Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/00318

 

М.А-ны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 142/ШШ2024/00806 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2047/МА2021/00071 дүгээр магадлалтай,

М.А-ны нэхэмжлэлтэй

“Э” ХХК-д холбогдох

Үлдэгдэл төлбөр, алданги 47,742,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч М.А хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр, алданги 47,742,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч илүү төлсөн төлбөр 50,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00806 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 241.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.А  аас 50,000,000 төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,610 төгрөгийг, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.А-аас 407,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 207/МА2024/00071 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 646,660 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.22-ны өдрийн 142/ШШ2024/00806 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 207/МА2024/00071 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

М.А нь “Э” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,742,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч хэргийг шийдвэрлэхдээ М.А-ны нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ бичээгүй. Мөн шийдвэрт гуравдагч этгээд Б.М-ийн тайлбар бичигдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.  

Уг үл хөдлөх хөрөнгийг 2016.09.21-ний өдрийн 16/22 дугаартай үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээг үндэслэн Б.М , М.А  нар Д.Г-д борлуулсан бөгөөд эхний ээлжинд “Х ” ХК дахь 500,000,000 төгрөгийн төлөх, үлдэгдэл 500,000,000 төгрөгийг Б.М, М.А нарт 250,000,000 төгрөгөөр тус тус хувааж нийт 1,000,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэтэл Б.М тэй ашиг сонирхол нэг биш байхад тооцоог нийлүүлж бодсон нь хууль зүйн үндэслэлгүй. Д.Г нь худалдагч талд тус тусад нь 250,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

Гуравдагч этгээд шүүх хуралд цахимаар оролцож “... Бид хоёр Д.Г-аас илүү төлбөр аваагүй бөгөөд гагцхүү “Х ” ХК-ийн зээлийн төлбөр  326,000,000 төгрөгийн төлж хаасныг 500,000,000 төгрөгөөр хаасан.” гэж мэдүүлсэн. Илүү төлбөр төлсөн мэт харагдаж нийт дүнгээр 1,000,000,000 төгрөг хүрэхгүй. “Х” ХК-аас зээлийн төлбөрийн талаар баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэлэлцээгүй нь нэхэмжлэгчийг төлбөртэй болгох үндэслэл болсон хэмээн үзэж байна.

Хариуцагчаас “Х” ХК-ийн 500,000,000 төгрөг төлсөн талаар баримт гаргаагүй атлаа 500,000,000 төгрөгийг төлсөн мэт тайлбар гаргадаг бөгөөд түүнийг нь шүүх авч хэлэлцэн бүрэн төлсөн мэт тооцоонд оруулсан нь хариуцагчийг илүү төлөлт хийсэн мэт харагдуулдаг. “Э” ХХК-ийн захирал Д.Г “Х” ХК-ийн зээл 326,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнд хариуцагчийн илүү төлсөн гэх 117,290,000 төгрөг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн 47,742,000 төгрөгийг нэмж бодит үнийн дүн болох “Х” ХК-ийн зээл 500,000,000 төгрөг гарах учиртай. Тиймээс “Х” ХК-ийн зээлийг дутуу тооцож тушаасан нь дараагийн төлөлт болох 2 удаагийн 250,000,000 төгрөг нэмэгдүүлэхээр давхар бодогдон илүү төлөлт төлсөн мэт тооцоологдож байгаа нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд эргэлзээ үүсгэж бодит байдлыг төөрөгдүүлж байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн “Х” ХК-ийн зээл 500,000,000 төгрөг байсан түүнийг Д.Г төлсөн гэх нотлох баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн банкнаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг харгалзан үзээгүй. “Х” ХК-аас зээлийн талаарх лавлагааг авахад Д.Г нь тус банк дахь М.А, Б.М  нарын зээлийн төлбөр 500,000,000 төгрөг бус 326,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал баримт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01340 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

ХЯНАВАЛ:           

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,742,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “Э” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр, Уурхайчин баг, “О” ХХК-ийн зүүн урд С зочид буудлын 4 давхар 864 м.кв талбай бүхий объект, 600 м.кв газрыг 1,000,000,000 төгрөгөөр худалдаж М.А, Б.М  нар төлбөрийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Худалдан авагч нь “Х” ХХК-аас М.А-ны авсан зээлийн төлбөрийг суутгаж үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч 31,828,000 төгрөгийг төлөөгүй тул алданги 15,914,000 төгрөгийн хамт 47,742,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласныг,

Хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч, “... М.А-д худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн талаар мэдэгдсэн. Нягтлан бодогч тооцоо нийлсэн акт үйлдэлгүйгээр ажлаасаа гарсан. Гэрээний төлбөрийг М.А, Б.М, түүний хүсэлтийн дагуу Б.М нарт шилжүүлсэн дансны хуулгаар үзэхэд 50,000,000 төгрөг илүү төлсөн тул уг төлбөрийг гаргуулна.” гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.А-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.А-аас 50,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...талуудын хооронд 2016.09.21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдан авах гэрээг бичгээр байгуулсан боловч нотариатаар гэрчлүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг заасантай нийцээгүй хэдий ч дээрх хэлцлээр талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр, талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК өмчлөгчөөр бүртгүүлснээр М.А, Б.М нарын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Б.М  нь М.А-ны хамт үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж гэрээнд гарын үсэг зурсан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч, хариуцагч “Э” ХХК нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А нь тухайн үед үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй учраас хамтран үүрэг гүйцэтгүүлэгч болох Б.М д мөнгийг төлснөөр үүргээ гүйцэтгэсэн,  хариуцагчийн М.А, Б.М  нарт төлсөн 367,290,000 төгрөгөөс Б.М-ийн авах ёстой гэж байгаа 250,000,000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч нь 117,290,000 төгрөг илүү төлсөн, илүү төлсөн мөнгөнөөс 50,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилснийг хангах үндэстэй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзжээ.

9.М.А, Б.М нар болон “Э” ХХК-ийн хооронд 2016.09.21-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч М.А, Б.М  нар Орхон аймаг, Баян-Өндөр, Уурхайчин баг, “О” ХХК-ийн зүүн талд С буудлын 4 давхар барилга 864 м.кв талбай бүхий обьект, 600 м.кв газрыг “Э” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч “Э” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэд нийт 1,000,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Худалдан авагч “Э” ХХК-аас гэрээний үнэ 1,000,000,000 төгрөгийг төлөхдөө худалдагч талын банкин дахь зээлийг эхэлж төлөх, үлдэгдэл төлбөрийг худалдан авагч тус бүрт хэсэгчлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцсон эсэх, үүнээс нэг худалдагч Б.М-д төлбөр бүрэн төлөгдөж, нөгөө худалдагч М.А-д төлөх төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх нь маргааны зүйл болсон байна.

10.Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г “... “Х” ХК-аас худалдагч талын авсан зээлд 500,000,000 төгрөгийг төлсөн...” гэж, гуравдагч этгээд Б.М  “... “Х” ХК-д 266,000,000 төгрөгийн зээлийг “Э” ХХК-аас төлж хаасан” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан бөгөөд “Х” ХК-аас худалдагч талын  авсан зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байсан, уг зээлийн үлдэгдлийг хэн хэрхэн төлж дуусгасан нь хэрэгт ач холбогдолтой.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна.

 Улсын дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор “Зохигч нотлох баримт гаргах үүргээ бүрэн биелүүлсэн байх ёстой бөгөөд ийнхүү үүргээ зохих ёсоор биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг хойшлуулна.” гэж тайлбарласныг анхан шатны шүүх анхаараагүй, энэ нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

11.Дээрх байдлаас үзэхэд шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, эрх зүйн уг асуудал тодорхой бус нөхцөлд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй,  хууль хэрэглэх үндэслэл бүрдээгүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх хууль хэрэглээний дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/00806 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 207/МА2024/00071 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нь 2024.09.04-ний өдөр төлсөн 646,660 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЧИМЭГ

                                                       ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ 

                                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                                   Д.ЦОЛМОН