Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/962

 

 

 

    2024        08           30                                    2024/ШЦТ/962

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

 улсын яллагч А.Намдаг /томилолт/,

хохирогч Г.Б,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт М М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408025****** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 01 цаг 37 минутад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в байрны гадна зогсоолд байрлуулсан **-** УЕТ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн мөнгө, шармал нуухтай даваа толгойтой шар халтар манан хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Г.Б 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Машинд 1 сая төгрөг байсан гээд байгаа. Гэвч машинд 234,500 төгрөг байсан. Ингэж өндрөөр хэлсэнд нь гомдолтой байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед тээврийн хэрэгсэл дотор бэлэн 1 сая төгрөг, хөөрөг байсан. 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгууллагаас авсан 556,000 төгрөгийн баримт байгааг гаргаж өгсөн. Өмнөх өдөр нь 410,000 байна уу 470,000 төгрөг машинд байсан. Ингээд нийлээд 1 сая гаран болж байгаа. Энэ хохирлоос үүдэн би цагдаа дээр ажлын 2,3 өдөр дараалж мэдүүлэг өгсөн. Мөн шүүх хуралд оролцож байна. Ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Ажлын бүтээмжээс хамаараад цалин бодогддог. Энэ хэргээс болоод цаг хугацаа үр бүтээлгүй өнгөрч байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, баримтаар хохирогчийн машинд нийтдээ 970,000 төгрөг байсан нь тогтоогдсон. Шүүгдэгч нь  шүүх хурал дээр хөөрөг гаргаж өгснийг хохирогч өөрийнх нь хөөрөг мөн болохыг таньж, хохиролд тооцож авахаар болсон тул төлөх хохирлоос хасаж, бэлэн мөнгөний хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх” тухай дүгнэлтийг,

 Хохирогч  нь “гэм буруу дээр хэлэх зүйлгүй, хохирлын хувьд, тогтоогдсон  970,000 төгрөг дээр үнэлгээ хийлгэхэд гарсан 40,000 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлттэй байна” гэж,

Шүүгдэгч М.М нь: “... би машинаас эд зүйл авсан үйлдэл дээрээ маргахгүй, харин энэ бэлэн мөнгөний асуудал дээр маргаад нэмэргүй юм байна гэж харж байна” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч М.М нь 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө 01 цаг 37 минутад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в байрны гадна зогсоолд байрлуулсан **-** УЕТ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэл дотроос бэлэн мөнгө 970,000 төгрөг, шармал нуухтай, даваа толгойтой шар халтар манан хөөрөг 1 ширхэг, даалингийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Б-т 1.670.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
  2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 

3. Хохирогч Г.Б: “…Би 2024 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрны урд талд байх зогсоол дээр өөрийн эзэмшлийн **-** УЕТ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд зогсоол дээр байршуулсан. Тухайн үед машины голын хайрцаг дээр бэлэн 1 сая төгрөг байсан бөгөөд урьд машин дотроос эд зүйл алдагдаж байгаагүй тул машин дотроо үлдээгээд гэр лүүгээ орсон. Маргааш өглөө 08 цагийн үед машин дээрээ ирсэн чинь машины жолоочийн эсрэг хойд талын цонх нь доош буусан байхаар нь доторх эд зүйлээ шалгасан чинь голын хайрцаг дотор байсан 1 сая төгрөг байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Тухайн үедээ сайн анзаараагүй. Гэхдээ машинаас буух үед бүх цонхнууд нь автоматаар хаагддаг, өчигдөр шөнө гэхдээ сайн анзаараагүй. Бэлэн мөнгө байсан гэх мөнгөний зарлагын баримт нь байгаа гаргаж өгнө. Машин дотор надаас өөр хүн байгаагүй. “...Бас миний тээврийн хэрэгсэл дотроос шармал нуухтай, даваа толгойтой шар халтар манан хөөрөг” алга болсон. Би тэр хөөргийн өөрийн машин дотор байрлах голын хайрцаган дотор хийсэн байсан. Алдсан эд зүйлийг 2021 оны 08 дугаар сард Мөнгөн завъяа худалдааны төвөөс шинээр нь 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо үнэлж мэдэхгүй байгаа тул зах зээлийн үнэ ханшаар үнэлнэ. ...Гэрийн ойролцоох хяналтын камерыг цагдаагийн алба хаагчийн хамт шалгахад 30 орчим насны эрэгтэй машин дотроос эд зүйлс хулгайлан авч байгаа дүрс бичлэгт бичигдсэн байсан. ...миний санаж байгаагаар 1 сая гаран төгрөг байсан, шууд хэдэн төгрөг байсныг хэлж мэдэхгүй. Би ямартай ч ажлын захирал Б гэх хүнээс 560.000 төгрөг, хамт ажилладаг Н гэх хүнээс хонины махны мөнгө 250.000 төгрөг авсан, би өөрөө хувиараа таксинд явдаг болохоор бэлэн 300.000 гаран төгрөг байсан. Ингээд өөрийн гэр лүүгээ орохдоо машины гол хайрцаганд дотор хийж үлдээчхээд орсон. Миний машин дотор байсан бэлэн мөнгийг манай эхнэр М харсан бөгөөд мэдэж байгаа. 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгууллагаас авсан 556,000 төгрөгийн баримт байгааг гаргаж өгсөн. Өмнөх өдөр нь 410,000 байна уу 470,000 төгрөг машинд байсан.Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 12 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Гэрч З.М: “...Би 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Б хамтаар айлуудаар хуримын урилга тарааж явсан. Ингээд машины голын хайрцаганд бэлэн мөнгө байсан ба замбараагүй байхаар нь гаргаж эмхэлсэн бөгөөд тоолоход бэлэн 410,000 төгрөг байсан. Мөн шар даалинтай, 1 ширхэг цагаан өнгөтэй хөөрөг байсан, тэр хөөрөгний загварын хэлж мэдэхгүй. Ингээд нөхөр Б бэлэн мөнгөний талаар асуухад ажлын хүнд хонь зарсан мөнгө, өмнөх өдөр таксинд яваад олсон мөнгө гэж хэлсэн. Манай нөхөр Б дүү нь 2024 оны 07 дугаар сард хуримаа хийсэн бөгөөд бид хоёр хурим дээр нь очиж 2.000.000 төгрөг өгөх гэж мөнгө хадгалж байсан ба ажлын бус цагаар Б мөнгө олох зорилгоор өөрийнхөө машинтай таксинд явж байсан. Нөхөр Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тэр шөнө надад мөнгөний талаар яриа өгүүлэл гаргаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)

 

5. Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “... шармал нуухтай даваа толгойтой шар халтар манан хөөрөг 700.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 29-31 дэх тал)

 

6. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 35-37 дахь тал)

 

7. Шүүгдэгч М.М:  “...2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 01 цагийн үед пс тоглоомын газраас гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21-р хорооллын автобусны буудлын ТҮЦ орж тамхи авахаар ганцаараа явж байхад 8в байрны гадна зүүн хойд талын цонх нь онгорхой ****-УЕТ улсын дугаартай, приус 41 маркийн автомашин байсан. Би хаалгийг нь онгойлгоод голын хайрцгийг нь ухсан чинь даалинтай хөөрөг, бэлэн мөнгө байсан. Би пс тоглоомын газарт өртэй байсан болохоор тухайн хөөрөг, бэлэн мөнгийг даалимбатай нь авч явсан. Даалимба нь шар өнгөтэй байсан. Хөөрөгний чулуу нь миний санаж байгаагаар саарал өнгөтэй байсан санагдаж байна. 20.000 төгрөгийг дэвсгэрт 6 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг байсан ба бусад нь задгай мөнгө нийлсэн 4.500 төгрөг байсан. Нийт 234.500 төгрөгийн бэлэн мөнгө би авч явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц, далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч нь тухайн үед шөнийн цагаар гэр лүүгээ харих гэж явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в байрны гадна зогсоолд байрлуулсан **-** УЕТ улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийн арын суудлын цонх онгорхой байгааг мэдэн хөл хөдөлгөөн багассан энэ үеийг ашиглан хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл рүү нэвтрэн орж бэлэн мөнгөн болон даалинтай хөөрөг зэрэг эд зүйлийг авч яван өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна.  

Шүүгдэгч М.М нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн, тэрээр хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа хохирогчийн эзгүйд эд зүйлийг авч өөрийн мэдэлд шилжүүлж авсан байдал нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Иймээс шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Тус хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-т бэлэн мөнгө /410,000+556,000/=970,000 төгрөг, мөн 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий  хөөрөг, даалингийн хамт алдагдаж, нийт 1,670,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогч Г.Б болон гэрч З.М мэдүүлэг, зарлагын баримт зэргээр нотлогдсон болно.(хавтаст хэргийн 10,12, 15-16, шүүх хуралдааны тэмдэглэл)

Улмаар шүүгдэгч М.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шармал нуухтай, даваа толгойтой шар халтар манан хөөрөг 1 ширхэг, даалингийн хамт гаргаж өгснийг хохирогч Г.Б нь өөрийнх эд зүйл гэдгийг таньж, хүлээн авах хүсэлтийг гаргасан тул  баримт үйлдэн  дээрх хөөрөг, даалинг хохирогчид хүлээлгэн өгсөн.

Иймд  үлдэх хохирол болох 970,000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал болох 40,000 төгрөг (хавтаст хэргийн 32 дахь тал), нийт 1.010.000 төгрөгийг шүүгдэгч М.М-с гаргуулж хохирогч Г.Б-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д хорих ял оногдуулахгүйгээр  1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч М.М нь “прокурорын дүгнэлтийг ойлголоо, эсрэг саналгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймд шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  улмаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, цаашид төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч М.М-ийн хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол  шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулахыг  түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт М-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ