| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0290/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/295 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/295
2024 06 27 2024/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Өод холбогдох эрүүгийн 2425000240308 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар ....................тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б ургийн овогт Мын Ө /РД:00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд*******, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрхэс караокены гадна хохирогч Н.Таас “утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, хохирогчийн эзэмшлийн Самсунг А-73 загварын гар утсыг нь авч яван, өөртөө хууль бус эзэмшил тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр*******, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэди худалдааны төвд гар утасны худалдаа эрхлэгч Л.Бөд 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, хохирогчид 750,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Өын мэдүүлсэн:Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2425000240308 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Хохирогч Н.Тын мэдүүлсэн ... 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Эрхэс караокейн зүүн талд гадаа тамхи татаад ганцаараа зогсож байсан чинь 21-25 орчим насны хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй 170-180 орчим өндөртэй, бор царайтай залуу ирж утсаараа ганц яриулчих гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа өгсөн чинь хүнтэй яриад байх шиг байсан. Тэгээд миний хажууд яриад яваад байсан. Тэгээд тамхиа татаад эргээд харсан чинь нөгөө залуу байхгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 58 минутаас 01 цаг 13 минут хүртэл “R” зочид буудалд утасны байршил зааж байсан. Хар саарал өнгийн Самсунг а-73 маркийн гар утас байсан. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Орхон аймаг PC mall худалдааны төвөөс Самсунг а-73 маркийн гар утсыг 1,300,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Сериал дугаар нь imei1:350047511307263, imei2:350315631307266 гэсэн дугаартай байсан...Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй тул энэ талаар нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14-р тал/,
-иргэний нэхэмжлэгч Л.Бийн мэдүүлсэн:..Тухайн гар утсыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй. Хэрвээ хулгайн гар утас бол хэзээ ч худалдаж авахгүй. Мөн өөрийнхөө ашигладаг дэвтэр дээр тухайн гар утсыг надад зарсан хүний мэдээлэл, дансны дугаар зэргийг тэмдэглэж авсан. Би тухайн гар утсыг 600,000 төгрөгөөр бодож авсан. Үүнээс 570,000 төгрөгийг Б.Энхзаяа гэх хүний Хаан банкны ................ тоот дансанд А73 гэсэн утгатай шилжүүлсэн. Үлдсэн 30,000 төгрөгөөр гар утасны дагалдах хэрэгсэл надаас авсан. Би буруутай этгээдээс 600,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
-гэрч А.Эгийн мэдүүлсэн:... 2023 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн 2 давхрын хаалгаар ороод зүүн эргээд 3 дахь лангуун дээр Самсунг а-73 маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тэр хүн код нь тайлахад 100.000 төгрөг болно та хоёр 60.000 төгрөг өгчих гэхээр нь үгүй гэж хэлээд 40.000 төгрөг өгсөн юм. Тэгээд нийт 460.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
Шүүгдэгч М.Өын яллагдагчаар мэдүүлсэн:.. 023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн үед найзуудтайгаа уулзах гэж Орхон аймаг Баян-Өндөр сум зэст багийн нутаг дэвсгэрт байрлах “S” баар руу орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад баарны гадаа маргалдаан болоод манай найзууд бүгдээрээ явсан би гар утасгүй байсан юм. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй юм. Ямар ч байсан хүний утсаар өөрийн утас руу залгах гэж авч залгаж байсан санагдаж байна. Тэгээд гэртээ ороод байж байсан эхнэр юун утас аваад ирсэн юм гэж надаас асуухаар нь миний утас гэж хэлээд муудсан байсан болохоор унтсан юм. Тэгээд маргааш нь сэрээд харсан чинь өөр утас байсан юм. Тэгээд манай гэрт 5-6 хоног тухайн гар утас байсан юм. Тэгээд миний гар утас бас байхгүй байхаар нь хүнтэй сольцон юм бол уу гэж бодоод тухайн гар утсыг лангуун дээр зарахаар болж 500,000 төгрөгөөр зарахаар болсон юм. Тэгээд код тайлах мөнгө хэрэг болно гэж хэлээд надаас 20.000 төгрөг авсан. Маргааш нь дахиж залгаад 20.000 төгрөг авсан. Тэгээд тухайн лангууны хүнээс бол 460.000 төгрөг авсан юм… Өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Самсунг А73 загварын гар утсыг 500,000 төгрөгөөр бодож зарсан гэж бодоод мэдүүлэг өгсөн чинь буруу байсан. Эхнэрийн дансны хуулгыг харахад тухайн өдөр 600,000 төгрөгөөр зарахаар болж 570,000 төгрөгийг эхнэрийн дансаар шилжүүлэн авсан. Үлдсэн 30,000 төгрөгт гар утас дагалдах хэрэгсэл авсан. Тухайн гар утсыг зарахаас өмнө кодыг нь 40,000 төгрөгөөр тайлуулсан. Энэ нь надаас гарч байгаа мөнгө юм. Би иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 600,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 48, 50-р тал/
- Сериал дугаар нь imei1:350047511307263, imei2:350315631307266 гэсэн кодтой утсыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны хооронд хийгдсэн дуудлага болон мессежний дугаарын жагсаалтын хуулбар /хх-ийн 60-62-р тал/
- Сериал дугаар нь imei1:350047511307263, imei2:350315631307266 гэсэн дугаартай гар утсыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 20 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 65-р тал/
- Сериал дугаар нь imei1:350047511307263, imei2:350315631307266 гэсэн дугаартай гар утсыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 50 минутад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 66-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Л.Бийн эзэмшлийн 5076109946 дугаар Хаан банкны дансны хуулга /хх-ийн 68-70-р тал/ зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд*******, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Эрхэс” караокены гадна хохирогч Н.Таас “утсаараа яриулаач” гээд Самсунг А-73 загварын гар утсыг нь авч ярьж байгаад авч явж 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр*******, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэди худалдааны төвд 600,000 төгрөгөөр худалдан борлуулж Н.Тад 750,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулганууд, үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч М.Өын үйлдлийн улмаас Н.Тад 750.000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Н.Тын мэдүүлсэн... Тэгээд би гар утсаа өгсөн чинь хүнтэй яриад байх шиг байсан. Тэгээд миний хажууд яриад яваад байсан. Тэгээд тамхиа татаад эргээд харсан чинь нөгөө залуу байхгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 58 минутаас 01 цаг 13 минут хүртэл “R” зочид буудалд утасны байршил зааж байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Бийн мэдүүлсэн... Тухайн гар утсыг хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй... Би тухайн гар утсыг 600,000 төгрөгөөр бодож авсан. Үүнээс 570,000 төгрөгийг Б.Энхзаяа гэх хүний Хаан банкны 0000000000 тоот дансанд А73 гэсэн утгатай шилжүүлсэн. Үлдсэн 30,000 төгрөгөөр гар утасны дагалдах хэрэгсэл надаас авсан... гэх мэдүүлэг, гэрч А.Эгийн мэдүүлсэн:... 2023 оны 11 сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Тэди худалдааны төвийн 2 давхрын хаалгаар ороод зүүн эргээд 3 дах лангуун дээр Самсунг а-73 маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр зарсан юм... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Бийн эзэмшлийн 000000000 дугаар Хаан банкны дансны хуулга, Сериал дугаар нь imei1:350047511307263, imei2:350315631307266 гэсэн дугаартай гар утсыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цаг 50 минутад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч М.Ө нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулжээ.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт гаргахдаа: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, шүүгдэгчээс 600,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй гэж,
-шүүгдэгч М.Ө нь өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Хохирлоо төлсөн. Буруугаа ойлгож байна. Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдууллаа.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Н.Тад учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн.
Харин,иргэний нэхэмжлэгч Л.Бөд учирсан 600,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Мын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өод шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 / дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ