Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/хт2025/00014

 

О.Б, Р.Ц нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02930 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01763 дугаар магадлалтай,

О.Б, Р.Ц нарын нэхэмжлэлтэй,

Ш.Эт холбогдох,

0000 тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, Б.З, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, Т.Б, хариуцагч Ш.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б, Р.Ц нар нь хариуцагч Ш.Э-т холбогдуулан 0000 тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02930 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б, Р.Ц нарын өмчлөлийн 0000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг хариуцагч Ш.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э-ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б, Р.Ц нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01763 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ш.Э-т холбогдох 0000 тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай 2 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.Б, Р.Ц нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, Б.З нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...О.Б, Р.Ц нарын нэхэмжлэлтэй Ш.Э-т холбогдох “0000 тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2024.07.01-ний өдрийн 182/ШШ2024/02930 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.13-ны өдрийн 210/МА2024/01763 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа” гэж дүгнэн албдан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “... Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан өмчлөгчийн шаардах эрхийн талаарх зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн тухайд

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1,2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 12 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээж шаардах” нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна. Харин хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшлээс эд хөрөнгө шаардах эрхгүй” гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын өмчлөлийн 0000 тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг эзэмшиж буй хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардаж байна. Иргэний хуулийг 89 дүгээр зүйлийн 89.1 “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлиийн 90.1 “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаас үзэхэд эзэмшигч нь тухайн хөрөнгийг хүсэл зоригийн дагуу хууль болон гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилдээ авсан байхыг шаардаж байна. Харин хариуцагч Ш.Эийн хувьд хуульд зааснаар хөрөнгийг эзэмших эрхтэй гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй мөн гэрээний үндсэн дээр хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй юм. Тодруулбал.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014.10.03-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 0000 тоот хаягт байршилтай 19 м.кв талбайтай орон сууцыг худалдаж. өмчлөх эрхийг шилжүүлсэн ба уг харилцаа үүрэг гүйцэтгэснээр дуусгавар болсон. Харин дээрх орон сууцны хажуу талд байрлах нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 0000 хаягт байршилтай 31 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Ш.Э худалдаж авна гэж хэлсэн тул түүнд тухайн орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэвч хариуцагч нь 2 өрөө орон сууцны төлбөрийг төлж, худалдан авна гэж хэлсэн боловч 10 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүйгээр эзэмшиж, ашигласаар ирсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тодорхойлогдоно.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн нөхцөлд тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх байсан боловч огт төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд хариуцагчийг төлбөрөө төлөхөө хүлээсээр ирсэн боловч үр дүн гараагүй улмаар нэхэмжлэгч нарын хувьд Төрийн банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс өөр аргагүй байдалд орж, зээлийн төлбөр, хүүг төлсөөр байгаа юм. Ийнхүү энэ нөхцөл байдал удаан үргэлжилсэн тул орон сууцыг чөлөөлнө үү гэх мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан тул эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр нэхэмжлэгч нар хариуцагчид орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгсөн боловч хариуцагчийн зүгээс ямар нэгэн төлбөр төлөх хүсэл зоригоо илэрхийлээгүй тул тухайн орон сууцны эзэмшлийг буцаан авах талаар мэдэгдсэн тул уг хугацаанаас хойш хариуцагчид орон сууцыг эзэмших эрх байхгүй, эзэмшил нь хууль бус болох юм.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон гэдгээ нотлоогүй, төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлиийн 90.1 “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүний эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар түүнийг маргаан бүхий орон сууцыг хууль ёоор эзэмшилдээ авсан гэж үзэхгүй юм. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл” гэнэ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээний хувьд худалдагдаж байгаа эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба уг гэрээний үнийг гэрээний талууд шууд тодорхой тохиролцож тогтоох эсхүл үнэ тодорхойлох арга, хэрэгслийн талаар хэлэлцэн тогтоох гэсэн хоёр замаар үнэ тодорхойлогдохоор байна. Харин үнийг тодорхойлж тохиролцоогүй эсхүл үнэ тогтоох арга хэрэгслийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцоогүй гэж үзэх ба энэ тохиолдолд тухайн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5.3-т “... хэргийн баримтаар талуудын хооронд маргаан бүхий орон сууцны банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт нь ямар нотлох баримтад үндэслэж байгаагaa тодорхойлоогүй, зөвхөн нэг талын тайлбараар ийнхүү дүгнэж буй нь ноцтой алдаа буюу үндэслэлгүй дүгнэлт байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий орон сууцны зээлийг төлж дууссаны дараа гэрээ байгуулах, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцож байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлоогүй байхад хэргийн баримтаар ийнхүү нотлогдож байна гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй, хууль бус шийдвэр болсон.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцлийн хувьд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, хариуцагч үнийг төлж эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэл зоригоо хэн аль нь илэрхийлж байсан боловч гэрээний гол нөхцөлийг талаар харилцан тохиролцоогүй, төлбөрийг хэзээ төлөх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан. Нэгэнт өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийх үндэслэл болсон үүргийн хэлцэл буюу Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдаагүй, хожим хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдсэн тул хариуцагчийн эзэмшил хууль бус болох юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны эзэмшигч үнийг төлөөгүй гэх үндэслэлээр орон сууцны эзэмшлийг шаардаж байгаа, үүнтэй холботойгоор хариуцагч хууль ёсны дагуу эзэмшиж, үнийг төлсөн гэдгээ нотлоогүй тул хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд ямар тохиролцоотой хэлцэл байгуулагдсан нь тодорхойгүй, хариуцагчийн эзэмшлийг өмчлөх эрхийг олж авах зорилготой буюу орон сууцны үнийг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байтал хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх тухайд

Хариуцагч нь нэхэмжлэгч О.Б-ийн дансанд 2014.10.09-ний өдөр 115,000,000 төгрөгийг “нэг өрөө, хоёр өрөө байр худалдаж авах” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг давж заалдах шатны шүүх маргаан бүхий орон сууцны банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж шууд дүгнэсэн нь учир дутагдалтай байна. эн нэгэн этгээд бусдын данс руу мөнгө шилжүүлэхдээ ямар ч утгатайгаар шилжүүлж болох бөгөөд үүнд хяналт тавих боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагч “нэг өрөө, хоёр өрөө байр худалдаж авах” гэх утгаар шилжүүлсэн нь тухайн байрны үнийг төлсөн гэж үзэхгүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа баримтаар нотлоогүй буюу хууль ёсны дагуу орон сууцыг эзэмшиж байгаа гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж, мэтгэлцээгүй байдаг. Хариуцагч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зөрүүтэй тайлбарыг хэлэхээс гадна бичгээр өгсөн хариу тайлбараа үгүйсгэх, худал тайлбар өгөх гэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог ба давж заалдах шатны шүүх хариуцагчийн эдгээр худал, зөрүүтэй тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж буй нь нэхэмжлэгч нарын өөрийн хөрөнгөө ээзмших, ашиглах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, үндэслэлгүй шийдвэр болсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014.10.03-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 0000 тоот хаягт байршилтай 19 м.кв талбайтай орон сууцыг худалдан авах зорилгоор, уг гэрээ байгуулсны дараа уг орон сууцны үнэ гэж 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа гэрээний үнийг 30,000,000 төгрөг гэж заасан боловч бодит байдал дээр орон сууцны үнийг 115,000,000 төгрөг байсан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарласан байдаг. Дээрх гүйлгээний баримт нь дангаараа талууд хэрхэн тохиролцож байсныг нотлох боломжгүй, үнэн зөв гэж үзэх өөр бусад баримт хэрэгт авагдаагүй байтал зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Давж заалдах шүүх талуудын хооронд тохиролцоо байсан гэж үзсэн ч тэр нь ямар тохиролцоо байсан талаар үндэслэл бүхий баримт хэрэг авагдаагүй байтал хэргийн баримтаар нотлогдож байна гэж илт хууль бус шийдвэр гаргасан. Хариуцагчтай нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас орон сууцны эзэмшлийг буцаан шаардаж байгаа өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, хууль бус шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зорилгод нийцээгүй байна. Өнөөдрийг хүртэл хариуцагч нь бусдын өмчлөлийн хөрөнгөд ямар ч төлбөр төлөхгүйгээр арван жилийн хугацаанд ашиглаж, эзэмшиж, үр шимийг нь хүртэж ирсэн бол нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй болохын зэрэгцээ энэ хугацаанд орон сууцны зээл төлөлтөд 60 орчим сая төгрөгийг төлж, хөрөнгийн үр шимийг хүртэх боломжоо хязгаарлуулж хохирч ирсэн. Нэхэмжлэгч нар хариуцагчид орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгсөн боловч хариуцагчийн зүгээс ямар нэгэн төлбөр төлөх хүсэл зоригоо илэрхийлээгүй тул тухайн орон сууцны эзэмшлийг буцаан авах талаар мэдэгдсэн мэдэгдлийг 2023.12.26-ны өдөр хүргүүлсэн ба үүнээс хойш ямар нэгэн үр дүн гараагүй. Ийнхүү мэдэгдэж байсан талаар хариуцагч үгүйсгэдэггүй ба одоо мөнгийг нь өгчихье байраа авья гэсэн байдлаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж мэтгэлцдэг. Уг нотлох баримтыг шүүх үнэлээгүй ба ийнхүү мэдэгдсэнээр хариуцагч нь орон сууцыг цаашид эзэмших эрх нь дуусгавар болохоос гадна талуудын хооронд гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Ийнхүү дээрх байдлыг нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн нэг талын нотлогдоогүй тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд заасан өмчлөгчийн шаардах эрхийн талаарх зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.13-ны өдрийн 210/МА2024/01763 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.”  гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.13-ний өдрийн 210/МА2024/01763 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь дараах үндэслэлээр бодит байдалд нийцээгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн. Үүнд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.13-ны өдрийн 210/МА2024/01763 дугаар магадлалын 5.3-т “Мөн хариуцагч Ш.Э нь голомт банкны 0000 тоот данснаас нэхэмжлэгч О.Б-ийн Голомт банкны 0000 тooт дансанд 2014.01.09-ний өдөр 115,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид “нэг ба хоёр өрөө байр худалдан авах” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Түүнчлэн, хэргийн баримтаар талуудын хооронд маргаан бүхий орон сууцны банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь илт худал, хэт нэг талыг барьсан, хариуцагч Ш.Э-ийн шүүхэд гаргасан зөрүүтэй тайлбарыг үнэлсэн нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар маргаан бүхий орон сууцыг банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах, үлдэгдэл хэдэн төгрөгийг төлөх талаар тохиролцсон гэж үзээд байгаа нь тодорхой биш байхад дээрх дүгнэлтийг хийж байгаа нь шүүхээс гарах шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна. Хариуцагч Ш.Э нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.03.28-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Харин ч би 220,000,000 төгрөгөөр зарна гэхэд нь авахаар болж, 115,000,000 төгрөг, 1 өрөө, 2 өрөө нийлүүлсэн байрны 52% гаруй мөнгийг төлсөн” гэжээ. Гэсэн атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нь 1 өрөө үл хөдлөх хөрөнгийг нь 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх зөрүүтэй, худлаа тайлбар гаргадаг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь зөвхөн дээр дурдсан хариуцагчийн эргэлзээтэй тайлбарыг үнэлж, хэргийн баримтаар талуудын хооронд маргаан бүхий орон сууцны банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах худалдан авах гэрээ байгуулагдах юм байна гэсэн ирээдүйд бий болох хийсвэрлэсэн дүгнэлтийг хийж, хариуцагчийн маргаан бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшилдээ байлгаж байна гэж дүгнэж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар аливаа нэгэн бичгийн хэлцэл байхгүй, гэрээний гол нөхцөл болох үнийн талаар талуудын санал нэгдээгүй зэрэг нь Иргэний хуулийн 40 дүгээр үйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж хуульчилсаны дагуу 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг ямар үнээр худалдах хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхойгүй байх тул хуулийн дээрх нөхцөлийг хангахгүй.  Мөн Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж хуульчилсаны дагуу хүсэл зоригийн илэрхийллээ бодитой хангалттай илэрхийлсэн гэх нөхцөл нэхэмжлэгч О.Б, хариуцагч Ш.Э нарын хооронд бий болоогүй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд амаар болон бичгээр гэрээ хэлцэл байгуулагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хариуцагчийн эзэмшил хууль ёсны гэж дүгнэж байгаад үнэхээр гомдолтой байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж хуульчилсан ба хэрэв Ш.Э болон О.Б нарын хооронд 2 өрөө байр худалдан авах ямар нэгэн тохиролцоо байгаа юм бол дээрх хуулийн зохицуулалтын дагуу аль хэлбэрээр байгуулагдсан ямар тохиролцоо байгаа гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн зөвхөн нэг талын мөнгөн шилжүүлгийн гүйлгээний утгыг үндэслээд хууль ёсны дагуу эзэмшиж байсан байна гэх дүгнэлтийг явцуу утгаар хийх нь бодит байдалтай нийцэхгүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах талаар талууд амаар тохиролцох нь хуульд заасан хэлбэрийг шаардлагыг зөрчинө, түүнчлэн амаар тохирсон гэж үзэж байгаа бол гол нөхцөл буюу диссенсийн талаар талууд харилцан ойлголцолд хүрээгүй. Хэрэв хариуцагч Ш.Э-ийг 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэж байгаа бол эсрэгээрээ хариуцагч хууль ёсны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа гэсэн логик дүгнэлт бий болно. Гэтэл хууль ёсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ хариуцагчийг авсан гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа бол хэдэн онд байгуулагдсан, ямар гэрээний дагуу хууль ёсны эзэмшилдээ авсан гэдгийг тодруулах шаардлагатай болж байгаа юм. Бодит нөхцөл байдалд хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр эзэмшилдээ оруулсан хэдий ч гэрээ хэлцэл бодитоор байгуулагдаагүй тул түүнийг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн цаг мөчөөс эхлэн хариуцагч хууль бус эзэмшил үүсэх юм. 2014 онд талуудын хооронд 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах ямар нэгэн тохиролцоо үүссэн гэж үзэж байгаа юм бол нэхэмжлэгч О.Б нь яагаад өнөөдрийг хүртэл хугацаанд үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг ипотекийн зээлийн төлбөрт төлж ирсэн гэдгийг тодруулаагүй. Хэрэв Ш.Э нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэж үзсэн бол тухайн үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг яагаад нэг ч удаа төлөөгүйг шүүх анхаарсангүй. Дээрх 10 жилийн хугацаанд тухайн хөрөнгийг өөрийн өмч гэж үзэн 10 жил ипотекийн төлбөрийг нь тасалдуулалгүй төлж ирсэн зэргээс нэгтгэн үзвэл нэхэмжлэгч О.Б хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй хууль ёсны өмчлөгч гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Хариуцагч тус хөрөнгийг нэхэмжлэгч нь шаардах хүртэл хугацаанд эзэмших хүсэлтэй байсан уу эсхүл үнэхээр өмчлөгч болох хүсэлтэй байсан бол өнгөрсөн хугацаанд яагаад шүүхэд хандаагүй зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Уг нөхцөл байдлаас харвал хариуцагч нь өмчлөгч болох сонирхолгүй байсан нь харагдаж байна.

Түүнчлэн өмчлөгч бус этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа тохиолдолд ямар эрх зүйн актын үндсэн дээр эзэмшил хууль ёсны гэдгээ нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.3-т заасан хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ огт биелүүлээгүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, хариуцагчийн эзэмшил хууль ёсны гэж илтэд үндэслэлгүй дүгнэж, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд хариуцагч Ш.Э нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хууль ёсны эзэмшилдээ байлгаж байгаа гэх нөхцөл байдал ямар ч нотлох баримтаар тогтоогдоогүй атал түүнийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа гэж дүгнэж байгаа нь хуулийг илт буруу хэрэглэж, хууль хэрэглээний зөрүү үүсгэж байна. Хэрэв Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэхгүй гэх дүгнэлт өгсөн бол дараах нөхцөл байдлыг анхаарах ёстой байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө буцаан гаргуулах агуулга бүхий албан бичгийг 2023.12.26-ны өдөр хүргүүлсэн зэрэг үйл баримтыг дүгнэж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээх боломжтой байсан гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн “эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлтээс үүдэн үүсэх эрх зүйн үр дагаврын хувьд хариуцагч Ш.Э-т тухайн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эсхүл өмчлөгч байх эрхтэй этгээдийн хувьд адил эрхтэй байна гэсэн үг юм. Ингэснээр иргэн О.Б, Р.Ц нар нь маргаан бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөд Ш.Э-ийг 10 жилийн турш амьдруулж, харин ипотекийн төлбөрийг нь 10 жилийн турш төлсөөр бодит нөхцөл байдалд хохирч үлдэж байгаа гэдгийг давж заалдах шатны шүүх анхааралгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулж байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.13-ны өдрийн 210/MA2024/01763 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, Б.З, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.03-ны өдрийн 001/ШХТ2024/01536 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Б, Б.З, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч О.Б, Р.Ц нар нь хариуцагч Ш.Э-т холбогдуулан 0000 тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

шаардлагын үндэслэлээ “...Миний бие О.Б нь эхнэр Р.Ц-ын хамт Нийслэлийн 0000 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, орон сууцны зориулалттай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2014.04.01-ний өдөр бүртгэгдэж, “Төрийн банк” ХК-тай 2014.04.02-ны өдрийн №0000 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж үүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгийн ипотекийн төлбөрийг сар бүр төлсөөр ирсэн бөгөөд хууль ёсны өмчлөгчид юм. Хариуцагч Ш.Э-тэй 2014.10.03-ны өдөр Ү-0000 дугаартай Р.Ц-ын өмчлөлийн 0000 тоотод байрлах 19 м.кв 1 өрөө орон сууцыг худалдах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн хажуу талд байрлах О.Б, Р.Ц нарын өмчлөлийн Ү-0000 дугаартай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдах талаар ярилцаж байсан боловч тус 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ш.Э-тэй найз нөхдийн холбоотой байсан тул ипотекийн зээлийн төлөлтийг хэрхэн төлөх талаар цаашид тохиролцож байсан ба тухайн үед 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг хариуцагчид итгэж өгсөн. ...Хууль ёсны өмчлөгч, тухайн өмчийнхөө төлбөрийг төлж байгаа хэр нь өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах, эзэмших, ашиглах боломжгүй болж, эсрэгээрээ хариуцагч нь 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч үүний дараа ипотекийн зээлийн асуудлыг шийдэж, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авна гэсэн боловч бодитоор бичгээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, тохироогүй атлаа нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 10 жилийн хугацаанд хууль бусаар эзэмшилдээ байлгаж, амьдарч байна.” гэж тодорхойлжээ.

9. Хариуцагч Ш.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “…2014.10.03-ны өдөр Ү-0000 дугаартай 0000 тоотод байрлах 19 м.кв 1 өрөө байрыг худалдаж авсан. 0000 тоотод байрлах 2 өрөө байр нь 1 хаалгаар ордог буюу миний худалдаж авсан 1 өрөө байр нь 20 тоотын хаалгаар ордог ... буюу нэг л хаалгаар гаднаасаа ордог байсан, одоо ч тэр хэвээрээ байгаа. Тухайн үед 2 өрөө байр банкны зээлд байгаа, би зээлээ төлөөд чиний нэр дээр шилжүүлнэ гэхэд би итгэсэн. Тэр үед 3 өрөө байр 110,000,000 төгрөгийн ханштай байсан. Харин ч би 220,000,000 төгрөгөөр зарна гэхэд нь авахаар болж 115,000,000 төгрөг буюу 1 өрөө, 2 өрөө нийлүүлсэн байрны 52 хувь гаруй мөнгийг төлсөн. Гэтэл 235,000,000 төгрөгөөр тохирсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Харин  үлдэгдэл 105,000,000 төгрөгийг төлж 2 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна.” гэжээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба шийдвэртээ “... Нэхэмжлэгч О.Б, Р.Ц нар нь 2014.04.01-ний өдөр 0000 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 2 өрөө сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. ...Зохигчдын тайлбараас үзэхэд 0000 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон 0000 тоот хаягт байрлах, Ү-0000 дугаартай 19 м.кв, 1 өрөө орон сууц нь нэг орц, гарцтай болох нь тогтоогдож байна. Хариуцагч Ш.Э нь 0000 тоот хаягт байрлах, Ү-0000 дугаартай 19 м.кв, 1 өрөө орон сууцыг худалдан авсан үеэс эхлэн нэг орц, гарцтай тухайн 2 орон сууцыг нэхэмжлэгч нарын зөвшөөрлөөр эзэмшиж байсан ба ... талуудын хооронд 2 орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байсан бөгөөд ... нэхэмжлэгч нар нь 2023.12.26-ны өдөр хариуцагч Ш.Э-т үл хөдлөх хөрөнгийг ... 2024.01.30-ны өдрийн дотор чөлөөлж өгнө үү гэх орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн ... өдрөөс маргааны зүйл болсон орон сууцыг эзэмших эрхийг хариуцагчид өгөөгүй тул хариуцагч Ш.Э нь 2024.01.30-ны өдрөөс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэн нэхэмжлэгч нарын шаардах эрх үүснэ.” гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ... зааснаар нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж буй хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай. Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Ш.Э-тэй 2014.10.03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 0000 тоот хаягт байршилтай, 19 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн өдрөөс нэхэмжлэгч нар маргаан бүхий мөн хаягт байрлах, 19 тоот 31 м.кв талбай бүхий хоёр орон сууцыг эзэмшиж ашиглах эрхийг хариуцагчид олгож, орон сууцны түлхүүрийг өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон. Мөн хариуцагч Ш.Э нь Голомт банкны 0000 тоот данснаас нэхэмжлэгч О.Б-ийн Голомт банкны 0000 тоот дансанд 2014.10.09-ний өдөр 115,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид нэг өрөө, хоёр өрөө байр худалдан авах гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Түүнчлэн, хэргийн баримтаар талуудын хооронд маргаан бүхий орон сууцны банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.” гэсэн дүгнэлт хийжээ.  

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх талаар зөрүүтэй дүгнэлт хийж, өөр өөр шийдэл гаргасан байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ талаарх гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д нийцсэн байна.

13. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д үндэслэн бусдын эзэмшлээс хөрөнгөө шаардаж байгаа тохиолдолд эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх, энэ талаар зохигч талууд хангалттай мэтгэлцсэн, маргаанд ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдсон нөхцөлд шүүхээс хуулийг хэрэглэж эрх зүйн дүгнэлт хийх боломжтой болно.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч О.Б, Р.Ц нар нь 0000 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, хариуцагч Ш.Э нь 0000 тоот хаягт байршилтай, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэлтэй, эдгээр орон сууц нь нэг орц, гарцтай бөгөөд хариуцагч Ш.Э эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсоныг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн боловч хариуцагчийн энэхүү эзэмшил хууль ёсны эсэх талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байгааг анхаараагүй байна.

15. Тодруулбал нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нь маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг ипотекийн зээлийн асуудлыг шийдэж, худалдан авахаар ярилцаж байсан боловч худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй атлаа нэхэмжлэгч нарын өмчлөлийн эд хөрөнгийг 10 жилийн хугацаанд хууль бусаар эзэмшилдээ байлгаж, амьдарч байна гэжээ.

Мөн нэхэмжлэгч талаас 2023.12.26-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэлд “...үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх талаар илэрхийлж байсан хэдий ч ...өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй ...” гэж заасан.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 220,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч нийт 115,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 105,000,000 төгрөгийг төлж маргаан бүхий 2 өрөө орон сууцны  өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэлтэй талаар дурдсан.

16. Эндээс үзвэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь маргаан бүхий эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл гэрээ байгуулаагүй аль нь болохыг буюу нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэх нөхцөл байдлаа нэхэмжлэгч ойлгомжтой тодорхойлоогүйгээс зохигч энэ талаар хангалттай мэтгэлцээгүй байна.

Тухайлбал, маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд талууд худалдах-худалдан авахаар тохиролцсон эсэх, ийнхүү тохиролцсон гэж үзэх тохиолдолд эд хөрөнгийн үнэ, түүнийг төлөх нөхцлийг хэрхэн тохиролцсон, улмаар хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн эсэх, нэхэмжлэгч ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж  байгаа болох, хуульд заасан журмыг талууд хэрэгжүүлсэн эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд тодорхойгүй.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж дүгнэхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн нь тодорхойгүй, улмаар энэхүү нөхцөл байдал нь хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх хангалттай үндэслэл болох эсэхийг бүрэн дүгнээгүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй байгааг анхаараагүй.

17. Иймээс маргааны үйл баримтын талаар шүүхээс эцэслэн дүгнэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/02930 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2024/01763 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч О.Б-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 2024.10.30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                                        Н.БАЯРМАА 

                                                                                           П.ЗОЛЗАЯА