| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0213/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2017-04-13 |
| Зүйл хэсэг | 182.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Ц.Гансүлд,
хохирогч Б.Эрдэнэхүү,
шүүгдэгч М.Давааням, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Андуу тайгынхан овогт Мягмарсүрэнгийн Даваанямд холбогдох 201726010070 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог Энхтайвны өргөн чөлөө, 202 дугаар байрны 175 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй урьд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уг ялаа бүрэн эдэлж дууссан, Андуу тайгынхан овгийн Мягмарсүрэнгийн Давааням /РД:УБ88032111/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Давааням нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын эцсийн автобусны буудал дээр Нарангийн голын 4-14 чиглэлийн 1-133 дугаартай автобус дотор иргэн Б.Эрдэнэхүүг “автобусаар үйлчлүүлсэн төлбөрөө төлөхгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч М.Давааням нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын эцсийн автобусны буудал дээр Нарангийн голын 4-14 чиглэлийн 1-133 дугаартай автобус дотор үйлчлүүлж байхдаа жолооч Б.Эрдэнэхүүгийн “автобусаар үйлчлүүлэх төлбөрөө төл” гэсэн шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, хүч хэрэглэх зэргээр биед махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь:
2.Хохирогч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчим ээлжийн автобус болох Нарангийн голын 4-14 чиглэлийн 1-133 дугаартай автобусаар Нарангийн голын чиглэлд зорчигч тээвэрлэн явж байгаад 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Нарангийн голын эцсийн буудал дээр ирээд хүнээ буулгаад хөдлөх гэтэл автобусны заалнаас нэг залуу буухгүй ганцаараа үлдэхээр нь би тэр залууд би “буу” гэж шаардлага тавихад өөдөөс буухгүй” гэж хэлэхээр нь “чи яагаад буухгүй байгаа юм буцаж уруудах бол мөнгөө төл” гэж хэлэхэд “би дахиж мөнгө өгөхгүй яахаараа дахиж мөнгө төлдөг юм, би дээшээ явахдаа мөнгө төлсөн, одоо төлөхгүй” гээд миний урд ирээд над руу салаавч гаргаад үйл хөдлөлөөрөө намайг доромжлоод байсан ба хаалга үүд онгойлгох гээд оролдоод байхаар нь би жолоочийн байрлах хэсгээр гарч ирээд тэр залууг буулгах гэхэд бууж байгаад хоёулаа гараад үзье гэж хэлээд миний хоолойноос заамдаж, багалзуурдаж авсан, би тавиулах гээд чадахгүй байсан, тэр өндөр байсан болохоор би хүрэхгүй байсан. Тэгтэл тэр залуу нэг гараараа миний хувцаснаас заамдаж байгаад нөгөө гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохиж авсан ба миний үснээс зулгаасан юм уу, яасан юм үс хөндүүр оргиж байсан. Тэгээд хэсэг ноцолдож байгаад бие биенээ тавиад би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 х,/
Хохирогч Б.Эрдэнэхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ээлжээ аваад 3 дугаар эмнэлэгээс Нарангийн голын эцэс рүү явж байсан. Эцсийн буудалд очоод автобусанд байсан хүмүүсээ буулгахад шүүгдэгч Давааням хойно сууж байсан. Би “эцсийн буудал ирчлээ, буугаарай” гэж хэлэхэд урд талын автобусны хаалгаар доошоо уруудах гэсэн зорчигч нар суусан. Би дахин Даваанямыг “чи уруудах гэж байгаа бол мөнгөө хийгээч ээ” гэж хэлэхэд Давааням “нэг удаа хийсэн юм чинь дахиж хийх үндэслэл байхгүй” гээд жолоочийн суудал руу хүрч ирээд “хийхгүй хүнийг чи яадаг юм бэ” гэхэд нь би “та уруудах гэж байгаа юм бол мөнгөө хий” гэж шаардлага тавихад миний шаардлагыг хүлээж авахгүй над руу салаавч гаргаж хэл ам, үйл хөдлөлөөрөө намайг доромжилсон. Шүүгдэгч Давааням жолоочийн хаалга онгойлгох гээд онгойлгож чадахгүй байсан. Тэгэхээр нь би автобуснаас буулгах гэтэл Давааням хоёр гараараа энгэрээс заамдсан, би тавиулах гээд баруун гараараа зүүн гарыг нь барихад “чи ямар овоо юм” гээд баруун гараараа миний зүүн шанаа руу хоёр удаа цохисон. Тэгээд ноцолдож байхад зорчигч нар “та хоёр болиоч” гэж хэлсэн. Тэгсэн миний ард явж байсан автобус ирээд зорчигч нарыг аваад явсан. Би тухайн үед Даваанямаас салаад цагдаа дуудаж болсон үйл явдлыг хэлсэн. Цагдаа бид хоёрын иргэний үнэмлэхийг аваад надад Даваанямын иргэний үнэмлэхийг өгөөд “чи зургийг нь авчих гомдолтой бол цагдаагийн хэлтэст ирээд өргөдлөө өгөөрэй” гэж хэлсэн. Би шүүх эмнэлэгт очоод үзүүлэхэд зүүн хацар хавдсан, шанаа, дух зовиуртай байсан. Би эмчилгээ хийлгээгүй, одоо бие зүгээр болсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Гэрч Б.Аринуболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрггийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын цагдаагийн дэд хэсэг дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Толгойтын эцсийн автобусны буудал дээр Нарангийн голын чиглэлийн автобусны жолооч гэх залуу автобусандаа суучихсан, намайг энэ хүн зодсон гээд хажуудаа нэг өндөр залууг зогсоосон байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 х/
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 701 тоот дүгнэлтэд:
- Б.Эрдэнэхүүгийн биед зүүн хацар, духны зүүн хэсэгт цус хуралт тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашинд эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15 х/
5. Шинжээч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх дүгнэлтэд 2016 оны 12 дугаар сарын 25-ны тогтоол гэж бичиглэлийн алдаа гарсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 х/
6. Шүүгдэгч М.Даваанямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нарангийн голын эцсийн буудлын наад талын буудал дээр буухаар автобусанд суусан ба автобус тухайн үед их хүнтэй явсан болохоор цонх цантсан байсан учраас буух буудлаа харалгүй өнгөрөөд явсан. Тэгэхэд тэр автобусны жолооч нь буцаад явахдаа намайг мөнгөө хий гээд элдвээр хэлээд байхаар нь хоорондоо маргаад намайг эхлээд цохиод авахаар нь би кабины хаалгыг нь татсан чинь цоожтой байсан. Тэгэхээр нь би буцаад суудал дээр суух гээд алхаж байхад араас кабины хаалгаа онгойлгоод хүрч ирээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 28 х/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нарангийн голоос дээш автобусанд суугаад явж байсан. Тухайн автобус их хүнтэй байсан би буух буудлаасаа хэтрээд явсан байсан. Тэгээд тухайн автобус эцсийн буудалд очсон. Би “буудлаа хэтрээд явчихлаа буцаад явъя” гэхэд хохирогч болох тухайн автобусны жолооч Эрдэнэхүү “мөнгөө хий” гэж хэлсэн. Би эхлээд мөнгө хийсэн юм чинь дахиж мөнгө хийх шаардлагагүй гэж тайлбарлахад “чи хэн юм бэ” гэж хэлсэн. Хохирогч намайг эхлээд цохисон. Би “яаж байна аа” гээд хаалгыг нь татахад хаалга нь дотроосоо цоожтой байсан. Би автобусны урд хаалгын хажуу талын сандал дээр суух гэхэд хохирогч Эрдэнэхүү хаалгаа онгойлгоод гарч ирээд над руу орилж дайрсан. Намайг дахин цохихоор нь би балмагдаад цохисон нь миний буруу. Хохирогч “цагдаа дуудна” гэж хэлсэн цагдаа цагийн дараа ирсэн. Цагдаа ирээд “бичиг баримтаа өгчих, та хоёр хоорондоо зодолдсон” байна, гомдолтой бол Цагдаагийн хэлтэст өргөдөл өгч болно” гэж хэлээд яваад өгсөн. 2017 оны 1 сард цагдаагаас над руу яриад “чам дээр гомдол ирсэн байна” гэж хэлсэн. Би мөрдөн байцаагчид “камерын бичлэг шүүж өгөөч, хохирогчийн мэдүүлэг буруутай зөрж байна” гэж хэлсэн. Мөрдөн байцаагч автобус компаниас бичлэг авах гээд очиход камер шинэчлэгдээд бичлэг устсан гэж хэлсэн гэсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Давааням нь хохирогч Б.Эрдэнэхүүгийн зүгээс хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэн уурлаж хэл амаар доромжлох, салаавч гаргах, нүүрэн тус газар нь цохих зэргээр үл ялих зүйлээр шалтаглан олон нийтийн газар, олон хүмүүсийн дэргэд гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн буюу хохирогчийн биемахбодид хөнгөн гэмтэл учруулан өөрийн хүч зоригийг бусдад харуулах гэсэн ичгүүр сонжуургүй, бүдүүлэг авирласан байх тул танхайн сэдэлттэй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Даваанямыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч М.Давааням нь урьд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 936 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдэж, уг ялаа 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эдэлж дууссан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 х/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33 х/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол /шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/ зэргээр тогтоогджээ.
2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваанямын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч М.Даваанямыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Эрдэнэхүү нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх тул шүүгдэгч М.Даваанямыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 51 х, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/
Шүүгдэгч М.Давааням нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Даваанямын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваанямын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Андуу тайгынхан овогт Мягмарсүрэнгийн Даваанямыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваанямыг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваанямын эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. М.Даваанямд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Даваанямд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Даваанямд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ