Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/318

 

 

 2024       07          04                                            2024/ШЦТ/318

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 2425000000389 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, барилга дээр туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Мын М, регистрийн дугаар: (0000000000).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдааны гудамжинд хохирогч Б.Бийг өөрийг нь цохисон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа гартаа байсан пивоны шилийг хагалж хохирогчийг зүсэж эрүүл мэндэд нь “зүүн чамархай, зүүн дал, зүүн тохой, баруун гарын 3-р хуруу, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруу, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч М.М мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

      эрүүгийн 2425000000389 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-хохирогч Б.Б мэдүүлсэн:..2024 оны 05 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед ...найз Даваадорж, Доржханд нартай уулзаад Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “В” бааранд ороод шар айраг болон архи уусан. Ингээд баар хаах хүртэл бааранд байсан. Нэг харсан чинь найз Б түрүүлээд гараад явсан ба араас нь бид нар нээх удалгүй гарсан чинь найз Б нь нэг залуутай маргалдаад зогсож байсан. Энэ үед нь би очоод найз Бийг салгаад авч явах гэсэн чинь М гэх залуу миний толгой хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед би М гэх залуутай маргалдаж байгаад салаад баарны хажуугаас холдоод явсан... Би хажуугаар нь гараад явж байсан чинь намайг нэг нь араас түлхсэн би эргэж хараад Мг цохисон гэж бодоод түүнийг би нэг удаа цохисон. Тухайн үед бид хоёр хоорондоо зодолдоод нэг харсан чинь толгойноос цус гарч байсан. Энэ үед манай найзуудаас нэг нь намайг эмнэлэг рүү аваад явсан байсан. Эмнэлэг дээр очих үед миний тохой, бөөрний харалдаа хэсэг, дал хэсэг, толгой хэсэг нь зүсэгдсэн байсан. Ингээд эмнэлэг дээр хэдэн хэдэн оёдол тавиулсан юм. М гэх залуу намайг шилээр зүсэж гэмтээсэн. Учир нь тухайн үед М нь гартаа барьж байсан шар айргийн шилийг хагалаад гартаа барьчихсан зогсож байсан. Миний толгойны ар хэсэгт зүсэгдсэн 7 ширхэг оёдол тавиулсан, мөрний ар хэсэгт зүсэгдсэн 3 ширхэг оёдол тавиулсан, хэвлийний зүүн талын хэсэгт зүсэгдсэн 6 ширхэг оёдол, тохойны хэсэгт зүсэгдсэн 1 ширхэг оёдол тус тус тавиулсан юм. ...Миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас гарсан зардлыг М гэх хүн залуу бүрэн барагдуулсан, надад өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/

-гэрч Д.Тгийн мэдүүлсэн... Энэ үед бид нар хажуугаас нь боль гэж орилсон. Тэгсэн чинь С маргалдаж байсан 3 залуугийн нэг залуу нь хувцас нь урагдчихсан гартаа шар айргийн шил хагалаад барьчихсан байсан. Энэ үед уг залуу фудволка тайлаад хагарсан шил бариад зогсож байсан. Энэ үед би Төрийн банкны ар талын эзэнгүй хашаа руу ороод бие засаад буцаад гараад ирсэн чинь Маргад сургуулийн урд замын хажууд талд нэг залуу толгой нь битүү цус болчихсон толгойгоо дараад сууж байсан. Би хажууд нь очсон чинь юм ярьж чадахгүй байсан. Энэ үед Б, Б баарны хажууд тавьсан машин руу яваад машинаа авч ирсэн. Ингээд тухайн залууг Бгийн машинд суулгаад С болон бас нэг залуу хамт явсан. Би тухайн газарт үлдсэн. Тухайн залуу хэлэхдээ эхэлж шил хагалдаг буюу хувцсаа тайлсан гэх залуу эмнэлэгт хүргэгдсэн гэх залууг “зүссэн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/

-гэрч Б.Бий мэдүүлсэн:.. шөнийн 01 цагийн үед баар хаах цаг болоод баарнаас түрүүлээд би гарч ирсэн чинь Б урд нь хамт ажиллаж байсан миний зүс таних залуу өөрөөсөө гадна 3 залуугийн хамт тамхи татаад зогсож байсан. Энэ үед би уг зүс таних залуу дээр очиж тамхилаач гэсэн чинь хамт зогсож байсан 3 залуугийн нэг нь би чиний тамхийг бэлдэх юм уу гэж хэлээд надтай маргалдаж харилцан маргаж эхэлсэн. Ингээд зогсож байсан чинь надтай хамт явсан найзууд гарч ирсэн...манай найз Бийг эмнэлэг рүү аваад явсан, шилээр зүссэн гэж нэг нь хэлсэн. Ингээд би эмнэлэг рүү очсон юм. Намайг очих үед манай бүх найзууд эмнэлэг дээр оччихсон байсан юм. Түүнийг би бол хараагүй, намайг цааш нь тойроод явсны дараа ийм асуудал болсон байсан. Намайг хэн нэгэн зодож, цохисон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

-гэрч Б.Дийн мэдүүлсэн:.. Ингээд бид нар баарнаас гарсан чинь найз Б нь хүмүүстэй маргалдаад тухайн үед салсан. Ингээд баарны хажуугаас холдоод худалдааны гудамж руу гараад төв зам руу явж байсан чинь баарны гадна Бтэй маргалдсан гэх М гэх залуу гартаа барьж байсан шар айрагны шилээ хагалаад үлдсэн хагархай хэсгийг гартаа барьчихсан байхаар нь би очиж шилээ хая гэсэн чинь хаяхгүй болохоор нь буцаад явсан юм. Тухайн үед би нэг залуутай юм яриад зогсож байгаад эргээд харсан чинь найз Б нүүр нь битүү цус болчихсон байхаар нь толгой руу шилээр цохиулсан байх гэж бодоод түрүүний залуучууд цааш нь явж байхаар нь очоод та нар хүн амьтан шилээр зүсчихсэн байна нааш ир гэж хэлээд дагуулаад буцаад очсон юм. Ингээд Бадмаараг-Эрдэнийг нэг нь эмнэлэг рүү аваад явсан байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 507 дугаартай ...Б.Б биед зүүн чамархай, зүүн дал, зүүн тохой, баруун гарын 3-р хуруу, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэг болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 22-24-р тал/

-Шүүгдэгч М.М яллагдагчаар мэдүүлсэн... 2024 оны 05 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед найз Б, Д нарын хамт Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг В бааранд ороод шар айраг ууж бүжиглэсэн...бид нар бүгдээрээ баарнаас хамт гараад баарны гадна талд тамхи татаад зогсож байсан. Энэ үед эхнэр Х нь гадуурх хувцас авч ирэх гээд буцаад баар луу орчихсон байсан. Баарны гадна талд Стай хэсэг хугацаанд маргалдаж байгаад хоорондоо эвээ олоод салсан. Ингээд зогсож байсан чинь үл таних нэг залуу ирээд найз Бийг тамхиа өг гэж хэлсэн чинь нь би яахаараа чамд тамхи өгөх ёстой юм гэж хэлсэн чинь уг залуу “бацаанууд том болчхож наанаа байж байгаарай” гэж хэлээд буцаад баар луу гүйгээд орсон. Хэсэг хугацааны дараа баарнаас олон залуучууд гарч ирээд тэрний дунд түрүүний тамхи асуусан залуу байсан ба гарч ирээд бид нарыг гараараа заагаад тэнд байна шүү дээ гэж хэлээд бид нар дээр ирсэн. Ингээд тухайн залуучууд гүйж ирээд бид нар луу дайрахаар нь би зугтааж байхдаа хашааны хажууд байсан шар айрагны шилийг аваад цааш нь зугтаасан чинь Б гэх залуу над руу дайраад ирэхээр нь би хойшоо ухарсан нэг машин зогсож байсан ба би уг машинд тулаад зогсож байсан чинь Б нь миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед бид хоёр нэг нэгнийгээ барьж аваад газар унасан энэ үедээ би гартаа барьсан шилээрээ түүнийг хэд хэдэн удаа цохисон. Тэдний араас нь Б хоёр найз нь ирээд манай найз бэртчихлээ сая эмнэлэг рүү явчихлаа гэж хэлээд намайг дагуулаад эмнэлэг явсан юм. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Б уучлалт гуйсан. Би гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлыг нь бүрэн барагдуулсан..” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р тал/

-Шүүгдэгч М.М хохирогч Б.Б хохирол төлсөн гэх 0000000000 дугаар Хаан банкны дансны хуулга /хх-ийн 45-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг Худалдааны гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргаан үүсгэж,улмаар  Б.Б пивоны шилийг хагалж цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархай, зүүн дал, зүүн тохой, баруун гарын 3-р хуруу, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруу, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.       

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.М үйлдлийн улмаас Б.Б биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

        

          Шүүгдэгч М.М хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч М.Мгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

      Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

          Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, хохирол төлсөн гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                          

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.       

       Шүүгдэгч М.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

       Хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Мын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ