Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 161

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Р.Очирсүрэн,

   шүүгдэгч Ш.Баярмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шурагийн Баярмаад холбогдох 201726010513 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1965 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүд, ач, зээ нарын хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай боловч, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овоогийн 30-39 тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Шурагийн Баярмаа /РД:ФБ65060971/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Баярмаа нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 08-09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 30 дугаар гудамжны 39 тоот гэртээ Г.Мөнхтөрийг “би хүүхдүүддээ юм хэлээгүй байхад чи юу юм бэ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүн тус газарт нь хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Ш.Баярмаа нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 08-09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 30 дугаар гудамжны 39 тоот өөрийн гэртээ иргэн Г.Мөнхтөрийг “хувийн амьдралд оролцсон буюу хүүхдүүддээ юм хэлээгүй байхад хөндлөнгөөс юм хэллээ” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай найз Батцэнгэл гэх хүн банкнаас зээл авсан юм. Тэгээд надад мөнгө зээлнэ гэж байсан ба асуухад маргааш болчих гэсэн юм. Би 2017 оны 02 сарын 14-ний өдөр Батцэнгэлийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын хогийн цэгийн хойд талд байх гэрт нь ганцаараа очоод Батцэнгэлтэй уулзахад эхнэрт миний карт байгаа, хоёулаа урагшаа хадмынх руугаа очоод карт аваад би картнаас мөнгө аваад өгье гээд Батцэнгэл бид хоёр цуг хадам аавынх нь гэрт очсон юм. Тэгээд гэртээ ороод Батцэнгэл эхнэр Эркатайгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хэрэлдээд, муудалцаад байсан. Тэгээд эхнэр нь чи миний толгойг хагалсан биз дээ гэж хэлэхээр нь би “пүүзээр өшиглөхөөр толгой юу гэж хагарахав дээ, хатуу гутлаар өшиглөвөл л хагарна” гэж хэлтэл эхнэрийнх нь аав нь босож ирээд би “төрсөн охиндоо юм хэлээгүй байхад чи юм хэллээ” гээд намайг орон дээр сууж байхад босож ирээд хажуу талаас 1 удаа хар өнгийн бакал шиг гутлаараа нүүрний зүүн тал руу өшиглөөд авсан. Тэр үедээ миний шүд өвдөөд байгаа юм шиг болоод байхаар нь би гараад салхинд сууж байя гээд гарч явсан ба тэгж байгаад бүр өвдөөд болохгүй болохоор нь гэртээ хариад манай дүү түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг дээр очиход эрүү чинь хугарсан байна, 1 дүгээр эмнэлэг рүү яв гэсэн ба тэндээ очоод үзүүлчихээд 02 дугаар сарын 23-ны өдөр хэвтэн эмчлүүлэн хагалгаанд орсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 х/

           

            Гэрч Б.Эрдэнэсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:        “...2017 оны 02 дугаар сарын 13-ны орой нөхөр Батцэнгэл бид 2 бага зэрэг муудалцаж, Батцэнгэл намайг түлхсэн чинь би унахдаа юм мөргөөд миний толгой хагарчихсан юм. Тэгээд өглөө үүрээр 03-04 цагийн үед би ээжийндээ орж хоноод, нөхөр гэртээ харихаар явсан. Ингээд унтаж байтал өглөөний 08 цагийн үед аав Баярмаа, эгч Байгалсүрэн, Уранбайгаль нар орж ирж юу болсон, яасан гээд ярилцаад байж байтал гаднаас нөхөр Батцэнгэл, найз Мөнхтөрийн хамт орж ирсэн. Тэгээд л аав яагаад нэгнийгээ ийм болгочихсон юм бэ гэтэл Мөнхтөр “цохиж зодоод толгой хагардаггүй юм” гээд байсан. Гэтэл аав “би 2 хүүхдийнхээ амьдралд оролцоогүй байхад, чи дуугүй бай гэсэн чинь” Мөнхтөр “үгүй ээ үнэн, та эсхүл намайг өшиглөөд үзэх юм уу” гэх зэргээр хүний шар малтаад байсан ба аав тэр 2 эхлээд барилцаад авсан чинь Мөнхтөр, аавыг эхлээд түлхээд унагачихсан юм. Тэгсэн чинь аав босож ирээд Мөнхтөрийг сууж байхад нь эрүү рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд аавыг Байгальсүрэн эгч гэрээс аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 х/

 

            Гэрч Ц.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны орой эхнэр Эрдэнэсүрэнтэй маргалдаж байгаад санамсаргүй түлхсэн чинь унаад толгойгоо хагалчихсан. Тэгээд эхнэр уурлаад хадам ээжийн гэрт орж унтсан юм. Өглөө нь манай ажпын залуу Мөнхтөр орж ирээд 300.000 төгрөг зээлчих гэхээр нь эхнэрээс асууя гээд хадмын гэр лүү явсан. Хадмын гэрт ороход хадам эгч Байгалсүрэн, Уранбайгаль, хадам аав Баярмаа, эхнэр Эрдэнэсүрэн нар байсан. Эхнэр бид 2 толгой хагарсан асуудлаар хоорондоо дахиад маргалдаж байтал Мөнхтөр ингэж цохихоор толгой хагардаггүй юм гэх зэргээр юм яриад байсан. Тэгсэн чинь хадам аав Баярмаа “би 2 хүүхэддээ юм яриагүй байхад чи голоос орж ирээд юу гээд байгаа юм бэ” гээд л тэр 2 хоорондоо барилцаад авсан. Мөнхтөр эхлээд аавыг түлхээд унагачихсан чинь аав босож ирээд Мөнхтөрийн нүүрлүү 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2983 дугаартай дүгнэлтэд:

            - Г.Мөнхтөрийн биед эрүү ясны далд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

            - Шүүх эмнэлгийн гэмтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21 х/

 

Хохирогч Г.Мөнхтөрийн өвчний түүх, эмчилгээний баримтууд /хх-ийн 44-52х/

 

Шүүгдэгч Ш.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохиролд 927.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ манай гурван охин болох Байгалсүрэн, Уранбайгал, Эрдэнэсүрэн нарын хамт байж байтал өглөө 10 цагийн үед гаднаас манай хүргэн Батцэнгэл, Мөнхтөрийн хамт орж ирсэн ба гэрт орж ирчихээд Батцэнгэл, Эрдэнэсүрэн хоёр хоорондоо “чи намайг зодсон, зодоогүй” гээд хэрэлдээд байсан ба Эрдэнэсүрэн “чи миний толгойг хагалсан” гэх зэргээр хэрэлдээд байхаар нь би Батцэнгэлийг загнаад хэн архи ууж хамт явсан юм гэх зэргээр яриад байж байтал Мөнхтөр хажуу талаас “толгой пүүзээр өшиглөхөд юу гэж хагардаг юм бэ” гэхээр нь миний уур хүрээд чамд ер нь ямар хамаатай юм бэ, би энд хүнтэй ярьж байхад гэж хэлсэн ба чи ер нь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд Мөнхтөр лүү ойртсон чинь намайг түлхээд түлээний хайрцаг дээр суулгасан. Тэгээд Байгалсүрэн ирээд голоор ороод яаж байгаа юм бэ гээд салгах гэхээр нь босож ирээд гуталтай хөлөөрөө Мөнхтөрийн эрүү, нүүрний орчим нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 31-32 х/

 

            Шүүгдэгч Ш.Баярмаагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж болно.

 

          Иймд шүүгдэгч Ш.Баярмааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

          Шүүгдэгч Ш.Баярмаа нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. /хх-ийн 36 х/

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч Г.Мөнхтөр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 687.460 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хх-ийн 50-51х / ба хохирогч нь шүүгдэгч Ш.Баярмаагаас 927.000 төгрөгийг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч Б.Баярмааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас баримт/

 

Шүүгдэгч Ш.Баярмаагийн нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал /52 настай/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ш.Баярмаагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Шурагийн Баярмааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баярмааг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Баярмаагийн эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Баярмаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Баярмаад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр Ш.Баярмаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ