Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/280

 

 

2024       06          18                                             2024/ШЦТ/280

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

 Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гт холбогдох эрүүгийн 2425000740281 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 110 дугаар цэргийн ангид жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ..................... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Сийн Г, регистрийн дугаар:0000000000;

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн баруун талын төв асфальтан замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй Ч.Гын эзэмшлийн хьюндай соната 6 загварын 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно,Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө..” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Оийг мөргөж эрүүл мэндэд нь “умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал /эрвээхэй хэлбэрийн/, зүүн аарцаг ясны дотор цагаригийн хугарал, ууцны 1-р нугаламд хугарал, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч С.Гийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно гэх мэдүүлэг,

             -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гийн мэдүүлсэн:Осол 1 сарын 07-нд орой 17 цагийн орчим гарсан. Жолоочтой хамт хэргийн газарт очсон. Хохирогч зам хөндлөн гарч явсан, эсрэг урсгалд орсон явж байхад нь мөргөсөн байсан. 60 гаруй настай ээж минь маш хүнд гэмтэл авсан. Хүнд хохирол учирсан. Одоо Солонгос улс руу авч явахаар эмнэлгээ судалж олоод, төлбөрийн мэдээллээ аваад, онгоцны тийзээ захиалсан байгаа. Зургийг нь явуулсан. Сүүж нь зүүн хэсгээрээ нуруу хэсгээсээ салсан, хагалгаа хийж болох эсэх талаар үзлэг шинжилгээ хийнэ гэсэн. Эрсдэл өндөр, баталгаа өгвөл эмчилж болно гэсэн. Хэрэв хагалгаанд орвол 90 сая вон гэсэн үнийн санал ирсэн. Шүүгдэгч 11,500,000 төгрөг өгсөн. Мөн сая 12,000,000 төгрөг шилжүүлсэн байна. БНСУ явах зардал буудал, шинжилгээний үнэ 12,563,200 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3-р зэргээр тогтоосон тул дээд хэмжээгээр нь хохирол гаргуулахаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

      - эрүүгийн 2425000740281 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:

-хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь цаг агаарын нөхцөл байдал хэвийн Орхон аймгийн Баян- Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн баруун талд асфальтан, хойд зүгээс урд зүг, урд зүгээс хойд зүгийн чиглэлтэй эсрэг урсгалтай 2 эгнээ, шулуун, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй суурины доторх төв зам байна, замын зорчих хэсгийн нийт өргөн 7 метр байна. С.Г нь өөрийн биеэр хохирогчийг мөргөсөн цэгийг заахад замын урд зүгээс хойд зүгийг чиглэсэн урсгалтай гэрлэн дохиогүй явган хүний гарц дээр байх бөгөөд тухайн зам нь мөстөж халтиргаа үүссэн байна...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р тал/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /хх-ийн 12-14-р тал/

-Хохирогч С.Оийн мэдүүлсэн...Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн баруун талын явган хүний замаар ганцаараа алхан явж байгаад төв засмал замыг  ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгийн чиглэлд алхан гарахдаа хоёр урсгал руу харахад дээрээс машин байхгүй, доороос нэг машин харагдсан боловч хол Баян-Өндөр сумын захиргааны байрны харалдаа харагдаж байсан, тэгээд урдаас хойд зүгийн чиглэлд байх урсгалтай замыг гараад замын дунд хэсгээс хэтрээд эсрэг урсгал руу орсон байхад биеийн ташааны зүүн хэсэг рүү машин ирж мөргөхөд шидэгдэж газар унасан. Тэгтэл машины жолооны хүрдний араас нэг эрэгтэй хүн бууж ирээд “яанаа” гээд байсан. Тэгээд эмнэлэг авч явна гээд би арай хийж нэг юм жолоочоор дэмнүүлэн чирэгдээд түүний машины хойд зүүн талд суусан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-21-р тал/

-хохирогч Л.Оийн /0000000000/ -ын Эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн тусламж үйлчилгээний зардлын жагсаалт /хх-ийн 24-р тал/

-Иргэний нэхэмжлэгч Д.Э мэдүүлсэн:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль, хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд хохирогч Л.От 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 327,800 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-р тал/

-Иргэний хариуцагч Ч.Гын...Би С.Г ахын эхнэр В.Сгийн төрсөн эгч нь болох В.Чийн төрсөн хүүхэд нь байгаа юм, бид хоёр төрөл садны холбоотой хүмүүс байгаа юм. ...Миний өмчлөлд 00-00улсын дугаартай Хьюндай Соната маркийн тээврийн хэрэгсэл байдаг гэхдээ би энэ тээврийн хэрэгслийг С.Г ахад 2023 оны 06 дугаар сард 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд түүний нэр дээр шилжүүлж өгөх гэсэн боловч тухайн үед ах ажлаараа Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомт руу яваад 2023 оны 12 дугаар сард Орхон аймагт ирж тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлнэ гэж ярьж явсаар байгаад он гарч энэ хэрэг явдал болчихсон юм. Тээврийн хэрэгслийг худалдахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Миний нэр дээр л болохоос биш надад хамааралгүй болсон. Г ах өөрийн биеэр хариуцна.. гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/

-гэрч С.Гийн мэдүүлсэн:...2024 оны 01 дүгээр сарын 07-ны оройны 17 цаг 30 минутын орчимд манай ээж Л.О нь өөрийнхөө 9927-9194 дугаарын гар утаснаасаа миний 9991-9194 дугаарын гар утас руу залгаж “ээж нь машинд дайруулчихлаа” гэж орилоод гар утас нь тасрахаар нь би эргүүлээд залгасан чинь гар утсаа авахгүй байж байгаад 2 минутын дараа авсан бөгөөд “уйлсан байдалтайгаар 2 дугаар микрийн зүүн талын явган хүний гарц дээр машин мөргөчихлөө, жолооч нь намайг машиндаа суулгаад хөдөллөө гэж хэлээд дахин гар утас нь тасарсан. Тэгээд дахин залгахад “эмнэлгийн зүг рүү хойшоо явж байна” гэж хэлсэн. Энэ үед би өөрийн эхнэрээ эргэх гээд Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр байж байсан болохоор шууд хүлээн авахын хаалганы гадна талд явж очтол 00-00улсын дугаартай Соната 6 загварын тээврийн хэрэгсэл ирж зогсон эрэгтэй жолооч бууж ирээд ард талын хаалгаа нээхэд ээж маань ёолох нь сонсогдож яваад очтол арын суудал дээр сууж байсан. Тэгээд би өргөөд эмнэлэг рүү оруулах гэсэн боловч ээж маань ёолоод хоёр хөл минь хөдлөхгүй байна гэхээр нь жолоочийг эмнэлэг рүү ороод түрдэг тэрэг аваад ир гээд ээжийг тэргэн дээр суулгаад эмнэлгийн хүлээн авах руу оруулж эмчид үзүүлээд 2 давхарт рентген зураг авахуулж байхад жолоочоос юу болсон талаар асуухад “би машин жолоодоод явж байтал явган хүний гарц дээр хүн явж байхаар нь зогсох гээд тоормос гишгэтэл зогсолгүй мөргөчихлөө, тэгээд шууд эмнэлэг дээр аваад ирлээ гэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан юм уу гэхэд үгүй гэхээр нь би 7035102 дугаарт гомдол, мэдээлэл гаргасан юм. ...Тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас аарцаг ясандаа 5 хугарсан, зүүн сүүж нуруутай наалддаг хэсгээрээ салан сүүжний дээд хэсгээрээ хугарсан, зүүн чөмөг суудаг хэсгээрээ сүүжний яс хугарсан, баруун мөр сэтэрхий хугарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн ...Л.Оийн биед умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал /эврээхээ хэлбэрийн /, зүүн аарцаг ясны дотор цагаригийн хугарал, ууцны 1-р нугаламд хугарал, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал /эрвээхэй хэлбэрийн/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн аарцаг ясны дотор цагаригийн хугарал, ууцны 1-р нугаламд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-37-р тал/

-хохирогч Л.Оийн 2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 41-64-р тал/

-хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 66-р тал/

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 705 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн С.Г 57/эр гэж хаягласан 147890101 гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй.. гэх дүгнэлт /хх-ийн 71-72-р тал/

 

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 320 дугаартай “...Магадлуулагч Л.Оийн сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн хариу урвал, дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Асуултад дурдагдаагүй нөхцөл байдал шинээр илрээгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 78-80-р тал/

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 81-82-р тал/

-Орхон аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай “...Уг авто тээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: баруун талын хойд крыло бага зэрэг хонхойсон, баруун доод талын хормой бага зэрэг ханзарсан байгаа нь стандарт шаардлага хангаж байна. Уг авто тээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд уг тээврийн хэрэгсэл нь бага зэрэг гэмтэлтэйгээр тэнцсэн үзүүлэлт байгаа нь стандарт шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 88-93-р тал/

 

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ОРА-1001611 дугаартай: Ч.Гын эзэмшлийн 8354 ОРО улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Sonata N20 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов гэх шинжээчийн үнэлгээ../хх-ийн 98-100-р тал/

-Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Аийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай  “...С.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна гэх магадлагаа /хх-ийн 103-106-р тал/

-Шүүгдэгч С.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа өнөөдрийн байдлаар хохирогчид 11,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тухайн өдрийн орой би Есөн-Эрдэнэ худалдааны төвийн баруун талын засмал зам дээрээс танихгүй 2 эмэгтэй хүнийг 00-00улсын дугаартай Соната- 6 маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд суулгаж өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож такси үйлчилгээ үзүүлээд хойд зүгийн чиглэлд 20 км/ц хүрэхгүй хурдтай явж байсан чинь явган хүний гарц дээр нэг эмэгтэй хүн гэнэт гарч ирэхээр нь би тээврийн хэрэгслийг зогсоох гээд тоормос гишгэтэл гулгаж очоод уг хүнийг мөргөчихсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 122-р тал/

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 125-р тал/

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 135-р тал/

-хохирогч Л.Оийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 140-116-р тал/

--Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 167-р тал/

-шүүгдэгч С.Гийн эзэмшлийн дансны хуулга /хх-ийн 168-171-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судаллаа.Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч С.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг 30 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн баруун талын төв асфальтан замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй Хьюндай соната 6 загварын 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Л.Оийг мөргөж биед нь умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал /эврээхээ хэлбэрийн /, зүүн аарцаг ясны дотор цагаригийн хугарал, ууцны 1-р нугаламд хугарал, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг, тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Гийн үйлдлийн улмаас Л.Оийн биед хүнд гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Л.Оийн  мэдүүлсэн... Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн баруун талын явган хүний замаар ганцаараа алхан явж байгаад төв засмал замыг ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгийн чиглэлд алхан гарахдаа хоёр урсгал руу харахад дээрээс машин байхгүй, доороос нэг машин харагдсан боловч хол Баян-Өндөр сумын захиргааны байрны харалдаа харагдаж байсан, тэгээд урдаас хойд зүгийн чиглэлд байх урсгалтай замыг гараад замын дунд хэсгээс хэтрээд эсрэг урсгал руу орсон байхад биеийн ташааны зүүн хэсэг рүү машин ирж мөргөхөд шидэгдэж газар унасан... гэх мэдүүлэг, гэрч С.Гийн мэдүүлсэн:.. 2 давхарт рентген зураг авахуулж байхад жолоочоос юу болсон талаар асуухад “би машин жолоодоод явж байтал явган хүний гарц дээр хүн явж байхаар нь зогсох гээд тоормос гишгэтэл зогсолгүй мөргөчихлөө, тэгээд шууд эмнэлэг дээр аваад ирлээ гэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан юм уу гэхэд үгүй гэхээр нь би 7035102 дугаарт гомдол, мэдээлэл гаргасан юм... гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шинжээчийн “...Л.Оийн биед умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал /эврээхээ хэлбэрийн /, зүүн аарцаг ясны дотор цагаригийн хугарал, ууцны 1-р нугаламд хугарал, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх умдаг яс 2 талдаа дээд, доод нумаар тасарсан хугарал /эрвээхэй хэлбэрийн/ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 320 дугаартай “...Магадлуулагч Л.Оийн сэтгэцэд 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн хариу урвал, дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна...гэх дүгнэлт, Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтан-Очийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дугаартай  “...С.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна гэх магадалгаа, хохирогчийн өвчний түүх, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч С.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.3, 16.1 дэх заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадалгаатай танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,

2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч  С.Гийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байдал нь, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.    

           Аливаа болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

         Шүүгдэгч С.Г замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж нийгэмд, бусдад хор хохирол учруулж болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой ч хайхрамжгүй хандсаны улмаас явган хүний гарцаар гарч явсан Л.Оийг мөргөж  Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.            

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгчээс 23,500,000 төгрөг төлсөн байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 4-р зэрэглэл гэж тогтоосон тул хүснэгтэд зааснаар 30%-иар тооцож  гаргуулах саналтай гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О: Зүйлчлэл болоод гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүхээс тогтоосон зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. С.Г нь хохирогчид нийт 23,500,000 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Ингэхээр хохирогчид учирсан шууд гэм хорын хохирлыг С.Гийн зүгээс төлсөн байна гэж үзэж байгаа. Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон тул аргачлалаар доод хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч өөрийн бүхий л бололцоогоо ашиглан хохирол төлж байгаа. Энэ бол болгоомжгүй хэрэг. Цаашид ч орон байраа зарж төлнө гэж байгаа гэж,

 -шүүгдэгч: Их харамсаж байна. Цаашид хохирол төлөх болно гэж,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г: Бид цаашид иргэний журмаар нэхэмжлэл гаргах болно гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч С.Г нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлсөн, цаашид гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд, БНСУ явах зардал буудал, шинжилгээний үнэ 12,563,200 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3-р зэргээр тогтоосон тул дээд хэмжээгээр нь хохирол гаргуулахаар нэхэмжилж байна гэсэн.

 Шүүгдэгч нь осол болсон өдрөөс хойш хохирогчийн эм, эмчилгээ, асаргаа сувилгаа, хэвтэн эмчлүүлсэн төлбөр, олох байсан орлого, цалин зэрэгт баримтаар нийт 23,500,000 төгрөг төлсөн байна.

Хохирогчийн төлөөлөгч, БНСУ улсад очиж шинжилгээ, оношилгоо хийлгэх зардал 12,563,200 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдсон тул гаргуулах үндэслэлтэй.

Түүнчлэн хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч 4-р зэрэглэлээр тогтоосон ба хохирогч дээд хэмжээгээр нь гаргуулахаар нэхэмжилсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д “Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100” хувь болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан...4-р зэрэглэл 15-30%... гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно.../Хүснэгт/ гэж заасны дагуу хохирогч Оюунчимэгийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо,

хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал, эдгэрэлт удааширсан байдал, түүний улмаас хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол зэргийг харгалзан хүснэгтийн дөрөвдүгээр зэрэглэлд заасан хэмжээний 15-30%ийн 30%-иар тооцож /660000х45,99=30,353,400 төгрөг/хүснэгтээр/ хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирогчийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн зардал 327,800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар заалаа.

Шүүгдэгчээс хохирогч О нийт 42,916,600 төлөхөөс эмчилгээ, асаргааны зардалд баримтаар илүү төлсөн зөрүү 1,163,200 төгрөгийг хасаж 41,753,400 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Сийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд

хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т зааснаар шүүгдэгч С.Гаас нийт 42,081,200 төгрөг гаргуулж, хохирогч Л.От /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-2-10 тоотод оршин суух, /РД:0000000000/-т 41,753,400 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаартай дансанд 327,800 төгрөг олгуулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ