| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0923/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/937 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/937
2024 8 21 2024/ШЦТ/937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Т.Төмөртулга,
хохирогч, шүүгдэгч Ж.Г,
хохирогч, шүүгдэгч Д.Н,
шүүгдэгч А.Б, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн А-н Б, Ш овгийн Ж-н Г, Р овгийн Г-н С, Б овгийн Д-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308032****** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.
2.
3.
4. Урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаа хяналт тогтоосон, Б овгийн Д-н Н
Холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч А.Б, Д.Н нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***” пабын гадна талбайд хохирогч Ж.Г-г зодож эрүүл мэндэд нь дагзны хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун шуунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хацар, зүүн завж дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Ж.Г, Г.С нар бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" пабын гадна талбайд хохирогч Д.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Ж.Г нь мөн тухайн цаг хугацаанд хохирогч Б.Д-г зодож, эрүүл мэндэд зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал, шингэн хуралдалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....гэм буруу дээр маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
2.Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
3.Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
4.Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
5.Хохирогч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. 50,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Баримтгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
6.Хохирогч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н, Б нар надад хөнгөн гэмтэл учруулсан. Миний шанаа руу Н, толгой руу Б цохисон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” пабын гадна талбайд дараах хүмүүс хоорондоо муудалцсан байх бөгөөд улмаар:
-Шүүгдэгч А.Б, Д.Н нар бүлэглэн хохирогч Ж.Г-г зодож эрүүл мэндэд нь дагзны хуйх, баруун чихний дэлбэнд шарх, баруун шуунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хацар, зүүн завж дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Шүүгдэгч Ж.Г, Г.С нар бүлэглэн хохирогч Д.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
-Шүүгдэгч Ж.Г нь хохирогч Б.Д-г зодож эрүүл мэндэд зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал, шингэн хуралдалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь:
1.Хохирогч Ж.Г: “... Тухайн үед би найз С-н хамтаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "****" паб-д 15 цагийн үед орж, 1 литрийн "Эдэн" нэртэй архи 1 шилийг авч, тухайн архинаас би 3 хундага уусан. Тэр үед манай ажлын газрын хүмүүс болох 10 гаран хүн байсан бөгөөд архинаас бөөнөөрөө л уусан. Мөн хүмүүс пиво ууж байгаа харагдсан. Би ямар нэгэн байдлаар пиво уугаагүй. ...Ингээд орой би пабын текен дээр сууж байхад С гараад явсан бөгөөд би хяналтын камераар харахад С-г нэг хүн унагаагаад дээр нь гараад гараа далайгаад цохиж байх шиг байхаар нь гараад иртэл нэг залуу дээр нь суучихсан байхаар нь би тэр залуугийн өмдний тэлээнээс нь татаж босгоод хавирахад тэр залуу өгзгөөрөө газар суух байдалтай унасан. Тэгтэл С миний хажуугаар гүйгээд тухайн залуу руу очоод залууг бариад авахаар нь би С-г салгаад машин руу нь суулгах гээд авч явтал нөгөө залуу та нар байж байгаарай гэж хэлээд удалгүй хоёр залуу дагуулж гарч ирээд эхлээд намайг цагаан цамцтай залуу нь миний нүүр, шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд нөгөө хоёр залуу нь цагаан цамцтай залууг салгаад аваад явсан бөгөөд хар цамцтай өндөрдүү залуу нь ярилцъя гээд миний энгэрээс барьж аваад намайг татаад машины урдуур тойроход араас цагаан цамцтай залуу нь ирээд миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл цэнхэр фудволктой залуу чулуу мэт зүйлээр миний толгойны ар хэсэг рүү цохисон. ...Миний биед учирсан баруун чихний дэлбэнгийн шарх, зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхи, хацар, зүүн завьж, дээд уруулын дотор салстад учирсан гэмтлийг цагаан цамцтай залуу учруулсан. Тэр үед хар куртиктэй залуу ирээд миний энгэрээс бариад чирээд явж байхад араас шархыг цэнхэр цамцтай залуу миний толгой руу хатуу зүйлээр цохиж гэмтэл учруулсан. Хамгийн анх С цагаан цамцтай залуутай маргалдаж байсан, ямар учраас маргалдсан эсэхийг мэдэхгүй байна... Тухайн үед би гар утсаа барьж байсан бөгөөд тэр үед хүмүүсийг салгах гэж байгаад гээгдүүлсэн байсан. Тэрнээс миний гар утсыг хулгайлж эсхүл дээрэмдэж авсан асуудал байхгүй. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. ...Н, Б нар надад хөнгөн гэмтэл учруулсан. Миний шанаа руу Н, толгой руу Б цохисон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй " гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-33, 145-146 дахь хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)
2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ***** дугаартай: “... Ж.Г-н биед дагзны хуйх, баруун чихний дэлбэнд шарх, шуунд зулгаралт, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, хацар, зүүн завж, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал),
3. Хохирогч Д.Н-н: "... Би тухайн өдөр найз болох Б болон танил дүү Д нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нийтийн байранд уулзаж 2.5 литрийн пиво хоёрыг уусан. Би маргааш нь ажилтай байсан учраас согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэгээд би орой...дэлгүүрээс цэвэр ус авахаар байрнаасаа гараад урагшаа алхаад *** нэртэй пабын хажуугаар өнгөрч байтал үл таних хоёр залуу маргалдаад нэгнийхээ энгэр амнаас барьчихсан, “нэг нэгнийгээ ална, хутгална” гэх мэтээр маргалдаж байхаар би дундуур нь ороод салгаад тэр хоёр өөр өөр тийш яваад өгсөн. Тэгээд би дэлгүүр орох гэж байтал маргалдаж байсан хоёр эрэгтэйн туранхай өндөр нь нэг эмэгтэйг алгадсан. Тэр үед би тэр эрэгтэйг “чи болиоч ээ, эмэгтэй хүнийг цохиод” гэж хэлэхэд “чи хаанахын ямар пизда бэ” гэж хэлээд над руу ирээд миний нүүр лүү шууд гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд хавирч унагаагаад “би чамайг цохихгүй” гэж хэлэхэд миний хоолой боогоод нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл махлаг залуу баарнаас гарч ирээд намайг тухайн залуугийн дээрээс татаж босгоод хавираад хойшоо түлхсэн. Тэгээд би тэр үед газарт өгзөг хэсгээрээ унаад босох гэж байхад туранхай залуу нь ирээд миний нүүр лүү гараараа дахин нэг удаа цохиход миний нүд харанхуйлаад эхэлсэн. Тэгээд би босоод шууд байр луугаа ороод Б болон танил дүү болох Д-д хэлэхэд тэр хоёр “очъё” гэж хэлээд бид гурав "***” пабын гадна очоод “хэн нь миний нүүр лүү цохисон юм бэ?” гэж асуухад тарган залуу нь “би цохисон, тэгээд яах юм бэ?” гэхээр нь би очоод тэр залуугийн энгэрээс барьж аваад маргалдсан. Тэр үед Б, Д хоёр намайг салгаж аваад явах гэтэл тэр махлаг залуу “хүрээд ир, чи амжихгүй шүү” гээд байхаар нь очоод тухайн залуугийн нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэр үед Б намайг салгаад байр луу авч явах гээд байж байтал махлаг залуу нь “чи ахиад зодолдох гээд байгаа юм уу?” гээд хэрүүл хийгээд байхаар нь би баарны үүдэнд нь тухайн залууг түлхэж унагаасан. Тэр үед манай хоёр найз намайг салгаад хойшоогоо явсан. Манай дүү Д тэр хэдийг “болиоч ээ, бид хэд салаад явах гээд байна” гэхэд арай махлаг залуу нь манай дүүг хавирч унагаахаар нь Б бид хоёр очоод махлаг залууг Д-гаа салгах гээд татах хоорондоо ноцолдсон юм. Тэгээд Д-г салгаж аваад бид гурав гэр лүүгээ явсан... Тухайн үед туранхай залуу нь намайг толгойн ар хэсэг рүү гараараа цохиод, мөн би хавирч унагаагаад дээр нь дарах үед миний хоолой боогоод нүүр лүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Арай махлаг нь залуу намайг хавирч түлхсэн, тэр үед би өгзгөөрөө газарт суугаад унах үед тухайн хоёр хүн хоёулаа урдаас ирсэн бөгөөд би цохих байх гэж бодоод гараараа нүүрээ хаах үед миний баруун талын нүд хэсэг рүү нэг гар орж ирээд цохисон. Тэр үед нүд харанхуйлаад нүд хавдаж юм харж чадахгүй болсон. Миний бодлоор махлаг залуу нь цохисон байх гэж бодож байна. Дараа нь би нүд рүү хэн цохисон юм бэ? гэж асуухад махлаг залуу нь би цохисон юм гэж хэлсэн. Би шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. ГССҮТ-д маргааш нь очиж үзүүлэн эм бичүүлж авсан ба 50,000 төгрөгөөр авсан. Одоо надад баримт нь байхгүй. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна.... гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-40, 230 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ***** дугаартай: “...Д.Н-ийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн шанаа, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна…” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал),
5. Хохирогч Б.Д-ийн: “... Миний бие 2023 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр "****” пабын хойд талд байрлах Н ахын амьдардаг нийтийн байранд очиход Н ах болон Б ах нар байсан. Тухайн Н ахын хоёр эмэгтэй найз нь мөн байсан ба Н ахын гэрт 2.5 литрийн нэг пиво байсан. Тэгээд би тэнд сууж байтал Н ах дэлгүүр орж ус авчхаад ирье гээд гарсан бөгөөд удалгүй 10 орчим минутын дараа нүд нь хөхөрчихсөн байдалтай орж ирээд “намайг хүмүүс зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Н ах гарахаар нь Б ахын хамтаар гарч "***” пабын гадна очиход хоёр үл таних эрэгтэй болон хоёр гурван эмэгтэй байсан. Тэгтэл Н нь ах махлаг саарал куртиктэй ахыг очоод нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаад авахаар нь би салгасан. Тэгээд Н ахыг аваад явах гэтэл сараал куртиктэй махлаг залуу нь "хүрээд ирцгээ лалруудаа" гээд элдэв өнгө аясаар хараагаад байсан. Тэгтэл Н ахын гэрт байсан хоёр эмэгтэйтэй махлаг залуутай хамт явж байсан эмэгтэй маргалдсан. Тэгээд би тэр махлаг саарал өнгийн куртиктэй ахад хандаж “би ах нарыгаа аваад явчихъя” гэж хэлэхэд махлаг залуу нь "Чи юу гэнээ, лалар минь" гэж хэлэхэд Н ах уурлаад тэр махлаг залууг очоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуу нь миний энгэрээс барьж аваад цааш татаад зуураад араараа явж байгаад өгзгөөрөө суугаад миний энгэрээс барьсан чигээрээ газарт унасан бөгөөд энэ үед хөлөөрөө миний эмзэг эрхтэн лүү хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл нэг туранхай өндөр залууг нэг эмэгтэй аваад яваад өгсөн бөгөөд махлаг залуу нь караоке руу яваад орсон. Тэр үед би Драгон луу яваад өгсөн. .. Тухайн үед би махлаг бор ах намайг энгэрээс барьж аваад татаад тэр ах газарт дээш харж унахад би дээр нь унасан бөгөөд босох гээд өндийж байтал миний энгэрээс тавилгүй барьж байгаад миний төмсөг хэсэг рүү 3 удаа өшиглөсөн. Тэр үед миний төмсөг хэсэг маш их өвдсөн ба орой очоод харахад хавдсан байсан... Миний төмсөгт учирсан гэмтлийг махлаг бор царайтай ах учруулсан. …Эрчүүдийн эмнэлэгт 500,000 төгрөгөөр MRI хийлгэсэн. Мөн эм тариа 40,000 төгрөгөөр авсан, шарлагад 5 удаа нийт 50,000 төгрөгөөр, аппаратны эмчилгээнд 5 удаа, нэг удаа 50,000 төгрөгөөр, нийт 250,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн буюу нийт 840,000 төгрөгийн хохирол учирсан, баримтыг нь аваагүй. Одоогоор зовиур арилсан ч төмсөгөнд хурсан шингэн арилаагүй байна. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-47, 224 дэх тал),
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ***** дугаартай: “...Д-н биед зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал),
7. Гэрч Х.Б-н: “...Би өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** паб-д зөөгчийн ажлаа хийж байтал манай байгууллагад байнга ирж үйлчлүүлдэг зүс мэдэх *** ХХК-ийн ажилчид ирцгээсэн юм. Тэгээд тэд нар манай ажил дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байхдаа хоорондоо маргалдаад эхэлцгээсэн. Тэгсэн С гэх *** ХХК-ийн ажилтан нь ажлынхаа нэг эмэгтэйтэй пабны гадаа маргалдаж байснаа тухайн эмэгтэйг түлхээд унагаачихсан чинь тухайн үед нь манай пабын хажуу талд байдаг нийтийн байрнаас үл таних цагаан фудволктой залуу дэлгүүр орж байх замдаа тухайн хоёр дээр очиж С-д хандаж "Ахаа та яагаад эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа юм" гэж хэлээд салгахдаа С-н дээр нь гараад суучихсан байх үед С-ийн найз болох Г нь /*** ХХК-ийн ажилтан/ пабны камераар харчхаад шууд гараад нөгөө залууг босгож найзаасаа холдуулаад хавсраад унагаачихсан юм. Тэгсэн тэр үед нь нөгөө С чинь босож очоод нөгөө залуугийн нүүр лүү нь цохиод авсан. Тэгсэн тухайн залуу уурлаад “та хоёр яагаад намайг зодож байгаа юм, би найзуудаа дуудлаа шүү” гэж хэлтэл Г нь “дуудаад ир харъя” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу байр луугаа ороод хоёр найзыгаа дуудаад гараад ирцгээсэн. Тэгээд тэр таван залуу хоорондоо маргалдаад бид нар дундуур нь орж салгах гэж зөндөө хичээсэн боловч тэр хэд хоорондоо зодолдоод нөгөө байрнаас гарч ирсэн гурван залуу Г-г зодоод, С-г бас нийлээд зодоцгоосон юм. Тэгээд бид нар тэр үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгцгөөсөн юм. Манай байгууллагын хяналтын камерын бичлэг байгаа. Тухайн болсон явдлын талаарх дүрс бичлэгийг Г-д гэх залуугийн ар гэр болох төрсөн ах нь ирээд бичлэг хийгээд аваад явсан тул түүнээс авчих. Тухайн хяналтын камерын бичлэг дээр болсон явдал тодорхой харагдаж байгаа. Тухайн үед би тэр гурван хүүхдүүдэд учир байдлыг нь сайн ойлгуулаад хэлтэл цэнхэр цамцтай залуу нь ойлгоод бүгдийг нь болиулах гээд яваад байхад тэр Г гэх залуу нь өөрөө амнаасаа болоод тэр хүүхдүүдийг "Наашир дүү нараа” гэх зэргээр өдөж байсаар нөгөө хүүхдүүд тэр хоёртой зодолдож эхэлсэн." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал),
8.Гэрч Г.Г-н: “...Тухайн өдрийн 10 цагийн үед миний бие ажлын газрын хүмүүсийн хамт сэрээт ачигч машины ур чадварын тэмцээнд манай байгууллагын агуулахад болсон. Надтай хамт ажилладаг У, М, П, Ц, Ц, С автомат агуулахад ажилладаг Г бид нар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” паб руу миний санаж байгаагаар өдөр 13-14 цагийн үед орж архи согтууруулах ундаа, пиво зэргийг уусан бөгөөд миний бие нилээн согтсон ч болсон явдлыг санаж байна. Тэгээд хүмүүс эхнээс нь явах нь явцгааж эхэлсэн. Тамхи татчихаад дээш гараад сууж байтал гэнэт орилоон болж эхлэхээр нь би гадагшаа гартал С-г хоёр залуу дээрээс нь дарчихсан байхаар нь би нэгийг нь болиоч гээд салгах гэтэл нэг нь намайг толгой руу гараараа цохихоор нь би хойшоогоо ухарч унаад тэгээд би дахиж ойртоогүй. Тэгээд дотогшоо ороод хүмүүст С хэрэлдэж зодолдоод байна гэж хэлсэн. ...Тэгээд гадаа бөөн бужигнаан болоод хоорондоо маргалдаад байхаар нь гэр лүүгээ яваад өгсөн. С манай ахлах М-тэй пабын гадна өндөр дуугаар яриад байж байхад үл таних залуу ирээд эмэгтэй хүн дээрэлхлээ гэх шалтгаанаар С-тэй маргалдсан талаар М надад хэлсэн. Тухайн үед Г-н толгойноос цус гарч байсан. Тэрээр 2 залуутай маргалдаад зодолдоод байсан. С мөн тэр 2 залуутай барьцалдаж аваад ноцолдоод байсан. С-н биед ямар нэгэн бэртэл гэмтэл байсныг хараагүй. Маргааш нь хацар хэсэг нь улайчихсан байсан. Г, С хоёр нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал),
9. Шүүгдэгч А.Б: “......Би махлаг саарал өнгийн куртиктэй залуугийн толгой хэсэгт гартаа таарсан хатуу зүйлээр цохисон. ...Н саарал өнгийн куртиктэй махлаг залуугийн нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Д хэн нэгнийг зодож цохиогүй, бид нарыг салгах гээд дунд нь орж байгаад махлаг залууд зодуулж төмсөг рүүгээ өшиглүүлсэн байсан. …Тухайн үед Н цагаан өнгийн футболктой, доогуураа хар өнгийн өмдтэй байсан. Харин миний бие саарал өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн поло футболктой байсан. Д хөх өнгийн бомбер, малгайтай бор өнгийн цамц, хар өнгийн өмдтэй байсан. Бид нартай маргалдсан махлах залуу саарал өнгийн куртик саарал саравчтай малгайтай, харин туранхай залуу нь цэнхэр өнгийн цүнх үүрсэн, хар өнгийн богино куртик, цэнхэр өнгийн өмдтэй байсан. …хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дэх тал),
10. Шүүгдэгч Д.Н: “...Тэр үед Б, Д хоёр намайг салгаж аваад явах гэтэл тэр махлаг залуу хүрээд ир, чи амжихгүй шүү гээд байхаар нь би очоод тухайн залуугийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Б намайг салгаад байр луу авч явах гээд байж байтал махлаг залуу нь чи ахиад зодолдох гээд байгаа юм уу? гээд хэрүүл хийгээд байхаар нь би баарны үүдэнд нь тухайн залууг түлхэж унагаасан. Тэр үед манай хоёр найз намайг салгаад хойшоогоо явсан. Тэгтэл манай дүү Д тэр хэдийг болиоч ээ, бид хэд салаад явах гээд байна гэхэд арай махлаг залуу нь манай дүүг хавирч унагаахаар нь Б бид хоёр очоод махлаг залууг Д-с салгах гээд татах хоорондоо ноцолдсон юм. Тэгээд Д-г салгаж аваад гэр лүүгээ явсан. …Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 216-218 дахь тал),
11. Шүүгдэгч Ж.Г: “...Би С-н тэр залуутай ямар шалтгаанаар маргалдаад байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан би очоод салгахад намайг “нүд рүү цохилоо” гэж хэлээд дайраад байсан. Би гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 202-205 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
12. Шүүгдэгч Г.С-н: “…би М-тэй хамт тамхи татаж байгаад ажлын асуудлаас болж ам зөрж маргалдсан. Энэ үед үл таних цагаан өнгийн цамцтай залуу ирээд "чи эмэгтэй хүнтэй яагаад маргалдаад яаж харьцаад байгаа юм бэ?" гэж хэлэхээр нь би “чамд хамаагүй, бид нарын асуудал” гэж хэлэхэд тэр залуу надтай маргалдаж эхэлсэн. Тухайн үед би жаахан ширүүн зан авиртай хэлсэн байх. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад тэр залуутай барьцалдаад намайг хавирч унагаагаад дээрээс дараад авсан ба дээрээс цохих гээд байхаар нь би хөлөөрөө тэр залуугийн цээж рүү жийгээд хамгаалсан. Энэ үед пабаас Г гарч ирээд тэр залууг миний дээрээс татаж авч салгаад чирээд унагаагаад дээрээс нь дарсан. ...Тэр үед Г руу цагаан өнгийн цамцтай залуу очоод нүүр лүү нь цохиод тэнд Г-тай зодолдож байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 175-177 дахь тал) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.
Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, *** ХХК-ны нэр бүхий ажилчид нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***” пабад орж, архи согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлсэн байх бөгөөд тухайн байгууллагын ажилтан Г.С нь согтуурсан үедээ уг пабын гадна талд хамт ажилладаг хүмүүстэйгээ муудалцаж байх үед нь шүүгдэгч Д.Н нь түүнд зүй ёсны шаардлага тавьсан хэдий ч Г.С нь эсэргүүцэж хэл амаар доромжилсноос үүдэн тэдгээрийн хооронд маргаан үүссэн байна.
Улмаар "***” пабад үйлчлүүлж байсан Ж.Г нь хамт ажилладаг Г.С нь үл таних Д.Н-тай хоорондоо барьцалдаж дээр доороо орж унасан байгааг пабын гаднах бичлэгийг харж байх зуураа мэдсэнээр гарч очин учир зүйг олж салгахын оронд Г.С-тэй нийлж хохирогч Д.Н-ийн биед халдаж гэмтэл учруулсан байх ажээ.
Харин Д.Н-ийн хувьд, тэрээр өөрийг нь зодсон үйлдлийг хууль ёсны дагуу холбогдох байгууллагад нь мэдэгдэж шалгуулах, арга хэмжээ авхуулах боломжтой байсан атал өөрийн амьдардаг байр луу буцаж орон найз, хуурай дүү гэх А.Б, Б.Д нарыг дагуулж гарч ирэн дахин Г.С, Ж.Г нартай дахин маргалдаж зодолдсоноор харилцан бие биедээ гэмтэл учруулахад хүргэсэн шинжтэй, энэ байдал нь дээрх шинжлэн судлагдсан мэдүүлгүүдээр тогтоогдсон, шүүгдэгч А.Б, Ж.Г, Г.С, Д.Н нарын идэвхтэй үйлдэл, хохирогч Д.Н, Ж.Г, Б.Д нарт учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгч нар нь бусдын бие махбодод халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хүсэж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь харилцан зодолдохдоо шүүгдэгч А.Б, Д.Н нар нь үйлдлээрээ нэгдэн хохирогч Ж.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Г, Г.С нар нь үйлдлээрээ нэгдэн хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэх,
Харин шүүгдэгч Ж.Г нь бусадтай бүлэглэж Д.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнээс гадна тухайн цаг хугацаанд дангаараа хохирогч Б.Д-ийн биемахбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч А.Б, Г.С, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч А.Б, Д.Н нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ж.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол,
- шүүгдэгч Ж.Г, шүүгдэгч Г.С нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол,
-шүүгдэгч Ж.Г гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч Д.Н, Ж.Г нар хохирол нэхэмжлэхээс татгалзсан, харин Б.Д нар нь хохирол нэхэмжилсэн хэдий ч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч Б.Д нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Ж.Г-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
-харин шүүгдэгч Ж.Г, Г.С нар нь хохирогч Д.Н-д, шүүгдэгч Д.Н, А.Б нар нь хохирогч Ж.Г-д төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнэ: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан ба яллагдагч Д.Н, А.Б нараас үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-д Эрүүл мэндийн даатгалын сангаас 230.000 төгрөг зарцуулсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал), төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал)
Иймд шүүгдэгч Д.Н, шүүгдэгч А.Б нараас 230.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Г-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.С-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж, 90 хоногийн дотор төлүүлэх, мөн шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ял болон өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нар нь “... прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Шүүгдэгч А.Б, Ж.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг, харин шүүгдэгч Г.С, Д.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.
Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дараах байдлаар ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулж шийдвэрлэлээ. Тухайлбал,
-шүүгдэгч Ж.Г хувьд: “...тус гэмт хэргийг үйлдэхдээ /бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг / хэд хэдэн хүндрүүлэх шинжээр үйлдсэн, мөн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч Г.С-н хувьд: “ өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атлаа дүгнэлт хийлгүй дахин үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, түүний хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч А.Б, Д.Н нарын хувьд, гэмт хэрэг үйлдэх болсон шалтган нөхцөл, хохирогч нарт төлөх төлбөргүй байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан тус бүрд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч тус бүрийн сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаа хяналт тогтоосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 108-115, 122-123 дахь тал)
Шүүгдэгч Д.Н нь хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон /600:15=/40 хоног дээр, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 2 сар 6 хоногоор тогтоож, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б, Ж.Г, Г.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч А.Б, Ж.Г, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн А.Б, Р овгийн Г.С, Б овгийн Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Ш овгийн Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж, хоёр, түүнээс олон хүнийг” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч А.Б, Д.Н тус бүрд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ж.Г, Г.С тус бүрд 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон /600:15=/40 хоног дээр, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 6 (зургаа) хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ж.Г, Г.С нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Ж.Г, Г.С нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Хохирогч Б.Д нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Ж.Г-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.Б, Д.Н, Г.С нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Н, А.Б нараас 230.000 (хоёр зуун гучин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Б, Ж.Г, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ