Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/265

 

 

2024      06         11                                            2024/ШЦТ/265

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 2425001920322 хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “И” гурилын цехэд түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б ургийн овогт Дийн Б /РД:0000000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум ...................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Сг  “архи уулаа, ажлаа тасаллаа” гэж хэллээ гэж хэрүүл маргаан үүсгэж, орноос татаж унаган зүүн хөлөн дээр нь дэвсэлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд “...зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Д.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг

     эрүүгийн 2425001920322 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-8-р тал/

-хохирогч Б.Сгийн мэдүүлсэн:... 2024 оны 02 дугаар 02-ны өдөр өглөө 8 цагийн үед ажил эхэлсэн. Нөхөр тухайн өдөр түгээлт хийх байсан ч алга болчихсон гэрээс гараад явчихсан байсан. Би нөхөр руу өдөр гар утсаар залгах үед Б согтуу мэт яриад байсан учир би согтуу архи уусан байна гэж бодсон. Орой ажил 19 цагийн үед тараад би гэртээ хоолоо хийгээд манай том 2 хүүхэд өвөөгийнхөө гэр рүү явчихсан байсан, би 2 настай охинтойгоо 22 цагийн үед гэртээ  Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...................... тоотод байж байтал гаднаас Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би Бт “чи өнөөдөр ажил яагаад тасалж байгаа, цагаан сар болж байхад мөнгө хэрэгтэй байна” гэж  уурлахад “чи муу гичий янхан, чамд ямар хамаатай юм пизда минь” гээд орилоод намайг орон дээр сууж байтал намайг татаж унагаагаад миний зүүн хөлийн шилбэ хэсэгт 2 удаа хөлөөрөө дэвссэн, Миний шилбэний яс хугарсан юм шиг маш их өвдөж, яс нь үүрчихсэн юм шиг дуу гараад байсан. Би өвдөлтдөө болоод орилоод Б гэрээс гараад явсан. Удаагүй Г гаднаас орж ирээд түргэн тусламж дуудсан. Эмнэлэг дээр очоод рентгенд хөлөө харуултал миний шилбэ хугарчихсан байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хагалгаанд орсон. 2024 оны 04 дүгээр сарын 02-ын өглөө би Б барилгын ажилд явах байсан ажилдаа очоогүй байсан. Тухайн барилгын ажил олгох хүн нь над руу яриад ажилдаа ирээгүй гэж хэлсэн. Орой 21 цагийн үед гэртээ согтуу ирэхэд “чи яагаад архи уугаад байгаа юм, чи миний хөлийг хугалсан учир би ажил хийж чадахгүй байна, амьдрал хэцүү байна” гэж хэлтэл Б уурлаж намайг үсдэж, толгойн зүүн шанааны ар хэсэгт гараараа цохиод миний толгой доргисон. Би 2 хоног бариулсан. 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан юм. Тухайн өдрийн өглөө эрт Б гэрээс гараад явчихаад 12 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Согтуу ирээд гэртээ орилоод байсан учир би дуугаа багасгаад өг гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлээд орилоод байсан учир Г эгч дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

-гэрч А.Гийн мэдүүлсэн:..Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...................... тоотод миний ажиллуулдаг Их хүрхрээн Ундарга компани үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тус тоотод Б, С нар хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2024 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед би өөрийн ажил дээрээ байж байх үед Б орилох чимээ гарсан юм. Би ажлын байрнаас гараад Бийн гэр лүү орох үед С газар уначихсан, уйлсан байдалтай, Б согтуу хажууд нь зогсож байсан. Би юу болсон талаар асуух үед Б С гадаа халтираад уначихлаа, би сая өргөж гэрт оруулсан гэж хэлсэн. Надад нэг л үнэмшилгүй сонсогдоод Соос асуухад дуугарч чадахгүй байсан. С эмнэлэгт үзүүлэх үед Сийн хөл нь хугарчихсан байна гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын эхээр С орноосоо босохгүй хэвтээд байсан, би юу болсон талаар асуух үед Б толгой руу цохичихсон гэсэн, Сийн толгой хөдөлчихсөн толгойг нь бариулсан. Тухайн үед зодуулсан шинж тэмдэг Сд ажиглагдаагүй, 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед би ажил дээр очих үед Б гэртээ орилж байсан. Би гэр рүү нь яваад ортол Б согтуу хүүхдүүд айсан байдалтай байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа руу явах үед С надад Б 2 дугаар сарын 2-ны өдөр миний хөлөн дээр дэвсээд хугалчихсан, бас толгой хөдөлдөг шалтгаан нь Б толгой руу цохичихсон юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 25-р тал/

-гэрч Б.Хгийн  мэдүүлсэн:..2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед би өвөөгийн гэрт өөрийн дүүгийн хамт байж байх үед Г эгч залгаад ээж чинь хөлөө хугалсан байна, хүрээд ир гэж хэлсэн. Би гэртээ иртэл ээж газар суусан, уйлсан. ёолсон байдалтай аав согтуу байсан. Түргэний машин ирээд ээжийг аваад явсан. Ээж хөлийн хагалгаанд орсон. Ээж тухай үед надаас юу болсон талаар нуугаад байсан. Би сүүлд 4-р сард ээж аав хоёрын ярианаас аав ээжийг хөлийг хугалсан талаар мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 447 дугаартай  ...Б.Сгийн биед зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал, шаант ясыг бэхлэх мэс заслын дараах гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал, шаант ясыг бэхлэх мэс заслын дараах байдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34-р тал/

-хохирогч Б.Сгийн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 39-68-р тал/

-Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний эхнэр С бид хоёр Г эгчийн хашаанд 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Г эгч хэрчсэн гурилын үйлдвэртэй, уг үйлдвэрт эхнэр бид хоёр ажилладаг юм 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би ажлаа таслаад гадуур архи дарс уугаад орой гэртээ ирээд эхнэр Стой маргалдаж, түүний зүүн хөлөн дээр дэвсчихсэн юм. Би хөлийг нь хугарчих нь гэж бодоогүй, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эхнэр Стой дахин маргалдаж түүний үснээс зулгаасан асуудал байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эхнэр намайг ажил хийсэнгүй тасалсан гэж уурлаад би архи хэтрүүлэн хэрэглээд эхнэрээ зодчихсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 78-р тал/

-Эд зүйл, баримт, бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 90-94-р тал/зэргийг нотлох баримтаар судаллаа.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум ...................... тоот гэртээ  эхнэр Б.Сг “чи өнөөдөр ажил яагаад тасалж байгаа юм, цагаан сар болж байхад мөнгө хэрэгтэй байна” гэхэд  “чи муу гичий янхан, чамд ямар хамаатай юм пизда минь” гээд орилж орон дээр сууж байхад нь татаж унагаж зүүн хөлийн шилбэ хэсэгт 2 удаа хөлөөрөө дэвсэн зодож зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,бичмэл баримтууд зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Бийн үйлдлийн улмаас эхнэр Б.Сгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Бийн гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

        Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 жилийн хугацаанд төлүүлэхээр санал болгосон гэж,  

       -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                              

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.

       Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

        Харин,прокурорын саналын хүрээнд ял оногдуулахдаа, прокурор торгох ялын хугацааг 2 жилд төлүүлэхээр санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...г цээрлүүлэх...д оршино” гэсэнд нийцээгүй ба,шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж байдалд тохирохгүй байх тул ялыг биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоолоо.

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

        Хохирогч Б.С нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Д-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/ нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ