| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0291/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/297 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/297
2024 06 27 2024/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 2425001790372 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Тн” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт Бны Г /РД:0000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “Т” ХХК-ийн захирал Б.Г нь “Т” ХХК-ийн "Г" Орон сууцны хотхоны 3-р блокны вакум цонх, балконы хаалтын ажлыг хариуцан хийж гүйцэтгэх явцдаа буюу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна, 35 дугаар зүйлийн 35.1 ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас өргөгч автовишикийн тросс тасарч цонх суулгагч ажилтай Э.А унаж бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан “баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун шилбэ, баруун өвдөг, баруун өсгийнд сорви” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Г мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425001790372 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Э.Аын мэдүүлсэн:... Би 2023 оны 11 сарын эхээр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-д цонх суулгагчаар ажилд орсон. Ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Намайг ажилд орохоос өмнө "Т" ХХК нь Орхон аймгийн Баян- Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан Г хотхоны барилгын балконы вакум хаалтыг суулгаж байсан. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний бие "Т" ХХК-ийн ажилчин П, Б нарын хамт Т" ХХК-ийн захирал Тулгаас ажлын чиглэл авч Г хотхоны барилгын 9 давхрын балконы вакум хаалтыг байрлуулах гээд манай компанийн түрээсэлж ажиллуулж байсан өргөгч буюу автовишик дээр 2 ширхэг вакум хаалга тавиад П, Б нарын хамт дээш 9 давхар луу өргүүлсэн. Уг барилгын 8 давхар өнгөрч байхад өргөгчийн торос нь дугарсан, энэ үед П нь станцаар өргөгч машины жолооч Х.Г холбогдон юу болсон бэ, зүгээр үү гэж асуухад "тросс тасарчихлаа, 8 давхарт буулгах хэрэгтэй байна" гэж хэлээд бид нарыг дээш нь биш доош нь буюу 8 давхарт буулгах гээд зөөлөн буулгаж байхад өргөгч машины тросс нь тасарч доошоо 3 давхар хүртэл шууд унасан. Барилгын 3 давхарт өргөгчийн тавцан зогсоогүй байсан бол П, Б бид 3 амьд улдэхгүй байсан. Бид 3 аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлэхэд миний баруун хөл шилбэ хэсгээр 2 удаа хугарсан, Б, П хоёр зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Осол болсны дараа "Т" ХХК-ийн захирал Тулга ирж эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед цагдаагийн эайгууллагад хандаагүй. Х.Г нь тохиролцмоор байна гэсэн учраас цагдаад мэдэгдээгүй юм...Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор хохирол буюу хор уршиг учраагүй. Би эмчилгээний зардал болон хохирлоо нөхөн төлүүлж авсан иймд надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 09-р тал/
-гэрч Г.Б мэдүүлсэн... "Т" ХХК-д 2021 онд туслах ажилчнаар анх ажилд орсон. Тасралтгүй 3 жилийн хугацаанд ажиллаж байна. 2023 оны сүүлээр манай компани нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа "Г" хотхоны барилгын балконы вакум цонхыг суурилуулах ажил хийж байсан. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу цайны цагийн дараа хамт ажилладаг П, А нарын хамт "Г" хотхоны баригдаж байгаа барилгын 9 давхраас 1 давхар хүртэлх балконы вакум суурилахаар өргөгч буюу автовишик дээр гарч дээшээ 8 давхар хүртэл өргүүлж оайхад автовишикийн жолооч Г нь "тросс тасарчихлаа, 7 давхарт буулгах уу” гэж хашхирсан. Бид нар Гт хандаж 7 давхарт вакум цонхоо буулгана гэж хэлэхэд өргөгч буюу автовишикийг доошлуулж байхад эвхдэг тросс нь тасарч 7-оос 3 давхар хүртэл унасан. Энэ үед Аын баруун хөл хугарсан. П бид хоёрт зөөлөн эдийн гэмтэл учирсан. Осол болох үед "Т" ХХК-ийн захирал Б.Г нь ажлын талбай дээр байгаагүй. Ослын дараа Г хотхоны барилга дээр ажиллаж байсан хөдөлмөр хамгааллын ажилтан гэх эмэгтэй хүн ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/
-гэрч Х.Гийн мэдүүлсэн:. ... Ингээд өргөгчийн сагсан дээр балконы 2 хаалт, 3******* хүнийг өндрийн бүсийг зүүлгэж суулгаад дээш өргөж 5 удаа өргөж гаргасан. үүний дараа тухайн барилгын баруун хойд булангийн балконы хаалтыг өргөж 9 давхар луу гаргах явцад 8 давхрын орчим өргөгчийн сумны тросс тасарчихсан. Би аажуухнаар доош буулгаж байхад шууд 3 давхар хүртэл өргөгчийн сум доош огцом буусан. Энэ үед өргөгчийн тавцангаас хэн нэгэн хүн унаагүй. Нэг залуугийн баруун хөл нь хугарсан. Нөгөө хоёр залуу зүгээр байсан. Өргөгчийн сумны тросс гэнэт тасарчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
-гэрч Г.Гын мэдүүлсэн... Дээрх гэрээнд үндэслэж 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/19 дугаартай "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг, хариуцлагын гэрээ"-г давхар байгуулсан. Энэ гэрээний дагуу гүйцэтгэх компани нь өөрсдийнхөө ажилчид, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжүүд болон орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй. Тухайн үед энэ талаар мэдээгүй. 2024 оны 05 сард цагдаагийн байгууллагаас холбогдож энэ талаар мэдэгдсэн. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон гэх дээрх ослын талаар "Т" ХХК-аас мэдэгдээгүй. Уул нь "Т" ХХК нь үйлдвэрлэлийн осол гарсан, хүн гэмтсэн, техник эвдэрсэн тохиолдолд эхлээд манай компанийн ХАБ-д, дараа нь надад мэдэгдэх ёстой байдаг. Манай компанийн зүгээс "Т" ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хугацааг сунгаагүй. "Т" ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж дуусгаагүй, хэтрүүлсэн. Тухайн үед манай компанийн зүгээс хийгдэх ёстой ажлыг нь гүйцэтгүүлэх зорилготой байсан тул гэрээ цуцлах, алданги тооцох үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаартай ... Э.Аын биед баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун шилбэ, баруун өвдөг, баруун өсгийнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь өндрөөс унах үед үүсгэгдэх боломжтой.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...шинжээчийн дүгнэлт /хэргийн 20-24-р тал/
-хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28-р тал/
-эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 29-36-р тал/
-“Т” ХХК “Т” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ажил гүйцэтгэх 0619/01 дугаартай гэрээ, мөн өдөр байгуулсан 06/19 дугаартай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны нөхцөлийг ханган ажиллахад талуудын хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээ, /хх-ийн 38-47-р тал/
-Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ж.Баяржаргалын 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-55-р тал/
-Шинжээч Э.Батбаярын “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтад эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш сариулах болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 15-30% тогтонги алдагдуулсан гэмтэл хамаарна. Э.Аод учирсан гэмтэл нь гэмтлийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулж байгаа тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна. Эрүүл мэнд сарнисан байх хугацаанд алхаж гишгэх болон хөлөөр хийгддэг үйлдлүүд хязгаарлагдана гэх мэдүүлэг/хх-ийн 68-р тал/
-Шүүгдэгч Б.Г яллагдагчаар мэдүүлсэн... Би хүлээн зөвшөөрч байна. Дараа дараагийн компаниас шалтгаалах хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа дээрээ ажилчдадаа анхаарал тавьж сургалтанд суулгаж, ажилд гаргаж байна. Энэ хэргээс том сургамж авлаа. Би Э.Аод учруулсан бэртэл гэмтэлдээ эмчилгээний зардал болон нөхөн төлбөр 7,000,000 сая төгрөг төлсөн. ..." гэсэн мэдүүлэг, /хэргийн 43-р тал/зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
"Т" ХХК ны захирал шүүгдэгч Б.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Т” ХХК-ийн "Г" Орон сууцны хотхоны 3-р блокны вакум цонх, балконы хаалтын ажлыг хариуцан хийж гүйцэтгэх явцад 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөгч автовишикийн тросс тасарч цонх суулгах ажил гүйцэтгэж байсан Э.А өндрөөс унаж бие махбодод нь удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдүүлсан “баруун шаант, тахилзүур ясны хугарал, баруун шилбэ, баруун өвдөг, баруун өсгийнд сорви” бүхий хүндэвтэр хохирол гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч “Т” ХХК-ний захирал Б.Г нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 35 дугаар зүйлийн 35.1-д “ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажпын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Э.Аын биед хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,
2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч “Т” ХХК-ний захирал Б.Г нь эс үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, хохирол төлсөн гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Э.А нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө барагдуулсан гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 7,000,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Бны Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 / дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ