахимаар зөвлөгөө, мэдээлэл оруулж байсан мэдээлэл, жирэмсэн үед хийх дасгал хөдөлгөөний жор зэргийг ирүүлсэн бөгөөд ажиллах нөхцөл боломжоор хангах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч нь цар тахалын улмаас хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан биеийн тамирын арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны гол үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан талаар маргаагүй боловч цахимаар хийх талаар төлөвлөгөө боловсруулаад удирдлагаараа батлуулаад ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой байсан, гэтэл ажлаа хийж гүйцэтгээгүй болох нь түүний ажиллах нөхцөл комьютерээр хангаж өгнө үү гэсэн өргөдлөөр нотлогдоно гэж маргасан.

 Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан биеийн тамирын арга зүйчийн ажил үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос хойш бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэсэн боловч хэрэгт авагдсан НЭМ тасгийн ажилчдын ирцийн цагийн бүртгэлээр нэхэмжлэгч Д.С нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан, 2021 оны 02 сард 01, 17-ны өдөр ажилласан, бусад өдөр “и” гэж бүртгэгдсэн, 2021 оны 03 сарын ирцийн бүртгэлд 03 дугаар сарын 02-ноос 04-ний хүртэл ажилласан болох нь тогтоогдож байна. / хэргийн 78-83-р хуудас/

Нэхэмжлэгч нь “и” гэдгийг ирсэн гэж, хариуцагч нь “и” гэдэг нь ирээгүй гэдгийг бүртгэж байгаа гэж маргасан бөгөөд ирцийн бүртгэлд нэхэмжлэгчийн ирсэн, явсан цагийн бүртгэл хийгдээгүй байгаа боловч нэхэмжлэгч нь ХУД-ийн ЭМТөвийн захиргаанд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “...чийрэгжүүлэх стандарын өрөө, комьпютер ажиллах нөхцөл боломжоор хангаж өгнө үү” гэж, 2021 оны 03 дугаар сарын 04-нд “...заал талбайн үйл ажиллагаа нээсэн тул ажлын байраар хангаж өгнө үү” гэсэн өргөдлийг тус тус гаргаж байсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 28, 129-р хуудас/

Мөн Ковид 19 цар тахалтай холбоотойгоор Эрүүл мэндийн нэгдлийн биеийн тамирын арга зүйчийн ажлын байрны тодорхойлтод заасан ажлын байрны гол үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй, нэхэмжлэгч нь шуурхай штабт орон ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/14 тоот “Коронавирусын халдварын эрсдэлээс сэргийлэх үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохион байгуулах тухай” тушаалаар Коронавирусын халдвараас сэргийлэх үеийн шуурхай албаны ажиллах цагийн хуваарийн гуравдугаар хавсралтыг баталсан бөгөөд уг жагсаалтад нэхэмжлэгч Д.С цар тахалтай холбоотойгоор шуурхай албаны штабт ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 36,40-р хуудас/

Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/102 тоот “Штабын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах журам батлах тухай” тушаалаар штабын даргын ажлыг штабын дэд дарга Б.Лд шилжүүлж, нэгдүгээр хавсралтаар Эрүүл мэндийн албаны штабын бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд штабын бүрэлдэхүүний 14-д Д.С биеийн тамирын арга зүйч гэж дурдагджээ. /хэргийн 143-144-р хуудас/

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 тоот Нийслэлийн Х дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын “Коронавируст халдварын хяналт, сэргийлэлт бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай” тушаалаар шуурхай хариу арга хэмжээний багийн төлөвлөгөөний тодотголыг нэгдүгээр хавсралтаар баталж, авч хэрэгжүүлэх арга хэмжээ хариуцах албан тушаалтан, дэмжлэг үзүүлэх мэргэжилтэнийг нэр заан дурдсан байх бөгөөд эмнэлгийн ажилтнууд коронавирусын халдварын үед ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил, үүргийг хэвийн гүйцэтгэх боломжгүй байсан гэж гэрч Б.Л мэдүүлсэн бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй болно.

Иймд ажил олгогчоос цар тахалтай холбоотой журам батлагдсан, ажлын байрна тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй байхад биеийн тамирын арга зүйчийн ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн халуун хэмжилтэнд ажиллаж байгаа ажилчдыг зохион байгуулан ажиллах үүрэг өгсөн боловч уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь штабын шуурхай хурлын протокол, Д.С-ийн өөрийнх нь гаргасан өргөдлөөр нотлогдоно гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдаанд гэрч Б.Л “...ажилчдыг зохион байгуулах шаардлагатай үед халуун үзэх үүрэгтэйгээр ажиллах чиглэл өгсөн” гэж мэдүүлсэн.

Нэхэмжлэгч нь шуурхай штабын хурал болоогүй, ажилчдыг зохион байгуулах үүрэг өгөөгүй, намайг үүдэнд зогсоод халуун үз гэсэн миний хувьд нялх хүүхэдтэй, үйлдвэрчний эвлэлийн ажлыг үндсэн ажилтай хавсран хийдэг тул ажиллах боломжгүй, өөр ажил хийе гэж мэдэгдсэн гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Штабын шуурхай хурлын протколын тэмдэглэлээр “...1.Ковидын үед ХУЭМТ-ийн үүдэнд ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэх, 2.Эмч ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлөх ажлыг зохион байгуулах, 3.Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил, амралтын байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцсэн. Штабын дарга: Байгууллагын үүдээр эрсдэлтэй үйлчлүүлэгч орж ирэх эрсдэлтэй байдал үүссэн учраас үүдний хэсэгт хүч нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс бүтэн жил хүн үзээгүй бүтэн цалин авч байсан биеийн тамирын арга зүйч С-г нэмэлтээр ажиллуулах саналтай, захиргаа шуурхай штабаас чамайг ажиллуулах үүрэг өгч байна” гэжээ. /хэргийн 131-132-р хуудас/

Х Эрүүлмэндийн төвийн эмнэлгийн штабын ажиллах журмын 1.1-д “эмнэлгийн шуурхай штабын өдөр тутмын үйл ажиллагааг Эмнэлгийн албаны дарга, Штабын дарга болон штабын дэд дарга шаардлагатай тохиолдолд нэмэлтээр удирдлага зохион байгууллалтаар хангаж ажиллана”, 1.2-д “шуурхай штабын жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон албан хаагч нь тухайн өдрийн штабын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллана” гэж заасан байх бөгөөд штабын дарга Б.Л нь зохион байгуулалтаар хангаж ажиллахаар штабын гишүүн Д.С-д үүрэг өгсөн боловч 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/55 тоот “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд заасан үндэслэл болох “... халуун хэмжилтэд ажиллаж байгаа ажилчдыг зохион байгуулан ажиллах” үүрэг өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ХУЭМТ-ийн захиргаа, хүний нөөцөд 2021 оны 01 дүгээр сарын 20-нд “миний бие Д.С нь биеийн тамирын арга зүйч ҮЭхорооны даргаар ажилладаг. Гамшгийн штабын дарга Б.Л үүдэнд халуун үзэж ажиллаач ээ гэсэн саналыг хүлээн авах боломжгүй болно. Би 4-13 насны бага жижиг насны хүүхэдтэй тул үүд хамгийн их эрсдэлтэй бас ҮЭийн хорооны ажлаа хийх боломжгүй тул тус ажил дээр очих боломжгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч нь бага насны хүүхдүүдтэй болох нь 2013 оны 06 дугаар сарын 03-нд төрсөн охин Д.Г-д, 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.И, 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Д.Г нарын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06 тоот Х дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн тогтоол, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх бөгөөд  энэ талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн 9,  99-102-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ажиллахгүй гэсэн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн, эмнэлэгийн бүхий л газар эрсдэлтэй орчин байсан гэж тайлбарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдгийг нотлоно гэсэн боловч нэхэмжлэгчийн захиргаа, хүний нөөцөд гаргасан хүсэлт нь тус ажил дээр буюу үүдэнд халуун үзэх боломжгүй гэсэн байх бөгөөд удирдлагаас ажилчдыг зохион байгуулан ажиллах үүрэг өгөгдөөгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг үйлдвэрчний эвлэлийн ажилтай холбогдуулан дарамталж ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон гэж маргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйлдвэрчний эвлэлийн ажилтай нь холбогдуулан ажлаас чөлөөлөөгүй гэж мэтгэлцсэн.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулаагүй, ажлаас нь чөлөөгүй гэсэн боловч ажил олгогч буюу хариуцагч нь хуулийн энэ шаардлагыг биелүүлээгүй, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан болох нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар ажлаас халсан бөгөөд хүсэлтийг өөрийнх нь зөвшөөрөл гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хамт олны 100 хувийн саналаар сонгогдсон байх бөгөөд хамт олных нь зөвшөөрөл авагдсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.С-г Х дүүргийн Эрүүл мэндийн төвийн биеийн тамирын арга зүйчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо түүний НДД№А00 тоот нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 855 696 төгрөг /1 290 172+838 325+438 592=2 567 089:3=855 696 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 7 сар, 13 хоногийн цалин нийт 6 495 507 төгрөгийг /855 696х7сар=5 989 872төгрөг, 855 696:22хоног=38 895 төгрөг, 38 895х13хоног=505 635төгрөг, 5 989 872+505 635=6 495 507төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. /хэргийн 7-р хуудас/

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

           Иймд хариуцагч Х дүүргийн Эрүүл мэндийн төвд нэхэмжлэгч Д.С-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

                                                                                                                    

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч В овогт Д.С-г Х дүүргийн Эрүүл мэндийн төвийн биеийн тамирын арга зүйчийн ажилд нь эгүүлэн тогтоосугай.

           2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Х дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Д.С-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 495 507 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.С-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгасугай.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 118 878 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН