Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 135

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Г.Золзаяа,

   шүүгдэгч С.Амаржаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Сандагсүрэнгийн Амаржаргалд холбогдох 201726010001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шижир хүрд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 8 дугаар гудамжны 9 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

-1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-2001 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4-т зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар өмнөх 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялын нэмж нэгтгэн, нийт 7 жилийн хорих ялаар шийтгэсэн байх боловч 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 285 дугаартай захирамжаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс илүү гэх үндэслэлээр нийцүүлэн 1 жилийг хасаж  5 жил болгон, улмаар 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн  хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 6 жилээр тогтоосон,

            -2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 10 хоногийн ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх  ялыг 5 жил 1 сар 2 хоногийн хорих ялаар тогтоосон.

-2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 107 дугаартай шүүгчийн захирамжаар, 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй  үлдсэн 6 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан Боржигин овогт Сандагсүрэнгийн Амаржаргал /РД:НЛ78040876/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Амаржаргал нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, дүгээр гудамжны 7 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Пунцагмягмартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гарыг нь саваа модоор цохин зодож, бие махбодид нь “баруун гарын 2-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч С.Амаржаргал нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 1-7 тоот буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч О.Пунцагмягмарыг “унтаж байхад ирж өшиглөлөө” гэж уурлан хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож  бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан О.Пунцагмягмарын өргөдөл /хх-ийн 9 х/

 

2. Хохирогч О.Пунцагмягмарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед ажлаасаа ирэхэд манай нөхөр Амаржаргал өөрийн найз Ганбаатартай архи уусан байсан. Намайг гэртээ ирэхэд согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би архи уулаа гэж сэрээгээд Амаржаргалтай маргалдаад хэвтэж байхад нь хөл рүү болон цээж рүү нь нэг нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Амаржаргал босч ирээд хүүхдийн орны саваа мод аваад миний нуруу руу нэг удаа, баруун гар руу 1 удаа цохьсон. Баруун гарны долоовор хурууны үе нь хугарсан гэсэн. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

           

3. Насанд хүрээгүй гэрч П.Мөнгөнбаганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр аав нэг ахтай манай гэрт архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад нөгөө ах яваад, аав унтаад өгсөн. Тэгсэн ээж ажлаасаа 19 цаг өнгөрөөж ирээд аавыг согтуу унтаж байхаар нь “дандаа архи ууж байдаг, нэг өдөр архи уухгүй байж чадахгүй байна уу” гээд газар унтаж байхад нь өшиглөөд байсан. Тэгсэн аав босч ирээд ээжтэй хэрэлдэж байгаа миний унтдаг орны модоор ээжийг 2 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

            4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 126 тоот дүгнэлтэд:

            - О.Пунцагмягмарын биед баруун гарын 2-р хурууны алганы шивнүүр ясны далд хугарал, баруун зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            - Цаашинд эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16 х/

 

            5. Шүүгдэгч С.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ганбаатарын гэрт очиж бид 2 нэг шил 0,5 литрийн Ерөөл архи хувааж уусан. Тэгээд архиа дуусангуут тэднийхээс гараад манай гэрт ирээд бид 2 дахин нэг шил архи хувааж уугаад дуусангуут Ганбаатар яваад өгсөн. Тэгээд гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байхад Пунцагмягмар ажлаасаа ирээд намайг архи уулаа гээд надад уурласан. Тэгээд бид 2 маргалдаад би хүүхдийн орны хаалт саваа модоор эхнэрийн нуруу руу нь 1 удаа, баруун гар луу нь 2 удаа цохьсон... ...Бид тэр модыг гурилын элддэг элдүүртэй адилхан болохоор нь гурилын элдүүр гэж хэлдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.Амаржаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж болно.

 

          Иймд шүүгдэгч С.Амаржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч С.Амаржаргал нь:

- 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-2001 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4-т зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар өмнөх 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялын нэмж нэгтгэн, нийт 7 жилийн хорих ялаар шийтгэсэн байх боловч 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 285 дугаартай захирамжаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс илүү гэх үндэслэлээр нийцүүлэн 1 жилийг хасаж  5 жил болгон, улмаар 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн  хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 6 жилээр тогтоосон,

            -2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн шүүхийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 10 хоногийн ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх  ялыг 5 жил 1 сар 2 хоногийн хорих ялаар тогтоосон.

            -2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 107 дугаартай шүүгчийн захирамжаар, 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй  үлдсэн 6 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 х/, Төв аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45, 61-62 х/, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 45 х/, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-47 х/, Сонгинохайрхан дүүргийн шүүгчийн захирамж /хх-ийн 47-48 х/, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-ийн 48 х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 49 х/ зэргээр тогтоогджээ.

            Шүүгдэгч С.Амаржаргал нь 1998 оноос 2008 оны хооронд хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэн хорих ял шийтгүүлсэн,  дээрх гэмт хэргүүдийн ялтай байдал шинэ гэмт хэрэг үйлдэх бүрт тасарч дахин шинээр тоологдож байсан байх бөгөөд улмаар С.Амаржаргал нь хүндэвтэр, хүнд гэмт хэргийн аль алинд ялтай байдалтай байсан байна.

            Гэвч 2008 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 107 дугаартай шүүгчийн захирамжаар, 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, тэрбээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3, 78.2.4 дэх хэсэгт заасан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул шүүгдэгч С.Амаржаргалыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Хохирогч О.Пунцагмягмар нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” /хх-ийн 55 х/ гэх тул С.Амаржаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Амаржаргалын нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 63 см урттай шаргал өнгийн саваа хэлбэрийн мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гарын сарвууны рентген зураг 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар тогтов.

Шүүгдэгч С.Амаржаргалын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Сандагсүрэнгийн Амаржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амаржаргалыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амаржаргалын эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. С.Амаржаргалд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 63 см урттай шаргал өнгийн саваа хэлбэрийн мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гарын сарвууны рентген зураг 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Амаржаргалд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр С.Амаржаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ