Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0790

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0790

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  О.Д

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам.

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ... Ерөнхий захирлаар эгүүлэн томилуулахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, О.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...О овогтой Д миний бие 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хуулийн дагуу Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын ерөнхий захирлын албанд томилогдсон. 2019 оны сүүлээр төрийн ажлыг хийх явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хууль бус шахалт үзүүлэх, өргөдлөө өг гэж хууль бус шаардлага удаа дараа тавьж байсан. Уг хууль бус шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ...тоот шилжүүлэн ажиллуулах гэх хууль бус тушаал гаргаж миний эрхийг ноцтой зөрчсөн. Уг тушаалыг гаргахдаа шилжүүлэн ажиллуулах тухай агуулгаар Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-ийг баримталсан боловч харилцан тохиролцсон зүйл байхгүйгээр тушаал гаргасан нь илт хууль бус болжээ. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өргөдөл өгсөн боловч 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1/258 тоот албан бичгээр илт хууль бус тушаалыг хэрэгжсэн байна гэх агуулгаар хариу ирүүлжээ.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...тоот тушаалыг гаргахдаа хуулийн үндэслэлгүй бөгөөд төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчиж хөдөлмөрлөх үндсэн эрхийг зөрчсөн, мөн харилцан тохиролцолгүй өөр байгууллагын орлогчоор томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн /47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан/ илт хууль бус акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дах заалтыг үндэслэн хүчингүй болгож хуучин эрхэлж байсан ажилд буцаан томилуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ршүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ... ерөнхий захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна. Улмаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно. гэж заасан.

Маргаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг баримталсан бөгөөд хувийн эрх зүйн хүрээний ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцааны асуудлаарх гаргасан шийдвэр юм.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь нийтийн эрх зүйн хүрээнд бус хувийн эрх зүйн хүрээний Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 13 дугаар зүйлийн 13.1-т Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. гэж заажээ.

Харин Хөдөлмөрийн эрх зүйн хүрээнд буюу хувийн эрх зүйн хүрээний маргааныг ердийн харьяаллын шүүх шийдвэрлэхээр байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж маргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх аль ч үндэслэлд хамаарахгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан нөхцөлүүд нь захиргааны акт илэрхий алдаатай байх нөхцөлүүдийг дурдаж заасан байна. Харин ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон дээрх шийдвэр нь хүчин төгөлдөр болсон бөгөөд нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй болно.

Иймд хэргийн харьяаллын хувьд ердийн харьяаллын шүүх шийдвэрлэх маргаан байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалт байгааг дахин харгалзан үзнэ үү.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны ...дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-т заасан илт хууль бус байх захиргааны акт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Дгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ... Ерөнхий захирлаар эгүүлэн томилуулахыг хариуцагчид даалгах гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргааны үйл баримтын тухайд:

Анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар О.Д-г ... дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр[1], 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаар тушаалаар О.Д-г ... Ерөнхий захирлаар томилжээ[2].

Ингэхдээ хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-д заасан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулалтыг зарлалгүйгээр нэхэмжлэгч О.Д-г дээрх албан тушаалд шууд томилсон.

Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч маргадаггүй болно.

Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаалаар О.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Үйлдвэр урлалын политехник коллежийн мэдэлд шилжүүлснээр[3] тэрээр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Очирбатын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар тус коллежийн дэд захирлаар томилогджээ[4].

Хожим О.Д маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандан өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авч хянан үзээд ...нэхэмжлэгчийг ... Ерөнхий захирлаар томилох боломжгүй...гэх хариуг хүргүүлсэн байна[5].

Улмаар нэхэмжлэгчээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...тоот тушаалыг илт хууль бус болох"-ыг тогтоолгохоор тус шүүхэд хандан маргажээ.

Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасны дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-т заасан хугацааг үл хамаарч, Захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд доорх дүгнэлтийг өгсөн болно.

Хоёр: Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаал нь хувийн эрх зүйн хүрээний ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцааны асуудлаарх гаргасан шийдвэр... ердийн харьяаллын шүүх шийдвэрлэхээр тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү... гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 /хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө; 24 дүгээр зүйлийн 2/ Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 талууд харилцан тохирсон; буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заалтыг тус тус үндэслэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...Төрийн үйлчилгээний албан тушаалд ...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах...-аар байхыг заасан тул шүүхээс ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгаа эсэх талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийхэд анхнаасаа хариуцагч төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжлэгч О.Дтэй гэрээ байгуулаагүй[6], харин Үр дүнгийн гэрээ[7] байгуулан, түүний биелэлтийн тайланг дүгнэж байсан[8] болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 заалтыг баримталснаар энэхүү маргаан бүхий актыг шууд ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэх маргаан гэж үзэх боломжгүй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэснээс үзвэл Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтантай холбоотой зарим зохицуулагдаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйл заалтыг сонгон авч хэрэглэж болохоор байна.

Иймд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Гурав: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О.Д-гээс ...тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-г баримталсан, харилцан тохиролцолгүйгээр өөр байгууллагын орлогчоор томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, харин түүний өмгөөлөгч Б.Г- ...хөдөлмөрийн гэрээгүй байхад хариуцагч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, мөн хариуцагчид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан О.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй... гэж.

Харин хариуцагчаас ......дүгээр тушаал нь илт хууль бус актын шинжийг агуулаагүй... гэж маргасан болно.

Хэрвээ захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан аль нэг шинжийг агуулж байвал тэрхүү акт нь илт хууль бус болох бөгөөд тэрхүү захиргааны актыг хүн, хуулийн этгээд биелүүлэхгүй байх, дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй бөгөөд захиргааны байгууллага ч тэрхүү илт хууль бус актыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан захиргааны актыг утга агуулгын илэрхий алдаа-д тооцох үндэслэл нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй,

гэж үзэхээр байх шаардлагатай.

Тухайн маргааны үйл баримттай холбоотой асуудлын талаар эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байх алдааг ойлгох бөгөөд 47.1.5-д заасан Хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэдгийг тухайн байгууллага, албан тушаалтнаас илэрхий, ноцтой хор уршиг бүхий үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан байхыг, харин 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг тус тус ойлгохоор байна

Гэтэл маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаалыг илт хууль бус байх дээрх шаардлага, нөхцөлд хамаарах эсэхийг судлан үзвэл, ерөнхий тушаалын агуулга ойлгомжтой, тодорхой, хэлбэрийн хувьд бичгээр гаргасан.

Тодруулбал, уг актын утга агуулгын хувьд О.Дг албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай буюу илэрхий алдаагүй ойлгомжтой.

Гаргасан байгууллага, албан тушаалтан нь өөрийн албаны тэмдэг бүхий бланк дээрээ, огноо, нэр, гарын үсэг, баталгаажуулах тамга дарсан буюу тодорхой.

Хариуцагч өөрт хуулиар олгосон чиг үүрэг хамааралтай асуудлаар буюу өөрийн яамны харьяа ... Ерөнхий захирал болох төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ажлын байрны асуудлыг, шийдвэрлэсэн.

Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч О.Д-г хүний жам ёсны эсрэг, хуульд харшлах, ноцтой хор уршиг бүхий үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгүүлэхийг шаардсан зүйлгүй.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн болохын хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, захирлыг чөлөөлөхдөө Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталсныг нэхэмжлэгч О.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тооцох боломжгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгч О.Дгийн Үндсэн хууль болон хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хуулийг илтэд буруу хэрэглэн зөрчсөн зүйлгүй гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах шаардлагын хувьд:

Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн гурав дахь хэсэгт нэхэмжлэгч О.Д-нг Албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэх тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...дүгээр тушаал илт хууль бус болох актын шинжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч О.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3,106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ... Ерөнхий захирлаар эгүүлэн томилуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

[1] Хавтас хэргийн 75-76 хуудас

[2] Хавтас хэргийн 34 хуудас

[3] Хавтас хэргийн 35 хуудас

[4] Хавтас хэргийн 62 хуудас

[5] Хавтас хэргийн 36 хуудас

[6] Монгол Улсын дээд шүүхийн 2007.07.05 Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар зөвлөмж үзнэ үү.

[7] Хавтас хэргийн 2-6, 27-31 хуудас

[8] Хавтас хэргийн 7-26 хуудас