| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0313/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/326 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/326
2024 07 09 2024/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 2425000000361 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................... тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,тэнсэж байсан, М овогт Гын Г /регистрийн дугаар:0000000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн зогсоол дээр хохирогч Г.Гийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гээгдүүлсэн даалинтай хөөрөг, 10,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бусдад худалдан борлуулж бага хэмжээнээс дээш буюу 594,000 төгрөгийн хохирол учруулан завшсан,
2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ө.Гаас “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч хохирогчийн эзэмшлийн Самсунг А24 загварын гар утсыг авч 600,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ............................. дугаар байрны 2 дахь орцонд хохирогч З.Аыг унтаж байхад Iphone 15 про макс гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,442,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Г.Гийн мэдүүлсэн: Үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж байна. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2425000000361 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-хохирогч З.Аын мэдүүлсэн:.. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр найз М, М гэх хоёр найзтайгаа хамт пиво ууж байгаад оройны 23 цагийн үед Калмаас гараад явж байхдаа М маань Гтай ярьсан чинь айлд ууж байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь М, М бид гурав ...................... дугаар байрны 2 дахь орц руу Б гэх айлд орж уусан. Тэгээд тэндээ архи, пиво ууж байгаад М, М хоёр үүрээр 05 цагийн үед харих гээд гараад явсан би араас нь хэсэг сууж байгаад 05 цаг 30 минутын үед орцны шатан дээр тасраад уначихсан байсан. Тэгээд өглөө 09 цагийн үед сэрсэн чинь гар утас маань алга болчихсон байсан. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн Айстороос 4,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Өглөө М, М хоёр айлаас гарахдаа миний гар утсыг надад өгсөн би аваад цамцны халаасандаа хийсэн тэгээд би удалгүй 20- 30 минут болоод гэрээс нь гараад согтуу байсан болохоор орцонд нь тасраад уначихсан байсан...Би санаж байна. М, М хоёр руу залгаад ирээд ав гэж хэлэх гэж байгаад эргээд халаасандаа хийчихсэн. Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа санагдаж байна Г гэх эрэгтэйг миний айфон 15 про макс загварын гар утсыг минь хулгайлсан байж магадгүй гэж бодоод уулзаж та миний гар утсыг хулгайлсан байна, утас гаргаад өгчих гэхэд Г би утсыг чинь хулгайлсан нь үнэн, тэр утсыг чинь би Тэди дээр аваачаад зарчихсан гэж хэлсэн. Ингээд нээх удалгүй байцаагч намаиг дуудаж Тэди төв дээр гар утас засдаг гэх залуугаас миний айфоны 15 про макс загварын гар утсыг гаргуулж өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ..гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/
-иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлсэн:... Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди худалдааны төвд гар утас засварчнаар ажиллаж байна. Би Гын Г гэх хүнийг танина 10 жилд байхаасаа мэднэ. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед манай ажил дээр эрүүл саарал өнгийн айфоне 15 загварын гар утас барьсан орж ирээд энийг түр тавьчихмаар байна, эргүүлээд авна гэж хэлээд надаас самсунг Ж-7 загварын утас аваад бэлэн 180,000 төгрөг аваад явсан. Манай дүүгийн утас байгаа юм гэж хэлсэн би таньж мэддэг болохоор эргүүлээд авна удахгүй гэсэн болохоор 180,000 төгрөг өгөөд түр барих утас өгсөн юм надад дансаа өгөөд гараад явсан, “...Тухайн үед Галбадрахын Гэд өгч явуулсан өөрийн эзэмшлийн самсунг Ж7 загварын гар утас болон бэлэн 180,000 төгрөгийг Гээс буцааж авсан. Тийм учраас цаашид гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/
-гэрч П.Мгийн мэдүүлсэн:... Тэр айлд Г, Б хоёр архи уугаад сууж байсан бид хэд бөөндөө хамт ууж байгаад Амар надаа гар утсаа өгсөн. Тэгээд би өөрийнхөө утастай хамт барьж байгаад явахдаа нэг аваад явчихдаг юм бил үү гэж бодож байгаад үүрээр 05 цагийн үед гарахдаа Амарт өөрт нь эргүүлээд өгсөн тэгээд М бид хоёр гэрээс гараад явсан. Бараг тасарчихсан нэлээн согтуу байсан гар утсыг нь өгсөн халаасандаа хийсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/
“Бейкер Телли Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/65 дугаартай “...айфоне 15 про макс маркийн гар утасны 3,442,000 /гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянган/ төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 24-28-р тал/
-шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд ......................-ын 4 давхарт гэр нь байх Пойвко гэх найзындаа өдрийн 12 цагийн үед ороод 3-4 үүлээ хоёр шил архи уучихаад би цаг болоогүй 12 өнгөрч байхад гэрээс нь гараад явж байтал 4 давхрын шатан дээр согтуу залуу суусан чигтээ унтаж байсан. Тэгээд би хажуугаар нь явтал өмдний зүүн талын халаасан дотроос нь гар утас шиг зүйл цухуйчихсан байсан тэгэхээр нь би уг гар утсыг өмдний халааснаас нь аваад гарсан. Тэндээсээ шууд гараад Согоот багийн Сонорхайрхан худалдааны төвийн Тэди рүү ороод Билигт гэх залууд манай дүүгийн гар утас байгаа юм би эргүүлээд авна мөнгө хэрэг болоод гээд бэлэн 180.000 төгрөг оронд нь барих хуучин Самсунг гэсэн гар утас аваад Билигтэд өгчихсөн юм.Би тухайн үед согтуу байсан тухайн гар утсыг зараад хэдэн төгрөг болгоод архи уух санаатай байсан юм. Би хохирогч гэх залуутай уулзаж хулгай хийсэн гар утсаа эргүүлэн өгсөн байгаа.. гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/
-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-61-р тал/
-эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 62-р тал/
-эд зүйл хураан авах тухай 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 63-р тал/
-эд зүйл хүлээлгэн өгч, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 64-р тал/
-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 66-р тал/
-хохирогч Г.Гийн мэдүүлсэн:.. Би эхнэр 2 хүүхдийнхээ хамт 2024.02.09-ний өдөр орой 23 цагийн орчимд Цагаанчулуут багийн Их хаадын цуваа хотхоноос гараад Чингэл багийн 6-1 тоот хаягтай гэртээ харих гээд дуудлагын такси дуудаж Чингэл багийн нутаг дэвсгэрт байрлах Б хүнсний дэлгүүрийн урд талд бууж гэртээ ороод 2024.02.10-ны өдрийн өглөө буюу шинийн нэгний өглөө золгох гээд хөөргөө хайсан чинь байхгүй байхаар нь таксинаас буухдаа унагаасан байх гэж бодоод 2024.02.12-ны өдөр Б хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг дэлгүүрийн ажилтны хамт шүүж үзэхэд 2024.02.09-ний өдрийн орой таксинаас буухдаа газар мэдэлгүй гээсэн байсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2024.02.10-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд 2 эрэгтэй ар араасаа хамт явж байхдаа ард нь явж байсан Г.Г гэдэг эрэгтэй миний даалинтай хөөргийг газраас олж аваад цааш явчихсан. Дэлгүүрийн ажилтан эмэгтэй Г.Г гэдгийг таньж мэдэн надад хэлээд утасны дугаар болох 9997-0029 гэж хэлж өгсөн. Тэгээд би 2024.02.13-ны өдөр Г.Гтэй утсаар ярихад газраас олсон даалинтай хөөргийг хүнд өгсөн байгаа хамт очиж авъя гээд Польтехникийн коллежийн 2 дугаар байран дээр ирж надтай уулзан бид хоёр хамтдаа хөөрөг байгаа хүн дээр холбогдолгүйгээр ажлынх нь байр буюу Согоот багийн Пирамид төв дээр очиход Г.Г дотогш ороод байхгүй байна гэж хэлээд гараад ирсэн, тэгээд гэрийг нь мэднэ гээд намайг Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Оюу хотхоны байранд очиход Г.Г би орчоод ирээд ирье гээд ганцаараа явж ороод удалгүй гарч ирээд байхгүй байна гэж хэлсэн. Явж байх хугацаандаа Г.Г хөөрөг байгаа хүний 9598-2383 дугаарын утас руу удаа дараа залгахад авахгүй байсан. Энэ өдрөө хөөрөг байгаа хүнийг олж чадаагүй бөгөөд 2024.02.14-ний өдөр Г.Г бид хоёр дахин уулзаж дахин Пирамид төв дээр очиж Г.Г 9598-2383 дугаар луу залгаж түүнийг дуудан гаргаж ирэхэд эмэгтэй хүн байсан бөгөөд миний хөөрөг даалин хоёрыг надад харуулаад би Г.Гээс 500,000 төгрөгөөр худалдаж авсан юм мөнгөө өгөөд хөөргөө өг гэж хэлээд Хаан банкны 5091168370 дугаартай дансаа өгч өөрийгөө Болортуяа гэж хэлсэн уг нь би мөнгө байхгүй мөнгө өгөх боломжгүй, Г.Гээсээ аваач гэж хэлсэн чинь надаас мөнгө нэхээд байсан. Тэгээд удаа дараа холбогдож хөөрөг даалин хоёроо авъя гэхэд өгөхгүй мөнгөө өгч байж ав гээд байсан. Би хөөргийг 2017 онд хувь хүнээс 3,500,000 төгрөгөөр худалдан авч байсан, хуурамч шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, ямар нэгэн сэвгүй дунд гарын хөөрөг байгаа юм, даалин цэнхэр өнгийн жижиг хээтэй торгон материалтай, 50,000 төгрөгөөр худалдан авч байсан. Даалин дотор бэлэн 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг байсан. Тэгээд энэ явдлаас хойш Г.Гтэй холбогдсон чинь намайг мөнгөө өгөөд авчих гээд байсан, тэгэхээр нь би чи хөөрөг аваад ирээ шагналын мөнгийг нь өгнө гэж хэлэхэд авч ирж өгөөгүй. Мөн Долгорсүрэн гэдэг эмэгтэйтэй холбогдоход бусдад худалдан борлууллаа шүү мөнгөө яаралтай авч ирж өг гээд байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал/
-Хөрөнгө үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №24/03/11 дугаартай: “...дунд гарын хөөргийг 539,000 төгрөг, хөөргөний даалинг 45,000 төгрөг нийт 584,000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 79-82-р тал/,
-шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна… Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 98-р тал/
-хохирогч Ө.Гэрэлмаагийн “Очир ундраа ОМЗ ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 148-151-р тал/
-хохирогч Ө.Гэрэлмаагийн мэдүүлсэн:.. Би 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багаас Яргуйт багт байдаг найз Оюунаатай уулзахаар Дэнж багийн Увс нуур дэлгүүрийн хажуу талаас такси барихаар зогсож байхад Приус маркийн автомашин ирсэн бөгөөд тухайн таксинд суугаад Яргуйт багт байдаг найзынхаа /гэрийн хаягийг мэдэхгүй гэх/ гадаа нь очоод таксинд бэлэн мөнгөөр тооцоо хийгээд буухад тухайн таксины жолооч надаас цонхоо буулгаад гар утсаа өгөөч нэг яриад өгье гэж хэлэхээр нь гар утсаа өгөхөд аваад шууд машинаа хөдөлгөөд зугтсан бөгөөд зогсолгүй, тухайн таксины жолоочийн танихгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна...Приус маркийн автомашин байсан бөгөөд яг ямар загварын приус байсныг би мэдэхгүй, саарал өнгөтэй байсан, улсын дугаарыг нь харж амжаагүй, Тухайн жолооч нь 35-45 насны орчимд хууз сахалтай, шардуу царайтай, эрэгтэй хүн байсан...А24 загварын ногоон өнгөтэй гар утас байсан бөгөөд би гар утсаа Орхон молл дэлгүүрийн Очир-Ундраа гэх гар утас зардаг газраас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгөөр лизингээр худалдан авч байсан, одоо сар бүр 150,000 төгрөг төлдөг. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 155-156-р тал/,
-Мэргэшсэн үнэлгээчин Д.Мягмарсүрэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/58 дугаартай “...Самсунг А24 загварын гар утас 600,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 163-167-р тал/,
-шүүгдэгч Г.Гийн яллагдагчаар мэдүүлсэн:.. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна… Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 178-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 188-189-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн зогсоол дээр Г.Гийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний шөнө гээгдүүлсэн даалинтай хөөрөг, 10,000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бусдад худалдан борлуулж бага хэмжээнээс дээш буюу 594,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт Ө.Гэрэлмаагаас “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч хохирогчийн эзэмшлийн Самсунг А24 загварын гар утсыг авч зугатааж 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ............................. дугаар байрны 2 дахь орцонд З.Аыг унтаж байхад нь өмдний халааснаас Iphone 15 про макс гар утсыг нь авч 3,442,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас З.Ат 3,442,000 төгрөгийн төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч З.Аын... Энэ явдлаас хойш 2 хоногийн дараа санагдаж байна Г гэх эрэгтэйг миний айфоны 15 про макс загварын гар утсыг минь хулгайлсан байж магадгүй гэж бодоод уулзаж та миний гар утсыг хулгайлсан байна, утас гаргаад өгчих гэхэд Г би утсыг чинь хулгайлсан нь үнэн, тэр утсыг чинь би Тэди дээр аваачаад зарчихсан гэж хэлсэн.... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлсэн:.. Тухайн үед Гын Гэд өгч явуулсан өөрийн эзэмшлийн самсунг Ж7 загварын гар утас болон бэлэн 180,000 төгрөгийг Гээс буцааж авсан... гэх мэдүүлэг, Бейкер Телли Далайван аудит” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/65 дугаартай “...айфоне 15 про макс маркийн гар утасны 3,442,000 /гурван сая дөрвөн зуун дөчин хоёр мянган/ төгрөг. ...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан,
-хохирогч Г.Г 594,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Г.Гийн мэдүүлсэн:... 2024.02.10-ны өдрийн өглөө буюу шинийн нэгний өглөө золгох гээд хөөргөө хайсан чинь байхгүй байхаар нь таксинаас буухдаа унагаасан байх гэж бодоод 2024.02.12-ны өдөр Б хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг дэлгүүрийн ажилтны хамт шүүж үзэхэд 2024.02.09-ний өдрийн орой таксинаас буухдаа газар мэдэлгүй гээсэн байсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2024.02.10-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд 2 эрэгтэй ар араасаа хамт явж байхдаа ард нь явж байсан Г.Г гэдэг эрэгтэй миний даалинтай хөөргийг газраас олж аваад цааш явчихсан... гэх мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №24/03/11 дугаартай: “...дунд гарын хөөргийг 539,000 төгрөг, хөөргөний даалинг 45,000 төгрөг нийт 584,000 төгрөг...” гэсэн хохирлын үнэлгээний тайлан,
-хохирогч Ө.Гд 600,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Ө.Гэрэлмаагийн мэдүүлсэн:.. таксинд бэлэн мөнгөөр тооцоо хийгээд буухад тухайн таксины жолооч надаас цонхоо буулгаад гар утсаа өгөөч нэг яриад өгье гэж хэлэхээр нь гар утсаа өгөхөд аваад шууд машинаа хөдөлгөөд зугтсан бөгөөд зогсолгүй явсан, тухайн таксины жолоочийн танихгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна.. гэх мэдүүлэг, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/58 дугаартай “...Самсунг А24 загварын гар утас 600,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирол барагдуулсан тухай хохирогчийн тайлбар зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг хуурч эд хөрөнгийг өөртөө авсан бол..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гээгдэл эд хөрөнгийг завшсан бол ...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах”, “залилах”, “завших” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Шүүгдэгч Г.Гийн эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлүүд мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлүүдийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн хулгайлах, залилах, завших гэмт хэрэг нь хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирол төлбөр барагдсан тул гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Зүйлчлэл гэм буруугийн талаар маргахгүй байна. Гэм буруугаа хүлээсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж тус тус дүгнэлт гаргажээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, үйлдсэн хэргийн шинж байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан” энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн шатанд шүүхийг үл хүндэтгэн таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж товлосон шүүх хуралдаанд ирээгүй саад учруулсан зэргийг харгалзан, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай гэж,
шүүгдэгч: ялын талаар саналгүй, нийтэд тустай ажил хийе гэжээ.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч нарт учирсан хохирол төлбөр бүрэн барагдсан, авсан эд зүйлийг биет байдлаар болон үнийг төлж барагдуулсан, хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг заалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “завших” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажлыг хийлгэх ялыг 820 /найман зуун хорин/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан 820 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд оногдуулсан 820 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ