| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/01510/И |
| Дугаар | 183/ШШ2021/02176 |
| Огноо | 2021-10-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2021/02176
2021 оны 10 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2021/02176 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хххх дүүрэг, хххх дугаар хороо, ххххх гудамж, хххх тоотод оршин суух, З овогтой Ө.О /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххх дүүрэг, хххх дугаар хороо, хххх гудамж,хххх тоот оршин суух, Б овогтой Д.Б /РД:0000000/-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.О, хариуцагч Д.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ө.О нь Д.Б-тэй2013 онд танилцаж 2014 оноос хамтран амьдарсан. Бидний хүү Б.Э 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч хүү маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2020 оны 10 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Б.Э нь ирэх намар цэцэрлэгт орно. Иймд 2019 оны 02 сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Э-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид гэрлэлтээ батлуулж амжаагүй хамтран амьдарч байсан, бидний дундаас 2019 оны 02 дугаар сарын 01-нд хүү Б.Э маань төрсөн, одоо 2 ой гарантай. Гэвч зан харилцааны хувьд таарахгүй байсан учраас 2020 оны 10 сараас хойш тус тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш миний бие хүүгээ өсгөн халамжилж байгаа, тиймээс хүүг минь миний асрамжд байгааг тогтоож, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Хүүтэйгээ уулзахад татгалзахгүй, гэхдээ хүүхэд одоохондоо жоохон байгаа болохоор долоо хоногт 1 удаа уулзана гэдгийг нь зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.Б Ө.О-тай2013 онд танилцаж 2018 оноос хойш амьдарсан. Бидний хүү болох Б.Энь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн үүнээс хойш Ө.О гэрт хамтран амьдарч байсан. Бидний харилцаа бага зэрэг үл ойлголцлоос болж түр хоёр тийш болсон. Тэрнээс хойш бид хоёр ойлголцоод амьдрах гэсэн боловч аав, ээж, ах, эгч нар нь удаа дараалан хөөж байсан дараа нь хүүгийн төрсөн өдрөөр ээж, эгч, дүү нартайгаа очиход бид бүгдийг гэрээсээ хөөж гаргасан. Үүнээс хойш ээж нь утсаар “...чи миний охины амьдралд битгий саад болоод бай, чамаар миний хоёр хүүхэд дутахгүй, чамайг одоо манай гэр бүл хүлээж авахгүй, чи манай босгоор битгий алхаарай” гэж намайг утсаар зөндөө дарамталсан. Түүнээс хойш би очоогүй. Ийм учраас Д.Б миний бие хүү болох Б.Э-д тэтгэмж өгөхөөс татгалзаж байна.
Нэхэмжлэлтэй танилцсан. Бид хоёр 2013 онд танилцаад 2014 онд би цэрэгт яваад 2015 оноос эхлэн хамтран амьдрах болсон. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү маань төрсөн. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар маргасан.Тухайн үед манай ээжийн эгчийг ажлаар хөдөө авч явах шаардлагатай болсон. Тэр байдлыг Ө.О эгч нь ойлгохгүй “...эхнэр хүүхдээ хаяаад явлаа” гэж надруу мессеж бичсэн. Ө.О-д энэ талаар хэлээд муудалцсан. Тухайн үедээ гэрлэлтээ батлуулаагүй байсан. Уг нь эвлэрч хүүгээ бодоод амьдрах гэсэн боловч Ө.О гэр бүлийнхэн хэт их оролцдог. Хүүдээ тэтгэлэг өгөхөөс татгалзаж байна гэсэн нь эдний гэрийнхэнтэй муудалцсан, чамаар дутахгүй гээд байсан болохоор л төлөхгүй гэсэн юм. Түүнээс хүүдээ хуулийн дагуу тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Ө.О ээж нь биднийг амьдруулахгүй гэж хэлдэг байсан болохоор дахин нийлэх боломжгүй салсан юм. Одоо миний хувьд хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа учраас 7 хоногт нэг удаа хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Хүүдээ тэтгэлэг төлье, асрамжийн талаар нь маргахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч Д.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ө.О, Д.Б нар нь 2013 онд танилцаж, тэдний дундаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Этөрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 1122630017 тоот Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 6-р хуудас/
Нэхэмжлэгч нь хүү Б.Э-ийг өөрөө асран халамжилж байгаа тул өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргаж өгнө үү гэсэн бөгөөд хариуцагч нь хүү Б.Э-ийг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй, тэтгэлгийг хуульд зааснаар гаргуулахыг зөвшөөрч байна гэж тайлбарласан.
Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар зохигчид тусдаа амьдарснаас хойш хүү Б.Ээхийн асрамжид байсан, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, эх Ө.О асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул хүү Б.Э-ийг эх Ө.О асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ө.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Д.Б-с шаардах эрхтэй, хариуцагч Д.Б нь хүү Б.Э-ийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж заасан, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжилсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Д.Б-с хүү Б.Э-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нь хүү Б.Э-ийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж зааснаар хүүхдийн эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар хүү Б.Э-ийг эцэг Д.Б-тэй нь долоо хоногт нэг удаа уулзуулж байхыг эх Ө.О-д даалгахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 865 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 02 дугаар 01-ний өдөр төрсөн хүү Б овогт Б.Э-ийг эх З овогт Ө.О-ын асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Ө.О-д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.О нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн Д.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ө.О-д тус тус даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дах хэсэгт зааснаар хүү Б.Энхмэндийг долоо хоногт нэг удаа эцэг Д.Б-тэй уулзуулж байхыг эх Ө.О-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 37 865 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН