Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 166

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ө.Алтантуяа,

  шүүгдэгч Н.Цоодол, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арвай овогт Номинчулууны Цоодолд холбогдох 201726010239 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 76-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Арвай овгийн Номинчулууны Цоодол /РД:Й385011611/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Цоодол нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын эцэст байрлах “Оргил-Од” караоке бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, иргэн Э.Батбаярыг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Н.Цоодол нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн голын эцэст байрлах “Оргил-Од” караоке бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж иргэн Э.Батбаярыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан Э.Батбаярын өргөдөл /хх-ийн 3 х/

 

2. Хохирогч Э.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой найз Баасандоржийн гэрт очоод бид 2 нийлж 4 шил пиво уусан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын эцсээс тамхи авах гээд ирсэн чинь бүх дэлгүүр хаасан, Оргил-Од караоке онгорхой байсан. Тэгээд Оргил-Од караоке руу ороод текний эгчээс Нокиа утсаа тавиад, 2000 төгрөг нэмж өгөөд пиво зээлээч гэсэн чинь үгүй гэж хэлсэн. Тэр үед текний хажууд зогсож байсан хүүхэн нокиа барьчихаад гэж хэлэхэд Баасандорж бид хоёр зүгээр байгаарай гэж хэлчихээд тэр хүмүүстэй маргалдаагүй гараад явсан. Тэгээд гадаа нь гарч ирчихээд байгаа мөнгөндөө тамхи ширхэгээр гуйж авчихъя гээд буцаж ороод тек дээр байсан хүүхнээс ширхэгийн тамхи асуугаад зогсож байсан чинь текний хажууд зогсож байсан залуу миний толгой руу пивоны шилээр цохисон. Би газар унаад ухаан балартаад үүдний хажууд 00 өрөөний хавьцаа тонгойгоод сууж байсан чинь миний толгой руу пивоны шилээр цохисон залуу миний нүүр лүү дахиад өшиглөсөн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Би Цоодол гэдэг хүнийг танихгүй, бид хоёр өмнө маргалдаж муудалцаж байгаагүй. ...Ямар ч байсан Цоодол текний өмнө пиво уусан зогсож байсан. Тэгээд намайг цохисон. Намайг нилээн хүчтэй цохисон. Тэгэхээр нь би пивоны шилээр цохичихлоо гэж бодсон. Тэр үед ойр орчимд пивоны шил хагарсан юм байгаагүй. Цоодол эхлээд миний толгой руу гараараа цохиод дараа нь хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 11 х/

 

3. Гэрч Э.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой гэртээ байж байсан чинь манай найз Батбаяр ирээд бид хоёр хоол хийж идчихээд 4 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд бид хоёр Нарангийн гол орж тамхи авах гэсэн чинь дэлгүүрүүд бүгд хаалттай байсан. Ганцхан караоке ажиллаж байсан. Тэгэхээр нь караоке руу ороод тек дээр байсан эмэгтэйгээс утсаа тавиад пиво авчихъя гэсэн чинь үгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь текний урд зогсож байсан эмэгтэй ямар утас вэ, би авчихъя гэхээр нь нокиа утас ш дээ гэсэн чинь тэгвэл авахгүй гэхээр нь Батбаяр бид 2 караокеноос гарсан. Бид хоёр гадаа гарчихаад буцаж орж ирээд 1500 төгрөг байна, тамхи байна уу гээд асуусан чинь тамхи байхгүй гээд байж байтал Цоодол гэдэг залуу Батбаярын толгой руу цохисон. Би тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь Цоодол нилээн согтуу урдаас хараагаад дайраад байсан чинь эхнэр нь манай нөхөр согтуу байгаа юмаа гэхээр нь би Батбаярыг бие чинь гайгүй юу гэхэд толгой эргээд байна гэж хэлсэн. Тухайн үед Батбаярын хамар, нүүрнээс цус гараагүй байсан. Караокены бандитай хамт гарч тамхи татчихаад буцаад ороод ирсэн чинь Батбаяр газар суусан хамар, нүүрнээс нь цус гарсан байхаар нь яасан юм гэсэн чинь дахиад намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөх гэсэн чинь караокены эзэн хүүхэн дуудлага өгсөн байсан. Удаагүй цагдаагийн алба хаагч ирсэн... ...Цоодол Батбаярыг гараараа цохисон гэж харсан. Пивоны шил хагарсан үйлдэл ерөөсөө болоогүй. Тэр хоёр маргалдаж муудалцаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/

 

           4. Гэрч А.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр паабаа ажиллуулаад байж байтал 21 цаг өнгөрч байхад Цоодол гэдэг залуу эхнэртэйгээ, бас нэг эрэгтэй, эмэгтэй хүнтэй орж ирээд 1 шил 0,75 литрийн Соёрхол аваад зааланд сууж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Цоодол хамт явсан хүмүүстэйгээ хамт караокены вип өрөө рүү орсон. 1 цаг орчмын дараа гарч ирээд зааланд суугаад бүжиглэе, аяаа тавьчих гээд дуулж, бүжиглээд байсан. Цоодолтой хамт ирсэн эрэгэй, эмэгтэй хоёр маргалдаад гайгүй болсон. Тэд нар захиалсан пивоо ууж дуусчихаад Цоодолын эхнэр нь ирээд дахиад пиво зээлээч гээд надаас 2 шил пиво аваад суусан. ...Цоодол эхнэртэйгээ ирээд дахиад пиво зээлээч гээд тек дээр ирээд пиво уугаад зогсож байтал Батбаяр гэдэг залуу нэг залуутай орж ирээд 3000 төгрөг дээр Нокиа гар утсаа тавиад 1 том пиво зээлчихье гэж хэлсэн. Би зээлэхгүй гээд байж байтал Цоодол эхнэртэйгээ хоорондоо “иш чааваас нокиа гар утас, ногоон мөнгө барьчихаад” гэж хоорондоо ярьсан чинь Батбаяр сонсчихоод “юу гээд байгаа юм” гэсэн чинь Цоодолын эхнэр “юу ч гээгүй, утсыг чинь авах гэж байхад, яасан сонин хүүхдүүд вэ” гэсэн чинь Батбаяр хамт явсан залуутайгаа гараад явсан. ...Тэгээд удаа ч үгүй 5 орчим минутын дараа Батбаяр найзтайгаа хамт буцаж орж ирээд надаас тамхи байна уу, 1500 төгрөг байна, ширхэгээр зараач гэхээр нь би манайх тамхи зардаггүй юм гэж хэлсэн чинь татаж байгаа тамхинаасаа ч хамаагүй өгөөч гэж хэлээд зогсож байсан чинь Цоодол ууж байсан пивоо тек нь дээр тавиад Батбаярын толгой руу цохисон. Батбаяр газар хэвтээд босохгүй байсан. Батбаярын найз нь Цоодол руу дайраад Цоодолтой хамт явсан хүн тэр залууг барьж авч болиулаад би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа хүлээгээд байж байсан чинь Цоодолын эхнэр нь Батбаяр болон түүний найзтай хэрэлдээд байсан. Тэгээд салгаад тараагаад байж байсан чинь Цоодол Батбаярыг доошоогоо бөхийгөөд сууж байхад хойшоогоо савтал нь цохисон. Тэгсэн чинь Батбаярын хамар, амнаас цус гоожоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

 

5. Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой Нарангийн голд эгч Уянгаагийн ажиллуулдаг “Оргил-Од” караокед ажилд нь туслаад байж байсан. 21 цаг өнгөрч байхад Цоодол гэдэг залуу эхнэртэйгээ бас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт орж ирээд 1 шил 0,75 литрийн Соёрхол архи, 2 ус, 1 кола ундаа аваад паабны зааланд суусан. ...Караокены хаалгаар зүс таних улаан кепик малгайтай ах дуудахаар нь гараад харсан чинь Батбаяр найзтайгаа хамт явсан. Тэгсэн тэр хоёр надаас 3.000 төгрөг, Нокиа утсаа өгье аниагаасаа пиво зээлээд өгчих, ах нь маргааш найдвартай өгнө гэж хэлэхээр нь би мэдэхгүй, өөрөөс нь асуу гэж хэлсэн чинь тэр хоёр за яршиг гээд явсан. Би буцаж караоке ороод гэрлээ унтраагаад зогсож байсан чинь Батбаяр найзтайгаа орж ирээд Уянга эгчээс пиво зээлчих гээд гуйгаад байсан. Тэгсэн чинь Цоодолын эхнэр нь Цоодол ахад “ишш чааваас нэг Нокиа утас, хэдэн 500 төгрөг барьчихаад” гээд хоорондоо шивнээд ярьсан чинь Батбаяр сонсоод “зүгээр байгаарай” гээд орилсон чинь Уянга эгч гар гээд Батбаярыг найзтай нь хөөгөөд гаргасан. Батбаярыг найзтайгаа гарах гэж байхад нь Цоодол “хөөш нааш ир, ахын дүү” гээд гараараа даллаад байсан. Батбаяр найзтайгаа хамт дуугүй гараад явсан. Удалгүй Батбаяр найзтайгаа эргэж орж ирээд надаас тамхи байна уу, ганцыг өгчих гэхээр нь би байхгүй гэж хэлсэн чинь Уянга эгчээс 1500 төгрөгөнд татаж байгаа тамхинаас өгчих гээд гуйгаад хоорондоо юм яриад байж байсан чинь Цоодол Батбаярын хажуу талаас нь цохихоор нь би очиж салгаад байж байсан чинь Цоодолтой хамт явсан хүмүүсийг болиулаад эгч цагдаад дуудлага өгөөд байж байсан... ...Намайг харж байхад Цоодол гараараа нэг цохисон. Батбаярыг Цоодолоос өөр хүн цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 х/

 

6. Гэрч Э.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 21-22 цагийн орчимд Нарангийн голын эцэст байдаг “Оргил-Од” караокед нөхөр Цоодол, найз Оюунцэцэг, Батжаргал нарын хамт орсон. Бид дөрөв уг караокед ороод 1 шил 0,75 литрийн Соёрхол архи аваад хувааж уусан. Бид 4 эхлээд паабад нь сууж байгаад караокены вип өрөө рүү шилжиж орж суугаад авсан архиа хувааж уусан. Караокены өрөөнд 2 цаг болчихоод паабны ширээн дээр нэг нэг пиво уучихаад гарах гэж байсан. Цоодол бид хоёр тек дээр Оюунцэцэг, Батжаргал хоёрыг хүлээгээд байж байсан. Тэр үед гаднаас хоёр залуу орж ирээд нэг Нокиа гар утас барьчихаад караокены хүүхнээс 1 пиво өгчихөөж, 3000 төгрөг авчих гээд байсан. Тэгснээ бид хоёрыг авах уу гээд байхаар нь ямар утас юм гэсэн чинь Нокиа үзүүлэхээр нь авахгүй гэж хэлсэн. Тэр үед хэрүүл маргаан болоогүй тэр хоёр залуу гараад явсан. Тэгснээ 5 минут орчмын дараа буцаж орж ирээд ширхэгийн тамхи байна уу гээд караокены хүүхэн, Цоодол хоёроос асуугаад байсан. Тэгсэн Цоодолтой Батбаяр гэдэг залуу хальт маргалдах шиг болсон. Би сайн санахгүй байна. Ямар ч байсан сүйдтэй аймар маргаан болоогүй. Тэгсэн чинь Батбаяр чи намайг пивоны шилээр цохичихлоо ш дээ гээд Цоодолтой маргалдсан. Би дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 х/

 

7. Гэрч Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 24-ний орой би өөрийнхөө үеэл Цоодолын гэрт очсон. Бид нар Цоодолын гэрт хоол, цай идэж уучихаад дөрвүүлээ караоке орж дуулъя гээд Нарангийн голын эцэс дээр байдаг караоке орсон. Бид 4 уг караокед ороод 1 шил архи авч уугаад дуулцгаасан. Бид 4 авсан архиа ууж дуусгаад дахиад нэг пиво авч уучихаад гарах гээд хувцсаа өмсөөд байж байсан. Цоодол тек дээр энхнэртэйгээ хамт тооцоо хийж байсан. Эхнэр бид хоёр хувцсаа өмсөөд байж байсан чинь Цоодол нэг залууг шилээр цохичихсон, уг залуутай муудалцаад зогсож байхаар нь би очиж болиулсан. Тэгсэн караокены эзэн хүүхэн цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 х/

 

8. Гэрч Г.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би ажлаа тараад Цоодолын эхнэр Хоролсүрэнтэй хамт Цоодолын гэрт очсон. Тухайн өдөр манай нөхөр Цоодолын гэрт очсон. Тэр хоёр хамт байсан. Бид 4 ганц цаг караоке оръё ойрд уулзалдаагүй гээд Нарангийн голын эцсийн караоке орсон. Бид 4 уг караокед ороод 1 шил 0,75 литрийн архи, ундаа, ус аваад вип өрөөнд нь орж 2 цаг дуулсан. Караокед дуулж дуусаад гарч ирээд 4 пиво аваад зааланд нь суусан. Бид 4 гарах гээд Цоодол эхнэртэйгээ хамт тек дээр очиж тооцоо хийсэн. Нөхөр бид хоёр хувцсаа өмсөөд байж байсан чинь л Цоодол хүнтэй маргалдаад очсон чинь Цоодол хүнтэй маргалдсан байсан. Би юунаас болсныг мэдээгүй. Тухайн үед Цоодол ширхэгийн тамхи асуугаад гэж хэлж байсан. Тэгээд караокены хүмүүс цагдаад дуудлага өгөөд Цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 х/

 

            9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2031 тоот дүгнэлтэд:

-Э.Батбаярын биед тархи доргилт, зулайн хуйх, уруулын эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх- ийн 33 хуудас/

 

            10. Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогчийн биед учирсан уруулын язарсан шарханд мэс заслын оёдол тавигдсан учир зах ирмэгийг харах боломжгүй байсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ГССҮТ-ийн эмчийн үзлэгт уруулын язарсан шарх гэсэн онош тавигдсан учир мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шилээр цохиж учруулсан гэх боломж муутай байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 х/

 

            11. Шүүгдэгч Н.Цоодолын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “...Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой эхнэр Хоролсүрэн, хамаатны Батжаргал болон Батжаргалын эхнэр Оюунцэцэгийн хамт гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын эцэст байрлах Оргил-Од нэртэй караоке, паабад 22 цагийн орчимд орсон. Бид 4 ороод 1 шил 0,75 литрийн Сархад архи, хүний нэг шил пиво авч уусан. Бид нар паабад сууж байгаад караокены вип өрөө рүү нь ороод 2 цаг дуулсан. Бид нар гарах гээд тооцоогоо хийгээд гарах гэж байсан чинь танихгүй 2 залуу орж ирээд пиво уучихмаар байна гээд караокены хүүхэн болон над руу хандаж хэлээд байсан. Тэгээд гарч явснаа буцаж орж ирээд ширхэгийн тамхи байна уу гээд надаас нэхээд байсан. Манай эхнэр тэр залууг гарах гэж байгаа хүмүүсээс хэрүүл өдөөд өөрсдөө юмаа авахгүй юу гээд хэлсэн чинь Батбаяр гэдэг залуу нь манай эхнэр лүү салаавч гаргахаар нь би нэг удаа толгой руу нь гараараа цохисон. Тэр үед караокены залуу болон манай эхнэр найзууд салгасан. Тэгсэн Батбаяртай хамт явсан залуу цагдаа дуудна гээд байхаар нь би цагдаагаа дууд та нар өөрсдөө хүн өдөө биз дээ гээд хэлсэн чинь караокены хүүхэн цагдаад дуудлага өгсөн. Мөн Батбаярыг 00 өрөөний орчимд байхад нь 1 удаа нүүр лүү нь гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40, 42-43 х/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Цоодол нь хохирогч Э.Батбаярыг барментэй харилцаж байхад нь хөндлөнгөөс оролцон хохирогчийг хэл амаар доромжилж улмаар ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр  олон нийтийн газар, олон хүмүүсийн дэргэд гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн буюу хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан өөрийн хүч зоригийг бусдад харуулах гэсэн ичгүүр сонжуургүй, бүдүүлэг авирласан байх тул танхай сэдэлттэй гэж үзнэ.

 

          Иймд шүүгдэгч Н.Цоодолыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

                       

           Шүүгдэгч Н.Цоодол нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 х/-аар тогтоогдож байна.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч Э.Батбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 141.000 төгрөгийн баримт /хх-ийн 54 х/ гаргаж өгсөн байх боловч нийт 147.500 төгрөгийг шүүгдэгч Н.Цоодолоос авсан болох нь мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 55, 57 х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цоодолын өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон, хохирогч Э.Батбаяр нь цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн утга бүхий хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Н.Цоодолыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас баримт/

 

Шүүгдэгч Н.Цоодол нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Цоодолын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Арвай овогт Номинчулууны Цоодолыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цоодолыг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цоодолын эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4. Н.Цоодолд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Цоодолд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цоодолд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ