| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 151/2024/00056/И |
| Дугаар | 001/ХТ2024/00313 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2024/00313
Ё.Ж-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00647 дугаар шийдвэр,
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 223/МА2024/00025 дугаар магадлалтай,
Ё.Ж-ийн нэхэмжлэлтэй
О.Д-д холбогдох
Өвс, ногоон тэжээлийн үнэ 14,280,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 16,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч О.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ё.Ж нь хариуцагч О.Д-д холбогдуулан өвс, ногоон тэжээлийн үнэ 14,280,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,00 төгрөг, нийт 16,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00647 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.Д гээс 13,316,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д гээс 224,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Ж-д олгож шийдвэрлэжээ.
3.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 223/МА2024/00025 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00647 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Д-гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 224,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн Б.Б Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.05-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Ё.Ж-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Д-д холбогдох 15,316,000 төгрөг гаргуулах хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн. Талууд хэлцлийн гол нөхцөлийг тохирсон гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ худалдах-худалдан авах гэрээний гол агуулга нь зөвхөн үүргийн хүрээнд тодорхойлогддог өөрөөр хэлбэл, О.Д нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг гуравдагч этгээдэд дамжуулсан учраас үүрэг хүлээхгүй гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч нь С.Н-тэй эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн нөхцөл байдал байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2024.06.04-ний өдрийн 001/ХТ2027/00124 дугаар тогтоолоор гэрээний гол нөхцөл буюу үнийн талаар талууд харилцан тохиролцсон нь худалдах-худалдан авах гэрээний гол суурь нөхцөл буюу хэлцлийн үүргийн хувьд хүчин төгөлдөр байх үндэслэлтэй.
Ё.Ж нь О.Д-гээс нэг боодол өвсийг 7,000 төгрөгөөр, ногоон тэжээлийг 8,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт цугларсан баримтаас харагддаг. Өөрөөр хэлбэл, О.Д 1,383 боодол өвс авчирснаас нэхэмжлэгчид 383 ширхэг * 8,000 төгрөг = 3,064,000 төгрөг. 2 дахь удаагаа 400 боодол өвс авч ирсэн нь нөхөр н.О-гийн мэдүүлгээр тогтоогддог. О.Д нь С.Н-д 9,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн боловч авсан өвсний тооцоогоор 11,000,000 төгрөг гаруй төгрөгийн өвс зарж ашиг олсон.
Нэхэмжлэгч нь С.Н-тэй нэг удаа л утсаар ярьж адууны үнэ 10,000,000 төгрөг шилжүүлэхээр данс өгч 5,000,000 төгрөг авсан. Өвс авахаар тохиролцоогүй. О.Д С.Н-тэй ногоон тэжээлийг 6,000 төгрөгөөр, өвсийг 7,000 төгрөгөөр тохирсон нь шүүх хуралдааны мэдүүлэг болон хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн тэмдэглэлд байгаа. О.Д нь Ё.Ж-д 1 боодол ногоон тэжээлийг 7,000 төгрөгөөр, өвсийг 8,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсоноос 4,500 ширхэг ногоон тэжээл, 1,500 ширхэг өвс, нийт 6,000 ширхэг өвс тэжээлээс 6,000,000 төгрөгийн ашиг олохоор С.Н-тэй тохирсон. Нэхэмжлэгч анхнаасаа С.Н нь Дарханд 1 байранд өссөн багын найз, мөн Солонгост хэдэн жил цуг нэг дор ажилласан найдвартай хүн гэж хариуцагчид итгүүлсэн. 2 дахь удаагийн 5,750,000 төгрөгийг нэхэмжлэгчийг Сүхбаатарын Түвшинширээ суманд байхад өвсний хүн яаралтай шилжүүлэхгүй бол больё гээд яаравчлуулан шилжүүлсэн. Нийт 1,500 ширхэг өвс, 4,500 ширхэг ногоон тэжээл, нийт 6,000 ширхэг захиалсан. Үүний 50 хувийн урьдчилгаа 21,750,000 төгрөгийг шилжүүлсэн байхад давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд Төв аймгийн Эрү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.05-ны өдрийн 223/МА2024/00025 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.11.19-ний өдрийн 001/ШХТ2024/01439 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Ё.Ж нь хариуцагч О.Д-д холбогдуулан өвс, ногоон тэжээлийн үнэ 13,316,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “...О.Д гээс 2020 онд 1,500 боодол өвс, 4,500 боодол тэжээл худалдан авахаар тохиролцсон, нэг боодол өвсийг 7,000 төгрөг, ногоон тэжээлийг 8,000 төгрөгөөр, нийт 43,500,000 төгрөгийн 50 хувь 21,750,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн, С.Н-тэй өвсний талаар тохиролцоогүй, О.Д дансаа өөрөө өгсөн, цааш нь шилжүүлнэ гэж байсан, 383 боодол өвсийг 8,000 төгрөгөөр тооцоод 3,064,000 төгрөгийн өвс, С.Н-аар дамжуулж 5,000,000 төгрөг, 2021.11 дүгээр сард 370,000 төгрөгөөр 70 боодол сүрэл авсан. Эдгээрийг хасаж тооцсон...” гэж тайлбарласныг,
8.Хариуцагч О.Д эс зөвшөөрч: “... Ё.Ж-д өвс хэрэгтэй гэхэд С.Н-тэй холбож өгсөн. Ё.Ж нь С.Н-ээс өвс, ногоон тэжээл авахаар тохиролцож миний дансаар төлбөрийг шилжүүлсэн. Ё.Ж-д өвс худалдахаар тохиролцоогүй, энэ хэргийн хариуцагч биш, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, өмгөөлөгчийн зардал гаргуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй...” гэж тайлбарласан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Ё.Ж С.Н-тэй тохиролцсон, хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй, харин С.Наранбатыг хариуцагч О.Д таньдаг, өөрийн дансаар түүний данс руу мөнгө шилжүүлсэн үйлдлийг хэлцэл хийсэнд тооцно, талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, гол нөхцөл (үнэ, тоо ширхэг)-ийг тохиролцсон, ... үнийг нэхэмжлэгч төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ё.Ж нь шилжүүлсэн мөнгөө хариуцагч О.Д-гээс буцаан шаардах эрхтэй, Төв аймгийн Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол 2020.12.23-ны өдөр гарсан өдрөөс эхлэн шаардах эрхийг тоолох нь зүйтэй, нэхэмжлэлийн шаардлага гаргах үед гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосон хугацаанд хамаарч байх тул хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь зааснаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацааг 2021.12.23-ны өдрөөс тооцсон, Ё.Ж нь хуульд заасан эрхийн хүрээнд өөрийн хүсэлтээр өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж зардал гаргасныг О.Д гээс гаргуулах үндэслэлгүй....” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:
“… Нэхэмжлэгч Ё.Ж хариуцагч О.Д-гээр дамжуулан С.Н-тэй холбоо тогтоож, О.Д гийн дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 21,750,000 төгрөгийг С.Н-ындансанд шилжүүлсэн нь тогтоогдсон, ... хариуцагч О.Д нь тухайн үед буюу 2021.09 дүгээр сард бусдад өвс, тэжээл худалдан борлуулах ажлыг эрхлээгүй байх ба тэрээр фермийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад айл, өрхийн адилаар өвс тэжээлийг хаанаас, хэнээс, хямд үнээр авах талаар ярилцаж, С.Н гэх найзаасаа 7,000-8,000 төгрөгт авах болсноо Ё.Ж , Э.У нарт хэлж, Ё.Ж хүсэлт гаргасны дагуу өөрийн дансаар дамжуулан С.Н-д 21,750,000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хэлцэл хийсэн гэж үзэхгүй, хариуцагч О.Д нь Ё.Ж-ийн хүсэл зоригийг С.Н-д дамжуулсан үйлдэл хийсэн нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, хариуцагч О.Д-д нэхэмжлэгч Ё.Ж-ийн өмнө хуулиар болон гэрээгээр хүлээх үүрэг үүсээгүй...” гэж үзжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар буюу худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх талаар зөрүүтэй шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.
12.Нэхэмжлэгч Ё.Ж, хариуцагч О.Д нар нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт үхрийн ферм ажиллуулж байсан бөгөөд нэхэмжлэгч Ё.Ж нь 2020.09 сард “ХААН банк” ХК дахь О.Д-гийн 51000000 тоот дансанд өвс, ногоон тэжээл худалдан авах зорилгоор 21,750,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “Ж өвс урьд 6 сая, ногоон тэжээл 10 сая”, “ногоон тэжээлийн урьдчилгаа 50%-ийн үлдэгдэл” гэж тус тус заасан, О.Д нь “ХААН банк” ХК дахь найз С.Н-ын 50000005 тоот дансанд гүйлгээний утгыг “….. dornodoos ovsnii uridchilgaa 2”, “....... bornuur ovyos uridchilgaa 1”, “…….. nogoon tejeel uridchilgaa uldegd” гэж тус тус зааж нийт 31,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримтын талаар нэхэмжлэгч “...О.Д-тэй 1,500 боодол өвс, 4,500 боодол ногоон тэжээл, нэг боодол өвсийг 7,000 төгрөг, ногоон тэжээлийг 8,000 төгрөгөөр тооцож авахаар тохироод ... О.Д дансаа өөрөө өгсөн ... над руу шилжүүл гэсэн, ... би надтай тохироогүй хүн рүү мөнгө шилжүүлэхгүй...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Ё.Ж нь С.Н-ээс өвс, ногоон тэжээл авахаар тохиролцож дансаар орж ирсэн мөнгийг шилжүүлсэн, Ё.Ж-д өвс зараагүй...“ гэсэн зөрүүтэй тайлбар гаргаснаас үзэхэд талуудын хооронд өвс худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
13.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулах боломжтой бөгөөд уг гэрээний агуулгад худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх зэрэг нөхцөлүүд хамаардаг.
Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “...нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.” гэж заасан.
14.Нэхэмжлэгчийн “нэг боодол өвсийг 7,000 төгрөгөөр, ногоон тэжээлийг 8,000 төгрөгөөр тус тус тооцож авахаар О.Д-тэй тохирсон” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй ба дээрх үнээр тооцож урьдчилгааг хариуцагчид шилжүүлсэн байдал, цагдаагийн байгууллагад гаргасан Ё.Ж , О.Д нарын гомдол зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар талууд гэрээний гол нөхцөл болох үнийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
15.Харин Ё.Ж нь О.Д гийн найз С.Н-тэй өвс, ногоон тэжээлийн үнийн талаар тохиролцсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ё.Ж ад өвс хэрэгтэй гэхэд С.Н-тэй холбож өгсөн...” гэх тайлбар цагдаагийн байгууллагад гэрчээр асуугдсан С.Н-ын“...О.Д гээс авсан мөнгөндөө өвс өгөх гэсэн боловч өгөх өвсгүй болсон...Ё.Ж ыг танихгүй...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн, гэрчээр асуугдсан О.Д-гийн нөхөр Г.О-гийн мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, бусад баримтаар нотлогдоогүй, эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ хэрэгжүүлжээ.
16.Харин давж заалдах шатны шүүх “...хариуцагч О.Д нь өвс, тэжээл худалдан борлуулах ажлыг эрхлээгүй, Ё.Ж хүсэлт гаргасны дагуу өөрийн дансаар дамжуулан С.Н-д 21,750,000 төгрөг шилжүүлснийг .... хэлцэл хийсэн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй, хэргийн нөхцөл байдалд нийцээгүй байна.
Хариуцагч О.Д нь өвс, тэжээл худалдан борлуулах ажлыг эрхэлдэггүй байдал, худалдаж буй зүйлийн өмчлөгч биш байх зэрэг нь энэ төрлийн хэлцэл хийгдсэнийг үгүйсгэх үндэслэл болохгүйгээс гадна хожим С.Н-тэй Ё.Ж уулзаж байсан, С.Н 5,000,000 төгрөгийг Ё.Ж-д шилжүүлсэн зэрэг үйл баримт нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцлийг үгүйсгэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хариуцагч О.Д нь Ё.Ж-гийн хүсэл зоригийг С.Н-д дамжуулсан үйлдэл хийсэн нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн нь буруу болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.
16.Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт гэрээний гол нөхцөл болох гэрээний үнийн талаар талууд амаар тохиролцсон дээрх үйл баримтад үндэслэсэн нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус заасантай нийцсэн байна.
17.Худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч худалдагчаас гэрээний үүргийг шаардах, эсхүл гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
18.Нэхэмжлэгч өвс, ногоон тэжээлийн үнэд 21,750,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 383 боодол өвс, 70 боодол сүрэл өгсөн, С.Н-аар дамжуулж 5,000,000 төгрөг авсан, эдгээрийг хасаж тооцсон, ногоон тэжээлийн үнэд 13,316,000 төгрөг шаардсанаас үзэхэд тэрээр гэрээнээс татгалзах тухай шаардлага тавьсан гэж үзэх боломжгүй юм.
19.Хариуцагч О.Д гээс биелэгдээгүй гэрээний үүрэгт 13,316,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.” гэж заасантай нийцжээ. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн зардалд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
20.Нэхэмжлэгч Ё.Ж, хариуцагч О.Д нар нь цагдаагийн байгууллагад С.Н-д холбогдуулж гомдол гаргаж байсан ба Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол 2020.12.23-ны өдөр гарсан байна. Улмаар С.Н-ээс нэхэмжлэгч Ё.Ж-д 2021.01.05-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар гуравдагч этгээдээр үүргийг гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч 2024.01.05-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
21.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 223/МА2024/00025 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2024/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ё.Ж-ийн 2024.10.08-ны өдөр төлсөн 235,730 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД