Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/хт2025/00015

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02822 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2024/01845 дугаар магадлалтай,

Б.С-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК, Б.Г нарт холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 91,900,000 төгрөгийг Б.Г-гээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагч Б.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.С- нь хариуцагч “С” ХХК, Б.Г нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 141,900,000 төгрөгийг Б.Г-гээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02822 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С, “С” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018.01.26-ны өдрийн 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Г-гээс 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.С- татгалзсаныг баталж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Г-гээс 91,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгож, Б.Г өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,734,900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-гээс 1,734,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2024/01845 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02822 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.С, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.01.26-ны өдрийн 0000 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг хэлцлийн дагуу шилжүүлсэн 91,900,000 төгрөгийг хариуцагч Б.Г-гээс гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Б.С-ийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Г, “С” ХХК-д тус тус холбогдох хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 221/MA2024/01845 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх эрх зүйн маргаантай харилцааг өөр өөр тодорхойлж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн хуулийн холбогдох зохицуулалтыг давж заалдах шатны буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.1. Анхан шатны шүүхээс маргаан бүхий “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулах эрхийг хариуцагч Б.Г-д “С” ХХК-ийн эрх бүхий этгээдээс итгэмжлэлээр олгоогүй байх тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Б.Ггийн байгуулсан гэрээг зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргах нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцэхгүй, “С” ХХК-ийг Б.Г төлөөлсөн гэх ойлголтыг Б.С-т ойлгуулахаар нөхцөлийг бүрдүүлсэн, “С” ХХК нь Б.Г-д гэрээ байгуулах эрх олгоогүй гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотолж чадаагүй гэх үндэслэлүүдээр хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтаас үзвэл нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлэх тухай хуулийн урьдчилсан нөхцөл нь төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хоорондын буюу “С” ХХК, Б.Г нарын хооронд үүсч болох харилцаа болохоос магадлалд дурдсанчлан хэлцлийн нөгөө тал болох Б.С-т маргаан бүхий гэрээг “С” ХХК-ийг төлөөлөн Б.Г байгуулсан гэх нөхцөл байдал, ойлголтыг төрүүлэхтэй холбоогүй тул хуулийн уг урьдчилсан нөхцөл хангагдаагүй, энэ талаарх давж заалдах шатны дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч “С” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Г-д маргаан бүхий гэрээг төлөөлж байгуулах итгэмжлэлийг амаар болон бичгээр олгоогүй, гэрээнд заагдсанаар 10 тоот 11.48 м.кв, 11 тоот 16.9 м.кв бүхий талбай байхгүй, тухайн үед 1 м.кв-ийн үнийг 5,000,000 төгрөгөөр борлуулж байгаагүй, энэхүү гэрээг байгуулагдсан талаар тухайн үед мэдээгүй гэх байдлаар тайлбар, татгалзлаа гаргаж байсан ба нэгэнт амаар болон бичгээр олгогдоогүй итгэмжлэлтэй холбоотой үйл баримтыг өөр байдлаар нотлох боломжгүй байхад энэхүү нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна.

Харин хариуцагч Б.Г-гийн хувьд маргаан бүхий гэрээг байгуулахдаа 25,327,200 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдэгдэл 115,572,000 төгрөгийг “С” ХХК-ийн эсхүл тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын бус өөрийн Хаан банк дахь дансны дугаарыг бичиж шилжүүлэн авсан. Улмаар гэрээний төлбөрийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байж болзошгүй баримтууд хэрэгт авагдсан болно.

Эдгээрээс дүгнэвэл Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар “С” ХХК-аас Б.Г-д маргаан бүхий хэлцлийг төлөөлж хийх эрхтэй гэсэн ойлголтыг өгөхөөр нөхцөлийг бүрдүүлсэн байх, улмаар Б.Г төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон “С” ХХК-ийг шударгаар төлөөлөн хэлцэл хийсэн байх хуулийн нөхцөлүүд хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Б.Г нь нэхэмжлэгч Б.С-т уг хэлцлийг байгуулах итгэмжлэл олгогдсон дүр үзүүлж, хийсвэр ойлголт төрүүлэн гэрээний төлбөрийг бүхэлд нь өөртөө шилжүүлэн авсан байх тул уг хэлцэлтэй холбоотой аливаа үр дагавар, хариуцлагыг Б.Г хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.С болон “С” ХХК-ийн төлөөлөн Б.Г нарын хооронд 2019.01.26-ны өдөр байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба талууд гэрээгээ бичгээр хийсэн боловч нотариатаар гэрчлүүлж, хуульд зааснаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж” хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна...” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн буюу хуулийг зөв хэрэглэсэн.

Харин Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр өмчийн хэлцэл хийгдээгүй учраас хуульд тусгайлан заасан нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг хангах шаардлагагүй учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй” гэж дүгнэснийг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь талуудын хооронд 2019.01.26-ны өдөр байгуулсан гэрээний 1.1-д “худалдагч нь Сүхбаатар дүүргийн 0 хороо “Г”, орон сууцны барилгын В1 давхар хаягт байршилтай 940.1 мкв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 10 тоот 11.48 м.кв талбай, 11 тоот 16.9 м.кв талбай, нийт 28.38 м.кв худалдаа үйлчилгээний талбайг худалдан авагчийн өмчлөлт шилжүүлж, худалдан авагч тал худалдагч талд тохирсон үнийг төлөх”, 2.4-т “...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг бэлтгэн өгч иргэн Б.С-ийн өмчлөлд шилжүүлэх”-ээр тус тус харилцан тохиролцож өмчийн хэлцэл хийгдсэн байсан.

Өөрөөр хэлбэл талууд уг гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн тодорхой хэсгийг төлснөөр эзэмшлийг шилжүүлэх, улмаар ирээдүйд өмчлөлийг шилжүүлэх хэлцлийг дахин хийх агуулгаар байгуулаагүй. Гэрээний дагуу худалдагч нь өмчлөх эрхийг шилжүүлэх, үүний тулд худалдан авагч нь эд хөрөнгийн үнэ төлөх үүргээ биелүүлсэн байхаар тохирсон тул өмчийн хэлцлийн тухайд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан хэлбэрийн шаардлага тавигдана гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.5-д “Мөн зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ.” гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл учраас нэхэмжлэгч Б.С нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй...” гэж заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсэн хариуцагч Б.Г-гээс үндэслэлгүй хөрөнгөжсэн 91,900,000 төгрөгийг буцаан гаргуулах эрхтэй ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 210/МА2024/01845 дугаартай магадлалын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.05-ны өдрийн 001/ШХТ2024/01583 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Б.С “С” ХХК-тай байгуулсан 2018.01.26-ны өдрийн 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч Б.Г-с 141,900,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  “...“С” ХХК-тай байгуулсан 2018.01.26-ны өдрийн 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч Б.Г-с 91,900,000 төгрөг гаргуулах” гэж өөрчилж, шаардлагын үндэслэлээ “...Би 2018.01.26-ны өдрийн 0000 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг   “С” ХХК-тай байгуулж, Сүхбаатар дүүрэг, 0-р хороо, “Г” оффис, орон сууцны барилгын В1 давхарт байршилтай 940.1 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 10 тоот 11.48 м.кв талбай, 11 тоот 16.9 м.кв талбай нийт 28.38 м.кв худалдаа үйлчилгээний талбайг буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохирч тус компанийг төлөөлж нягтлан бодогч Б.Г гэх хүнтэй гэрээ хийсэн, ...тус гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй, ... “С” ХХК-тай байгуулсан 2018.01.26-ны өдрийн 0000 тоот үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй ...  нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Би гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж гэрээнд заасан хуваарийн дагуу 141,900,000 төгрөгийг гэрээг төлөөлж хийсэн Б.Г-гийн Хаан банкин дахь 0000 тоот дансанд шилжүүлсэн. “С” ХХК, бидний хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдвол миний бие “С” ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй буюу “С” ХХК ямар нэг мөнгө өгөөгүй учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу миний өгсөн мөнгийг өөрийн дансанд авсан Б.Г-г 141,900,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг захирал өөрөө батлах ёстой байдаг ба нэгдүгээрт уг гэрээнд Б.Г гарын үсэг зурсан, хоёрдугаарт уг гэрээний үнийн дүнг манай захирал тодорхой мэдэхгүй байгаа, гуравдугаарт нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл байхгүй. ...Уг нь худалдах, худалдан авах гэрээг нотариат дээр очиж энэ тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг энэ хүн худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй гэсэн итгэмжлэл хийдэг. Ийм итгэмжлэл хийгдээгүй, зөвхөн Б.Г гарын үсэг зурсан байна. ... Б.Г манай компанитай холбоотой хамаарал бүхий компанид ажиллаад гарахдаа тайлан тооцоо болон мөнгөнийхөө зарцуулалтыг баримтаар баталгаажуулаагүй тайлан тооцоогоо бүрэн тусгаагүй гэдэг үндэслэлээр ажлаас гарч байсан. ...” гэж маргажээ.

9. Хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “… Би 2013 оноос “С” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2019.10.30-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэлд дурдсан 2018.01.26-ны өдрийн 0000 тоот гэрээ нь намайг “С” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхад хийгджээ. Намайг ажиллаж байх хугацаанд маш олон гэрээ хийгддэг байсан бөгөөд гэрээний орлого нь “С” ХХК-ийн захирал Д.Б-гийн зөвшөөрлөөр компанийн үйл ажиллагаанд зарцуулагддаг байсан. Тухайн үед Б.С-аас гэрээний дагуу төлөгдсөн гэх 141,900,000 төгрөг нь мөн л компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болно. Миний бие дээрх мөнгийг хувьдаа авч зарцуулсан хөрөнгөжсөн асуудал байхгүй.” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх “...талуудын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба талууд гэрээг бичгээр хийсэн боловч нотариатаар гэрчлүүлж, хуульд зааснаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, компанийн эрх бүхий этгээд уг гэрээг байгуулах эрхийг төлөөлөгчид итгэмжлэлээр олгоогүй байх тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “С” ХХК-аас Б.Г-д тус компанийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй, өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Уг гэрээг нягтлан бодогч Б.Г байгуулсан түүний дансаар мөнгө шилжиж орсон, мөнгийг хүлээн авсанд маргаагүй, харин авсан мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, Б.С-ийн шилжүүлсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдгээ нотлоогүй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг  худалдан авах хүсэл зориг илэрхийлж, тухайн гэрээний худалдагч тал “С” ХХК-ийг төлөөлж нягтлан бодогч Б.Г гэрээг байгуулав гээд гэрээнд худалдагчийг төлөөлж Б.Г гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан зэргээс үзэхэд “С” ХХК-ийг Б.Г төлөөлсөн гэх ойлголтыг Б.С-т төрүүлэхээр нөхцөл бүрдүүлжээ. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарах бөгөөд ийм эрх хэмжээний албан тушаалтанд компанийн тамгыг ашиглуулж буй явдал нь бусад этгээдэд компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэх ойлголтыг төрүүлсэн гэж үзнэ. Нөгөө талаар, хариуцагч “С” ХХК нь компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Г-д гэрээ байгуулах эрх олгоогүй, шүүхэд төлөөлж оролцуулах зорилгоор компанийн тамгыг ашиглуулж байсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна. Иймд, хариуцагч “С” ХХК нь тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Г-гийн байгуулсан гэрээг зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргах нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд тухайн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай. ...2018.01.26-ны өдөр Б.С, “С” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр. ...Талууд гэрээгээр шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд өмчийн хэлцэл хийгдээгүй, зөвхөн эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн.  ...Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаарх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь алдаатай болсон. ... Нэгэнт Б.С, “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүргийг гэрээнд заасан дансанд шилжүүлэх байдлаар гүйцэтгэсэн байх тул ийнхүү шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хариуцагч Б.Г-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ.  

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан ба энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.С болон “С” ХХК-ийн хооронд 2018.01.26-ны өдөр 0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 0 хороо, “Г” барилгын В1 давхарт байршилтай, нийт 940.1 м.кв талбай бүхий оффис, худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 10 тоот 11.48 м.кв талбай, 11 тоот 16.9 м.кв талбай буюу нийт 28.38 м.кв талбайг худалдан авахаар тохирч, гэрээнд компанийг төлөөлж нягтлан бодогч Б.Г гарын үсэг зурсан, нэхэмжлэгч гэрээний үнэд 141,900,000 төгрөгийг Б.Г-гийн дансанд төлсөн, худалдагч “С” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчид 50,000,000 төгрөг төлсөн тухай үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоосон.

Зохигч талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, гэрээг хүчин төгөлдөр бус болох үндэслэлийг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж мэтгэлцжээ.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.С болон хариуцагч “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцсэн.

15. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.С болон хариуцагч “С” ХХК нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээ байгуулахад хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг заагаагүй тул талууд гэрээний дагуу нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцож, худалдан авагч буюу нэхэмжлэгч гэрээний үнийг төлсөн нь  хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Гагцхүү гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх, хэлцэл болон бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх, талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон итгэмжлэлийг баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргах нөхцөл, шаардлагыг заасан.

Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Эдгээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй нь хэлцлээр өмчлөх эрхийг хуульд заасны дагуу шилжүүлээгүйгээс өмчийн хэлцэл хийгдээгүй гэж үзэх үндэслэл болох боловч энэ нь талуудын эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн тохиролцоог үгүйсгэхгүй ба энэ агуулгаар үүргийн хэлцэл хүчин төгөлдөр байна.

16. Түүнчлэн нэхэмжлэгч Б.С болон хариуцагч “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд худалдагчийг төлөөлж Б.Г гарын үсэг зурсан нь талуудын гэрээгээр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Хариуцагч Б.Г нь гэрээ байгуулагдах үед “С” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан талаар зохигч маргаагүй, харин түүнд компанийн тамга тэмдгийг ашиглуулж байснаас өөрөөр компанийг төлөөлөх бүрэн эрх олгоогүй гэсэн хариуцагч “С” ХХК-ийн тайлбар үндэслэлгүй.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх хэдий ч мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д ийнхүү итгэмжлэл олгогдоогүй тохиолдолд төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг зохицуулсан байна.

Энэ нь нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Г-д “С” ХХК-аас итгэмжлэл олгосон баримт хэрэгт авагдаагүй боловч давж заалдах шатны шүүх “С” ХХК нь түүнд компанийн тамга тэмдгийг ашиглуулж байсан буюу үл хөдлөх эд хөрөнгийн худалдааны захиалга авах харилцаанд Б.Г төлбөрийг хүлээн авах, компанийн өмнөөс бусадтай харилцах практик тогтсон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.С-т “С” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэх ойлголтыг төрүүлсэн гэсэн дүгнэлт нь дээрх хуульд заасан итгэмжлэл олгогдоогүй тохиолдолд төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгад нийцсэн гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгч Б.С болон хариуцагч “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

17. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т төлбөр төлөх нөхцөлийг “... “С” ХХК-ийн нягтлан бодогч Б.Г-гийн Хаан банкин дахь ... тоот дансанд шилжүүлнэ ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч Б.Г-гийн дансанд шилжүүлснээр түүнийг дээрх хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэх тул энэхүү мөнгөн дүнгийн хэмжээгээр хариуцагч Б.Г-г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах нөхцөлийг заасан бөгөөд энд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Харин шүүхээс гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэж үзсэн тул хариуцагч Б.Г-гийн дансанд нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь энэхүү маргаанд хамааралгүй болно.

Мөн хариуцагч “С” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 50,000,000 төгрөгийг төлөхдөө хариуцагч Б.Г-гээс гарсан зардлыг компани өөрийн зөвшөөрсөн хэмжээнд төлсөн, бусад зардлын хувьд тусдаа асуудал буюу хоорондын тооцоог нотлох баримтыг үндэслэн хийх боломжтой гэснээс үзэхэд нэхэмжлэгчээс Б.Г-гийн дансанд шилжүүлсэн мөнгөний зарцуулалтын тооцоог тусдаа асуудал болохыг үгүйсгээгүй байна.

18. Нэхэмжлэгч шаардлагаа “С” ХХК-тай байгуулсан 2018.01.26-ны өдрийн 0000 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч Б.Г-с 91,900,000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд давж заалдах шатны шүүх энэ шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т нийцсэн.

Тодруулбал талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр байх тул мөнгө гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хариуцагч Б.Г-г уг мөнгөн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээгүй болно.

Улмаар нэхэмжлэгч хүчин төгөлдөр гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үүссэн үр дагаврыг шаардаагүй тул энэ асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй орхисон нь иргэний эрх зүйн диспозитив зарчмыг зөрчөөгүй ба энэ агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2024/01845 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.07-ны өдөр урьдчилан төлсөн 617,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД