| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2021/0481/И |
| Дугаар | 130/ШШ2021/00682 |
| Огноо | 2021-08-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2021/00682
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т” ХХК -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У 7 дугаар багт оршин суух, Е ,
Хамтран хариуцагч: У цэцэрлэг нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А , хариуцагч байгууллагын төлөөлөгч С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны төлбөрт 1663000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т -ийн гүйцэтгэх захирал А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У хүүхдийн цэцэрлэг нь 2017 оноос эхэлж манай шатахуун түгээх станцаас байнга шатахууныг зээлээр худалдалдаж авдаг бөгөөд 2018 оноос хойш тус цэцэрлэг нь манай Т -нд төлөх ёстой шатахууны төлбөрт 1663000 төгрөгийн өр хуримтлагдсан байна. У байдаг манай компанийн шатахуун түгээх станцын түгээгч нь бүх тооцоог өөрөө хийдэг бөгөөд захирал надад Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нь манай компанид 1663000 төгрөгийн өртэй байгаа ба уг өрийг төлөхгүй байгаа гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан хариуцагч Е нь 2020 оны сүүлээр түгээгчтэй тооцоо нийлж, өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Шатахуун түгээх станцын тооцоо бичсэн тэмдэглэлийн дэвтрийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой хэсгийн эхний нүүрэнд мөнгөн дүнгээр 1201800 төгрөгийн шатахуун авсан тухай бичилт хийгдсэн ба үүнээс 253850 төгрөгийг төлснийг хасаж үлдсэн 948000 төгрөг байна. Уг мөнгөн дээр дараагийн нүүрэнд 715350 төгрөгийн өртэй гэж бичигдсэнийг нэмж тооцоход 1663000 төгрөг гарч байгаа юм. Иймд хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс шатахууны төлбөрт 1663000 төгрөгийг гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын 04-ний хүртэл эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд буюу 2018-2020 онуудад 1,663,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг зээлээр бичүүлээд авч цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрэгцээнд зарцуулсан нь үнэн болно. Уг шатахууныг авч зарцуулсныг тус цэцэрлэгийн нярав Д , Т -ны түгээгч С.Т нар тодорхой сайн мэдэж байгаа юм. 2020 оны эцсийн санхүүгийн тайлан гаргах үед би жирэмсний амралт авч яваад ажиллаагүй ба тухайн үед тайлан гаргасан ня-бо М нь шинээр ажилд томилогдсон байсан ба дээрх өр төлбөрийг тайландаа тусгаагүйгээс болоод маргаан гараад байгаа болов уу гэж бодож байна. Харин 2020 онд цар тахлаас шалтгаалан шатахууны мөнгө нь цаанаасаа танагдсан. Нэхэмжилж байгаа шатахууны үнийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан тул тухайн байгууллага төлөх үүрэгтэй, би хувьдаа зарцуулаагүй учраас би хариуцах боломжгүй гэдгийг илэрхийлж байна гэв.
Хамтран хариуцагч У хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхэд Т -ийн гүйцэтгэх захирал А ын 1.663.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргын Б/05 дугаартай захирамжаар томилогдсон. Томилогдсоноос хойш цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаа болон өглөг авлагатай танилцсан. 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд нийт цэцэрлэгийн өр 14.386.616 төгрөг юм байна. Үүний дотор Т -нд төлөх 139.500 төгрөг шатахууны өр байна гэж нягтлан бодогч нэг бүрчлэн өрийг танилцуулсан. 2018 оны жилийн санхүүгийн эцсийн тайланд 4.545.316 төгрөгийн өглөгтэй гэж харуулсан. Үүнээс 3.993.096 төгрөг нь түлш халаалтын өр, шатахууны өр 111000 төгрөг гэж санхүүгийн жилийн эцсийн тайланд тусгасан байна. 2019 онд энэ 111000 төгрөгийг барагдуулсан байна. 2019 оны жилийн санхүүгийн эцсийн тайланд зөвхөн түлш халаалтын өр 3.993.096 төгрөгийн өглөгтэй гэж тусгасан. 2019 онд шатахууны өглөггүй гэдэг нь санхүүгийн тайлангаас тодорхой харагдаж байгаа тул манай цэцэрлэг зөвхөн 139.500 төгрөгийн өглөгийг барагдуулах ёстой. Т -ны захирлын гаргасан нэхэмжлэлд бичсэн 1.663.000 төгрөг манай цэцэрлэгийн жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж тусгагдаагүй учраас байгууллагаас төлөх ямар ч үндэслэлгүй, боломжгүй. Төсвийн тухай хуульд өмнөх оны өр жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж харуулж тусгагдаагүй бол дараагийн онд тэр өрийг барагдуулах ёсгүй. Гэвч өр болж тусгагдаагүй учраас манай байгууллага хариуцахгүй, ямар нэгэн баримт байхгүй. Үүнээс гадна байгууллагын нярав сар болгон байгууллагын өр авлагыг орлогод авч нягтлан бодогч нарт орлого зарлагын тайлан өгөх ёстой. Сар болгон цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан шатахууны тухай ямар нэгэн бичиг баримт байхгүй байна. Нэхэмжилж байгаа шатахууны үнэ болох 1.663.000 төгрөгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан ямар ч бичиг баримтгүй, жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж харагдахгүй тусгагдаагүй тул манай байгууллага төлөх, хариуцах боломжгүй гэдгийг илэрхийлж байна гэжээ.
Хамтран хариуцагч У хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүхдийн цэцэрлэгийн 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дээр бараа материалын өр, авлагын талаар бичихдээ Т -нд 139500 төгрөгийн өртэй гэж бичигдсэн. Тиймээс би манай байгууллага санхүүгийн тайлан дээр тусгагдсан 139500 төгрөгийг Т -нд төлж барагдуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдсэн хэсгийг нь Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг төлөх ёсгүй гэж үзэж байгаа. Би анх хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авах үед шатахуун түгээх станцын түгээгчийн тэмдэглэлийн дэвтрийн “Е, Д ” гэж бичигдсэн тооцооны Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой хэсгийн 6-11 дүгээр хуудсыг танай байгууллагын худалдаж авсан шатахууны тооцоо гэж харуулж байсан. Дараа нь уг дэвтэр дэх зарим бичилтүүдийг балаар зурж “х” тэмдэг болгосон байгаагаас харахад энэхүү өр төлбөрийг төлсөн төлөөгүй эсэх нь тодорхойгүй байна. Тэгэхэд би түгээгчээс зөвшөөрлийн хуудас гэх мэт эндээс өөр баримт байгаа эсэхийг тодруулахдаа байхгүй гэсэн. Зөвшөөрлийн хуудаснууд дахь бичилт санхүүгийн баримтуудад дахь бичилттэй тохирохгүй байгаа ба шатахууныг хэн авсан, хэзээ авсан талаар тодорхой бичигдээгүй байна. Хавтаст хэрэгт байгаа зөвшөөрлийн хуудаснууд бүгд нэг өдөр үйлдэгдсэн юм шиг харагдаж байна. Учир нь зөвшөөрлийн хуудаснууд бүгд ижил өнгийн балаар, нэг хүний бичилтээр бичигдсэн байгаагаас харахад энэ нотлох баримтууд нь эргэлзээтэй гэсэн үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Санхүүгийн баримтуудаас харахад манай байгууллага 2019 оны 12 дугаар сард буюу жилийн эцэст 1.800.000 төгрөгийг шатахууны зардал болгон шилжүүлсэн байна. Тэгсэн мөөртлөө нэхэмжлэгчийн шаардаж буй өр хаанаас гарч ирсэнд гайхаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т -ийн гүйцэтгэх захирал А нь хариуцагч Е , хамтран хариуцагч У хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С нарт холбогдуулан шатахууны төлбөрт 1.663.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлаа нотлохоор Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 45 литр, 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 75 литр, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 65 литр, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 85 литр болон 80 литр, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 30 литр, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5 литр, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15 литр, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16 литр, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 литр болон 16 литр, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 25 литр, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 40 литр, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 30 литр, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15 литр, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 75 литр, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5 литр болон 65 литр, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 25 литр, 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 8 литр, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 30 литр, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 30 литр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 30 литр зэрэг шатахууны зөвшөөрлийн хуудас, 2019 оноос хойш үлдсэн шатахууны тооцоо гэх баримт болон нэхэмжлэгч байгууллагын Улаанхус сум дахь салбарт ажилладаг түгээгчээс Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн хэнд, хэдэн литрийн шатахуун олгож байсан талаарх хувийн тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч Е ээс миний бие У хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2016 оны 10 дугаар сараас 2021 оны 3 дугаар сарын 04-ний хүртэл ажилласан. Нэхэмжлэгч Т -аас энэхүү нэхэмжилж буй шатахууныг Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт авсан нь үнэн. Тус цэцэрлэгийн төсөвт хуваарилагдсан шатахууны мөнгө бага учраас зээлээр авч жилийн эцэст Төрийн сангийн санхүүд хүсэлт гаргаж шийдвэрлүүлдэг байсан гэж тухайн үед цэцэрлэгийн ня-бо байсан С шүүх хуралдаанд гэрчээр оролцуулжээ.
Хамтран хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С ээс тус цэцэрлэгийн 2020 оны санхүүгийн тайланд шатахууны өр гэж тусгасан 139500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа ба үлдсэн мөнгийг тайланд өглөгөөр тусгаагүй тул төлөх боломжгүй. Төсвийн тухай хуульд өмнөх оны өр жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж харуулж тусгаагүй бол дараагийн онд тэр өрийг барагдуулах ёсгүй. Үүнээс гадна байгууллагын нярав сар болгон байгууллагын өр авлагыг орлогод авч нягтлан бодогч нарт орлого зарлагын тайлан өгөх ёстой. Сар болгон цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан шатахууны тухай ямар нэгэн бичиг баримт байхгүй байна. Нэхэмжилж байгаа шатахууны үнэ болох 1.663.000 төгрөгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан ямар ч бичиг баримтгүй, жилийн эцсийн санхүүгийн тайланд өр болж тусгагдаагүй тул манай байгууллага төлөх, хариуцах боломжгүй гэж санхүүгийн тайлангаа ирүүлж тус цэцэрлэгийн нярвыг гэрчээр асуулгажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Т -ийн хамтран хариуцагч У хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг мөн хариуцагч Е д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Т -ны Улаанхус сум дахь шатахуун түгээх станцаас хамтран хариуцагч У хүүхдийн цэцэрлэг нь 2017 оноос хойш шатахуун худалдаж авч, үнийг хувааж дараа нь төлж байсан нь зохигчийн тайлбар болон Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, төлбөрийн хүснэгт, нэхэмжлэгч Т -ны Улаанхус сум дахь шатахуун түгээх станцын түгээгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Зохигчид шатахууныг зээлээр худалдах худалдан авах гэрээгээр авч үнийг дараа нь төлдөг талаар тайлбарладаг боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэлүүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Т -ны Улаанхус сум дахь шатахуун түгээх станцаас хамтран хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нь шатахууныг худалдан авч, үнийг дараа нь төлж байсан нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т -ны Улаанхус сум дахь шатахуун түгээх станцаас хамтран хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нь 2018 оноос 2020 он дуустал хугацаандаа шатахуун худалдан авч үүнээс үлдэгдэл төлбөртэй болох нь тус цэцэрлэгийн нярав Д ы “...2018-2020 он дуустал шатахууны өглөг байсан нь үнэн. Нийт тоог нь мэдэхгүй. Шатахуун худалдаж авсан түгээгчийн тэмдэглэлийн дэвтрийн эхний 01-03 дугаар хуудсанд бичигдсэн эдгээр хүмүүс нь тухайн үед гэр цэцэрлэгийн ажиллагаанд явж байсан жолооч, таксины жолооч нар юм. Шатахуун авсан хүмүүсийн жагсаалтад миний нэр байгаа ба миний бие Өлгийгөөс цэцэрлэгийн хүнс татахаар явах үед эрхлэгчээс зөвшөөрөл авч бараа татдаг байсан. 2018 онд Даянд гэр цэцэрлэг ажиллуулсан ба тухайн үед шатахуун их зарцуулсан. Төсөвт шатахууны үнэ гэж сард 30-50 төгрөг л баталдаг. Тус цэцэрлэг нь Т -ны шатахуун түгээх станцад өртэй байсан нь үнэн. Өглөгийн талаар тайланд ня-бо тусгахгүй гэж тусгуулдаггүй. Тайланд өглөгөөр тусгаагүй ч гэсэн манай цэцэрлэгийн өмнөх эрхлэгч танилцуулж байгаад 1.800.000 төгрөгийн зөвшөөрлийг аваад төлж байсан. 2020 оны сүүлийн 3 сард тайланд тусгаад 139500 төгрөгийн өглөгтэй гэж гаргасан болохоос бусад 01-9 дүгээр сар дуусталх хугацааны өглөг байсныг тусгаагүй. 2020 онд тус шатахуун станцад 220000 төгрөг л шилжүүлсэн” гэх мэдүүлэг мөн тус цэцэрлэгийн ня-богоор 2019 оноос 2020 оны 7 дугаар сар хүртэл ажилласан гэх С ийн “...Т -ны шатахууны төлбөр гэж 1.663.000 төгрөгийг Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж бодож байна. Хүүхдийн цэцэрлэгийн төсөвт шатахууны мөнгө гэж үнэхээр бага ирдэг. Бараг шатахууны мөнгө гэж ирдэггүй гэж хэлж болно. Тийм учраас шатахууны өрийг тайланд тусгаагүй. 2019 онд өр байхгүй. Гэхдээ цэцэрлэгийн нярав нь надад тооцоо өгөхөд, ирсэн санхүүжилтийн дагуу өгдөг. 2018 оны өрийг 2019 онд төлөөгүй. Шатахууны мөнгө гэж сард 50000-40000 төгрөг л ирдэг. Тухайн жилийн өрийг өгч чадахгүй байхад өмнөх жилийн өрийг төлж чадахгүй. Хавтаст хэрэгт авагдсан зөвшөөрлийн хуудсанд бичигдсэн шатахууны цэцэрлэгт авсан нь үнэн” гэх гэрч нарын мэдүүлэг мөн нэхэмжлэгч байгууллагын Улаанхус сум дахь шатахуун түгээх станцын түгээгчээс Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн хэнд, хэдэн литрийн үнэ бүхий шатахууныг олгож байсан талаарх тэмдэглэлийн дэвтэр, шатахууны зөвшөөрлийн хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс тухайн жилүүдийн санхүүгийн тайланд шатахууны үнийг өглөгөөр тусгаагүй тул төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч дээрх гэрч нарын мэдүүлгээр шатахууны өрийг тус цэцэрлэгийн санхүүгийн тайланд өглөгөөр тусгаагүй ч гэсэн цэцэрлэгийн хэрэгцээнд зарцуулсан шатахууны өрийг өмнөх эрхлэгч асан Е нь 2019 онд танилцуулж байгаад 1.800.000 төгрөгийн зөвшөөрөл авч нэхэмжлэгч байгууллагад төлсөн байх ба энэ нь тус цэцэрлэгийн мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, төлбөрийн хүснэгт, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул санхүүгийн тайланд шатахууны өрийг өглөгөөр тусгаагүйгээс болж нэхэмжлэгч байгууллагын шатахуун түгээх станцаас худалдаж авсан шатахууны төлбөрөөс хамтран хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг нь чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Нэхэмжлэгч байгууллагын Улаанхус сум дахь салбарт ажилладаг түгээгчээс Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн хэнд, хэдэн литр шатахуун олгож байсан талаарх хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж, дугаарласан байх ба дугаарласны 01-03 дугаар хуудаст бичигдсэн нь шатахууны өрийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгосон бөгөөд уг хуудаснуудад бичигдсэнээс харахад хэдэн литр шатахууныг хэнд ямар зориулалтаар олгосон тухай бичилт нь хавтаст хэрэгт авагдсан Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс олгосон зөвшөөрлийн хуудаст бичигдсэн шатахууны хэмжээ, ямар зориулалтаар хэнд олгосонтой мөн дэвтэрт хариуцагч байгууллагын шатахууны төлбөрт 2019 онд 1.800.000 төгрөг, 2020 онд 120.000, 2018 онд 100.000 төгрөг тус тус төлсөн талаар бичигдсэн нь хамтран хариуцагчаас ирүүлсэн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгийн баримттай тус тус тохирч байгаа тул шүүхээс нэхэмжлэгч байгууллагын Улаанхус сум дахь шатахуун түгээх станцын түгээгчийн хувийн тэмдэглэлийн дэвтэр болон гэрч нарын мэдүүлгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Уг тэмдэглэлийн дэвтрийн 01 дүгээр хуудсанд хариуцагч Е ийн нөхөр нь гэх Се олгосон 20 литр, 5 литр болон Алтынбект 5 литр, Салдатад 10 литр, Со-д 100 литр шатахууны тус тус олгосон талаар бичигдсэн бөгөөд эдгээр шатахууныг тухайн үед хэдэн төгрөгөөр олгож байсан тухай үнийн дүн бичээгүй мөн шатахууны үнэ тухайн үед хэдэн төгрөг байсан талаарх бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгч нотолж чадаагүй тул дээрх олгосон шатахууныг литрээр бичсэнийг тооцох боломжгүй ба тус хуудсанд портер машинд 75 литр шатахуун олгосон гэж бичсэн бөгөөд хэний портер машинд ямар зориулалтаар олгосон эсэх нь тодорхой бус байх тул эдгээр шатахууны үнийг тооцоонд оруулж тооцоогүй. Тухайн хуудаст 659300(25000+100000+19000+15000+40000+40000+100000+60300+50000+110000+100000) төгрөгийн шатахуун худалдаж авсан ба үүнээс хариуцагч байгууллагын олгосон мөнгийг хасаж тооцоход 405500 төгрөг мөн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд нэхэмжлэгч байгууллагаас тооцож бүгд 715350 төгрөг гэсэн ба шүүхээс тооцож үзэхэд 709850 (28500+20000+8000+80000+20000+30000+30000+40000+20000+30000+17000+25000+100000+20000+60000+17000+38600+20000+10000+24000+15000+8750+48000) төгрөг ба эдгээр шатахууны өр нь нийт 1.115.350 (405500+709850) төгрөг байх тул уг мөнгийг хамтран хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 547650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс би анх хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авах үед шатахуун түгээх станцын түгээгчийн тэмдэглэлийн дэвтрийн “Е, Д ” гэж бичигдсэн тооцооны Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгтэй холбоотой хэсгийн 6-11 дүгээр хуудсыг танай байгууллагын худалдаж авсан шатахууны тооцоо гэж харуулж байсан. Дараа нь уг дэвтэр дэх зарим бичилтүүдийг балаар зурж “х” тэмдэг болгосон байгаагаас харахад энэхүү өр төлбөрийг төлсөн төлөөгүй эсэх нь тодорхой бус эргэлзээтэй мөн тус цэцэрлэгийн санхүүд хавтаст хэрэгт авагдсан зөвшөөрлийн хуудас байхгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч байгууллагаас нотлох баримтаар цуглуулж өгсөн тус цэцэрлэгийн эрхлэгчээс олгосон шатахуун зөвшөөрлийн хуудас болон гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хамтран хариуцагчаас үгүйсгэсэн бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
Харин нэхэмжлэгч Т -аас хариуцагч Е д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч байгууллагын шатахуун түгээх станцаас хариуцагч Е нь хувьдаа шатахуун худалдан авч, үнийг төлөөгүй талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нараас энэ талаарх бичгийн нотлох баримтыг гаргаж өгч нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн хариуцагч Е д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүхээс хэргийн оролцогчийн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, хавтаст хэрэгт танилцуулсан боловч нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагчаас түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч У хүүхдийн цэцэрлэгээс шатахууны төлбөрт 1.115.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т -д олгож нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 547650 төгрөг болон хариуцагч Е д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1.115.350 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 31318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч У хүүхдийн цэцэрлэгээс шатахууны төлбөрт 1.115.350 (нэг сая нэг зуун арван таван мянган гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т -д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 547650 төгрөг болон хариуцагч Е д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У хүүхдийн цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 31318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ