| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2020/04288/И |
| Дугаар | 183/ШШ2021/00926 |
| Огноо | 2021-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2021/00926
2021 оны 04 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/00926 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ххх дүүрэг, ххх дугаар хороо, ххх дүгээр хороолол, ххх дүгээр байр,ххх тоотод оршин суух, Г овогт Т.З /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххх дүүрэг, хххх дүгээр хороо, ххххх дүгээр нээлттэй хорих ангид байх, Х овогт Т.С /РД:00000000/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.З, хариуцагч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Т.С-тай 2012 онд танилцаж, 2013 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Бид гурван хүүхэдтэй, 2 охин, 1 хүүтэй. Бид зан харилцаа, ажил хөдөлмөр, мөнгө төгрөг, ар гэр, архи дарснаас болж олон удаа муудалцаж салж тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Том охин З.И, хүү З.И одоогоор улсын цэцэрлэгт орж чадаагүй тул хувийн цэцэрлэгт оруулж үе тэднийхэнтэйгээ харилцах, нийгэмд оролцох, сурч боловсрох сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх шаардлагатай байгаа тул цэцэрлэгийн төлбөр, хувцас хэрэглэл, унаа гэх мэт бусад зардал, мөн бага охин З.Индраад хувцас, хоол хүнс гэх мэт бусад зардлуудыг миний бие ганцаараа хариуцах хүндрэлтэй байна. Миний бие Т.З 2016 онд анхны хүүхэд төрснөөс хойш ажил хөдөлмөр хийж байсан. Ар гэрээс тогтмол тусламж авдаг байсан. Гэвч одоо туслах дэмжих хүн муудсан ганцаараа 3 хүүхэдтэй зардлуудыг хариуцах хүндрэлтэй байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Т.С бид хоёрын дундаас гурван хүүхэд мэндэлсэн. 2016 онд том охин З.И, 2017 онд дунд хүү З.И, 2018 онд бага охин З.И мэндэлсэн. Хуульд заасан хэмжээгээр гурван хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг тогтоолгох хүсэлтэй байна. Тэр тэтгэлэгийн мөнгийг нь би өөртөө авахгүй, хүүхэд тус бүрт нь данс нээгээд өгөхөөр тэр данс руугаа хүүхдүүдийнхээ нэрийг бичээд тэтгэлэгийн мөнгийг нь хийж байна биз. Тэр тэтгэлэгийн мөнгө үр хүүхдүүдэд өсөж том болоод сургуульд ороход хэрэг болох учраас хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод тэтгэлэг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Мөн том охин удахгүй сургуульд орох гэж байна, тэгэхээр эцэг нь тодорхойгүй, эхээрээ овоглодог учраас сургуульд ороход хүндрэлтэй байдаг. Тиймээс хүүхдүүдийнхээ эцэг гэдэг дээр Т.С маргахгүй бол хүүхдүүдийн эцэг болохыг тогтоолгомоор байна. Мөн миний бие хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлж байгаа учраас миний асрамжид байгаа болохыг тогтоож, эцэг Т.С-гаас гурван хүүхэддээ хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгох шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Бидний дундаас И, И, И нар төрсөн, миний хувьд гурван хүүхдийнхээ эцэг нь гэдэгтэй маргахгүй, эцэг тогтоолгоход татгалзахгүй, хүлээн зөвшөөрч байна, гурвуулаа миний хүүхэд мөн. Манай том охин намайг гадаадаас ирээд удаагүй байхад мэндэлсэн, дунд хүү маань Хятадад байхад мэндэлсэн, бага охин маань Орос улсад байхад мэндэлсэн юм. Тухайн үед бичиг баримтгүй байсан учраас хүүхдүүдээ өөрийн нэр дээр овоглож чадаагүй. Би ер нь Монгол улсад амьдардаггүй, гадаадад байх хугацаанд 25 нас хүрээд иргэний үнэмлэхээ сунгаж амжаагүй. Тиймээс л хүүхдүүдээ өөрөөрөө овоглож, гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Гурван хүүхэддээ хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахад татгалзах зүйл байхгүй, зөвшөөрч байгаа. Мөн хүүхдүүдийг эх нь асран халамжилж байгаа дээр маргаан байхгүй, ээжийнхээ асрамжид байхыг зөвшөөрч байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Т.С-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эцэг тогтоох, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Т.З, Т.С нар нь 2012 онд танилцаж, тэдний дундаас ХХХХ оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин З.И, ХХХХ оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү З.И, ХХХХ оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин З.И нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 00000, 00000, 00000 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 8-10-р хуудас/
Нэхэмжлэгч Т.З нь шүүх хуралдаанд охин З.И, хүү З.И, охин З.И нарын эцэг нь Т.С мөн гэж тайлбарласан, хариуцагч нь энэ талаар маргаагүй, өөрийн хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул ХХХХ оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин З.И, ХХХХ оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү З.И, ХХХХ оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин З.И нарын эцэг нь Х овогт Т.С мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн хариуцагч нь бага насны хүүхдүүд болох охин З.И, хүү З.И, охин З.И нарыг эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй гэж тайлбарласан, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно” гэж зааснаар охин З.И, хүү З.И, охин З.И нарыг эх Т.З-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Знь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Т.С-гаас шаардах эрхтэй, хариуцагч Т.С нь охин З З.И, хүү З.И, охин З.И нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж заасан, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжилсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Т.С-гаас охин З.И, хүү З.И, охин З.И нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар эцэг байх эрхийг шүүх хязгаарлаагүй тохиолдолд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд харин ч тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг, эх нь тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хариуцагч нь охин З.И, хүү З.И, охин З.И нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь боломж гарвал хүүхэдтэйгээ уулзаж байна гэж тайлбарласан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 113 595 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ХХХХ оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин З.И, ХХХХ оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү З.И, ХХХХ оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин З.И нарын эцэг нь Х овогт Т.С болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ХХХХ оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин З.И, ХХХХ оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү З.И, ХХХХ оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин З.И нарыг эх Гүр овогт Тамирын Загдаагийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар ХХХХ оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин З.И, ХХХХ оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү З.И, ХХХХ оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин З.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.С-гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Т.Загдаад даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Т.З нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийн Т.С-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.З-д тус тус даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С-гаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.З-д олгож, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 113 595 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН