Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1074

 

 

 

А.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Намуун,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, О.Батболд, Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1306 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.От холбогдох эрүүгийн 1803010230055 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 01 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд Тоёота приус-11 маркийн 46-60 УНИ улсын дугаартай автомашины жолоодон явахдаа:

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэхдээ ....аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээгд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас Тоёота приус-20 маркийн 83-70 УБЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч А.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас:

А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“...Шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын ирүүлсэн гаргасан гомдол, санал, хүсэлт тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжпэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг /1.1 Гэмт хэрэг гарсан байдал (гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал), 1.2 Гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал/ бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй бөгөөд дараах нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн нэг мөр шалгасны эцэст яллагдагчийн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:

Шүүгдэгч А.От холбогдох хэрэгт осол гаргахад Ч.Ганбаатарын үйлдэл, оролцоо байсан эсэхийг тодруулж шалган гэмт хэрэг хэн үйлдсэн болохыг олж тогтоох, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай гэж үзлээ.

Учир нь, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 12/56 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт:

“...2.1 ...Тоёота приус 20 маркийн 83-70 УБЗ улсын дугаартай автомашины жолооч Ч.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а заалт буюу “Жолоочид... согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэглсэл жолоодохыг...хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

3.2. Ч.Ганбаатар нь 1.21 хувийн согтолттой явсан нь жолоочийн самбаачлах хугацааг ихэсгэх бөгөөд бүрэн зогсолтын зам уртасна...” /1хх-212-123/, 

Шинжээч эмч И.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэв жолооч Ганбаатар нь согтууруулах ундаа хэрэглээгүй бол уг зам тээврийн осол гарахгүй ч байж болно. Энэ нь тухайн нөхцөл байдлаас хамаарна. Хүний дундаж реакци 0,8 секунд авто машины механизм ажиллах дундаж хугацаа 0,2 секунд байдаг...” гэсэн,

Шинжээч эмч Ц.Цэвэгжав шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь осолд нөлөөлөх боломжтой. ...70-80 км цагийн хурдтай явж байсан бол ийм хэмжээний хохирол гарах уу гэхэд хохирлын хэмжээ их байна, нилээд хүчтэй мөргөсөн байдалтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл 2хх-97/,

Гэрч Н.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...миний баруун гар талд буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан Тоёота приус-20 маркийн цагаан өнгийн автомашин намайг гүйцэд түрүүлж гараад Тоёота приус-11 маркийн автомашиныг араас нь мөргөсөн. Тоёота приус-11 маркийн автомашин автобусны буудлын замын хашлага даваад автобусны буудлын баруун талын сурталчилгааны самбарыг мөргөөд буцаж эргэж зогссон... Тоёота приус-20 маркийн автомашины хурдыг тодорхойлж мэдэхгүй, гэхдээ миний хажуугаар хурдтай явсан..." гэсэн /2хх-51, 103/,

Шүүгдэгч А.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би машин байхгүй, харагдахгүй байсан тул нэгдүгээр эгнээ рүү орсон. ...тухайн машин асар  хурдтайгаар ирээд миний машиныг мөргөсөн...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл 2хх-95/,

Гэрч Ч.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа: “...Намайг цагдаа нар ирээд үлээлгэхэд 1.21% гарч байсан...Би ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 70-80 км цагийн хурдтай явж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-24-26/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч фото зураг, эвдрэлийн үнэлгээ /хх-187-190/ зэргийг харгалзан дүгнэн үзэхэд Ч.Ганбаатарын үйлдэл, оролцоо, энэ хэрэгт гэм буруу байгаа эсэхийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж үзлээ.

Мөн хурдыг хэмжихдээ физикийн шинжлэн ухаанд тулгуурлан хурдыг энерцийн хүчээр тодорхойлох боломжтой эсэх талаар нарийн мэргэжлийн шинжээч нарыг оролцуулан дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй...” гэж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

 

      Прокурор Э.Намуун эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ:

“...Ч.Ганбаатарын үйлдэл, оролцоо энэ хэрэгт гэм буруу байгаа эсэхийг дахин нягтлан шалгах шаардлагатай, мөн хурдыг хэмжихдээ физикийн шинжлэх ухаанд тулгуурлан хурдыг энерцийн хүчээр тодорхойлох боломжтой эсэх талаар нарийн мэргэжлийн шинжээч нарыг оролцуулан дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Зам тээврийн осол гарахад Ч.Ганбаатарын үйлдэл, оролцоо байсан эсэхийг шалгасан талаар хэрэгт авагдсан баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Н.Болдбаатарын мэдуүлэг, Механик тээврийн сургуулийн 3 шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 12/56 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон гэж үзэж байна.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд 1740 дугаартай захирамжаар мөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан ба тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр прокурорын эсэргүүцэл бичсэн байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч А.Оын гэм буруугрийн асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжтой байхад анхан шатны шүүх “..зам тээврийн осол гарахад жолооч Ч.Ганбаатарын гэм буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгуулах...”-аар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэн анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг дахин прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1306 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ганбаатар хурдтай явж байсан эсэх нь зам тээврийн ослын бүдүүвч зураг болон техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн захирамжинд заасан “...зам тээврийн осол гарахад Ч.Ганбаатарын үйлдэл, оролцоо байсан эсэхийг тодруулах, ...физикийн шинжлэн ухаанд тулгуурлан хурдыг энерцийн хүчээр тодорхойлох боломжтой эсэх талаар нарийн мэргэжлийн шинжээч нарыг оролцуулан дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах...” гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 1803010230055 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.  

Түүнчлэн, шүүгдэгч А.От холбогдох эрүүгийн 1803010230055 дугаартай хэргийг мөн дээрхи үндэслэлээр анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1740 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцаасныг давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ДШМ/64 дугаартай магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад анхан шатны шүүх, бусад этгээд заавал биелүүлэх учиртай атал анхан шатны шүүх урьд заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр дахин хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, ... биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх, шүүх хуралдаанд оролцвол зохих хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “... шуурхай байх” зорилтод нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1306 дугаартай захирамжийг хүчингүй болгож, А.От холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

                               ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ