Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/316

 

 

2024       07         04                                           2024/ШЦТ/316

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ж.Б

 Шүүгдэгч Д.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Зд холбогдох эрүүгийн 2425000000398 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “Ш” ХХК-ны туслан гүйцэтгэгч компанид ахлах механик ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, ..................тоотод оршин суудаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Дгийн З /0000000000/

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 5.03 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

      -шүүгдэгч Д.Згийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Хохиролд 2,200,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

    - эрүүгийн 2425000000398 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 5,03% ...” гэх тэмдэглэл, драгерын заалт,

-Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 6,10-р тал/

-Эд зүйл /баримт бичиг гомдол мэдээлэл, бусад баримтыг/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р тал/

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15-р тал/

-гэрч Б.Мы мэдүүлсэн:.. Тухайн өдөр эргүүл, хяналт, шалгалтаар ажиллаж байх хугацаанд цагдаагийн газрын 7035102 дугаарын  утаснаас Говил багийн нутаг дэвсгэрт согтуу жолооч машин мөргөсөн гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Дүгэрээгийн З гэх иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 00-00 ... улсын дугаартай тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Субару порестер загварын 00-00 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцож байх үед нь мөргөсөн зөрчил гаргасан байсан. Энэ үед Д.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2023 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгаж үзэхэд 5,03% согтолтын зэрэгтэй “гэрлүүгээ харих гэж явна” гэсэн тайлбар хэлсэн. Ингээд тээврийн хэрэгслийг түр саатуулж тухайн иргэнийг цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

-гэрч Д.Нгийн мэдүүлсэн:.. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ах Д.З нь уурхайгаас ажлаасаа ирээд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд байх аавын гэрт ирж машинаа авсан ингэхдээ сумын төвд хүмүүстэй архи уусан байсан ба Хөвсгөл аймагт байх эхнэр лүүгээ явна гэж яриад байсан. Энэ үед ах З нь намайг машин бариад Хөвсгөл аймаг руу хүргээд өгөөч гэхээр нь би машиныг нь бариад Хөвсгөл аймаг руу явсан юм. Ингээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас гарч яваад Орхон аймаг руу ороод хамгийн наад талын шатахуун түгээх станц дээр очиж зогсоод би 00 орохоор явсан. 00 ороод буцаад гараад ирсэн чинь ах З нь согтуу машинаа унаад явчихсан байсан. Би утас руу нь залгасан чинь утсаа авахгүй таслаад байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-гэрч Б.Нийн мэдүүлсэн:.. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцоод явж байсан чинь миний машины ар талаас нэг тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Энэ үед би замын хөвөө рүү гарч тээврийн хэрэгсэлээ зогсоосон. Ингээд буугаад харсан чинь приус-20 загварын 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Энэ үед уг тээврийн хэрэгслийн жолооч нь машинаасаа бууж ирсэн чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан хэл яриа нь сонин байсан. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд хэмжилт хийж тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримт болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад архи уусан байсан. Миний тээврийн хэрэгслийн хойд талын гупер хэсэг нь хагарч багажны хаалга нь хонхойсон. Миний машины хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь бүрэн барагдуулсан надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

-Шүүгдэгч Д.Згийн яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд аав Дгийн гэрт байсан юм. Тухайн өдөр Баруунбүрэн суманд байх нутгийн ах нартай тааралдаж хамт архи уусан. Ингээд Баруунбүрэн сумаас Орхон аймаг руу төрсөн дүү Д.Нгаар машинаа бариулж Орхон аймаг руу орж ирээд шатахуун түгээх станц дээр дүү П.Н нь машинаа зогсоогоод бие засаад ирэх хойгуур нь миний бие машинаа унаж яваад Говил багийн төмөр замын гармын ойролцоо явж байгаад урд явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн юм. Ингээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд миний бичиг баримтыг шалгаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж үзээд тээврийн хэрэгслийг саатуулж намайг цагдаагийн газар руу авч явсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо маш их гэмшиж байна. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй. Мөргөсөн тээврийн хэрэгслийн хохирлыг бүрэн барагдуулсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.З нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 5.03 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Д.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 00-00 ... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 5.03 хувийн согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Д.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж хийсэн санаатай хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 3500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ санал болгоход зөвшөөрсөн гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээсэн. Ялын агуулгыг ойлгосон, өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж,

   5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 3,500,000 төгрөгөөр торгох ял, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Харин прокурор, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүх, торгох болон нэмэгдэл ялын хамт албадлагын арга хэмжээ авах нь шаардлагагүй,зохимжгүй гэж үзсэн болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Дгийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 гурван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Зд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 гурван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ