| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02636/И |
| Дугаар | 102/шш2021/03113 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/шш2021/03113
2021 оны 11 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/03113 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо, 12 дугаар байр, тоотод оршин суух, Д.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, 12 дугаар байр, тоотод оршин суух, Р.Б,
Хариуцагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух, Б.Б нарт холбогдох,
гэм хорын хохиролд 589,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө манай гэрийн галын өрөөнд дээд айлаас ус алдсан. Үүнийг 17-ны бямба гарагийн өглөө мэдээд орон сууцны конторт дээд айлаас ус алдаж байгаа тухай дуудлага өгсөн. Ингэхдээ дээд айл болох 8 давхрын 281 тоот айл маань зуслан руугаа яваад олон хонож байна. Дээд айлын залуу нөхөртэй маань байрны гадаа тааралдаад зуслан дээр 10-аад хононо гэж ярьж байсан тул мэдэж байсан. Тиймээс хаанаас ус алдаж байгаа шалтгааныг олж, засварлаж өгөхийг хүссэн. Засварчин ирж шалгаад 9 давхрын 285 тоот айлын галын өрөөний халуун усны 15 Па турба цоорсноос үүдэн ус алдсан байна. Засаад янзалчихлаа гэж манайд орж ирж мэдэгдээд явсан. Тэр өдрийн үдээс хойш 8 давхрын залуу зуслангаас түр орж ирэхдээ “Манай дээд айлаас галын өрөөнд их ус алдсан байна. Танайх зүгээр үү, хэр байна” гэж орж ирсэн. Бид тухайн үед болсон үйл явдлыг хэлсэн. 18-ны өдрөөс эхлээд манай гэрийн гал тогооны өрөөний цахилгааны унтраалга ажиллахгүй болсон тул засварлуулахаар цахилгаан дуудсан. Цахилгаанчин шалгаж үзээд ус алдуулснаас болоод дээд айлын чинь шалны доор байдаг танай галын өрөөний цахилгааны утсанд гэмтэл үүссэн байна. Засварлахын тулд заавал дээд айлын чинь гал тогооны өрөөний пракетан шалыг хуулж байж, цахилгааны шинэ утас солихоос өөрөөр засварлах боломжгүй болсон байна гэсэн юм. Ийнхүү 285 тоот айлаас ус алдсаны улмаас манай гэрийн гал тогооны өрөөний хана тааз норж шарласан, эмульс нь хуурсан, цахилгааны монтаж гэмтсэнээс болж галын өрөөндөө унтраалга ашиглаж цахилгаан хэрэглэх боломжгүй болсон. Ингээд 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны конторт ус алдуулсны гэмтлийн шалтгааныг тодруулж, хохирлоо барагдуулахаар өргөдөл гомдол гаргасан. Орон сууцны конторын орон сууцанд ус алдсаны гэмтлийн шалтгааныг тодруулсан тэмдэглэлд 9 давхрын айл болох 285 тоот айлын оршин суугч гэмтэл гарснаас үүдэн гарсан хохирлыг арилгаж, гомдлыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Ингээд би 9 давхрын 285 тоот айлд учирсан хохирлоо барагдуулах тухай ороход гэрийн эзэн Б болон түүний эхнэр байсан. Нилээд тайлбарлаж, ярилцсаны эцэст тэд хохирлыг барагдуулж, янзалж өгөхөөр болсон юм. Тухайн үед нийслэлд хөл хорионы үе байсан болохоор Б гуай хөл хорио тавигдахаар янзалж өгье. Тэр болтол түр хүлээж байгаарай гэсэн. Хөл хорио тавигдсаны дараа янзалж өгөх байх гээд нилээн хүлээгээд дахин 285 тоот айлд очиход Бавуудорж гуай хаалгаа тайлаад “Ах нь банкнийхаа картыг хаячихлаа картаа шинээр авсны дараа янзалъя” гэхээр нь дахин хүлээсэн. Энэ хугацаанд манай дээд айл болох 281 тоот айлын хүмүүс 285 тоот айлаас ус алдуулсны улмаас засварын эмульс, замаск зэргийн мөнгөө аваад өөрсдөө засвараа хийж байхад нь орж уулзаад, “Танай гэрийн галын өрөөний шалыг хуулаад цахилгааны гэмтлээ засуулмаар” байна гэхэд, “Нэгэнт танай гэрийн галын өрөө гэрэлгүй болоод энд шал хуулж засварлах хэрэгтэй юм бол бидэнд татгалзах зүйл байхгүй. Хамгийн гол нь ингэж их нороод, хөвийлт үүсэж муудсан пракетыг хуулаад буцааж ашиглах ямар ч боломжгүй. Тийм болохоор пракетан шалыг нь солих хэрэгтэй шүү” гэсэн юм. Энэ тухайгаа 285 тоот айлын хүмүүст ч бид бас хэлсэн. Нөхөр бид хоёр цахилгаанчинг дуудаж ирүүлээд 285 тоот айлын эзэд болох Б, Б нарыг байлцуулж, 281 тоот айлд орцгоож шалан доорх цахилгааны гэмтлийг хэрхэн засах талаар ярилцсан бөгөөд Б, Б нар хүнээр шал хийлгэж янзлуулахаар болсон. Бид хэсэг хугацаанд хүлээгээд засаж өгөхгүй болохоор нь 285 тоотод дахин орж асуухад “Би найзыгаа шал хийгээд өг гээд гуйсан байгаа. Түүний ажлын завыг харж байна. Найзыгаа завтай болмогц удахгүй 7 хоног дотор багтаагаад янзална” гэж надад хэлээд гэрээсээ гаргасан. Тэр өдрөөс хойш 14 хоногийн дараа би дахин 285 тоот айлд орж Б-аас юу болсон талаар лавлахад “Найзыгаа дагуулаад 281 тоот айлд очсон. Тэр үед бага насны хүүхэд нь ганцаараа байсан болохоор чадаагүй. Тэгж байгаад янзалж өгнө. Одоогоор би завгүй байна. Хүлээж бай” гэсэн юм. Бас нэгэн удаа 285 тоот айлд очиход Б гуай хаалгаа тайлсан. Би “та эхний ээлжинд ядахдаа галын өрөөний тааз янзлах замаск, эмульсийг нь аваад өгөө. Бид өөрсдөө ч болтугай тэрийгээ янзалъя. Бүр болохгүй бол тэрнийх нь мөнгийг өгчих. Бид 100 айлын барилгын дэлгүүр ороод авъя” гэхэд зөвшөөрсөн тул барилгын дэлгүүрээс эмульс, замаск, цахилгааны утас зэргийг өөрийнхөө мөнгөөр /17,500 төгрөг/ авсан бөгөөд баримтыг нь Бавуудорж гуайд өгөхөд гар утаснаасаа миний данс руу 17,500 төгрөг шилжүүлж байсан. 285 тоотод оршин суугч Б, Б нар нь энэ мэтчилэн удаа дараа элдэв шалтаг тоочиж байсан бөгөөд би хохирлоо барагдуулах гэж олон удаа очиж байсан. Очих бүрт удахгүй гэж шалтаг тоочдог байсан бөгөөд сүүлдээ Бавуудорж гуай “Би мэдэхгүй манай хүүтэй ярь гэдэг болсон бөгөөд хүү нь болох Батмандах нь бид ямар санаатай ус алдсан юм уу. Бидэнд огт хамаагүй, тэр явах заргалдах газраараа яв” гэж эрээ цээргүй аашлах болсон. Бид олон жил энэ байранд хамт амьдарч байгаа болохоор эв зүйгээр асуудлаа шийдэж болно гэсэн итгэлээр хүлээцтэй хандаж ирсэн. Удахгүй засна, янзална, хохиролгүй болгоно гэсээр өдий 4 сарын хугацааг авсан бөгөөд эцэст нь бидэнд хамаагүй гэж хандах болсонд гомдолтой байна. Одоо манай гэрийнхний хувьд галын өрөөний хана тааз шарлаж, эмульс нь хууларсан, цахилгааны том хар утсаар ил монтаж холбуулсан байдалтай тав тухгүй орчинд амьдарч байна. Би энэ 4 сарын хугацаанд өдөр бүр галын өрөөний гэрлээ асаахын тулд сандал дээр зогсож байж гэрлийн шилийг нь эргүүлэн байж цахилгаанаа асааж, унтрааж байна. Энэ бүхэн манай гэр бүлийнхнийг болон намайг маш ихээр бухимдуулж байна. Иймээс миний бие таазаа янзлахаар авсан замаск, эмульс цахилгааны утасны мөнгө болох 17,500 төгрөгийг буцааж өгөөд, гэм хорын хохиролд нэхэмжилсэн 589,000 төгрөгөө гаргуулж, өөрсдөө засварлахгүйгээр мэргэжлийн засварчнаар нь засварлуулахаар шийдлээ. Хаана хаанаа хохирол чирэгдэл багатайгаар асуудлаа шийдвэрлэхийг хичээсэн миний сайхан сэтгэлийг үл хайхарч өдий хүртэл үл тоосон байдлаар хандаж байгаа тул би ийм шийдвэрт хүрлээ. 285 тоотод оршин суугч Р.Б болон түүний хүү Б.Б нар манай гэр бүлийн эд хөрөнгөд гэм хор учруулж Иргэний хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын зэрэг хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн бөгөөд хохирлыг барагдуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие хохирлыг үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар хийлгэхэд 509,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Иймээс надад хариуцагч Р.Б, Б.Б нараас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 509,000 төгрөг, үнэлгээ хийхэд төлсөн төлбөр 80,000 төгрөг, нийт 589,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б дүүрэг, 7 дугаар хороо, 12-285 тоотод оршин суух Б.Б би Д.Х-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Манай гэрт сангийн тоноглолын элэгдлийн улмаас /галын өрөөний хойд буланд, угаалтуур доогуур / ус шүүрч байсан бөгөөд сангийн хүн орж ирж доод айлаас чинь ул алдсан дуудлага өглөө гэснээр мэдсэн. Манай галын өрөөний шал, пракетан шалан дээр хулдаастай болохоор ус гоожиж байсан нь харагдаагүй. Нэхэмжилсэн үнийн дүн болох 589,000 төгрөгийг дараах үндэслэлээр бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:
1/ Цахилгааны утас яг хаана салсан, ус алдсанаас болсон эсэхийг бүрэн тогтоогоогүй.
2/ Хөл хорионы үед айлууд маш их засварын ажил хийж байсан. Хэд хоног хана өрөмдөх чимээ гарч байсан учраас 277 тоотын цахилгаан гэмтсэн байх магадлалтай гэж үзэж байна.
3/ Ус алдсан газар манай галын өрөөний баруун хойд буланд байхад, 277 тоотын цахилгаангүй болсон унтраалга нь урд буланд байгаа.
4/ Манай хоёр айлын дунд айл байдаг /281тоот/
5/ Манай доод айл буюу 281 тоот гомдол гаргаагүй байхад тэдний өмнөөс паркетан шалыг нь солих тооцоог гаргасан. Ийм учраас Д.Х-ын гэр болох 277 тоотод цахилгааны монтаж засварлах ажлын хөлс 80,000 төгрөг, мөн манай доод давхрын айл болох 281 тоотод хийгдэх пракетан шалны үнэ 118,000 төгрөг, шал солиход ажлын хөлс 53,000 төгрөг, нийт 251,000 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Д.Х нь энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл Шүүхээс шинжээч томилуулан шалгуулах хүсэлтэй байна. 277 тоот айлын хана тааз бүрэн засвар хийх хэмжээнд хүрээгүй байсан бөгөөд бага зэргийн шарласан дээр эмульс хийхэд хуучин хэвэндээ бүрэн орохоор байсан болно. Гэсэн хэдий ч Б би нэхэмжилсэн үнийн дүнгийн үлдсэн төлбөр болох 338,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Д.Х нь бидэнд, яаралтай цахилгааны гэмтлийг янзалж өг тэгэхгүй бол шүүхэд өгнө хэмээн сүрдүүлж эхэлсэн. Тэгэхээр нь бид нэгэнт санаа таарахгүй, маргаантай байгаа учраас шийддэг газраар нь шийдүүлье гэж удаа дараа хэлсээр байтал харанхуй шөнөөр хүртэл хаалга удаа дараа балбадаг болсон. Үүнээс болж хүүхдүүд хүртэл нэг хэсэг айгаад унтаж чадахаа больж, гадаа таарахад нь хүртэл “нөгөө аймаар эгч явж байна” гэдэг болсон. Мөн манай аав болох Б бид хоёрыг гэртээ байхад гэрт дайран орж ирээд зураг үртэл дараад байхаар нь “та ийм хүнд цар тахалтай үед яаж байгаа юм бэ” гэхэд хохь чинь гээд гараад явсан. Бид цагдаад хандах гэснээ больсон. Энэ Д.Х гэх хүн айл гэрийн амгалан тайван байдал алдагдуулсан, цар тахлын үед гэрт дайран орж ирж зураг дарсан зэрэг нь сэтгэл санааны дарамт учруулсан гэж үзэж байгаа. Иймд Б дүүрэг, 7 дүгээр хороо, 12-277 тоотод оршин суух Д.Х-ын гар утсан дээрээс нь Б миний зургийг устгуулж өгөхийг хүсье гэжээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч Д.Б шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Х-ынх гэх 7 давхрын айлд дээрээсээ ус алдсанаас тааз болон цахилгааны утас нь гэмтсэн юм байна. Энэ нь 9 давхрын айлаас алдсан ус бөгөөд үүнийг 9 давхрын айл Б болон Б нар хүлээн зөвшөөрсөн байна. Хишигжаргал нь тааз болон цахилгаанаа янзлуулахад 589,000 төгрөг шаардлагатай гэж байгаа учир Б болон Б нар уг хохирлыг барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Р.Б Б.Б нарт холбогдуулж 589,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “...хариуцагч нарын орон сууцнаас буюу дээд айлаас ус алдсан. Үүнээс шалтгаалаад миний эд хөрөнгөд хохирол учирсан тул ...хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 509,000 төгрөг, үнэлгээ хийхэд төлсөн төлбөр 80,000 төгрөг, нийт 589,000 төгрөгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.
Ус алдсан явдалд буюу нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол хариуцагч нарын буруугаас шалтгаалсан гэдгийг нотлох үүднээс нэхэмжлэгч талаас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, ОНӨААТҮГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13” -ын “Орон сууцанд ус алдуулсны гэмтлийн шалтгааныг тодруулсан тэмдэглэл”, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2121 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 370 тоот “Хохирол үнэлсэн тухай” үнэлгээний тайлан, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
“Орон сууцанд ус алдуулсны гэмтлийн шалтгааныг тодруулсан тэмдэглэл”-д “2021.04.16-ны өдөр галын өрөөий дээрээс ус алдсан. Дуудлагаар очиход 285 тоот айлын галын өрөөний халуун усны ф15 па элэгдлийн улмаас цоорч ус алдсан”, “...Ус алдсанаас 277 тоот айлын галын өрөөний тааз норж шарласан, эмульс хуурсан. Цахилгааны монтаж гэмтсэн ...тул 12 дугаар байрны 285 тоот айлын оршин суугч гэмтэл гаргаснаас үүдэн гарсан хохирлыг арилгаж, гомдлыг барагдуулах нь зүйтэй” гэж тусгасан байна. Уг дүгнэлтийг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагчийн буруугаас шалтгаалж нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдсан гэж үзэхээр байна.
Хариуцагч татгалзлаа “...ус алдсан явдалд манайх буруугүй” гэж тайлбарласан хэдий ч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлыг нотлох гэж ямар нэг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад гаргаагүй. Ийм учраас нэхэмжлэгч нь хариуцагч нараас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Тодруулбал, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2121 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 370 тоот “Хохирол үнэлсэн тухай” үнэлгээний тайлангаар тогтоосон 509,000 төгрөг, уг үнэлгээг хийлгэхэд нэхэмжлэгчийн төлсөн 80,000 төгрөг, нийт 589,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Р.Б, Б.Б нараас 589,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б, Б.Б нараас 18,320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
Х.ЭНХЗАЯА