| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03648/И |
| Дугаар | 183/ШШ2021/02712 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2021/02712
2021 оны 11 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2021/02712 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..............д байрлах В Сууц өмчлөгчдийн холбоо /РД:000000/-ны нэхэмжлэлтэй, /цаашид СӨХ гэх/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт оршин суух Б овогт Ж.Ч /0000000/-д холбогдох,
Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 4 733 546,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: В СӨХ нь 2019 оны 12 дугаар сард анх бүх оршин суугчдын хурлаар байгуулагдсан. Хуульд заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Анхны гэрчилгээ 2019 оны 12 дугаар сард гарсан байдаг боловч бид шүүхэд 2021 оны 7 дугаар сарын гэрчилгээ гаргаж өгсөн байгаа. Учир нь сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тул улсын бүртгэлд бүртгүүлдэггүй. Гэрчилгээний хугацааг сунгуулах гээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт өгсөн боловч хуучин гэрчилгээн дээр сунгалт хийлгүйгээр шинэ гэрчилгээ өгсөн байдаг. Манай В СӨХ 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна гэдгээ нотлох зорилгоор Монголын Татварын албаны цахим системээс татвар төлөгчийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэсэн аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Хариуцагч Ж.Ч нь 2019 оноос хойш В хотхонд оршин сууж байгаа бөгөөд нэг ч удаа СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Манай СӨХ аль болох иргэний журмаар оршин суугчидтай тохиролцож, харилцахыг боддог боловч 2 жил гаруй хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй, тухай бүрд нэхэмжлэх өгч мэдэгддэг, оршин суугчдын дундын хэрэглэдэг системд өртэй байна гээд мэдэгдээд явдаг. Мөн 2 удаа шаардах хуудас өгсөн ба эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн байгаа. Иймд Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй байх тул 4 733 546,39 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэх тус бүрийг гаргаж өгсөн ба авлагын тооцоон дээр хүснэгтээр гаргаж өгсөн байгаа. 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл, 2021 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал тооцоо гарсан. Төлбөрийн тухайд анх оршин суугчдын хурал хийгээд тогтмол зардал 166 330 төгрөгөөр тогтоож, энэ үнийн дүнг өндөр байна гэх хүсэлтийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 147 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 136 000 төгрөг болгож бууруулсан. Ж.Ч нь авто зогсоол эзэмшдэг бөгөөд 2019 онд 30 000 төгрөг, 2020 онд 15 000 төгрөг, 2021 онд 10 000 төгрөг болж тус тус буурсан. Үүний дагуу манай нягтлан бодогч тооцож гаргасан гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэлтэй холбоотой 2019 оны 12 дугаар сараас эхлэн төлбөрөө төлье гэдэг хүсэлтээ өгч байгаа. Төлбөрөө төлөхийн тулд дараах зүйлсийг маш тодорхой байлгахыг шаардсан. Нэгт хийж буй ажлын тайлан, төсвийн зарцуулалт. Хоёрт өнөөдрийг хүртэл хийсэн ажлын задаргаа. Үүнд нь орцны цэвэрлэгээ гэх мэт жижиг асуудал биш хийсэн ажлуудын тайланг шаардаж байгаа. Хогны цэвэрлэгээ болон цэвэрлэгээний төлбөрүүд болон тэдгээрийг хийж гүйцэтгэдэг хүмүүсийн цалин зэргийг төлөхөд бэлэн. Тэдгээр хүмүүс ажлаа сайн хийж байгаа. Гуравт ирээдүйд ямар ажил хийх талаар ажлын төлөвлөгөө өгөхийг шардсан. Учир нь энэ нь хуримтлалтай холбоотой буюу нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 орчим хувь нь хуримтлалд зарцуулагдана гэдэг байсан. Хуримтлалын мөнгийг хэрхэн зарцуулдаг талаар тодорхой заалт байхгүй. Үүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү гэж хүсэж байна. В хотхон үндсэндээ гурван блок барилгаас бүрдэх бөгөөд 2 байрыг нь барьсан. Баригдах явцдаа дизайнд өөрчлөлт орж 3 хэсэг блокоос бүрдэхээр болж одоо 3 дахь баригдаж байна. Гэвч энэ хугацаанд харуул хамгаалалт тодорхойгүй. Барилгын засвар үйлчилгээ, болон эргэн тойронд хийж байгаа тохижилттой холбоотой үйл ажиллагааг хэн эрхэлж байгаа нь тодорхойгүй. Энэ бүхнийг тодорхой болгохыг хүсэж байна. н.З гэдэг хүн дарга нь бөгөөд ажилдаа ирдэггүй, ажлаа хийдэггүй. Уулзах гээд очихоор байдаггүй. Харин сая 2021 оны 07 сард зориудаар өдрийн цагаар очиж уулзахдаа анх царайг нь харсан. Уулзаад цэвэрлэгээний зардал бүх зүйлийг төлөхөд бэлэн. Харин хуримтлалын мөнгө болох 2 250 000 төгрөгийг таны гар дээр яагаад ч тавихгүй. Яагаад гэвэл манай байранд 90 орчим айл байдаг бөгөөд 10 орчим айл нь төлбөрөө төлөхгүй байгаа. Гэтэл та яагаад үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрч байна гэж хэлж байна вэ? 80 орчим айлын хуримтлалын мөнгө хаана байна вэ? Хуримтлалын мөнгийг төлбөрөө төлөөгүй айлуудын зардалд шингээгээд хэрэглээд дуусаж байгаа гэж хариулдаг. Хуримтлалын мөнгийг хэрхэн зарцуулсан талаар тайлан дээр харагддаггүй. Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2015 онд бизнес эрх зүйн чиглэлээр төгссөн тул тайланд юу тусгагдах ёстой, ямар материалууд баталгаажих ёстой гэдгийг мэднэ. Гэвч 11 хуудас бүхий 2020 оноос 2021 оны хийсэн ажлын тайланг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн миний хүсэлтийн дагуу 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор явуулсан. Тухайлбал тайлан дээр агч мод 60 ширхэг, гацуур 16 ширхэг, үйлс 200 ширхэг гэж байна. Өнөөдөр гадаа ургасан байх ёстой моднууд хаана байна гэдэг нь мэдэгдэхгүй байна. Энэ моднуудыг В барилгыг барьсан барилгын компани гадна тохижилтын ажлынхаа хүрээнд хийчихсэн ажил юм. Тайлан гээд бичигдсэн зүйл нь барилгын компанийн хийсэн засварын ажил зэргийг ажилдаа оруулж бичээд байна. Энэ ажлуудтай холбоотой тайлан задаргаа нь байхгүй. СӨХ-ны үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байна. Анх В хотхоны зарлалаар бол Улаанбаатар хотод байхгүй гадна тохижилттой хотхон болох байсан. Гэвч хүлээн авсан СӨХ-ны үйл ажиллагаанаас шалтгаалаад моднууд нь ургахаа байсан. Бороо, ус орохоор дээврээс нь ус гоождог. В СӨХ-ны үйл ажиллагаа тодорхойгүй. Сууц өмчлөгчдийн холбооны дарга н.З оршин сууж байгаа хүмүүстэйгээ ярилцаж үзээгүй. СӨХ-ны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна. 11 дүгээр сарын 10-ны өдөр би нүүж орсон. СӨХ-ны хурал зарлагдсан эсэх нь тодорхойгүй. Хэдэн хүн орсон нь тодорхойгүй. Шинээр гаргаж өгсөн баримтаас харахад СӨХ-ны сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн гарын үсэг байхгүй. Зүгээр нэрснүүдийг нь тавиад оролцсон гээд биччихсэн байна. н.З гэдэг хүнийг шалгаруулаад даргаар тавьсан бол оролцсон хүмүүсийн бүртгэл, гарын үсэг байх шаардлагатай. Хуулбар үнэн гэсэн тэмдэг дарсан байна. Хэнээс гарсан, хэний гарын үсэгтэй материалыг баталгаажуулж ирж байгаа нь тодорхойгүй байна. Би төлбөрөө төлөхөд бэлэн. Гэхдээ В СӨХ-той хамтран ажиллах боломжгүй. Шүүхээс шийдвэр гараад төлбөрөө төл гэвэл мөнгөө төлнө. Харин хуримтлалын мөнгийг шинээр байгуулагдах СӨХ-д би албан ёсоор хүлээлгэж өгмөөр байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В СӨХ нь 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 1-12 дугаар сар, 2021 оны 1-09 дүгээр сарыг хүртэл дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 733 546,39 төгрөгийг хариуцагч Ж.Ч-аас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Ж.Ч нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин хуримтлалын зардлыг зөвшөөрөхгүй учир нь, зарцуулалтын тайлан шаардлага хангахгүй, ирээдүйд юунд зарцуулах нь тодорхойгүй, мөн В СӨХ хуулийн дагуу байгуулагдаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч В СӨХ нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, ........... дүгээр байрнуудын дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлснээр Дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгожээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байхаар, 7.2.2, 7.2.3-т холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах, холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх нь холбооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурлын эрх хэмжээнд хамаарахаар тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч В СӨХ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 00 дугаар оршин суугчдын анхдугаар хурлын тогтоолоор засвар үйлчилгээний зардал, хуримтлалын хэмжээг тухайн орон сууцны талбайн хэмжээтэй уялдуулан тогтмол зардал 166 630 төгрөг, хувьсах зардал /хуримтлал/ м.кв тутамд 650 төгрөг, нэг автозогсоол 30 000 төгрөг байхаар тогтоосон ба үүний дараа В СӨХ-ны удирдах зөвлөл 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20/01 дугаар тогтоолоор тогтмол зардал 147 000 төгрөг, хувьсах зардал /хуримтлалын/ 180 төгрөг, нэг автозогсоол 15 000 төгрөг байхаар, 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 00 дугаар тогтоолоор хуримтлалын зардлыг 1 мкв тутамд 90 төгрөг, нэг автозогсоол 10 000 төгрөг, харуул хамгаалалтыг байгууллагын орон тоог 9 хүнээс 6 байхаар тус тус шинэчлэн тогтоожээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж 147.2-т орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваахаар тус тус зохицуулсан байна.
Дээрхээс үзэхэд, хариуцагч Ж.Ч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд хуримтлалын тайлан тодорхойгүй үндэслэлээр уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Түүнчлэн, В СӨХ хуулийн дагуу байгуулагдаагүй, бүх оршин суугчдын анхдугаар хурлын ирц бүрдээгүй, өөрөө оролцоогүй гэх татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Иймд, хариуцагч Ж.Ч-аас 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01-12 дугаар сар, 2021 оны 01-09 дүгээр сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 723 605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В СӨХ-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 9 941 төгрөгийг нэхэмжлэгч СӨХ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүх гишүүдийн хурлаар байгуулагдсан байх тул 11 дүгээр сарын төлбөрийг шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Мөн хариуцагч Ж.Ч Хан-Уул дүүрэг, ............... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргаангүй болохыг тэмдэглэж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар 7.2.2-т зааснаар хариуцагч Б овогт Ж.Ч /00000000/-аас 4 723 605 /дөрвөн сая долоон зуун хорин гурван мянга зургаан зуун таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч В СӨХ /РД:00000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 941 /есөн мянга есөн зуун дөчин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 90 687 төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ч-аас 90 528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ