| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03818/И |
| Дугаар | 183/ШШ2021/02813 |
| Огноо | 2021-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2021/02813
2021 оны 12 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2021/02813 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХУД ПГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт оршин суух Н овогт Ж.Н /000000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан бол ХНХЯ, УЕПГ 2018 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. ХНХЯ-ны харьяа сангуудаас гарсан зээлийг төлүүлэх тал дээр прокурорын талаас эрх зүйн туслалцаа үзүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг гарсны дагуу зээлийн эргэн төлөлтийг төлүүлэх арга хэмжээ авагдаж байна. Хан-Уул дүүргийн Нийгэм халамж үйлчилгээний хэлтсээс гурван нөхцөлөөр иргэдэд зээл гаргадаг бөгөөд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настны хөдөлмөрийг дэмжих чиглэлээр 5 000 000 төгрөг хүртэлх зээл олгодог. Иргэн Ж.Н нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлж авсан байдаг. Гэрээнд заасан хугацаандаа зээлийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл хугацаанд 1 600 000 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэх 3 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 7 дугаар сард 5 000 000 төгрөгийн зээл аваад эргэн төлөлтөө сар бүр тогтмол хийж байсан боловч 2018 оны сүүлээс эхлээд Ковид-19 цар тахалтай холбоотой ажлын байр зогсонги байдалд орж, сүүлдээ ажлын байраа хаасан. Миний бие төвөнхийн мултралтай учир хөдөлгөөн хийх боломжгүй, эрүүл мэнд болон эдийн засгийн чадавхаас болж төлөлт зогссон. Цаашдаа бол эргэн төлөлтөө сар болгон авдаг группийн мөнгөнөөсөө төлөөд дуусгах хүсэлтэй байгаа. Үлдэх 3 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХУД ПГ зээлийн гэрээний үүрэгт 3 400 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ж.Н-гаас шаарджээ.
Хариуцагч Ж.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд 3 400 000 төгрөгийг сар бүр улсаас олгох тэтгэмжийн мөнгөөр төлж барагдуулна гэж тайлбарлаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Ж.Н нар Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох тухай гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна.
Зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан бөгөөд 1 600 000 төгрөг буцаан төлсөн талаар талууд маргаангүй.
Шүүх дээрх гэрээг шинжлэн судлаад, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж заасан тул хариуцагч Ж.Н-гаас зээлийн гэрээний үүрэгт 3 400 000 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст олгохоор шийдвэрлэлээ.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт зааснаар бусдын эрх чөлөө ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд шүүхэд нэхэмжлэл гаргавал иргэний хэрэг үүсгэх үндэслэл болохоор, Прокурорын тухай /2017 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд ...төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл прокурор...төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно... тус тус заасныг үндэслэн шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэнийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н овогт Ж.Н /000000000/-аас 3 400 000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн ХХҮХ-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1-д зааснаар 69 350 төгрөгийг хариуцагч Ж.Н-гаас гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ