| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/03593/И |
| Дугаар | 183/ШШ2021/02664 |
| Огноо | 2021-11-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/02664
2021 оны 11 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2021/02664 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХХХ дүүрэг, ХХХХ дүгээр хороо, ХХХ байр, ХХХ тоот оршин суух, Ж овогт Ё.Б /РД:00000000/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХХХХ дүүрэг, ХХХ дүгээр хороо, ХХХХ байр,ХХХ тоот оршин суух, С овогт Б.М /РД:00000000/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Б, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Б миний бие 1997 онд Б.М-тэй танилцаж, 2001 оноос хамтран амьдарсан. Бид 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХХХ дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлэн, гэрлэлтийн 00000 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү М.Ч 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, удаах хүү М.Т 2007 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн. Сүүлийн 13 жил бид ойр дотно харьцаагаа дэмжих боломжгүй болж, 2020 оны 10 сараас тусдаа амьдрах бэлтгэл хийж эхлэсэн. Үзэл бодлын хувьд ойлголцохгүй, зарим үнэт зүйлс таарахгүй байгаа. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандаж эвлэрэхээс татгалзсан. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул хоёр хүүг миний асрамжид үлдээн, бидний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ё.Б-тай танилцаж 2001 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид 2012 оны 7 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтийн 0000000 дугаартай гэричлгээ авсан. Бидний хүү М.Ч 2003 оны 7 сарын 08-ны өдөр, удаах хүү М.Т 2007 оны 11 сарын 20-ны өдөр төрсөн. Бид хоёрын үзэл бодол олон жилийн өмнөөс таарахаа больсон. Иймээс гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн. Эвлэрүүлэн зуучлахаас татгалзсан. Хоёр хүүхдийг ээжийнхээ асрамжид үлдээн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Б нь хариуцагч Б.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Ё.Б, Б.М нар нь 1997 онд танилцаж, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүү М.Ч, 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү М.Т нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №00000 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, 0000 дугаарт бүртгэгдсэн М.Ч, №00000 Г-2011 дугаарт бүртгэгдсэн М.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-8-р хуудас/
Нэхэмжлэгч Ё.Б нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан бөгөөд тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №352 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ. /хэргийн 9-р хуудас/
Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, нэхэмжлэгч хариуцагч нар нь хэн аль нь эвлэрэн амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж заасан байна. Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул 2007 ны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Т-ыг эх Ё.Б-ны асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заажээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.М-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ё.Б-д тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Ё.Б, С овогт Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2007 ны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү М.Т-ыг эх Б.М-д асрамжид үлдээсүгэй.
3.Зохигч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Б нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.М-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ё.Б-д тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН