| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0311/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/317 |
| Огноо | 2024-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/317
2024 07 04 2024/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дд холбогдох эрүүгийн 2425000000268 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг Арбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 38-02 тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, Боржигин овогт Мөнхбаатарын Д, регистрийн дугаар (РЮ06212311).
Холбогдсон хэргийн талаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч М.Д нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Өндөр сумын тамгын газрын спорт заалны хувцас солих өрөөнөөс хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар насанд хүрээгүй хохирогч Э.Сийн эзэмшлийн Самсунг А-52 гар утсыг авч 350,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч О.Д самсунг нөте 11 загварын гар утсыг авч 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.
-шүүгдэгч М.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтад бүгдийг мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж байна. Авснаа санахгүй байдаг. Би архи уухаараа ийм болдог. Архины албадан эмчилгээнд их олон явсан. Мартамхай болсон. Хохирол төлнө гэх мэдүүлэг,
- 2425000000268 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
- 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулах Баян-Өндөр сумын спорт заалны хяналтын шүүж үзэхэд гадна талаас заал руу харсан хяналтын камер байна. Уг дүрс бичлэгт хувцас солих өрөө болон үүд рүү гарч байгаа заал руу орж байгаа хэсэг тод бичигдсэн байна. Бичлэгт 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 08 цаг 54 минут 40 секундэд сэжигтэн хар өнгийн савхин куртик, хөх өнгийн женсин өмд, урт үстэй үсээ ар хэсэгтээ боосон, жирвээ сахалтай 16-18 орчим насны эрэгтэй хүн хувцас солих өрөө рүү орж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад уг хувцас солих өрөөнөөс 09 цаг 12 минут 35 секундэд гарч үүдэн хэсгийн 00-ийн өрөөнд орон 09 цаг 12 цаг 57 секундэд Баян-Өндөр сумын заалнаас гарч явсан дүрс бичлэг бичигдсэн байна. Уг хувцас солих өрөөнд өөр ямар нэгэн гаднын хүн орсон гарсан дүрс бичлэг бичигдээгүй байна... гэх тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/
-насанд хүрээгүй хохирогч Э.Сийн мэдүүлсэн:.. “...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Оюут багт байдаг Баян-Өндөр сумын тамгын газрын спорт зааланд гар бөмбөгийнхөө бэлтгэл дээр найз Д, А нарын хамт очсон. Бид нар тус заалны хувцас солих өрөөнд хувцсаа сольчхоод бэлтгэлдээ орсон бөгөөд 10 цагт бэлтгэл дууссан юм. Тэгээд хувцсаа сольж байтал миний хувцас солих өрөөнд улбар шар өнгийн 2 үүргэвчтэй цүнхэн дотор байсан Самсунг А-52 загварын гар утас маань алга болчихсон байсан. ...”, “...Би гомдолтой байна. Хулгайд алдсан гар утасныхаа хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх- ийн 13, 15-р тал/,
-насанд хүрээгүй хохирогч О.Д мэдүүлсэн:..“...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өглөө 08 цагт Баян-Өндөр сумын тамгын газрын спорт зааланд гар бөмбөгийнхөө бэлтгэл дээр найз С, А нарын хамт очсон. Бид нар тус заалны хувцас солих өрөөнд хувцсаа сольчхоод бэлтгэлдээ орсон. Ингээд 10 цагт бэлтгэл дууссан бөгөөд хувцсаа сольж байтал миний хувцас солих өрөөнд цагаан өнгийн үүргэвчтэй цүнхэн дотор байсан самсунг нөте 11 загварын гар утас маань алга болчихсон байсан. ...Хувцас солих өрөөг цоожлоогүй бөгөөд угаасаа онгорхой байж байдаг юм. ...”, “...Би гомдолтой байна. Хулгайд алдсан гар утасныхаа хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 19, 21-р тал/
-Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2024 оны 04-р сарын 04-ний өдрийн 02/53 дугаартай... Самсунг А52 загварын гар утасны үнэ 350,000 төгрөг гэх шинжээчийн үнэлгээ /хх-ийн 25-29-р тал/
-Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2024 оны 04-р сарын 04-ний өдрийн 02/54 дугаартай... Самсунг нөте 11 загварын гар утасны үнэ 500,000 төгрөг гэх шинжээчийн үнэлгээ /хх-ийн 33-37-р тал/
-Шүүгдэгч М.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн... 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байсан би Баян-Өндөр сумын спорт заал руу ар талаар нь тойроод эхлээд 00-ийн өрөө ороод бие засчихаад эргэж гадагшаа гарж байж байгаад буцаж ороод гадуураа зузаан хувцастай явж байсан болохоор ороод тайлаад нэмэглэх гэж орсон. Тэгсэн чинь хувцас солих өрөөний ширээн дээр ил тавьчихсан хар өнгийн гар утас байхаар нь авсан баруун талын шүүгээн дээр улбар шар өнгийн цүнх байсан тэрийг ухаж үзтэл цэнхэр өнгийн гар утас байсан шиг санагдаж байна тэрийг аваад хувцас солих өрөөнөөс гарсан. Тэндээс гар утас хулгай хийгээд худалдан борлуулж мөнгөтэй болох гэж олж хулгай хийсэн надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хулгайлсан эд зүйлийнхээ хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би цаашид дахин гэмт хэг үйлдэхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/
-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 49-р тал/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 55-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-60-р тал/
-Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол /хх-ийн 61-р тал/
Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол /хх-ийн 62-р тал/зэрэг нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоодож байна.
Шүүгдэгч М.Д нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Өндөр сумын тамгын газрын спорт заалны хувцас солих өрөөнөөс хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар насанд хүрээгүй хохирогч Э.Сийн эзэмшлийн Самсунг А-52 гар утсыг авч 350,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч О.Д самсунг нөте 11 загварын гар утсыг авч 500,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, үзлэгийн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч М.Д нь бусдын эзэмшлийн Самсунг А52 загварын гар утас, Самсунг нөте 11 загварын гар утаснуудыг зөвшөөрөлгүй, нууцаар авсны улмаас бусдад 850,000 төгрөгийн шууд хохирол учирсан шалтгаант холбоотой байдал дээрхи нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Шүүгдэгч М.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. .
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Бусдын эд хөрөнгийг нууцаар, зөвшөөрөлгүй, авч хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогч нарт нийт 850,000 төгрөг гаргуулан олгох саналтай гэж,
-шүүгдэгч М.Д өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна. Хохирлоо төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, ял шалгуурын хуудас, шүүхийн тогтоолууд зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч эрхэлсэн ажилгүй, орлогогүй байдал зэргийг харгалзан хуульд заасан 6 сарын хорих ял оногдуулах, тус шүүхийн 2023 оны 4 сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялд уг 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгч, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,
шүүгдэгч: Би хохирол төлнө, надад бага ял оногдуулна уу гэжээ.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Насанд хүрээгүй хохирогч нарт учирсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 850,000 төгрөг гаргуулан 350,000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Э.Сэд, 500,000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч О.Даурен нарт тус тус олгуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Дг тус шүүхийн 2023 оны 4 сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялд уг 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 2 жил 6 сарын сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дгаас нийт 850,000 төгрөг гаргуулан 350,000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Э.С /регистрийн дугаар 000000000 Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-25-28 тоот/-д, 500,000 төгрөгийг насад хүрээгүй хохирогч О.Даурен /регистрийн дугаар 0000000000 Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-16 тоот/-д тус тус олгуулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ