Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Д ХХК-д анх 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон С аймгийн Е сумын нутаг Салбартай нэртэй газарт байрлах 268 гектар талбай бүхий 11******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 760 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, мөн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг талбайд олгосон 196.49 гектар талбайтай 11111Х тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э  нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Саймгийн Е сумын нутагт 268 гектар талбай бүхий ашиглалтын 11******* тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар 2005 оны 12 дугаар сарын 29-ны өдөр анх олгосон. Ашигт малтмал, Газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргатай тусгай зөвшөөрөл олгосон байдлыг үндэслэн 2005 оны 12 дугаар сарын 29-ны өдөр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх тухай 475 дугаартай гэрээ гаргуулж баталгаажуулсан. Мөн 2007 онд ашиглалтын үйл ажиллагааны тухай 20******* дугаартай гэрээг байгуулсан байдаг.

Холбогдох гэрээ зөвшөөрөл байгуулсны үндсэн дээр 2009 онд ашигт малтмалын нөөц баталгаажуулаад 10 дугаар сард эрдэс баялгийн хуралдаанаар оруулахаар болж байтал гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй мөн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ашигт малтмалын газрын геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 760 дугаар тушаалаар ашиглалтын уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Ийнхүү 760 дугаартай тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс хуульд нийцэхгүй нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд гомдол гаргасны дагуу ашигт малтмалын газрын геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 1151 тоот шийдвэрээр тус компани хайгуулын 11111Х гэсэн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг уг талбайд 196.49 га талбайтайгаар олгосон байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэслээд үргэлжлүүлж байтал ашигт малтмалын газрын геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга н.Б******* гэж хүний хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 106 тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрүүгийн хэргийг шалгаж нэхэмжлэгч компанид олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг 2013 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүчингүй болгосон гэх боловч захиргааны актыг бичгээр гаргаж танилцуулаагүй улмаар энэ талаар хариу өгөөгүй байгаа.

Мөн хариуцагчийн хариу тайлбараас үзэх юм бол хайгуулын тусгай зөвшөөрлийн тухайд энэ үндэслэлээр биш тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаа буюу нэг сарын өмнө гаргаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2009 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж улмаар хуульд заасан үүргээ биелүүлж төлбөр төлж ажиллаж байсан. Гэтэл 2012 оноос хойш хуулийн хязгаарлалтад орж цаашид сунгагдах боломжгүй гэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс сунгуулах гээд төлбөрөө төлж анх гурван жилийн хугацаатай олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж 4 дэх жилийнхээ төлбөрийг төлсөн. Сунгуулах тухай өргөдлөө өгөхөөр хуулийн хязгаарлалтад орсон гээд авдаггүй байсан. Тийм учраас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа үйлдэл нь хууль бус юм.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийн захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа. Илт хууль бус гэдийг шинжийг агуулж байгаа вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигт халдах, хууль зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Маргаж байгаа захиргааны акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ямар ч хууль зүйн үндэслэл огт байгаагүй. Тус үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр цуцалсан байгаа. Үндэслэл болон хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд үндэслэл өөрөө эрх зүйн хуулийн тасгаас дүгнэлт гарсан буюу өмнөх үйл ажиллагааны гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлийг дурдсан. Хуульд байхгүй заалтаар тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль бус захиргааны акт буюу хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Энэ бол илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа учраас тус нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С аймгийн Е сумын нутагт байрлахСалбартай нэртэй 268 гектар талбайтай ашигт малтмалын ашиглалтын 11******* дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1691 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр анх Д ХХК-д олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ гэж заасны дагуу Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг Д ХХК нь Ашигт малтмалын Уул уурхайн газартай №АӨҮА-22******* тоот гэрээг 2007 оны 06 дугаар сард байгуулсан байна.

Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст өгсөн Эрх зүй хуулийн тасгийн 2009 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл, Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 114, 315 дугаар тушаалаар тус тус батлагдсан. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам-ын дагуу Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулан улмаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон гэрээнд заасан хугацаанд мэдээ тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн эрхийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгох дүгнэлт гарсан байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 760 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ашигт малтмалын ашиглалтын 11******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Саймгийн Е сумын нутагт байрлах Салбартай нэртэй 196,49 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрээр 11111Х тусгай зөвшөөрлийг Д ХХК-д олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу Д ХХК нь 11111Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага хангуулан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2012 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан.

Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-д үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 221.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан.

Ди Зэт энд Эй ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн шаардлагыг хангасан материалыг тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийн хамт хуулийн хугацаанд ашигт малтмалын газарт огт гаргаж өгөөгүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн.

Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын 11111Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Д ХХК-д анх 2005 оны

12 дугаар сарын 29-ний өдөр олгосон Саймгийн Е сумын нутаг Салбартай нэртэй газарт байрлах 268 гектар талбай бүхий 11******* дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 760 дугаар шийдвэрийн холбогдох хэсэг, мөн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг талбайд олгосон 196.49 гектар талбайтай 11111Х тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодруулжээ.

Нэхэмжлэгч тал ...маргаан бүхий захиргааны акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ямар ч хууль зүйн үндэслэл огт байхгүй байхад хууль бус үндэслэлээр цуцалсан гэж хариуцагч тал ...ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам-ын дагуу Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулан улмаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон гэрээнд заасан хугацаанд мэдээ тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгосон нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй гэж маргаж байгаа болно

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1.Д ХХК-ийн 11******* дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ий өдрийн 760 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газраас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Д ХХК-д Саймгийн Е сумын Салбартай нэртэй газарт 268 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглах эрхийг 60 /жаран/ жилийн хугацаатайгаар олгож, Ашигт малтмал ашиглах зөвшөөрлийн 11******* дугаартай гэрчилгээ олгож, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх 475 дугаартай гэрээ байгуулжээ.

Мөн нэхэмжлэгчээс 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхийг хүсч өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 /гучин/ жилийн хугацаатайгаар шинэчлэн олгожээ.

2007 оны 6 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэн газрын Уул уурхайн газрын дарга Д ХХК-ийн ерөнхий захирал нар Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай №АӨҮА-20******* дугаартай гэрээг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 114 тоот тушаалаар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулах журам-ыг үндэслэн байгуулжээ.

Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дүгээр тушаалаар Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам-ыг баталсан байна. Энэ журмын 1.1-д Ашигт малтмалын тухай хуулийн 23.3, 60.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, хайгуулын эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулахад энэ журмыг дагаж мөрдөнө, 2.3-т Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж ашигт малтмалын нөөцөө бүртгүүлээгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэрсийг өдөр тутмын сонинд нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулах хүсэлтийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бичгээр гаргаж АМГТХЭГ-т ирүүлнэ гэж тус тус заажээ.

Тус байгууллагын Эрх зүй, хуулийн тасгаас 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулан улмаар гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусгавар болсон гэрээнд заасан хугацаанд мэдээ тайлан ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн эрхийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгох-оор дүгнэлт гарч, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтаас гадна Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Эрх зүйн хуулийн тасгийн дүгнэлтээр Д ХХК-ийн 11******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзэж, 23.2-д зааснаар ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байхаар, 23.3-д зааснаар ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулахаар, 23.4-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23.2-т заасан хугацаанд мөн хуулийн 32.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилийн төлбөр төлөхөөр зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ-г хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд хийсэн гэрээгээр зохицуулагдаж, гурван жилийн хугацаанд үргэлжилж, энэ хооронд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөж байхаар заасан хуулийн зохицуулалт юм.

Тэгвэл 11******* тоот тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаа 2005 оны 12 дугаар сарын 29-н байх бөгөөд маргаан бүхий талбайд 1986 онд ашигт малтмалын хайгуулын ажил гүйцэтгэж, 127 кг алтны шижирмэг баялгийн тооцогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Геологи уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөлийн 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар протокол гэж тэмдэглэсэн Д ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгочихоод 2007 онд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж хайгуулын тусгай зөвшөөрөлд үйлчлэх хуулийн заалтыг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид хамаатуулан гэрээ байгуулсан нь буруу байна.

Иймээс хуулийн дээрх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан хугацаанаас хойш 3 жилийн дотор ашиглалтын өмнөх үйл ажиллагаа дуусгавар болж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх үүсэхээр байхад нэхэмжлэгчийг ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, түүнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаа хайгуулын тусгай зөвшөөрөл дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байх зарчимд нийцэхгүй байна

Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасныг үндэслэж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т ...ашигт малтмалтай холбогдож олгох зөвшөөрлийг ... Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах-аар заасан, Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгайлсан эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл, журмыг нарийвчлан тодорхойлсон тул уг харилцаанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа ноцтой зөрчсөн... бол олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан, тухайн тохиолдолд, уг ерөнхий зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэнэ гэж үзсэн бол тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн-ийг түүнийг олгосон байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон байх хууль зүйн шаардлагыг анхаарах байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий актыг тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7- зааснаар захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзлээ.

Тухайлбал захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоож бүрэн эрхээ хэтрүүлэн маргаан бүхий захирганы актыг гаргасан гэж үзлээ.

Захиргааны актыг илт хууль бус-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Энэ нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчим буюу эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогдоно.

Дээрх захиргааны акт илт хууль бус тул анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд дээрх актаар бий болсон үүргийг нэхэмжлэгч биелүүлэх шаардлагагүй, хариуцагч түүнийг хэрэгжүүлэх ёсгүй, мөн уг нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа баримтлах шаардлагагүй болно.

2. Д ХХК-ийн 11111Х тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын тухайд: Д ХХК-ийн 11******* дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа нэхэмжлэгчээс удаа дараа Ашигт малтмалын газар болон түүний Эрх зүй, хуулийн тасагт хандаж манай компани Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд санал хүргүүлж байсан боловч З ХХК манай ашиглалтын талбайтай давхцуулан ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргасан үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэсэн утга бүхий гомдлыг гаргаж байжээ.

Эндээс үзэхэд нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрлөө ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар мэдээгүй байсан гэж үзэх боломжтой байна. Мөн дээрх гомдлыг үндэслэн Ашигт малтмалын газраас Д ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан талбайд буюу С аймгийн Е сумын Салбартай нэртэй газарт 196.49 гектар талбайг хамарсан 11111Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгожээ.

Гэвч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг бүртгэх тухай 457 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 000 дугаар тогтоолыг үндэслэн нэр бүхий 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэдийгээр Ашигт малтмалын газар нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах 11******* дугаартай тусгай зөвшөөрлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож, Д ХХК-ийн гомдлыг үндэслэн тухайн газарт дахин хайгуулын 11111Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон боловч шүүхийн шийтгэх тогтоолоор 106 ширхэг тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож, үүний дотор нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын 11111Х дугаартай тусгай зөвшөөрөл багтжээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2005 оноос хойш захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмших явцад манай команиас нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө гарсан боловч, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж энэ хөрөнгөөр хохирсон... гэж тайлбарлаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох лицензийн төлбөрүүд, үйлчилгээний хөлс, 2005-2013 оны хооронд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрүүд, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд заасан зардал, тусгай зөвшөөрлийн шинэчлэн бүртгүүлэхэд төлсөн үйлчилгээний хөлс, тухайн онуудад төлсөн татвар, ажилчдын цалин хөлс, хайгуулын ажилд зарцуулсан зардал, төлбөрийн даалгаварууд, хайгуулын ажлын тайлан, уулын ажлын тайлан, санхүүгийн жилийн тайлан, Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын зардлын тооцоо 2008-2009 онд гүйцэтгэсэн геологи-хайгуулын ажлын зардлын гүйцэтгэл, тусгай зөвшөөрлийн талбайд зарцуулсан зардлын баталгаажуулалт зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.

Тэгээд ч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалж, дахин хайгуулын тусгай зөвшөөрөл болгон эзэмшүүлж, тэр нь шүүхийн шийтгэх тогтоолоор цуцлагдаагүй бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хамрагдсан байсан ч хуульд зааснаар өөрт учирсан нэг тэрбум гаруй төгрөгийн хохирлоо захиргааны байгууллагаар тооцуулж, төрөөс нөхөн олговор авах боломжтой байжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 23 дугаар зүйлийн 23.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /хуучнаар/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 760 дугаар шийдвэрийн Д ХХК-д холбогдох хэсэг-ийг илт хууль бус болохыг тогтоож, мөн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг талбайд олгосон 196.49 гектар талбайтай 11111Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ