Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/02175

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 10 сарын 12 өдөр                         Дугаар 183/ШШ2021/02175                       Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ххххх дүүрэг, хххх дугаар хороо, хххх хотхон, ххх байр, ххх тоот оршин суух, Ж овогт Д.Э  /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххх дүүрэг, хххх дугаар хороо, хххх хотхон,ххх байр, ххх тоот оршин суух, А овогт Г.Г /РД:00000000/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

                       

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э миний бие 1999 онд Г.Г-тойтанилцаж 2004 оны 09 дүгээр сарын 27-нд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Миний хүү Г.Д 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, Г.Т 2008 оны 11 дүгээр сарын 17-нд төрсөн. Сүүлийн гурван жил бид зан харилцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан ч эвлэрээгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э, Г.Г нар 1999 оноос хойш хамтран амьдраад 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 420 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Үүнээс хойш 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Д, 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Г.Т нар төрсөн. 2019 оноос хойш гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Улмаар хоёр хүүхэд ээжийн асрамжид үлдсэн. Энэ байдлаар гурван жил тусдаа амьдарсан бас эргээд амьдрах боломжгүй болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад тогтоогдсон. Талууд ажиллагаанд оролцоод эвлэрээгүй тул Д.Э гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдээ өөрийн асрамжид үлдээх, эцэг Г.Г-оос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй тул энэ цар тахалтай үед хүүхдүүдэд эрсдэл учруулж хүүхдийн саналыг авахаар шүүхэд авчрах шаардлагагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Г нь Д.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Бид зан харилцааны хувьд таарамжгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй ба 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Г.Д, Г.Тнарыг эх Д.Э-ийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хуульд заасан дагуу хүүхдүүддээ сар бүр тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаангүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Нэхэмжлэгчийн тайлбартай санал зөрөх зүйлгүй зөвшөөрч байна. Бид хоорондоо таарч тохирохгүй болсон тул тусдаа амьдарч эхэлсэн. Миний хувьд  эхнэр, хүүхдийнхээ амьдралын хэрэгцээний бүх зардлыг төлж ирсэн. Цаашид эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаад явна. Манай том хүү ирэх жил Япон улсад суралцах болно. Миний зүгээс анхаарал хандуулж байгаа. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргахгүй өгөөд явна. Д.Э бид хоёрын хувьд эвлэрэх талаар нилээдгүй ярилцсан боловч эвлэрээгүй. Бид хоёр харилцан тохиролцоод хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзчихдаг болохоор шийдвэрт тусгуулах шаардлагагүй. Хүүхдийн асрамжтай холбоотой маргахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, тусдаа амьдарснаас хойш ээжийнхээ асрамжид байсан болохоор заавал санал асуух шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Д.Э, Г.Г нар нь 2001 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Д, 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Г.Т нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №0003501 Г-0000дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, №00 Г-00000 дугаарт бүртгэгдсэн Г.Д, №0234417 Г-0000 дугаарт бүртгэгдсэн Гантогтохын Тэмүүжин нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-7-р хуудас/

Нэхэмжлэгч Д.Э нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №105 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 12-р хуудас/

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, гэрлэгчид хэн аль нь тусдаа амьдарч байгаа тул цаашид хамтран амьдрах буюу гэрлэлт үргэлжлэх бодит нөхцөл байхгүй, эвлэрэн амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Д, 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Т нарыг эх Д.Э-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Г.Д, Г.Т нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Г-оор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заажээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Г-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Э-д тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 106 610 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тайлбарласан, хариуцагч нь нэхэмжлэгчийг биечлэн оролцуулалгүйгээр түүний өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзахгүй  гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                               ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Д.Э, А овогт Г.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Д, 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Т нарыг эх Д.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар зааснаар 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Д, 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Т нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.Г-оор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Д.Э-д даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Г-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Э-д тус тус даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 106 610 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.  

9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН