Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1071

 

 

 

 

Б.Ит холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Цэрэндорж,                              

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жаргалын өмгөөлөгч Б.Буянжаргал,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И, өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ит холбогдох эрүүгийн 2005000000316 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

/;  

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 458 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ит шинээр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж, бүгд 2 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр оногдуулсан 2 жилийн хорих ялд, мөн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж бүгд 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,   

Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,

 

Шүүгдэгч Б.И нь 2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 9 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Алтанпуужинг зодож зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, ууцны зулгаралт, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтлийг учруулж тус гэмтлийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр А.Алтанпуужингийн амь нас хохирсон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

                             

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Б.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.Ит оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Иын цагдан хоригдсон 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар Б.Иаас 5.676.110 /таван сая зургаан зуун далан зургаан мянга нэг зуун арав/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жаргалд олгож, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жаргал холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өмсөж явсан саарал өнгийн улбар оруулгатай Nike Zoom гэсэн бичигтэй 42 размерын 1 хос пүүз, хар хөх өнгийн The north face summit 52 гэсэн бичигтэй өвлийн куртик 1 ширхэг, саарал өнгийн дотортой шаргал өнгийн босоо хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хоолойтой хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Б.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хүнд тус болох гэж байгаад уг гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Тухайн үед яаралтай түргэн тусламж дуудаж хүний алтан амь насыг аварч чадаагүйдээ маш ихээр харамсаж байна. Анх гэрчээр мэдүүлэг авч Хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ялласан. Энэ цагаас хойш прокурор болон байцаагч дахин мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүх хуралд оруулсан. Миний бие урьд нь хэд хэдэн удаа ял шийтгэл эдлэж байсан. Сүүлд 2007 онд хорих ангиас суллагдаж, энэ цагаас хойш сургуульд сурч өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, нийгэмд эзлэх байр суурь болон эрх зүйн байдал минь сайжирч нийгэмшсэн.

Би өөрийн төрсөн эцэг болон хойд эхийн хамт амьдардаг. Аав минь 70 гарсан өндөр настай хүн байдаг бөгөөд биеийн байдал тааруу нүдний хараа болон хөл, гар муутай тул үргэлж таяг тулж явдаг болохоор асаргаа халамж шаардлагатай байдаг.

Иймд миний эрх зүйн байдал, хувь хүний хөгжил, нийгэмд эзлэх байр суурь зэргийг харгалзан үзэж, энэ хэргийг зөв зүйлчилж, шударга шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаач А.Алтанпуужин нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Тогоруу хочтой Ганбаа гэх хүнд зодуулсан талаар Жамбаа овогтой Бат-Орших гэж хүн гэрчилж байна. Тогоруу хочтой Ганбаа нь төмөр замын дэр модны бэхэлгээний хадаас төмрөөр талийгаачийн толгойн тус газарт 2-3 удаа цохиж, зодож байхад нь Ж.Бат-Орших нь очиж салгасан, зодоон болох үед А.Алтанпуужинтай хамт хог түүж явдаг хоёр хүн болсон асуудлыг дэргэдээс нь харсан байна.  

Энэ тухай Б.Иын ар гэрийнхэнд Азхүү овогтой Амгаланбаатар /регистрийн дугаар АЭ84090891/ нь болсон асуудлын талаар сонссон зүйлээ ярьж, бичгээр тайлбар гаргаж өгсөн байна. /А.Амгаланбаатарын бичгээр гаргасан тайлбарыг гомдолд хавсаргав./

Миний үйлчлүүлэгч Б.И нь талийгаач А.Алтанпуужинд хүний ёсоор хандаж, хүн чанар гарган, дулаан газар хонуулж, усанд оруулж амраахаар зочид буудалд дагуулж орсон бөгөөд талийгаач нь архи уугаад чанга хурхираад унтаад өгсөн, унтаагаараа өтгөн, шээстэйгээ холилдсон зэрэг нөхцөл байдлаас үзвэл талийгаач нь Б.Итай хамт зочид буудалд орохоос өмнө тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдал шинээр илэрч байгаа тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/594 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг дахин нягталснаар шударга ёсны зарчим хэрэгжиж, хэн нэгэн этгээдийг ял завшуулах боломж олголгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирсон эсэх, гэмт буруугийн асуудлыг эргэлзээгүй тогтоох зорилгоор дахин шалгаснаар тухайн хэргийн бодит үнэнийг олох ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Б.И нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаан дээр “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед халуун устай буудалд орж амрах гээд явж байгаад Алтанпуужин ахтай таарсан, тэр нилээн ядарсан шинжтэй явж байхаар нь цагаан сар дөхөж байгаа болохоор түүнийг бас усанд оруулж амраая гэж бодоод, түүнтэй хамт Ганзүмбэрэл зочид буудал руу авч орсон. Тэр буудлын ах эгч хоёр дагуулж яваа хүнийг чинь оруулахгүй, муухай үнэртэй байна гэсэн юм. Тэгэхээр нь би гуйсаар байгаад 40,000 төгрөгийн халуун устай өрөөнд хамт орсон юм. Буудлын өрөөнд ороод, дэлгүүрээс авсан архинаасаа стаканд хийж өгөхөд Алтанпуужин ах архийг уугаад шууд унаад, хурхираад унтаад өгсөн юм. Би түүнийг тэгэж байгаад сэрэх байх гэж бодоод, усанд орж дотуур хувцсаа угааж тавьсан юм. Тэгээд би унтаад өглөө сэртэл буудлын хүн “өрөөнөөс чинь өмхий үнэртээд байна, буудалд байрлаж байгаа хүмүүс мөнгөө аваад буудлаас чинь гарлаа гээд байна, наад хүнээ гарга” гэж загнасан. Тэгэхээр нь би Алтанпуужин ахыг сэрээх гээд хэд хэдэн удаа алгадахад сэрэхгүй болохоор нь би буудлаас гараад вокзал орсон, тэнд Мөнхбаттай таараад “буудалд хамт хоносон хүнээ гаргах гэсэн, би ганцаараа дийлэхгүй байна, чи надад туслаач” гэж хэлээд хамт буудал руу ирсэн юм. Буудалд ирээд Мөнхбат буудлын хүнд түргэн дуудвал яасан юм бэ гэж хэлсэн, тэгэхэд буудлын хүн “наад хүнээ гаргаж, өрөө цэвэрлэж өг” гээд байхаар нь Мөнхбат бид хоёр Алтанпуужин ахыг дамжлан өргөж буудлаас гаргасан. Тэгээд Мөнхбат буудлын өрөөг цэвэрлэсэн юм. Миний хувьд Алтанпуужин ахад сайн санаж, буудалд дагуулж орсон, түүнийг сэрээх гэж сэгсрээд алгадсан үйлдэл хийсэн гэх...” мэдүүлгийг тогтвортой өгсөн байдаг /хавтас хэргийн 97-99 дугээр хуудас, 100-103 дугаар хуудас/ .

Гэрч Ш.Алтанхуяг /Ганзүмбэрэл зочид буудал түрээслэгч/ мөрдөн байцаалтад “...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байхад орой 22 цаг 20 минутанд урдны танил Ихбаяр гэх залуу нэг тэнэмэл архичин гэмээр муухай үнэртэй залууг дагуулж орж ирээд өрөө авмаар байна гэсэн. Би ийм өмхий үнэртэй, бичиг баримтгүй хүнийг хүлээн авахгүй гэсэн юм. Тэгтэл Ихбаяр нь ядарсан юм, дулаан газар хонуулаад, усанд оруулаад өглөө эрт бид хоёр гарчихна гээд гуйгаад байхаар нь 9 тоот өрөөнд оруулсан юм...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 38 дугаар хуудас/.

Шинжээчийн дүгнэлт: 581 тоот зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, цээж, ууцны зулгаралт, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины оройн аалзан хальсан доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл учирч, талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ /хавтас хэргийн 106-110 хуудас/ .

Шинжээч эмч Т.Амартүвшинг байцаасан тэмдэглэлд “...хохирогчид учирсан гэмтлүүд шинэ гэмтлүүд байсан. 24 цагийн доторх хугацаанд үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж ойлгож болно, амь хохирогч нас барахын өмнө 24 цагийн доторх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл...” гэж мэдүүлсэн /хавтас хэргийн 115-116 хуудас/.

Гэтэл Гэмтэл согогийн үндэсний төвд очоод 3 хоног эмчлүүлж байгаад нас барсан хүнийг 24 цагийн доторх гэмтэл гэж яаж тодорхойлоод байгаа юм бэ? Өөрөөр хэлвэл шүүх эмчийн мэдүүлгээр бол эмнэлэгт гэмтэл авч нас барсан гэж ойлгохоор харагдаж байна.

Эмнэлэгт 3 хоног эмчлэгдэж байгаад нас барсан хэрэг дээр эмчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэхийг шалгаж тогтоогоогуй, эмч нарын буруутай үйлдэл байгаа эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдаагүй,

Хавтас хэргийн материалаар шүүх эмнэлгийн давтан дүгнэлт гаргуулж гэмтэл авсан цаг хугацааг эргэлзээгүй, нарийн тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа гэх хүсэлтийг хүлээж аваагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх.

Мөн хүн амины хэрэг дээр шалгаж тогтоох хамгийн чухал ач холбогдолтой баримт болох талийгаачийн тухайн өдрийн маршрут буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хаагуур хэнтэй юу хийж явсан, ямар хүмүүстэй нийлж нөхөрлөдөг эсэхийг шалгаж тогтоогоогүй, түүнтэй хамт хог түүж явдаг гэх 2 хүнээс мэдүүлэг аваагүй зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, хэт нэг талыг барих, яллах талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан, шинэжр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах бопсон тул хохирол барагдуулах шаардлагагүй болсон гэж тайлбар гаргасныг харгалзан үзэх.

Б.Иын төрсөн эгч Байгальжав овогтой Адьяажаргал нь нэр бүхий хүний талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гарган шалгуулахаар хандаад байгаа болно. ...” гэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Жаргалын өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх талд “анх бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татсан. Хохирогч Алтанпуужингийн амь хохирсон нөхцөл байдал нь таны гэмт үйлдэлтэй шууд холбоотой болох нь нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн” гэж тайлбарласан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хавтас хэргийн 97-99 дүгээр талд яллагдагчаар татаж мэдүүлэг авсны дараа 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хавтас хэргийн 100-104 дүгээр тал, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр /54-55 дугаар тал/ мэдүүлэг авсан. Ихбаяр гэрчийн мэдүүлгүүдээ зөрүүтэй өгсөн. Талийгаач Алтанпуужин нь тогоруу хочтой Ганбаад зодуулсан талаар Бат-Орших гэрчилдэг. Тухайн үед толгойн тус газар төмөр замын модны бэхэлгээний хадаас төмрөөр 2-3 удаа цохиж зодож байхад нь Бат-Орших салгасан. Зодоон болох үед хамт хог түүдэг 2 хүн болсон асуудлыг харсан. Ихбаярын ар гэрийнхэнд Азхүү овогтой Амгаланбаатар болсон асуудлын талаар бичгээр тайлбар гаргаж өгснийг хавтас хэрэгт хавсаргасан. Хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн маршрутыг тогтоогоогүй гэсэн. Гэтэл мөрдөн байцаах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлэг нь “ихэвчлэн ганцаараа явдаг, үг дуу цөөтэй хүн” гэдэг нь тогтоогдсон. Ихбаяртай уулзахдаа гэмтэл, бэртэл аваагүй байсан нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гарсан тул дахин мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ихбаярыг гэм буруутайд тооцоход хохирлоо нөхөн төлөхөөр завсарлага авсан. Гэтэл хохирлоо нөхөн төлөөгүй гэм буруу дээрээ маргаж байна гэсэн учир тогтоосон хэмжээнд ял шийтгэл оногдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээч эмч биечлэн оролцож гэмтлийг ямар үед авах боломжтой, хэзээ авсан гэмтэл болохыг нарийвчлан тогтоож мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хамгийн сүүлд гэмтэл авах боломжит хугацаа нь 24 цаг болохыг шинжээч эмч тайлбарлаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Соронзонболд нь хэрэг хянан шийдвэрлэсний дараа цагдаад шинээр илэрсэн нөхцөл байдал гэж гомдол гаргасан. Уг гомдлыг прокурорын байгууллагаас шийдвэрлэсэн. Тогоруу хочит Ганбаа гэх хүнийг зодсон талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Бусад нотлох баримтаар Ихбаярын үйлдэл тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Ит холбогдох эрүүгийн 2005000000316 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Б.И нь 2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 9 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Алтанпуужинг зодож зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, ууцны зулгаралт, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доор цусан хураа, тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтлийг учруулж тус гэмтлийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт эмчлүүлж байгаад уг гэмтлийн улмаас 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр А.Алтанпуужингийн амь нас хохирсон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Ш.Алтанхуягийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байхад орой 22 цаг 20 минутанд урдны танил Ихбаяр гэх залуу нэг тэнэмэл архичин гэмээр муухай үнэртэй залууг дагуулж орж ирээд өрөө авмаар байна гэсэн. Би ийм өмхий үнэртэй, бичиг баримтгүй ийм хүнтэй явж байгаа бол авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Ихбаяр ядарсан юм, дулаан газар хонуулаад усанд оруулаад өглөө эрт бид хоёр гарчихна гээд надаас гуйгаад байхаар нь 9 тоот өрөөнд оруулсан юм. Уг өрөө нь дотроо нойлтой, душтэй өрөө юм... 9 номерын өрөөг зааж өгч оруулаад, зурагтыг нь асааж нойлын цаас оруулж тавьчихаад гарсан...Үүнээс хойш шөнийн 00 цагийн орчимд зурагтны дуу чанга байсан учраас 9 номерын өрөөний гадна талаас хаалгыг нь тогшиж зурагтны дуугаа сулла гэхэд Ихбаяр нь за гэж хэлж байсан. Тэгээд би өрөө рүү нь оролгүй буугаад явсан. Ихбаяр нь өрөөнийхөө хаалгаа ч онгойлгоогүй. Гаднаас нь дуугаа намсаг гэж хэлчихээд яваад өгсөн. Өглөө 8 цаг 40 минутын үед коридороор аймаар өмхий үнэртээд байхаар нь яасан муухай үнэртэй юм бэ гээд 9 тоот өрөөг шагайхад аймаар өмхий үнэртээд нойлын өрөөний хаалга онгорхой Ихбаярын найз нь нойлын шалан дээр хэвтэж байсан. Ихбаяр босчихсон хувцсаа өмссөн байсан. Намайг хараад Ихбаяр нь би хүн дуудаадхая найз нь ойрхон байдаг юм гээд гараад явсан. Ихбаяр гарч яваад 15 минут орчим болоод нэг залуу дагуулж орж ирсэн. Тэгээд өрөөндөө ороод нөгөө найзыгаа аваад гарсан. Ихбаяр энэ хэд дулаан газар хонохоороо манарчихдаг юм, гараад зүгээр болчихно гээд дагуулж орж ирсэн найзынхаа хамтаар дамжилж гаргаад эргээд 2-лаа орж ирээд өрөөндөө орох гэхээр нь би дагаж ороод өрөөг нь харахад нойлын өрөөний почкины наагуур цаагуур баагаад шал ханаар нялаад хаясан байхаар нь Ихбаярыг цэвэрлэ гэхэд Ихбаяр нь “би хүний баас цэвэрлэж чадахгүй, харин миний дүү цэвэрлэчихнэ” гэхээр нь би хувийн алчуур бээлийтэй өгсөн. Тэр залуу нь баасыг нь цэвэрлэсэн. Тэгээд тэр хоёр өрөөндөө сууж байсан. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд “орцны үүдэнд танайхаас хоёр хүн, хүн гаргаж хэвтүүлчихээд явчихлаа,танайхаас хүн гарсан юм биш биз дээ” гэж асуухаар нь би “тэгсэн, хаана тавьсан байна” гэхэд тэр залуу “байрны орцны үүдэнд тавьсан байна” гэхээр нь би цагдаа дуудлаа гэхэд тэр орж ирсэн залуу цагдаа дуудсан байсан. Би тэр хооронд Ихбаяр найзын хамт гараад явчих вий гэж бодоод сахиад байж байтал цагдаа нар ирсэн. Би Ихбаяраас найзыг нь яагаад энд хэвтэж байгаа юм бэ гэж асуухад Ихбаяр “өмдөндөө баагаад баасандаа холилдсон байна” гэсэн. Надад бүр ноцтой чимээ сонсогдоогүй зүгээр л чангаар яриад зурагтны дуугаа чангалсан байсан. Энэ хоёрыг зодолдож маргалдсаныг мэдэхгүй, сонсоогүй. Манайд хяналтын камер байгаа. Гэхдээ өчигдөрийн бичлэг бичигдээгүй. Учир нь кабель хөндийрч салсан байсныг би хийж чадахгүй байсан юм...” /1хх 38-42/,

 

гэрч Л.Эрдэнэцогтын “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганзүмбэр зочид буудлын хажуу талд байрлах авто угаалга буюу ажил дээрээ ирэхэд манай ажлын хажуу талын явган хүний зам дээр 40-50 орчим насны улаан цагаан өнгийн пүүзтэй, хар куртик нөмөрчихсөн хүн хэвтсэн байсан. Манай авто угаалга оройн цагаар дулаан гражид машин хонуулдаг... Тэр дундаас саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай 35-40 орчим насны ах надад манай угаалгын хажууд хэвтэж байсан хүнийг өглөө хоёр хүн дамжлаад өргөж авчраад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгтэл машинаа авах гэж ирсэн өөр хүн танай гадаа хүн хэвтэж байна, эмнэлэг цагдаа дуудсан юм уу гэж хэлээд эмнэлэг цагдаа дуудсан...” /1хх 44/,

 

гэрч Б.Доржийн “...Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганзүмбэрэл дэн буудлыг манай эхнэр Алтанхуяг хүнээс түрээсэлж ажиллуулдаг юм. Би 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Алтанхуягт хань бараа болох үүднээс тухайн буудлыг цуг ажиллуулдаг. Тэгтэл орой 22 цаг 20 минутанд буудалд хааяа орж ирж үйлчлүүлдэг Ихбаяр гэх хүн гаднаас нэг хүнтэй цуг орж ирсэн чинь манай эхнэр “юун муухай үнэртэй хүнтэй явж байгаа юм бэ, манайх ийм хүнд үйлчлэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Ихбаяр нөгөө хүнээ “ядарсан хүн байгаа юмаа, цагаан сар болох гэж байна усанд оруулаад дулаахан хонуулаад өглөө эрт гаргана” гэж хэлээд манай буудлын 9 номерийн өрөөнд 40.000 төгрөг бэлнээр өгөөд орсон. 9 номерын өрөөнд хоёр хүн орсон цагаас хойш бол очиж шалгаагүй. Ресепшны өрөө нь 2 давхарт байдаг бөгөөд 9 номерын өрөө нь 3 давхарт байдаг учир 2 давхарын ресепшний өрөөнд сууж байхад 9 номерын өрөөнөөс зурагтны дуу маш чанга сонсогдоод байсан. Би дээшээ гараагүй, эхнэр Алтанхуяг өрөөнд оруулж өгсөнийхөө дараа шөнө 00 цагийн үед байх нэг удаа очиж өрөөний хаалганы гадна талаас дуу чанга байна, зурагтныхаа дууг суллаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй 30-40 минутын дараа зурагтныхаа дууг суллаад чимээгүй болоод унтаад өгчих шиг болсон. Ингээд шөнө дахин чимээ гараагүй, өглөө 06-07 цагийн үед дээшээ давхараа эргэх зорилготойгоор гартал 3 давхарт эвгүй үнэр /баасны үнэр/ үнэртэж байсан. Тэгтэл уг үнэр 9 номерын өрөөнөөс үнэртэж байсан. Тэгэхээр нь хаалгыг тогшоод “аймаар өмхий үнэртээд байна, наад хүнээ усанд оруулсан юм уу” гэхэд “би орчихсон, энэ хүн орохгүй унтаад байна, муухай өмхий юм аа одоо гарганаа” гэж хэлсэн. Ингээд би хараагүй учраас зүгээр шаардлага байдлаар үг хэлчихээд доошоо буугаад явсан. Өрөөнд ямархуу байдалтай байсныг би хараагүй. Алгадаж цохисон эсэхийг бол хараагүй. Би харж чаддаггүй учраас. Гэхдээ намайг өрөөг шалгачихаад буух хүртэл хүн алгадаж, цохих чимээ гараагүй. Зүгээр унтаад сэрэхгүй байна, одоо гарлаа, найзыгаа авчирч байгаад гаргана гэж л хэлсэн...миний хоёр нүд харахгүй хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Ер нь хүний асаргаанд байдаг. Ийш тийш явахдаа ер нь бол баримжаалж явдаг...” /1хх 47/,

 

гэрч Б.Бямбацогтын “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 9 цагийн үед автомашинаа авах гээд иртэл гражийн гадаа явган хүний зам дээр 40-50 орчим насны эрэгтэй зүүн шанаагаараа дарагдсан зүүн чихнээс цус гарчихсан байдалтай хэвтэж байхаар нь дулаан граж руу орохдоо гадаа байсан хоёр хүнээс эмнэлэг дуудсан юм уу гэж асуусан чинь тодорхой зүйл хэлэхгүй байхаар нь би өөрийн гар утсаар түргэн дуудсан. Удалгүй 9 цаг 23 минутад түргэн ирээд нөгөө залууг аваад явсан явахдаа намайг цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө гражийн залуу бас надтай адилхан машинаа авах гэж байсан залуу наад хэвтэж байсан хүнийг чинь манай хажуу талын буудлаас хоёр хүн гаргаж ирээд яваад өгсөн гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн. Би газар хүн ухаангүй хэвтэж байхаар нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” /1хх 51-52/,

 

гэрч Д.Мөнхбатын “...2020 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө орцонд ганцаараа хоноод өглөө 08 цагийн үед сэрээд орцноос гараад вокзал чигтэй явж байтал өмнөх өдөр нь архи уучихсан учраас дотор муу байсан тул вокзалын хойд талын автобусны буудал дээр хүнээс нэг тамхи гуйж аваад татаад байж байтал “ноён солиот хочтой Ихбаяр нь хаанаас ирсэнийг нь хараагүй, гэнэт гараад ирсэн, тэгээд надтай ирж мэндлээд, ах нь буудалд нэг хүнтэй хамт хоносон чинь, нөгөө хүн маань өмдөндөө баачихсан юм шиг байна, буудлын хүн уурлаад намайг хамт гарга гээд байна, би буудлаас гаралгүй буудал дотроо жаахан унтчихмаар байна, би хамт хоносон хүнээ гаргах гэхээр аймаар үнэртээд, бас өргөж дийлэхгүй байна, миний баруун хавирга гэмтчихсэн юм, өргөж дийлэхгүй байна, ахдаа туслаад өгөөч, ахад нь ганц шил юм байгаа, тэрнээсээ чамд өгье гэхээр нь за би танд туслая, аль буудал юм” гээд хамт явсан. Ингээд Варета чуулгын урд талд байдаг “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 3 давхарын Ихбаярын орсон өрөөнд Ихбаярын хамтаар хоёулаа ороход буудлыг ажилуулдаг гээд ах эгч хоёр байсан ба наадах чинь даахгүй байна гэж хэлсэн. Ингээд буудлыг ажилуулдаг ах, эгч, Ихбаяр нарын хамтаар дээшээ өрөө рүү орсон. Өрөөнд ороход өрөөний нойлын хаалганы хажуу талд газарт шалан дээр хоёр гутлаа тайлаад орны хажуу талд шидчихсэн, 40-50 орчим насны гэмээр, өмнө харж байгаагүй, нойлын хаалганы зүгт харчихсан, хажуу талаараа хухираад унтаж байсан ба өөрөөнөөс аймаар өмхий үнэртэж байсан. Тэгээд тэр хүнийг танихгүй хүн байсан учир Ихбаяр болон буудлыг ажиллуулж байсан ах, эгч нарт энэ хүн чинь жаахан унтаж байгаад сэрээд өөрөө босоод гараад явчих юм бишүү гэхэд Ихбаяр нь халуун газар орж ирэхээрээ нам унтаад байдаг юм, дандаа орц траншейгаар явдаг хүн, халуун газар орж ирээд нам унтаад өгсөн байх, өглөө сэрээх гээд хацар руу нь 2-3 удаа алгадсан боловч сэрэхгүй, хурхирч унтаад байна, би өргөөд дийлэхгүй байна гэхэд буудлын ах, эгч хоёр бас тэгж хэлж байсан. Тэгээд Ихбаяр бид хоёр өргөж гаргах гээд би хоёр хөлнөөс нь өргөж, Ихбаяр нь цээжин хэсгээс өргөөд гадагшаа авч гарах гэтэл хөөе хэн гээд дуугарсанаа эргээд хурхираад унтаад байсан. Ингээд Ихбаяр бид хоёр дамжилж өргөөд уг танихгүй, ухаангүй байдалтай хүнийг өргөж явсаар байгаад буудлын урд талын авто угаалгын хажуу талд байдаг байрны орцны харалдаа газарт тавьж үлдээсэн. Ингээд би Ихбаярт хандаж ингээд гадаа үлдээж болж байгаа юм уу гэхэд дотор үнэр танар нь дийлдэхгүй байна, дотор ороод ухаан алдаад уначихсан, гадаа гарч ирэхээрээ зүгээр болчихноо гэж хэлсэн. Тэгээд Ихбаяр нь яваад өгөхөөр нь би араас дагаж яваад буудлын өрөөрүү орж, 0,5 граммын хараа архи гаргаж ирээд бүтэн байхад нь задалсан. Хаана байсанг нь хараагүй, уг архинаас нэг, нэг татаад байж байтал гаднаас удалгүй цагдаа нар ороод ирсэн юм. Түүнээс хойш би гадуур явж байгаад өнөөдөр вокзал дээрээс баригдаж ирсэн ба энэ үедээ тэр өргөж гаргасан ахыг нас барсан гэдгийг мэдлээ. Буудлыг ажлуулж байсан ах эгч хоёр үнэр нь дийлдэхгүй байна цэвэрлэ гээд Ихбаяр нь өөрөө болохоор цэвэрлэхгүй, намайг цэвэрлэчихээч гээд гуйгаад байхаар нь би нойлын өрөөг цэвэрлэсэн. Тэгэхэд нойлын өрөөний суултуурын ар талд болон хажуу талаар жижиг баасны хэсгүүд болчихсон байсан. Угаалгын өрөөний шал, пельта баас л болсон байхаар арчиж цэвэрлэсэн. Өөрөөр цус болон бусад зүйлээр бохирлогдсон зүйлгүй байсан. Буудлын амрах өрөөний хэсгийг бол угааж цэвэрлээгүй... Ихбаяр сэрээх гэж 2-3 удаа алгадчихсан юм л гэж хэлсэн. Би хөлнөөс нь Ихбаяр цээжин хэсгээс нь өргөөд гадагшаа гаргасан...Ихбаяр архи уусан үедээ хүмүүс рүү агсраад цохиж авчих гээд байдаг, ер нь их агсам зантай хүн...” /1хх 53/,

 

гэрч Д.Оюунчимэгийн “...Б.Иыг бол танина...Архи уусан үедээ бол овилгогүй, бусадтай харилцах тал дээр муу характар муутай хүн. Их омголон зантай болж л өгвөл хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдоод байдаг, нөгөө хүнээ зодож дийлж л байвал санаа амардаг юм шиг байгаан, хамт явж байгаа хүмүүстээ их дээрэлхүү юм шиг байдаг. Хамгийн сүүлд хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 3 хоногийн өмнө шиг санагдаж байна. Өвөртөө заазуур хийчихсэн өдрийн цагаар халамцуухан ганцаараа явж байсан. Тэгэхээр нь би яагаад заазууртай явж байгаа талаар асуухад хүн алах гэж байсан чинь алга болчихлоо гэж байсан...” /1хх 56/,

 

гэрч Д.Цэцэгмаагийн “...Би Ганзүмбэр хүнсний дэлгүүрийг 2008 оноос хойш түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ажлын байран дээр ажлаа хийгээд сууж байхад орой 21-22 цагийн үед байх гаднаас одоо нэрийг нь мэддэг болсон Ихбаяр гэж хүн ганцаараа архи үнэртүүлчихсэн орж ирсэн...тэр залуу архи авъя гээд 500 граммын хараа архи 90.00 төгрөг бэлнээр өгөөд аваад явсан...дэлгүүртээ хоночихоод өглөө 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгоод байж байтал гаднаас нэг үйлчлүүлэгч орж ирээд танай урд талын угаалгын хажуу талд нэг хүн хэвтэж байна гэхээр нь тийм үү гээд нэг их анзааралгүй тэр хүн ч гараад явсан. Ингээд удалгүй урд талын авто угаалганы хүн ирээд надад хэлэхдээ манай авто угаалгын хажуу талд орцны үүдэнд хүн хэвтэж байхаар нь сая цагдаад дуудлага өгчихлөө гэж ярьж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” /1хх 59/,

 

гэрч ГССҮТөвийн их эмч Ч.Мөнхцэнгэлийн “...2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн цагаар ээлжтэй байх үед 9 цаг 40 минутын үед шиг санагдаж байна. 103 яаралтай түргэн тусламжаар хэн болох нь тодорхойгүй, ухаангүй, комын байдалтай өвчтөн ирсэн, амилахуйн өрөөнд байна үзэх шаардлагатай байна гэсний дагуу өвчтөнийг үзсэн. Намайг үзэхэд ухаангүй, комын байдалтай байсан. Ингээд би тус өвчтөнд эмчилгээ хийхээр эрчимт эмчилгээний тасгийн эмч Пүрэвдорж болон гавал тархины жижүүр эмч Содбилэг нарыг дуудаж хамтарсан үзлэг хийсэн. Ингээд биеийн байдал хүнд ухаангүй байсан учраас яаралтай тусламж үзүүлж, гадагшаа өтгөнөө алдсан байсан тул цэвэрлэгээ хийж, зүүн билүү баруун чихэнд шинэ шархтай байсан учраас шарханд анхдагч цэгцэлгээ хийсэн. Өвчтөний амин үзүүлэлт нь тогтвортой байсан учир яаралтай томографийн шинжилгээ хийж үзэхэд тархины зүүн талд маш том хэмжээний цус хуралттай байсан. Ингээд томографийн шинжилгээний хариуг харахад цус хуралтай учраас яаралтай хагалгаанд оруулахаар бэлтгэж, бусад шаардлагатай...бүхий л шинжилгээг авсан. Ингээд хагалгаанд орохоор байсан учраас гавал тархины эмч нарт өвчтөнг хүлээлгэж өгсөн. Сүүлд мэдэхэд 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдөр эмчлэгдэж байгаад нас барсан гэдгийг нь мэдсэн...” /1хх 63/,

 

шинжээч Т.Амартүвшингийн “...тархины гэмтэл бол нэг болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, цохиулаад унах үйлчлэлийн улмаас үүсэх гэмтэл юм. Талийгаачид учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтлүүд байсан. 24 цагийн доторхи хугацаанд үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж ойлгож болно. Тархинд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу хальсан доорхи цусан хурааны улмаас тархи дарагдал ихтэй, аалзан хальсан доорхи цус харвалт болон тархины эдийн няцрал гэмтэлтэй хавсарсан учир үйл хөдөлгөөн хийхэд муутай. Тархины гэмтлийг авсан хүн хурхирах, өтгөн, шингэн гарах нь тархины хүнд гэмтлийн үед гардаг шинжүүд юм...” /1хх 115/ мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 581 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн дэлбэнгийн зулай, чамархай, дагзны эдийн няцрал, их тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж ууцны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, оройн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн шарх, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, цэврүүтэл, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зулгаралт, элэгний хальсан доорх цус хуралт, цээж, ууцны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь уушигны сүрьеэ өвчтэй байна. Талийгаачид эмчилгээ хийгдсэн тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” /1хх 110/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн криминалистикийн шинжээчийн 1137 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад ханзралт, тасралт, урагдалт гарсан байна. Хар хүрэмд гарсан хар хөх хүрэмд гарсан 36 мм, 49 мм, 60 мм хөх цамцанд гарсан 36 мм,75 мм, 61 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна... шаргал судалтай хар цамцны захын товчноос доош 4 дөх товчинд гарсан гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ тасралт байна.” /1хх 138-140/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн бактериологийн шинжээчийн 1313 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч А.Алтанпуужин 55 настай эрэгтэйн өмсөж явсан гэх хар хөх өнгийн шоон дүрстэй сорочкон цамц, цайвар цэнхэр өнгийн босоо захтай нимгэн ноосон цамц, nike логотой саарал өнгийн зүүн хөлний пүүзэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр О(1) бүлгийн харьяалалтай байна...” /1хх 147-148/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн биологийн шинжээчийн 1353 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр угаалгын өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан гэх хөвөн бамбартай арчидас дээрээс цус илэрсэн. Уг илэрсэн цэс нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлтүүд,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Иын хохирогч А.Алтанпуужингийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан буюу уг гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.   

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас 13 жил хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.  

 

Б.Иын гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг шүүх зөв тодорхойлж, Эрүүгийн хууль болон Иргэний хуулийг зөв хэрэглэж нотлогдож байгаа хохирлыг Б.Иаас гаргуулахаар заасан байх ба нотлох баримт нь бүрдээгүй хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.И нь “...үйлдлийг зөв зүйлчилнэ үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд нь “...Тогоруу хочтой Ганбаа амь хохирогчийг зодсон, гэмт хэргийг Б.И  үйлдсэн нь тогтоогдоогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

            Хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтаар амь хохирогч А.Алтанпуужин нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Иын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганзүмбэрэл” нэртэй дэн буудалд орохдоо биедээ ямар нэг шарх сорвигүй, гэмтэлгүй өөрөө явж орсон, харин 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ухаан, мэдрэлгүй болсон амь хохирогч А.Алтанпуужинг шүүгдэгч Б.И, гэрч Д.Мөнхбат нар өргөн буудлаас гаргасан болох нь тус буудлын ажилтан Ш.Алтанхуягийн “...Намайг хараад Ихбаяр нь би хүн дуудаадхая найз нь ойрхон байдаг юм гээд гараад явсан. Ихбаяр гарч яваад 15 минут орчим болоод нэг залуу дагуулж орж ирсэн. Тэгээд өрөөндөө ороод нөгөө найзыгаа аваад гарсан. ...” /1хх 38-42/ гэх, ажилтан Б.Доржийн “...Ихбаяр нөгөө хүнээ “ядарсан хүн байгаа юмаа, цагаан сар болох гэж байна усанд оруулаад дулаахан хонуулаад өглөө эрт гаргана” гэж хэлээд манай буудлын 9 номерийн өрөөнд 40.000 төгрөг бэлнээр өгөөд орсон. 9 номерын өрөөнд хоёр хүн орсон цагаас хойш бол очиж шалгаагүй. ...өглөө 06-07 цагийн үед дээшээ давхараа эргэх зорилготойгоор гартал 3 давхарт эвгүй үнэр /баасны үнэр/ үнэртэж байсан. Тэгтэл уг үнэр 9 номерын өрөөнөөс үнэртэж байсан. Тэгэхээр нь хаалгыг тогшоод “аймаар өмхий үнэртээд байна, наад хүнээ усанд оруулсан юм уу” гэхэд “би орчихсон, энэ хүн орохгүй унтаад байна, муухай өмхий юм аа одоо гарганаа” гэж хэлсэн. ...” /1хх 47/ гэсэн гэрч нарын өгсөн мэдүүлэг,

амь хохирогчийг Б.Итай өргөн гаргасан гэрч Д.Мөнхбатын “...“Ганзүмбэрэл” нэртэй дэн буудлын 3 давхарын Ихбаярын орсон өрөөнд Ихбаярын хамтаар хоёулаа ороход буудлыг ажилуулдаг гээд ах эгч хоёр байсан ба наадах чинь даахгүй байна гэж хэлсэн. ... Тэгээд Ихбаяр бид хоёр өргөж гаргах гээд би хоёр хөлнөөс нь өргөж, Ихбаяр нь цээжин хэсгээс өргөөд гадагшаа авч гарах гэтэл “хөөе хэн” гээд дуугарсанаа эргээд хурхираад унтаад байсан. Ингээд Ихбаяр бид хоёр дамжилж өргөөд уг танихгүй, ухаангүй байдалтай хүнийг өргөж явсаар буудлын урд талын авто угаалгын хажуу талд байдаг байрны орцны харалдаа газарт тавьж үлдээсэн. ...” /1хх 53/ гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-13/ зэргээр нотлогджээ.

 

Шүүгдэгч Б.Иын амь хохирогч А.Алтанпуужинг зодож түүний биед учруулсан гавал тархины “...их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн дэлбэнгийн зулай, чамархай, дагзны эдийн няцрал, их тархины оройн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйх, булчингийн цус хуралт...” гэсэн гэмтлийн улмаас нас барсан байх тул Б.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн “...хүнийг алсан...” шинжтэй гэж дүгнэж, тус зүйл, хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ