Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/272

 

 

2024      06         13                                           2024/ШЦТ/272

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Эд холбогдох эрүүгийн 2425001080278 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Ц” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамтаар ......................... тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, А ургийн овогт Чын Э /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч овогтой Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд*******, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах  “W” баарны гадна хохирогч Т.Эг “...2-ын архичид...” гэж хэлсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн толгойн тус газарт нь баруун гарын тохой хэсгээрээ цохиж, ухаан алдуулан газарт унагаж эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх, хоёр тал бөмбөлгийн завсар, тенториум, тархины суурь хэсгийн цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт

        -Шүүгдэгч Ч.Эы мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг,

2425001080278 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан: 

- хохирогч Т.Эгийн...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн үед “Gochu chicken” хоолны газраас гараад “W” баар руу М, Э нартай ороод 0,33 литрийн Нeineken нэртэй пиво авч уусан. Баар хаагаад гараад гадаа тамхи татаад зогсож байтал нэг залуу хүн болгон руу орилоод хувцсаа тайлж шидээд байсан. Би тухайн залууг чи хувцсаа өмсөө, гадаа хүйтэн байна гэж хэлсэн. Тэр хүмүүс бид нарыг “та нар муусайн 2-ын архичид байна шүү дээ” гэж хэлсэн. Бид нар маазраад тиймээ тийм л гэсэн. Тэр зүйлээс болоод бид нар тухайн 3-4 хүнтэй маргалдсан, би Э лүү алхаж байсан. Гэртээ нэг сэрснээ санаж байна. Тэгээд эмнэлэгт сэрсэн. Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний оройноос 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл юу ч санахгүй байна. Би сувилагч нараас яагаад эмнэлэгт байгаа юм гэж асуухад чи хүнд зодуулаад эмнэлэгт ирсэн. Чи 2 удаа хагалгаанд орсон гэж хэлсэн...Би Э гэх найзаасаа уг асуудлын талаар асуух үед Э нь чамайг баарны гадна зогсож байхад Э гэх залуу тохойлдчихсон гэж хэлсэн...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэц болон өөрийн эмчилгээний зардлыг нөхөн төлүүлсэн..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9-11, 13-р тал/,

-Гэрч Ц.Бын мэдүүлсэн...Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн ажил дээрээ 20 цагийн үед байж байх үед манай эмнэлэгт 2 залуу хүрч ирсэн. Тухайн 2 залуугийн 1 залуу нь бусдад зодуулсан, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Би тухайн залуугийн биед гадна үзлэг хийх үед зүүн шанаа хэсэг бага зэргийн хавдартай, улайчихсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн хүнээс юу болсон талаар асуух үед юу болсон, яаж бэртэж гэмтсэнээ санахгүй байсан. Тийм учир тархины томографикт оруулаад шалгаж үзэхэд мэс засалд орох хэмжээний цус хуралт тархинд нь үүссэн байсан. Тус хүний хувийн байдлыг шалгаж үзэхэд Т Э гэх хүн байсан... Тус хүн нь тархиндаа цус хуралттай учир асуулт асуухад бүрэн дүүрэн хариулж чадахгүй, мэдэхгүй байсан... Хагалгаанд орох хэмжээний тархины хүнд гэмтэл...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 15-16-р тал/,

-Гэрч У.Мын мэдүүлсэн:...Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 30 минутын үед Э ах, Э ах нарын хамт гурвуулаа Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “W” бааранд орсон юм... Тэгээд баар хаагаад 00:10 цагийн орчим баарны гадаа тамхи татаж байгаад миний танил ах Э, А, Б нар нь баарнаас гарч ирсэн юм. Э ах Э гэх ах дээр очоод гадуур хувцсаа өмсөлдөө даардаггүй юм уу гэсэн чинь Б гэж найз нь дундуур нь орж ирээд Э, Э нарыг “2 дугаар микрийн архичид минь” гээд байхаар нь Б ахыг тэврээд муудалцаад яахын бэ гээд салгаад аваад явсан юм...хойно эмэгтэй хүмүүс орилох чимээ гарахаар нь харсан чинь Э ах газар ухаангүй хэвтэж байсан юм. Тэгээд би Б ахыг орхиод Э ах дээр очоод амьсгалын замыг чөлөөлсөн юм. Барьж явсан усаа Э ахын цээж рүү асгасан чинь 5 минут орчмын дараа Э ах сэргэсэн. Э ахыг авч яваад Бүрэнбүст багт байрлах Гочу хоолны газрын хойд өрөөнд унтуулаад өглөө 06:00 цагт би ажил руугаа явсан юм. Тэгээд би орой 21:00 цагийн үед гэртээ унтаж байсан чинь Э ах залгаад Э ах чинь эмнэлэгт хэвтчихлээ гэхээр нь очсон юм. Э ах надад хэлэхдээ Э ахыг тохойгоороо Э ахын толгойн зүүн чамархай хэсэгт 1 удаа цохисон гэж хэлсэн юм. Би цохиж байхыг нь хараагүй юм...” гэх мэдүүлэг, / хх-ийн 18-р тал/

-Гэрч Б.Эийн мэдүүлсэн:..“...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн үед ажлаасаа гараад тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “W” нэртэй баар луу Э, М нартай орсон юм...Баар хаагаад баарнаас гараад гадаа тамхи татаад зогсож байх үед хажуу талд 3 залуу баарнаас гарч ирсэн бололтой, хажууд зогсоод хоорондоо инээлдэж байсан. Тухайн гурван залуугийн нэг залуу нь хөгшчүүл яасан зүгээр үү гэх үед бид нар зүгээрээ хө маазарч болно биз дээ гээд тухайн залуучуудтай маргалдаад эхэлсэн. ...том биетэй, сахалтай залуу гэнэт пиздаакууд яах гээд байгаа бэ? зүгээр байгаарай гэж хэлээд хажуудаа зогсож байсан Эг баруун тохойгоороо толгойн зүүн шанаа хэсэгт нэг удаа тохойлдсон. Э газарт хөшсөн байдалтай шууд унасан. Би тухайн залуутай барьцалдаж аваад тухайн залууг цохих гэж оролдсон боловч оноогүй. Хүмүүс бид хоёрыг салгаад би Э дээр очтол ухаангүй, шүдээ зуучихсан, хэвтэж байсан. Би Эгийн уруулын хөмхий хэсэгт эрхий хуруугаараа дарж, цээж хэсэгт иллэг хийж, ус цацсан, хэд орчим минут ухаан алдсан талаар мэдэхгүй. Тэгээд Э юу болсон бэ? гэж сэрсэн. Тэгээд Эгаас зүгээр үү гэж асуух үед Э би согтчихсон юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р тал/

-Гэрч Э.Өын мэдүүлсэн:...Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед өөрийн гэр болох*******ын Дэнжийн .......... тоотод байж байгаад Э гэх найзтайгаа утсаар яриад тус өдөр шоудахаар болсон юм. Тэгээд би гэрээсээ гараад Эы ажил болох Тэнүүн төвөргөөн компани дээр очоод Этай уулзаад 07 дугаар цэцэрлэгийн гадаа машин дотроо 2 л Нийслэл пиво 2 ширхгийг хувааж уугаад А найзыгаа гэрээс нь очиж аваад “W” баар луу явсан. Тухайн баар луу 21 цагийн үед орсон.  Баар луу ороод 0.7 литрийн "Jagermeister" Яагир нэртэй виски уугаад орой 23 цаг 40 минутын үед баар хаагаад гарч ирээд гадаа тамхи татаж байгаад үл таних гурван залуутай маргалдаад би нэг залуутай нь нэг газар өссөн байж таараад тэд нарыг дагуулаад жоохон зүүн тийшээ авч яваад ойр зуурын юм ярьж байтал ...гэнэт Э баруун тохойгоороо нэг үл таних залуугийн толгой хэсэг рүү нэг удаа тохойлдчихсон. Тухайн залуу шууд газар унаад өгсөн, тухайн  залуу ухаан алдсан юм шиг байсан. Надтай ойр зуурын юм ярьж байсан залуу нь уруул дээр нь дараад сэрээх гэж оролдсон, 2 орчим минут байхаа сайн мэдэхгүй байна, тухайн залуу ухаан орсон, тэгээд бид нар гайгүй юм шиг байна гээд салаад гэр гэр лүүгээ явсан....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 23-р тал/

-Гэрч С.Аын мэдүүлсэн:... Гадаа гараад байж байтал Б гэх дүүтэй таараад ойр зуурын зүйл ярьж дуусаад эргээд хартал Э түүний хажууд байсан 2 танихгүй залуугийн нэг залуу нь газар унаж байсан. Би тэд нарын байсан газар явж очоод Эыг салгасан. Тэр үед М, Ө нар хүрээд ирсэн. Би Эыг цаашаа өөр газар аваачаад чи саяны залууг цохичихсон юм уу? гэж асуухад Э би цохиогүй гэж хэлсэн. Цаашаа явж байгаад М руу залгаад саяны газар унадаг залуугийн бие зүгээр байгаа эсэх талаар асуухад М манай ах зүгээрээ босоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд гэр гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р тал/

-Гэрч З.Аын мэдүүлсэн.... Э, нэг танихгүй ахтай маргалдаад байсан. Тэгтэл хажууд нэг хүн унах шиг болсон хартал Э ахтай маргалдаж байсан гэх танихгүй хүн газарт уначихсан байсан. Тэгээд нэг ах тухайн газар уначихсан ахыг сэргээх гээд уруулын дээд талд дараад сэргээх гэж оролдож байсан. Тэр А Эыг аваад явсан”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 160 дугаартай:... Т.Эгийн биед зүүн чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх, хоёр тал бөмбөлгийн завсар, тенториум, тархины суурь хэсгийн цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 34-37-р тал/,

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 322 дугаартай “ Т.Эгийн сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учирсан байна. Т.Эгийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс, сэтгэл уналын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. Асуултад дурьдаагүй нөхцөл байдал илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45-р тал/

-Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн... “Магадлуулагч Ч.Э нь сэтгэцийн хувьд эрүүл. Ч.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Ч.Э нь албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51-р тал/,

-хохирогч Т.Эгийн 2024 оны 01  дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 59-122-р тал/

-Шүүгдэгч Ч.Эы яллагдагчаар мэдүүлсэн...Тухайн машинд Өнөболдтой Сэнгүр нэртэй 2.4 литрийн 2 ширхэг пиво хувааж уугаад 21 цаг юм уу 22 цагийн үед А гэх найзыгаа гэрээс нь аваад W баар ороод тэндээ Яагир нэртэй 0.7 литрийн виски авч уугаад тухайн газраас 00 цагийн үед гараад гадаа нь тамхи татаад зогсож байтал М гэх залуу таарсан. М нь 2 залуутай явж байсан. Одоо бодоход тухайн 2 залуу нь Э, Э нар байсан байна. Э билүү Э нь билүү нэг нь “хоёрын архичдаа” гээд байсан. Хэнд хандаж хэлсэн талаар би мэдэхгүй байна. Тэр үед Ө ирээд Мыг аваад цаашаа явсан. Би халааснаасаа тамхи авах гэж байгаад миний тохойнд нэг зүйл хүрэх шиг болсон. Нэг харсан чинь хохирогч газар уначихсан байсан.Би хохирогчтой зодоон хийгээгүй шүү гэх байдлаар хоёр гараа өргөөд хойшоо болсон. Би хэт болгоомжгүй үйлдлээс болж хүний биед хүнд зэргийн хохирол учруулсан байна. Би хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 134-р тал/

-Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 154-р тал/зэрэг нотлох баримтуудыг  нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд*******, Зэст баг “W”бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж гадаа гараад хохирогч Т.Э “...2-ын архичид...” гэж хэлсэн үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн толгойн тус газарт нь баруун гарын тохой хэсгээрээ 1 удаа цохиж ухаан алдуулан газарт унагаж эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн аалзан хальсан доорх, хоёр тал бөмбөлгийн завсар, тенториум, тархины суурь хэсгийн цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ч.Эы үйлдлийн улмаас Т.Эгийн биед хүнд зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

           Шүүгдэгч Ч.Эы хүний эрүүл мэндэд халдаж хүнд зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

           Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

          Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, 3 жилд төлүүлэх ял санал болгосон гэж,

            -Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар торгох ялыг багасгаж оногдуулна уу гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                               

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.    

       Шүүгдэгч Ч.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Харин прокурор ялыг 3 жилийн хугацаанд төлүүлэхээр санал болгосон, шүүгдэгчийн өмгөөлөгч багасгах санал гаргасан нь үндэслэл муутай байна. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд төлүүлэхээр заасан ба 3 жил бол торгох ялын дээд хэмжээ. Түүнчлэн, Ч.Эы үйлдсэн гэмт хэргийн учруулсан хохирлын шинж байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээний ялыг 3 жилд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангахгүй, эрүүгийн хариуцлага үр нөлөөгүй байна гэж дүгнээд 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоолоо.        

       3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

       Хохирогч Т.Э нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 150-р тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ургийн овогт Чын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ