Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0910

 

2019 оны 12 сарын 18 өдөр Дугаар 128/ШШ2019/0910 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, 320 суудал /У, С дүүрэг, 00 дугаар хороо/-ын ажлын тендерт шалгарсан А ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах, Сургуулийн барилга, 320 суудал /У, С дүүрэг, 00 дугаар хороо/-ын ажлын тендер шалгаруулалтыг дахин зарласан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Т.Б, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал Д.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Т.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга 320 С дүүргийн 00 дугаар хороонд баригдах 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын тендер шалгаруулалтад оролцсон. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нээсэн. Уг нээсэн өдрийн маргаашнаас эхлэн тендерийн хүчинтэй хугацаа тоологдоно. Өөрөөр хэлбэл 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж байна. Тухайн тендер шалгаруулалтад оролцоод Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар албан бичгээр манай тендерийн саналыг түншлэлийн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар тендерийн үнэлгээ хийхээс татгалзаж, эхний шатнаас хассан тухайгаа мэдэгдсэн бөгөөд бид шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан.

Ингээд Сангийн яам 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-**** дугаар албан бичгээр А ХХК-ийн түншлэгч С ХХК-ийн түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод үзүүлэлтийг хангасан гэж үзээд тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалган шийдвэрлэсэн. НийслэлийнхХудалдан авах ажиллагааны газраас дахин үнэлгээ хийж, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн *** дүгээр албан бичгээр дахин манай тендерийг өндөр үнэтэй гэж татгалзаж, Л ХХК-ийг шалгаруулсан тухайгаа мэдэгдсэн. Мөн шийдвэр үндэслэлгүй байсан тул А ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын *** дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгасан болохыг манай компанид мэдэгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгч компани 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, хариу өгсөн.

Сангийн яам гомдлыг дахин хянаад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ***** дүгээр албан бичгээр А ХХК-ийн дотоодын давуу эрхийг тооцоогүй нь үндэслэлгүй гэж үзэн, тендерт дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгасан. Ийнхүү хариуцагч байгууллага хоёр дахь удаагаа үндэслэлгүйгээр манай тендерээс татгалзсан бөгөөд Сангийн яамнаас дахин үнэлгээ хийхийг даалгасны дагуу дахин үнэлгээ хийж, А ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах ёстой гэдгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж, албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулах бэлтгэлтэй байж байтал хариуцагчаас тендерийн хүчинтэй хугацаа дууссан тухай бичгээр мэдэгдэж, гэрээ байгуулахаас татгалзсан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын уг шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргаж, үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тендер шалгаруулалтыг зарлаж, үнэлгээ хийх гэж байсныг түдгэлзүүлсэн.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан гэж тайлбарлах боловч бид хугацааг буруу тоолсон гэж үзэж байна. Хэрэв хүчинтэй хугацаа дууссан бол дахин сунгах хууль зүйн боломж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байна. Үүний дагуу гомдол гаргасан өдрөөс хойш тендерийн хүчинтэй хугацаа зогсох ёстой. Энэ утгаараа хугацааг тасалдуулж, Сангийн яамнаас тухайн үед мэдэгдэж байжээ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаар албан бичгээр А ХХК-д ирүүлсэн албан бичигт тендерийн хүчинтэй хугацааг сунгасан тохиолдолд тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар баталгаажуулж, манайд ирүүлнэ үү гэжээ. Өөрөөр хэлбэл тендерийн хүчинтэй хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусахаар байна.

Бидний тооцоолж буйгаар тухайн гомдол гаргасан болон шийдвэрлэсэн хугацааг хасаж, тендерийн хүчинтэй хугацааг тооцоолбол 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дуусахаар байна. Хугацааг хэрхэн тооцсон болохыг нотлох баримт судлах шатанд дэлгэрэнгүй тайлбарлана. Тендерийн үнэлгээний хороо тодорхой хугацаанд ямар нэгэн ажиллагаа явуулалгүй 8 хоногийн хугацаа алдсан талаар өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дах заалтыг баримталж тооцвол 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тендерийн хүчинтэй хугацаа дуусна. Иймд тухайн тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжтой байсан.

Хэрэв хариуцагч тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа  15 хоногоор сунгаж болно гэж заасныг баримтлах ёстой. Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тохиолдолд Сангийн яаманд хүсэлт гаргаж хугацаа сунгаж болох байжээ. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй байна. Нэгэнт асуудал тодорхой байхад тендерийн хүчинтэй хугацааг буруу тоолж, 8 хоногийн хугацааг тодорхойгүй байдлаар алдсан байдаг. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан байна. Энэ заалтыг Тендерийн үнэлгээний хороо мөрдөж ажлаагүй бөгөөд шүүхэд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах гэж заасан нь хариуцагч байгууллагын үүрэг юм. Сангийн яаманд хугацаа сунгуулахаар хандах ёстой байтал энэ үүргээ биелүүлсэнгүй.

Тухайн тендер нийт 68 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд Тендерийн үнэлгээний хороо 2 удаа хуралдсан тухай баримт хэрэгт авагдсан. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан тухай албан бичиг хүчингүй болоогүй байна. Энэ баримт нь одоогоор хүчинтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага эцсийн шийдвэрийг гаргана. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдэл нь Сангийн яаманд байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-**** тоот албан бичигт процесс алдагдсан, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Сангийн яамны өмнөөс давж шийдвэр гаргасан. Хариуцагчаас энэхүү албан бичигтэй холбогдуулан Л ХХК-ийг шалгаруулах нөхцөл байдал үүссэн тухай тайлбар өгөөгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд Тендерийн үнэлгээний хорооноос Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгох талаар тусгаагүй. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас дараах асуудлуудын хугацааг буруу тооцсон.

Тендер зарласан хугацаанаас тендерийн нээлт хийх хүртэл 32 хоног үргэлжилсэн. Үүнээс 2 хоног нь тендерийн хүчинтэй байх хугацаанд орох ёстой гэдэг асуудлыг буруу тайлбарласан. Гомдол гарсан өдрийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэж хэлдэг боловч бид 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргаж, үүнийг хүлээн авсан Сангийн яамны баримтыг нотлох баримтаар өгсөн. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түдгэлзүүлсэн бичгийг явуулсан. Энэ өдрөөс эхлэн түдгэлзүүлнэ гэсэн хугацаа эхэлж байна гэсэн агуулга биш юм. Үүнийг хариуцагч буруу тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь заалтыг дахин хэлмээр байна.

Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд нэхэмжлэгчээс гомдол гаргахад 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гомдол гаргасан тухайд мэдэгдэж, холбогдох бичиг баримтуудыг шаардсан. Тендерийн хугацааг тооцож үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сунгасан 15 хоногийн хугацаа дуусахаар байна. Үүнийг нотолсон баримт нь буюу хугацаа сунгасан баримт нь хүчинтэй талаар дээр өгүүлсэн. Иймд хариуцагч энэхүү алдаагаа залруулах нь зүйтэй.

Халх голын ойн баярыг тэмдэглэж 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүх нийтээр амрахаар Засгийн газрын тогтоол гарсан боловч үүнийг хариуцагч тооцоогүй. Энэ нь мөн хууль бус юм. Нэхэмжлэгч 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яаманд гомдлоо өгсөн тул хугацааг түдгэлзүүлэх ёстой. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсгийг баримтална гэдгийг тайлбарласан. Тендерийн үнэлгээний хороо хуулийн дагуу ажиллаагүй гэдгийг Сангийн яамны хоёр шийдвэр, манайд өгсөн мэдэгдэл зэргээр батлагдаж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн үйл ажиллагаа явагдана. Энэхүү төсөл арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 257 дугаар захирамжаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулах эрхийг шилжүүлсний дагуу тус газрын Тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тендерийг зарлаж, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хуулийн дагуу тендерийг нээсэн. В ХХК, Л ХХК болон А ХХК, С  ХХК-ийн түншлэл нийт гурван оролцогч тендерийн санал ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэх ажиллагааг явуулж, В ХХК, А ХХК болон С  ХХК-ийн түншлэлийг шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзан Л ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үзээд, хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээнд оруулж, шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан. Ингээд хуульд заасны дагуу оролцогчдод мэдэгдсэн.

Үүнээс хойш 6 хоног хуулийн дагуу хүлээдэг. Нэхэмжлэгчээс энэ хугацаанд Сангийн яаманд гомдол гаргасан учраас тендерийн баримт бичгийг ирүүлнэ үү, гээд тендерийн хүчинтэй хугацааг зогсоодог. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сангийн яамнаас уг бичиг ирсэн. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх тухай албан бичгийг ирүүлсэн. Уг бичигт тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа зогсож байгааг мэдэгдсэн. Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, гишүүн бүр саналаа хараат бусаар өгч Л ХХК болон А ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэн, үнэлгээ хийхэд Л ХХК-ийн санал хамгийн бага үнийн саналтай байсан учраас дахин шалгаруулж шийдвэрлэсэн. Хуулийн дагуу процесс ингэж явагддаг. Энэ шийдвэрээ мөн оролцогч нарт мэдэгдсэн.

Ингээд Сангийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр оролцогчоос гомдол гаргасан тул тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг түдгэлзүүлж байна гэсэн албан бичгийг ирүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдлыг хянаад дахин үнэлгээ хийх шийдвэрийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэн. Энэ хугацаанд хуульд заасан 15 хоногийг ашиглах ёстой гэж байгаа нь асуудлыг нэхэмжлэгч тал ойлгоогүй гэж харагдаж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарласан. Сангийн яам нэг удаа тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгах боломжтой бөгөөд хуульд тусгасан байгаа. Тендерийн хүчинтэй хугацааг сунгаж байгаа тухайгаа тендерийн оролцогчдод мэдэгдэж, зөвшөөрсөн тохиолдолд сунгагдаж, зөвшөөрөөгүй бол хасагддаг. Нийт 3 оролцогчоос нэг нь татгалзаж А ХХК, Л ХХК нар үлдсэн. Баталгааны хуудсаар нотолж байна гэдэг нь тендерийн тухай ямар ч ойлголтгүй болох нь харагдаж байна. Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн дотор тендерийн баталгаа хүчинтэй байна. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг андуурч ойлгосон болов уу.

Өөрөөр хэлбэл хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийг ойлгоно. Анх тендер зарлахдаа энэ хугацааг тооцож мэдэгддэг. Сангийн яам 15 хоногоор тендерийн хүчинтэй хугацааг сунгасан учир үүнээс хойш тендерийн баталгааны хугацааг бид дахин тооцуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яамны бичиг гарсан боловч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой баримтыг шүүхэд өгсөн. Тендерийн үнэлгээний хороонд 17 цаг 41 минутад цохогдож ирсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 8 хоногийн хугацаа алдсан гэдэг нь үндэслэлгүй байна. Ингээд Тендерийн үнэлгээний хороо маргааш өдрөөс нь буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс үнэлгээг эхлүүлж, гишүүд тус бүр ирүүлсэн баримт бичигтэй танилцаад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар дотоодын давуу эрхийн зөрүүг тооцож, А ХХК-ийг шалгаруулж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тендерийн үнэлгээний хорооны эцсийн шийдвэр гарж, захиалагч баталгаажуулсан. Тухайн өдрөөс хойш тендерийн хүчинтэй хугацааг тооцож үзвэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулах боломжгүй болсон. Иймд хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авч, тендерийг дахин зарласан. Тендерийн хүчинтэй хугацааг дахин тайлбарлая. Тендерийг 30 хоногийн хугацаанд зарлана. Сангийн яамнаас сунгасан 15 хоног, гомдлыг хянасан 20 хоног, нийт 65 хоног болж байна. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 65 хоног гэж үзвэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж байна. Өөр ойлголтын асуудал байхгүй учраас бусад асуудлыг хамааруулж ярих шаардлагагүй гэж үзэж байна. Өөрсдийнхөө бодлыг шууд тулгаад байгааг ойлгохгүй байна. Тендер нэг өдрийн хугацаатай зарласан зүйл огт байхгүй. Сангийн яамнаас нэг удаа 15 хоног сунгасан гэдгийг хэд хэлээд ч ойлгохгүй юм. Хуулийн дагуу процесс ажиллагаа явагдсан бөгөөд дахин тендер зарлахаас өөр ямар ч аргагүй. Нийт 65 хоногийн хугацаанд явагдаж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дууссан байсан. Бүх оролцогчид тендерт баримт ирүүлэх боломжтой гэдгийг өмнө хэлсэн.

2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ажлын 6 хоног гэж үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын 6 хоног байх боломжгүй. Хүчинтэй хугацааг хоёр байдлаар тооцно гэсэн ойлголт байхгүй. Тухайн тендер нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй. 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нээсэн. Сангийн яамнаас нэг удаа 15 хоногоор сунгана. Уг тендер нийт 65 хоног хүчинтэй байсан. Сангийн яам 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түдгэлзүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шийдсэн. Энэ хугацаа тендерийн хүчинтэй байх хугацаанд тооцогдохгүй. Дараагийн гомдлыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сангийн яам хянан шийдвэрлэсэн. Энэ хугацааг мөн тооцохгүй. Нийт 20 хоногийг хүчинтэй хугацаанд тооцохгүй гэж үзвэл 30 хоног дээр Сангийн яамнаас сунгасан 15 хоног, нийт 65 хоног болж байна. Хугацаа буруу тоолсон гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, О.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн үнэлгээний хороо өөрсдийн хуулиар олгосон хугацаанд тухайн тендерийг үнэлж, зөвлөмж, мэдэгдлийг гаргасан. Байж болох хамгийн богино хугацаанд тендерийн үнэлгээ хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо цуглаж, хоёр өдөр үнэлгээ хийж, шийдвэрээ гаргасан. Гэрээ байгуулах мэдэгдэл олгосноос хойш гэрээ байгуулах ёстой бөгөөд энэ хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа дууссан. Тус тендер шалгаруулалт анх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зарлагдаж, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нээсэн. Ингээд тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах урилгыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн. А ХХК-аас гомдол гаргасан гэдгийг Сангийн яамнаас 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яам гомдлыг шийдвэрлэсэн. Тендерийн хүчинтэй хугацааг дууссан өдрөөс хойш дахин 7 хоногоор сунгасан. Сангийн яамны сүүлийн шийдвэр 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд нийт гомдлыг хянасан хугацаа 20 хоног болж байна. Тендерийн анхны хүчинтэй хугацаа 30 хоног, Сангийн яамнаас нэг удаа 15 хоног сунгасан. Үүн дээр хянасан 20 хоног нэмэгдээд нийт 65 хоног болж байна. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А ХХК нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт / цаашид Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар гэнэ/ холбогдуулан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, 320 суудал / У, С дүүрэг, 00 дугаар хороо/ -ын ажлын тендерт шалгарсан А ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах, Сургуулийн барилга, 320 суудал / Улаанбаатар, С дүүрэг, 00 дугаар хороо/ -ын ажлын тендер шалгаруулалтыг дахин зарласан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ ... Худалдан авах ажиллагааны газар нь тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүйгээр зориудаар хугацааг алдагдуулсан, ... гэрээ байгуулах мэдэгдлийг гэрээ байгуулах боломжит хугацаагүйгээр ирүүлж, хууль зөрчсөн. Тендер хүчинтэй хугацаа дуусаагүй байхад ... гэрээ байгуулахаас татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч нь ...тендер хүчинтэй хугацаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулийн дагуу хүчинтэй хугацаа дууссанаар хүчинтэй хугацаанаас хойш байгуулсан гэрээ хүчингүй болно. ... Мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах ... ёстой гэж тайлбарлан маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А ХХК болон С ХХК-ийн түншлэл нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зарласан **** дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, С дүүрэг 00 дугаар хороо-ын ажлын тендерт оролцож, уг тендерт тус компаний түншлэгч С ХХК-ийн түргэн хөрвөх чадварыг тодорхойлох нотлох баримтыг ирүүлээгүй тул шалгараагүй гэсэн захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 6-**** дугаар албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ... А ХХК-ийн түншлэгч С ХХК-ийн санхүүгийн тайлан нь ... түншлэлийн гишүүн бүрийн чадварын доод үзүүлэлтийг хангасан тул тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг ... мэдэгдсэнээр Тендерийн Үнэлгээний хороо нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дахин үнэлгээ хийж, уг тендерийн ажлын гүйцэтгэгчээр Л ХХК-ийг шалгаруулж, уг компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч А ХХК нь ... шаардлага хангасан материал ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй гэсэн захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч , 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасан, тус яамнаас 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн **** дугаар албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ... тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн-ээр Үнэлгээний хороо нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин үнэлгээ хийж, А ХХК болон С ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/1876 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин хэргийн оролцогч нар тендер хүчинтэй байх хугацаа болон тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулаагүй нь ... хууль бус гэж маргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна, 29 дүгээр зүйлийн 29.4-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно , 55 дугаар зүйлийн 55.4-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ... гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэрийн ... хэрэгжилтийг ... түр түдгэлзүүлэх шийдвэр гаргах... хуулийн зохицуулалттай байна.

Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зарласан **** дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, С дүүрэг 00 дугаар хороо-ны ажлын тендер шалгаруулалтыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нээсэн байх ба дээрх тендерийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дуусахаар байх боловч нэхэмжлэгч А ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаснаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн, Сангийн яамнаас 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гомдлыг хянаад ******дугаар албан бичгийг гаргаснаар түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа сэргэсэн, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр **** дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгасан, улмаар нэхэмжлэгч А ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргаснаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар дахин түдгэлзүүлсэн, Сангийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ****** дугаар албан бичгийг гаргаснаар түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа сэргэсэн байх тул тендер хүчинтэй байх хугацаа нь /гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлсэн, тендерийн хугацааг сунгасан хугацааг оруулан тооцож / 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

Тодруулбал тендер хүчинтэй байх хугацаа гэдэгт тухайн тендерийг нээснээс хойш тендер шалгаруулалт зохион байгуулж, дуусгах хүртэлх хугацааг ойлгох бөгөөд Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагаар түдгэлзүүлсэн хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа зогсох бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц тендерийн хүчинтэй хугацааг дууссан өдрөөс хойш үргэлжлүүлэн тоолох ёстой гэж үзнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар тендер хүчинтэй байх хугацааг зөвхөн нэг удаа сунгах хуулийн зохицуулалттай байх тул уг тендерийн хүчинтэй хугацааг дахин сунгах хууль зүйн боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ...Тендер хүчинтэй хугацаа дуусаагүй байхад ... гэрээ байгуулахаас татгалзсан нь хууль бус .. тендер хүчинтэй байх хугацааг сунгаагүй гэсэн тайлбар, үндэслэлийг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ , 29 дүгээр зүйлийн 29.2-т Захиалагч нь гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6 -аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж тус тус хуульчлан заажээ. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд захиалагч тендер шалгаруулалтын үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж, аль болох богино хугацаанд хийх үүрэгтэй байх бөгөөд тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулахаар байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь нэхэмжлэгч А ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлийг хүргүүлснээс хойш ажлын 6 -аас доошгүй хоног нь 2019 оны 11дүгээр сарын 01-ны өдрөөр дуусч, нэхэмжлэгчид гэрээ байгуулах хуульд заасан боломжит хугацаа олгоогүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчээс үл хамаарч байх бөгөөд энэ нь хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйл ажиллагаатай холбоотой байх ба хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжтой байжээ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан гэрээ байгуулахаас татгалзсан, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.2-т заасан мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан бүх тендерээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй байх тул захиалагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг тендерт шалгарсан А ХХК-тай гэрээ байгуулах ёстой гэж үзнэ.

Гэтэл хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар дээрх тендерээс татгалзах нөхцөл байдал, үндэслэл бий болоогүй байхад уг тендерийг хүчингүй болгож, дахин явуулахаар зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно, 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд ... өрсөлдөх тэгш боломжтой ... хариуцлагатай байх зарчмыг баримтална, 29 дүгээр зүйлийн 29.3-т Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл байдал үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрх олгох эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийг гаргана гэж заасныг тус тус зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлээр Сургуулийн барилга, 320 суудал / Улаанбаатар, С дүүрэг, 00 дугаар хороо/ -ын ажлын тендер шалгаруулалтыг дахин зарласан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, 320 суудал /Улаанбаатар, С дүүрэг, 00 дугаар хороо/ -ын ажлын тендерт шалгарсан А ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 10.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, 320 суудал / Улаанбаатар, С дүүрэг, 00 дугаар хороо/ -ын ажлын тендер шалгаруулалтыг дахин зарласан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, Түлхүүр Сургуулийн барилга, 320 суудал / Улаанбаатар, С дүүрэг, 00 дугаар хороо/ -ын ажлын тендерт шалгарсан Агардүнз ХХК-тай гэрээ байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН